Орос гаралтай Америкийн зохиолч, философич Айн Рэнд буюу Алиса Зиновьевна Розенбаумын анхны роман болох “Бид амьд хүмүүс” 1936 онд хэвлэгдсэн бөгөөд ихээхэн амжилтанд хүрч, 3 сая гаруй хувь борлогджээ. Уг романы сэдэв нь төр улс, бие хүн хоёрын, нийгмийн сайн сайхан, хувь хүний аз жаргал хоёрын эсрэг тэсрэг шинж чанар юм.

Дэлхийн утга зохиолын түүхэнд мөнхрөн үлдэхдээ хувь хүнийг дээдлэх индивидуализм үзлийг зохиол бүтээлдээ тунхаглан бичсээр ирсэнээрээ ялгардаг Айн Рэндийн “Бид амьд хүмүүс” романы хэсгээс хүргэж байна.

АРВАНЗУРГААДУГААР БҮЛЭГ

Лео задгай зуухныхаа дэргэд ганцаар тамхи татан сууж байлаа. Хуруундаа мөчидхөн хавчуулсан тамхи нь шалан дээр унаж огт үл анзаарагдан хэвтэнэ. Лео дахиад нэг тамхиа авсан ч асаалгүй удаан гэгч гартаа барин имэрчээ. Тэгснээ хайрцагтай чүдэнзээ эрэн ийш тийш харж байснаа сандлын тохойвч дээр байсныг нь арайхийн олов. Чүдэнз авснаа юу хийх гэж байснаа санахыг хичээн түүн рүү удаан гэгч ширтлээ.

Сүүлийн хоёр долоо хоногт Леогийн ярих нь багасч, Кираг хааяа нэг үнсэхдээ эелдэг дүр үзүүлэхийг ихэд хичээх аж. Гэвч энэ нь түүнээс нэлээд хүч чармайлт шаардаж байгааг мэдэрсэн Кира түүний үнсэлт, гарын шүргэлтээс аль болохоор зайлсхийж байв.

Байсхийгээд л Лео гэрээсээ гараад явчихна, Кира ч түүнийг байцаахгүй мөн Лео дэндүү ойрхон их уух ч хүүхэн түүнд юу ч хэлдэггүй байв. Гэртээ хоёулаа байхдаа дуугүй байцгаах бөгөөд энэ нь бүх зүйл дууслаа гэдгийг ямар ч үгнээс илүү илэрхийлж байлаа. Лео сүүлчийнхээ мөнгийг үрж дууссан бөгөөд Кира ч цаашид яах гэж буйг нь үл асууна. Хүүхэн хожигдож ялагдал хүлээгээд байгаа болохоор нэгэнт тодорхой хариултыг сонсохоосоо айн түүнээс юу ч үл асууна.

Кираг оршуулгаас буцаж ирэхэд Лео боссон ч үгүй, хоосон нүдээр Кираг гөлрөн харж зуухныхаа дэргэд суусаар байв. Кира дуугүйхэн хүрмээ тайлж өлгүүрт өлгөлөө. Малгайгаа авч байхдаа Леогийн хэрцгийдүү, чанга хөхрөх дууг сонсоод эргэж харав. Тэр нүдээ томоос том бүлтийлгэн,

– Лео, юу болов? гэж асуувал цаадах нь,

– Чи л мэдэхгүй байж гэнэ хэмээн хэдэрлэв.

Кира толгойгоо сэгсэрлээ.

– Би бүгдийг мэднэ гэж Лео дуугарав.

– Чухам юуг гэж, Лео?

– Яг одоо, чиний нууц амрагийг оршуулчихаад байхад энэ тухай ярих нь эвгүй гэж надад бодогдож байна. Чи юу гэж бодож байна ?

– Миний....

Лео босож Кира руу тулж ирлээ. Тэр хоёр гараа халаасандаа шургуулж хүүхний ихэд биширдэг байсан ихэмсэг харцаар сонжин ширтсэнээ үл тоомсорлож тохуурхсан байдлаар уруулаа мушилзуулан,

– Чи бяцхан өлөгчин гэсэн гуравхан үгийг ихэд тод хэлэв. Кира дороо царцах мэт болж царай нь цонхийлоо.

– Лео...

– Амаа тат, чи. Би чамаас юу ч сонсмооргүй байна. Чи муу өөдгүй бяцхан... Хэрэв чи бид бүгдтэй адил байсансан бол би дургүйцэхгүй байх байсан юм! Гэтэл чи ариун нандин, өндөр дээд дүр үзүүлж, надад баахан сургаал айлдчихаад, өгөөмөр сэтгэл гарган чам руу мөлхсөн намын нэг адгийн шаарын дор хэвтэнэ гэнээ.

– Лео, хэн...

– Амаа тат гэсэн шүү... Тэгэхдээ, миний асуух асуултад ганцхан үгээр хариулах боломж би чамд өгье. Чи Тагановын нууц амраг байсан уу? Байсан юм уу? Тийм үү, үгүй юу?

– Тийм.

– Намайг эзгүй байх бүхий л хугацаанд уу?

– Тийм.

– Бас, намайг буцаж ирсний дараа ч гэсэн үү?

– Тийм ээ, Лео. Чамд өөр юу гэж хэлцгээж байх юм? Лео Кира руу санаанд багтамгүй хүйтэн, харцаар харлаа.

– Лео, хэн чамд энэ бүхний тухай ярьсан юм?

– Чиний нэг найз. Арай тодруулбал, түүний нэг найз. Манай эрхэм хүндэт Павел Серов. Тэр сая, оршуулгаас буцах даа дайраад гарсан юм. Тэр хүн зүгээр л миний өрсөлдөгч нас барсан явдалд надад баяр хүргэх гэж ирж л дээ.

– Чиний хувьд энэ ... том цохилт болж дээ, Лео!

– Энэ бол хувьсгалаас хойш миний сонссон хамгийн сайхан мэдээ гээч. Серов бид хоёр гар барьж, хундага тулгалаа. Чиний төлөө, бас чиний нууц амрагийн төлөө. Тэрчлэн, чиний бусад бүх нууц амрагуудын төлөө. Тэгэхээр байна шүү, энэ чинь одоо би эрх чөлөөтэй болсон гэсэн үг.

– Чөлөөтэй ... юунаас тэр вэ, Лео?

– Өөрийгөө хүндлэх үзлийн минь өчүүхэн хэлтэрхийг дэмжиж байсан бяцхан тэнэгээс. Нүүр рүү нь эгц харахаас зүрхшээж, зовоож шаналгачихаасаа би айдаг байсан тэр жижигхэн тэнэг амьтнаас! Аан гээч, их инээдэмтэй юм болж байна. Би чамайг, бас чиний тэр коммунист баатрыг хэлж байна. Тэр хүн намайг чамтай байлгах гэж л өөрийгөө золиосолж дээ гэж би бодож байсан юм. Гэтэл тэр амьтан чамаас зүгээр л залхаж орхиж, бас өөр хэн нэгэн завхай амьтны төлөө чамаас ангижрахын түүс болсон ч байж магадгүй юм. Хүн төрхт адгуусуудад сайн сайхан юм юу ч үлдээгүй юм байна.

– Лео, тэр хүний талаар ярихгүй байя, тэгэх үү?

– Чи урьдын адил түүнийг хайрласаар л байна уу?

– Чамд, одоо ямар ялгаа байна?

– Ёстой ямар ч ялгаагүй. Тэр ч байтугай, чи намайг хэзээ нэгэн цагт хайрлаж байсан эсэхийг чинь ч би асуухгүй. Энэ ч одоо надад бас ялгаагүй. Түүгээр ч үл барам, үгүй бол надад бүр ч сайн. Цаашдаа сэтгэлд амар байх болно.

– Лео, чи ирээдүйн тухай ярьж байгаа юм уу?

– Чи ямар байлгахыг хүссэн юм?

– Би...

– Таамаглаж байна аа. Зөвлөлтийн нэг байгууллагад нэр хүндтэй албан тушаал олж суучихаад, примус хүнсний тасалбар хоёр дээрээ тонгойн найтаалгаж, хэзээ ч байгааг үй, байх ч ёсгүй, хэрэв байдаг юмаа гэхэд хамгийн муухай хараал хүртэж баймаар тэр бүхнийг цэвэр ариун оюун бодол, сүнс сүлд, нэр төр гээд хадгална биз дээ. Миний хувьд ханалаа, цадлаа. Бүх юм тийм ч арга тасарчихаагүй байна. Би оргилуун дарс ууж, цагаан талх идэж, торгон цамц өмсөж, лимузин хөлөглөж байх болно, дээр нь бас юунд ч санаа зовохгүй. Пролетарийн диктатур мандтугай!

– Лео, чи юу хийх гэж байгаа юм бэ?

– Явлаа...



СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/