Хагацаж салахгүйгээр хорвоог хамт туулах учиртай харахад бүтэн эр бие, эм бие. Нэг л өдөр энэ хоёр эргэж хэзээ ч нийлэхгүйгээр салахад хэнийх нь зүрх илүү их шархлах бол... Эмэгтэй хүн эр хүнгүйгээр, эр хүн эмэгтэй хүнгүйгээр амьдарч чадна гэж үү? Үүрдийн хайр, үнэнч сэтгэл, чин зүрхний амрагтаа итгэх итгэл... 

Энэ бүхнийг түр хойш нь тавиад, зохиолын үйл явдлыг хүүрнэе. Яг ч болсон явдал биш ч ийм зүйл амьдрал дээр олонтоо л тохиолддог доо.

Зохиолд 15 жилийн хамтын амьдрал нь нэг л өдөр дуусгавар болж буй хосын талаар өгүүлнэ. Хоорондоо хэлэлцэж тохироод салсан бол энэ зохиол цааш өрнөхгүй нь мэдээж. Нөхөр Марио нь эхнэр Олгагаа хоёр хүүхэдтэй нь гэнэт л орхиод явна. Италийн Наполь гэж хотод өрнөж буй явдал. Дөч ч хүрээгүй, залуу халуун Олга эхлээд итгэж чадахгүй, нөхрөө эргээд ирнэ хэмээн сэтгэж, өөрийгөө тайтгаруулахыг хичээнэ. Гэвч нөхөр Марио өөр эмэгтэйгээс болж гэр бүлээ орхижээ. Тэгэхдээ зүгээр ч нэг биеэ үнэлэгч мэтхэн эргүүлсэнгүй, өөр эмэгтэйд эргэж буцалтгүйгээр дурласан байв. Үүнээс муу зүйл гэж байх уу?

Эр хүнийг эхнэрээс нь, нууц амрагаас нь ч салгаж болно. Харин хайртай эмэгтэйгээс нь салгаж чадахгүй гэдэг дээ. Ингээд энэ дэлхийн ямар ч эмэгтэйн хүсэхээргүй амьдрал одоо Олгагийнх болжээ. Гэвч энэ бол зөвхөн эхлэл төдий... Олга бол сайхан эмэгтэй. Залуудаа эрчүүдийн харцыг булааж, тэднийг шархлуулж явсан нь ч бий. Гэвч чухам юу Олгаг нэг л эрд бие сэтгэлээ зориулан хүүхдийг нь төрүүлээд, хамтдаа энэ насыг барна гэж бодоход хүргэсэн юм бол? Үнсгэлжингийн үлгэр үү, эсвэл бага байхад нь хөрш айлын нөхөртөө хаягдсан эмэгтэй амиа хорлосон тэр гунигт цочирдом түүх үү...

Энэхүү романыг 2014-2015 оны үед Дэлхийн утга зохиолын ертөнцөд нэрээ цуурайтуулан орж ирсэн Элена Ферранте гэгч итали эрхэм бичжээ. Эрхэм гэсний учир нь эмэгтэй эсэх нь баттай бус болохоор тэр. (Ихэнх эх сурвалжид түүнийг эмэгтэй гэж үздэг) Элена Ферранте бол нууц нэрээр бичдэг хачирхалтай нэгэн. Энэ нэрээрээ гучаад жилийн турш бүтээлээ туурвиж яваа орчин үеийн уран зохиолын ертөнц дэх амьд домог юм. Итали дахь хэвлэлийн газраар дамжуулан номоо итали хэлээр туурвидаг, зохиол бүтээл нь ч дэлхийн олон хэлнээ орчуулагдан түгсэн байдаг.

Зохиолч нэгэнтээ
“Аливаа бүтээлийг нэгэнт бичиж эхлэхэд цаашдаа зохиолч шаардлагагүй болдог”, “Нэрээ нууцлах нь миний ажлын урьдчилсан нөхцөл бөгөөд олны анхаарлаас жинхэнэ нэр, хувийн амьдралаа тусад нь байлгах нь бичих ажлын минь тулгуур үндэс болдог” гэж хэлсэн удаатай.

Олонд мэдэгдэж буйгаар түүнийг 1945 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Италийн Наполь хотод төрсөн гэдэг. Түүний англи хэлнээ орчуулагдан гарсан хамгийн алдартай бүтээл нь “Наполитан” гэх дөрвөл роман, мөн бидний орчуулан хүргэж буй “Ганцаардлын өдрүүд” юм.

Зохиолчийг хэр алдартай эсэхийг таниулахын тулд түүний зохиол бүтээлийн талаар дурдах учиртай. “Наполитан” дөрвөл роман нь “Миний гайхалтай найз” (2012), “Шинэ нэрийн түүх” (2013), “Одогсод ба үлдэгсэд” (2014), “Гээгдсэн хүүхдийн түүх” (2015) зэргээс бүрдэнэ. Зохиолч тус дөрвөлөө анх ганц сэдэвт бүтээл болгож гаргах санаатай байсан авч зохиолын овор хэмжээ, цаг хугацаанаас шалтгаалан цуврал болгожээ. 2017 онд тус цувралын эхний гурван номоор сэдэвлэн “Миний гайхалтай найз” гэх нэрээр HBO телевиз дэлгэцийн цуврал бүтээсэн. Харин цувралын дөрөв дэх бүтээл “Гээгдсэн хүүхдийн түүх” нь “Нью-Йорк Таймс” сонины 2015 оны шилдэг борлуулалттай 10 номд багтаж байв. Тэр үнэхээр л дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг билээ.

Түүний зохиолуудаас нэлээд хэд нь кино болж, дэлгэцнээ амилснаас “Trouble Loving” романаас сэдэвлэн найруулагч Марио Мартоне “Nasty Love” нэртэй кино бүтээж байсан бол Ганцаардлын өдрүүд (The days of abandonment) зохиол нь мөн нэрээрээ кино бүтээл болсон байдаг. Түүнчлэн 2021 онд “Гээгдсэн охин” гэх романаас сэдэвлэсэн кинонд холливүүдийн алдарт жүжигчин Дакота Жонсон болон бусад алдартнууд дүр бүтээжээ.The Days of Abandonment - Film Movement Plus

Дэлхий даяар түүний үнэнч уншигчид нь яагаад зохиолуудад нь дуртай байдаг талаараа
Уншихгүй байхын аргагүй гайхалтай найруулга, уран тансаг, гүн гүнзгий хэр нь айзам хэмнэлтэй

гэж тодорхойлсон байдаг. Магад уншигч та зохиолыг унших явцад дундаас нь больчихмоор, номоо тас хаагаад шидчихмээр санагдах ч үе гарч мэднэ. Гэхдээ л тэгж чадахгүй л болов уу. Элена Ферранте шүү дээ, энэ чинь.

Бидний хувьд энэ зохиолчийн бүтээлийг анх удаа орчуулан хүргэж буйтай холбогдуулан анхаарууштай зүйл нь тус зохиолд бүдүүлэг гэхэд багадах хараалын үгс нэлээд их гарч буй явдал юм. Монгол хүнээс ялгаатай халуун цуст итали хүний зан төлөв хийгээд тухайн үндэстний соёлын онцлог ч байж болох талтай үг хэллэг, үйл явдлууд унших явцад тань балмагдуулж ч магадгүй. Хэдийгээр зохиолд гарч буй цочирдом үг хэллэг нь зохиолын дүрийн хөгжлийг харуулахад тун чухал үүрэгтэй ч манай редакцын зүгээс тус хэллэгүүдийг арай зөөлрүүлэх гэж оролдсон болно.

Зохиолч Феррантегийн нэг ялгарах онцлог нь зохиол бүтээлдээ ихэвчлэн эмэгтэй дүрийг онцлох ба эмэгтэй хүнд л байх төрөлхийн зовнил түгшүүр, тодорхойгүй байдал хийгээд дотоод сэтгэлийн мэдрэмжээ хав дарах бус нээн илрүүлэх зэрэг тэр бүр олны хөндөөд байдаггүй сэтгэл зүйн нарийн торгон асуудлыг харуулахыг зорьдогт оршино. Тухайлбал, зохиолын гол дүр Олгагийн хувьд “Толь” гэх ухагдахуун тун чухал үүрэг гүйцэтгэнэ. Олга толинд өөрийн тусгалыг харснаар өнгөрсөн бүхнийг эргэцүүлж, өөрийнхөө тусгалыг хувилан бодно. Эр нөхөр нь өөрийнх нь аль тусгалд нь анх дурлаад, дараа нь аль тусгалыг нь жигшээд, хаяж одсон юм бол... Гэвч эцэст нь өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, дотоод зөрчилтэйгөө тэмцэхэд нь толь тусалж байна. Мөн бусад хүмүүст тусаж буй өөрийн тусгалыг ажиглан шинжилснээр бодит байдалтайгаа эвлэрч, бусдад хэрхэн дүгнэлт хийж буйг харж болно.

Нөгөө талаас уй их гуниг зовлон хүйс ялгаж ирдэггүй. Уруудан доройтож, сэтгэлийн хар ангал руу унахад эр эм ялгадаггүй билээ. Та бидний мэдэх олон ч эмэгтэй дүртэй зохиолыг эрчүүд туурвисан байдаг. Хамгийн явдалтай хүүхний дүрийг Густав Флобер бүтээсэн. Хамгийн гунигтай бүсгүйн дүрийг Лев Толстой урласан. Танихгүй эмэгтэйн захидлыг Стефан Цвейг бичсэн. Гэлээ гээд энэ сонгодгууд зөвхөн эмэгтэй хүний унших зохиол биш билээ. Элена Ферранте ч сонгодгуудын жишгээс гажаагүй тул энэхүү зохиолыг гагцхүү бүсгүй хүн унших ёстой гэж бүү бодоорой.

Феррантегийн бидэнд өгч буй бас нэг зурвас нь “Хувийн сахилга бат” юм. Гэхдээ нийтийн мэддэг өнөөх сахилга бат бус, мэдрэмжийн сахилга бат гэх юм уу. “Мэдрэмж бол зүгээр л зочид юм. Тэднийг тайван хүлээж аваад, ирсэн шиг нь үдэн явуул.”

Хүссэн ч хүсээгүй ч айлчлан ирэх догдлом сайхан, тэвчишгүй муухай бүхий л мэдрэмжийг хүлээн авч, тэр бүгдэд өөрийгөө алдсан ч эргүүлээд олж авч чадах, юу ч тохиолдсон өөрийн гаргаж буй зан авир, үг үйлдэлдээ эзэн нь болж чадах сахилга бат Олгад бий болов уу?

Нийтлэл бичсэн: Н.НАНДИНЧИМЭГ

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/