Энэ XI сард, Монсудар хэвлэлийн газар олон улсын уран зохиолын сод бүтээлийн төлөөллүүдийг багтаасан “Монсудар утга зохиол” цувралынхаа эхний найман номыг хэвлэн гаргасан билээ. Цувралын номууд дунд, утга зохиолын модерн сонгодгуудын нэг болсон Виржиниа Вүүлфийн Өөрийн гэсэн өрөө эсээ, Хятадаас Нобелийн шагнал хүртсэн анхны зохиолч Мо Янийн Эргэлт, Харүки Мүракимигийн хамгийн дуртай зохиолч болох Нацүмэ Соосэкигийн бичсэн Японы онц сонирхолтой, сонгодог бүтээл Боччан багтжээ.

Эдгээр зохиол уншихад тун урамтайгаас гадна Монголын орчуулгын утга зохиолд шинэ уур амьсгал оруулж байгаагаараа онцлог. Гэхдээ эдгээрээс хамгийн ихээр ялгарч буй бүтээл бол цувралын долоодугаар ном болох Роберто Боланьогийн Люмпены тууж юм. 1953 онд Чилид төрсөн Роберто Боланьог, “Нью-Йорк Таймс” сонины зүгээс орчин үеийн латин америк утга зохиолчид дундаас хамгийн чухал нь хэмээн онцолжээ. Түүний романууд дэлхийн олон хэлнээ хөрвүүлэгдэж, ялангуяа залуу уншигчид Роберто Боланьог гойд шүтэн бишрэх болсон юм. Боланьо ийнхүү шүтэгдэх болсонд түүний уран бүтээлүүдээс гадна зохиолчийн Мехико хот зэрэгт тэрсүүд яруу найрагч гэж алдаршсан байдал нь нөлөөлсөн байж таарна. Монсудар хэвлэлийн газрын орчуулсан Люмпены тууж бол энэхүү зохиолчийн монгол хэлнээ хөрвүүлэгдэж буй анхны бүтээл ажээ.

Зохиолчийн богино хэмжээний сор бүтээлд тооцогддог энэ тууж, 2003 онд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр хүлээж байхдаа таалал төгссөн Роберто Боланьогийн амьд ахуйдаа хэвлүүлсэн сүүлчийн уран бүтээл нь билээ.

Энэ тууж, эцэг эх нь замын ослоор нас барсны дараа 1990-ээд оны үеийн Ром хотод хоёулхнаа бие даан амьдрахаас өөр аргагүй байдалд орсон Бианка охин, түүний дүү хоёрын тухай өгүүлнэ.

Эгч дүү хоёр төрөөс олгодог өнчин хүүхдийн халамжийн мөнгөөр амьжиргаагаа залгуулах гэж хичээх ч энэ мөнгө амьдрал ахуйд нь яагаад ч хүрэхгүй учир тэд сургууль завсардаж, ажил хийх хэрэгтэй болдог. Бианка үсчний салонд үйлчлүүлэгчийн үс угааж, харин дүү нь бялдаржуулах заал цэвэрлэнэ. Эгч дүү хоёр чөлөөт цагаа зурагтын асуулт хариултын нэвтрүүлэг, видео прокатнаас түрээсэлсэн порнографик болон аймшгийн кино үзэн өнгөрүүлдэг.

Удалгүй дүү нь (зохиолд энэ хөвгүүний нэрийг дурддаггүй) нэг газар хамт ажилладаг өөрөөсөө ах, эрхэлсэн ажилгүй хоёр найзаа гэртээ авчирснаар эгч дүү хоёрын амьдралд өөрчлөлт орно. Энэ хоёр эр бялдаржуулах спортоор хичээллэж, энэ төрлийн уралдаан тэмцээнд оролцон амжилт гаргах эрмэлзэлтэй ч энэхүү хүсэл нь биелэхгүй. Бианкагийн дүү эдийн засгийн хямралын улмаас бялдаржуулах заалны цэвэрлэгчийн ажлаасаа халагдахад, тэд цаашид энэ янзаар амьдрах боломжгүй гэдэг нь тодорхой болно. Бианкагийн дүү, түүний хоёр найз нь бялдаржуулах заалны ажлаараа дамжуулан, өмнө нь Мистер Юниверс хэмээх бялдаржуулах спортын тэмцээнд төрүүлж байсан алдартай жүжигчин Мачисте хэмээх эрхэмтэй танилцсан аж. Осолд орж хараагүй болсон Мачисте том харшид ганцаар амьдардаг нэгэн байв. Мачистегийн энэхүү эмзэг байдлыг мэдэх эрчүүд Бианкаг түүнд биеэ үнэлээч гэж ятгана. Бианкаг Мачистетэй дотносуулахын цаад зорилго нь энэ хараагүй эрхмийн гэрийнхээ хаа нэгэнтээ нуусан сейфийг олуулж, мөнгийг нь хулгайлуулах ажээ.

Люмпены тууж ном зуу хүрэхгүй хуудастай ч Монсудар хэвлэлийн газраас зохион явуулсан “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээний үеэр энэхүү хөтөлбөрийн зөвлөх Александер Шнорбушийн уншсан лекцэд дурдсанчлан утга зохиолын олон төрөлд хамруулж үзэж болохуйц өргөн хүрээний асуудлыг гаргаж тавьсан байна. Эдгээр төрлүүд дундаас нүдэнд хамгийн тод тусаж буй нь өнчин хүүхдийн тухай зохиол, биеэ үнэлэгчийн тухай зохиол, хувь хүн төлөвшлийн роман гэсэн гурван төрөл юм.

Гэхдээ Боланьо энэ төрлүүдээр бичигдсэн өмнөх зохиолуудыг хуулалгүйгээр өөрийн шинэлэг арга барилаар дээрх сэдвүүдийг уран бүтээлдээ хөнджээ. Жишээ болгож, утга зохиолд биеэ үнэлэгчдийг хэрхэн дүрсэлдэг байсныг шинжин судлах юм бол зохиолчид тэднийг улиг болсон дараах гурван ангиллын аль нэгэнд хамруулж болохуйцаар дүрсэлсэн байгааг харж болно.

Юун түрүүнд, “хөнөөлтэй эмэгтэй” (“femme fatale”) гэж томьёолж болох биеэ үнэлэгч эмэгтэйчүүд байдгийн хамгийн сонгодог жишээ нь Достоевскийн Маанаг зохиолын Настасья Филипповна юм. Хоёрдугаар ангилалд, “ариун янхан” (“holy whore”) гэж томьёолж болох биеэ үнэлэгчдийн дүрслэл багтах бөгөөд үүний гол төлөөллүүдийн нэг нь мөн зохиолчийн Гэмт хэрэг ба ял шийтгэл романы Соня Мармеладова билээ. Улиг болсон гурван ангиллын хамгийн сүүлийнхэд өглөө бүр ажилдаа явдаг бусад хүмүүсийн нэгэн адилаар биеэ үнэлэхээр гэрээсээ гардаг, хийж буй ажил, сэтгэл хөдлөл хоёроо нарийн ялгаж заагладаг бүсгүйчүүд буюу мэргэжлийн биеэ үнэлэгчид багтана.

Бианка энэ гурван ангиллын алинд ч хамаарахгүй байгааг энэ номыг уншсан хүмүүс ойлгох болно. Ийнхүү улиг болсон дүрслэлээс зугтаж чадсан нь Боланьогийн утга зохиолын гайхалтай чанарыг илтгэнэ. Үүнээс гадна тууж барьж авсан даруйдаа уншиж дуусгачихаж болмоор тун хялбар хэв маягаар бичигджээ.

Роберто Боланьо сайтар тунгаан бодууштай, ноцтой сэдвүүдийг уншихад зугаатайгаар хүүрнэсэн нь түүний уран бүтээлийн онцлог юм. Энэ зохиолчийн бусад бүтээлүүд цаашид монгол хэлнээ хөрвүүлэгдэнэ гэж найдахын зэрэгцээ бид энэхүү цуврал ирэх жил ямар бүтээлүүдэээр үргэлжлэх бол гэж тэсэн ядан хүлээж байна.

Ямартаа ч Монсудар хэвлэлийн газрын зүгээс ирэх жил Утга зохиол цувралдаа Францын зохиолч Мишель Уэльбекийн шилдэг борлуулалттай ном болох Тулааны талбайн тэлэлт (1994) номыг багтаахаар зарлаад байгаа аж. Тэгэхээр уншигч бидэнд дараагийн цувралыг тэсэн ядан хүлээх л үлдсэн бололтой.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/