11-р сарын 17-нд, Монсудар хэвлэлийн газрын зөвлөх Александер Шнорбушийн зүгээс Интерном номын дэлгүүрийн II давхарт нээлттэй лекц, хэлэлцүүлэг явууллаа. Лекцийн үеэр Францын соён гэгээрлийн үеийн хамгийн нөлөө бүхий зохиолч Вольтерын намтраас гадна түүний сод бүтээл болох “Кандид” романыг авч хэлэлцэв. Энэ роман, уг хэвлэлийн газрын “Монсудар – Утга зохиол” хэмээх шинэ цувралын хоёр дахь ном болж хэвлэгдэн гарсан ажээ.

Вольтер хэмээх энэ хүн, Хуулийн амин сүнс номын зохиолч Монтескью, Нийгмийн гэрээ, Эмиль номуудын зохиолч Руссо, Энциклопед-ийн эмхэтгэгч Дидро, д’Аламбер нараас гадна Франц хувьсгалын удирдагч Робеспьертэй нэгэн үед амьдарч байжээ. Гэхдээ Францад XVIII зуун болон Соён гэгээрлийн үеийг “Вольтерын эрин” гэж нэрлэх нь түгээмэл. Вольтер яруу найраг, жүжиг, түүхэн туурвил, роман, захидал зэргийг багтаасан нийт 51 боть ном хэвлүүлсэн байна. Энэ арвин бүтээл дундаас хамгийн ихээр онцгойрч ялгардаг зохиол нь түүний сод туурвил болох Кандид роман билээ. Кандид романд сүм, хаант засгийг хурцаар шүүмжилсэн учир энэ ном анх 1759 онд хэвлэгдсэн даруйдаа Вольтерын бусад бүтээлийн нэгэн адилаар хориглогдож байв. Гэхдээ л энэ бүтээл ер бусаар алдаршиж, өнөөдөр ч дахин дахин хэвлэгдэн олны хүртээл болсон хэвээр байна.

Кандид роман ийнхүү хэдэн зууны турш шагшигдан гайхагдаж байгаагийн цаад шалтгаан юу вэ? Энэ бүтээлийг бид өнөөдөр ч яагаад унших ёстой вэ?Үүнд олон шалтгаан дурдаж болно.

Зохиолын гол сэдэв нь гол дүр Кандидын (“гэнэн хонгор” гэсэн франц үг) хэрхэн өөрийнхөөрөө бодож сэтгэж сурч буй тухай билээ. Панглосс багшийнхаа өөдрөг үзлийг дагасан Кандид бээр ар араасаа цуварсан олон арван гамшигтай нүүр тулан тэмцэх зуураа бага наснаас нь зааж сургасан энэхүү үзэл номлолоос хэрхэн хөндийрөхөө бага багаар ойлгож ухаардаг.

Чухам энэ онцлогийнхоо ачаар Кандид роман Францын соён гэгээрлийн гол бүтээлд тооцогдог юм. Аливаад өөрийн гэсэн бэлэн хариулттайгаас гадна өөрсдөд нь найдах юм бол бүх зүйл сайн сайхан болно гэж бусдад итгүүлэхийг хичээдэг Панглосстой төстэй үзэл сурталтан цаг эрин бүрд бий.

Гэхдээ үүнд Вольтер, “Үгүй, бусдын үгийг сохроор дагалаа гээд бүх зүйл сайн сайхан болохгүй! Хүн амьдралаа хэрхэн авч явахаа өөрөө сэтгэж, өөрөө шийдэх учиртай. Үгүй бол Кандид шиг гай гамшиг дунд нэгэн насыг барах болно!” гэсэн хариулт өгчээ.

Энэ л чанараараа Кандид роман өнөөг хүртэл уншигчдыг гүн бодол автуулсаар ирсэн байна. Философийн ийм нарийн санааг уншигчдыг уйдаалгүйгээр хүргэж чадсанд Вольтерын онцгой ур чадварын нууц оршино. Хөгжилтэй, адал явдлын роман гэж ойлгож унших ч боломжтой энэ роман уншигчдад юм бодуулангаа царайд нь цайлган инээмсэглэл тодруулах ид шидтэй гэдгийг энд дурдахад таатай байна!

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/