(Соён гэгээрлийн 7 хоног)

Монсудар хэвлэлийн газраас жил бүр “Соён гэгээрлийн өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 2016.11.21 – 2016.11.27-ны хооронд "Байгалийн амьдралаас - Нийгмийн амьдрал руу" сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Өдөр бүр өөр өөр сэдвийг хөндөн ярилцах ч эдгээр сэдвүүд та бидний өдөр тутмын амьдралд тулгарсаар байдаг ч анзаардаггүй, мэддэггүй, хойшлуулдаг, боддоггүй тийм сэдвүүд байх ажээ.

Жишээлбэл унших хэрэгтэй гэж хүн бүр ярьдаг, боддог ч яаж уншихаа, юунаас эхлэхээ тэр бүр мэддэггүй. Тэгвэл ийм асуултыг хариултыг эрэлхийлж байгаа хүн бүрт зориулан 11-р сарын 22-ны Мягмар гарагт “Үйл явдал хөөж унших уу? Ойлгож унших уу?”зөвлөмж, ярилцлагыг хийсэн бол орой нь буюу 18-20 цагийн хооронд САЙН БОД ДОО!!! Шударга нь ялахгүй л юм бол өөр хэн ялах гэж? сэдвийн хүрээнд Японы утга зохиолыг орчин үежүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Нацүмэ Соосэкигийн “Боччан” зохиолыг сонгон орчуулсан шалтгаан, зохиолч Нацүмэ Соосэки гэж хэн бэ? сэдвээр товч танилцуулга хийлээ.

Харин үүний өмнөх өдөр буюу 11-р сарын 21-нд монголчууд бидний амьдрал маш хурдацтай өөрчлөгдөж байна. Бидний аав ээж, өвөө эмээгийн амьдралын хэв маяг өнөөгийн энэхүү орчин үеийн, хотожсон амьдралаас огт өөр байсан. Өнөөгийн хүмүүс амьдрал, ертөнцийн талаарх үзэл бодлынхоо нэлээдийг эцэг эх, өвөө эмээгээсээ биш харин хэвлэл мэдээллээс олж авч байна. Энэхүү нийгмийн хурдацтай хөгжил орчин үеийн залуучуудад ямар асуудлыг бий болгож байна вэ?, Амьдралын хамгийн хүнд нөхцөлд ч өөрийнхөөрөө байх гэж юуг хэлэх вэ? гэх мэт мэт сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд энэ сэдвийн хамгийн өвөрмөцөөр хөндөн бичсэн Чилийн зохиолч Роберто Боланьогийн “Люмпены тууж” номыг танилцуулжээ.

Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээ өнөөдөр буюу пүрэв гарагт 12:00-15:00 цагийн хооронд Сүхбаатарын нэрэмжит 2-р сургууль дээр “Үг ойлгохгүй бол өгүүлбэр ойлгохгүй” дунд ангийн сурагч, багш нарт зориулсан зөвлөмж ярилцлагаар эхлэх бөгөөд Сэдвийн хүрээнд:

- Тайлбар толь гэж юу вэ?

- Үг хөгжлийн хичээлийн ач холбогдол

- Үгийн утгыг бүрэн мэдэж, монгол хэлээ сайн эзэмшээгүйгээс үүдэх сөрөг үр дагаврууд гэх мэт сэдвийг хөндөн ярилцана.

Харин орой нь буюу 18:00-20:00 цагийн хооронд “Сайн зохиолч болоход юу хэрэгтэй вэ?” сэдвийн хүрээнд Английн зохиолч Виржиния Вульфын “Өөрийн гэсэн өрөө” номын тухай болон зохиогчийн тухай товч танилцуулга хийхээс гадна уг зохиолд дурдагдсан онцлох санаануудыг танилцуулна. Уг ном нь феминизм, эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөний тухай чухал лавлагааны материалд тооцогдож, өнөө үед хүйсийн эрх тэгш байдлын өмгөөллийн гол бичиг болсон юм. Тиймээс феминизмийг сонирхон судалдаг тэр дундаа зохиол бүтээл бичдэг, бичих сонирхолтой эмэгтэйчүүдэд зориулан Монголын эмэгтэй зохиолчдын төлөөллийн хамтаар номын агуулгын дагуу чөлөөт ярилцлага хийнэ.

Харин маргааш буюу Баасан гарагийн 18:00 цагаас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдгаас гадна онлайнаар үйл ажиллагаагаа явуулдаг номын клубуудын төлөөлөл оролцсон Номын клубуудын уулзалт, ярилцлага болох бөгөөд уг ярилцлагын үеэр клубууд уншсан номоо нэг нэгэндээ санал болгохоос гадна ном унших, уншсанаа ярилцах, тэмдэглэх, ном хэрэглэх соёлыг түгээхийг ач холбогдолын талаар ярилцана. Номын тухай сонирхолтой яриа сонсонгоо номын клубуудын үйл ажиллагаатай танилцахыг эсвэл элсэхийг хүсвэл зориод очоорой. Бүх өдрийн үйл ажиллагаа үнэ төлбөргүй бөгөөд халуун кофе, амттан ч таныг хүлээж байгаа.

Амралтын өдрүүдээр буюу Бямба гарагийн 18:00 цагаас “Залуу орчуулагчдын өдөр” зөвлөмж, ярилцлага зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр орчуулагчдын ажилд тулгардаг түгээмэл асуудлууд, орчуулга хийхэд шаардлагатай техник хэрэгсэл, программ хангамжийн ямар боломжууд байна, ханз үсэгтэй хэлнээс орчуулга хийхэд тулгардаг асуудлууд, кино орчуулахад анхаарах зүйлс зэргээр орчуулагчид өөрийн сэдвүүдээр товч илтгэл тавьж чөлөөт ярилцлага хийнэ.

Ням гарагт 18:00-20:00 цагийн хооронд болох үйл ажиллагааны нэр нь “Философийн өдөр”. Энэ өдөр Францын хувьсгал болоод боловсролын үзэл санаанд чухал нөлөө үзүүлсэн философич, зохиолч Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ” номыг танилцуулна.

Мөн “Нийгмийн гэрээ”, “Софийн ертөнц” номын орчуулга болоод философийн номууд орчуулахад тулгардаг асуудлуудыг ярилцах юм байна. Урилгаар МУИС-ын зочин профессор, Философийн доктор С.Лалла (S.Lalla) болон бусад хүмүүс оролцох ажээ.

2016.11.21 – 2016.11.27-ны хооронд зохион байгуулагдаж байгаа “Соён гэгээрлийн өдрүүд”-ийн бүх үйл ажиллагаа Интерном номын дэлгүүрийн төв салбарт болж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/