Хүн төрөлхтний түүхэнд үзэл санаа, гарал угсаа, шашин шүтлэг гээд ялгаатай байдлаас үүдэн нэг нэгэнтэйгээ тэмцэлдэж, дайтаж байсан түүх бишгүй. Мөн ганц хүний эрх ашгийн төлөө олон мянган хүн амиа зольсон аймшигт түүх ч бий. Харин тэр л аймшигт цаг үеийн тухай бичиж, хор уршгийг сануулах бүтээлүүд бий. Тэгвэл хорих лагерийн тухай буюу гэм зэмгүй олны эрх, үзэл бодлыг нь хааж, эсвэл үндэс угсаанаас нь болж хөнөөж байсан түүхийн талаар өгүүлэх уран зохиолын бүтээлүүдийг хүргэж байна.

Уншигч

“Уншигч” зохиол хориг лагерийг өөр өнцгөөс нь харуулдаг билээ. Нэг үгээр хэлбэл Еврейчүүдийн олноор нь хоморголон устгасан явдлыг харгалзагчийн дүрээр илэрхийлдэг. Эл номоор дамжуулан дайны дараа төрсөн хүмүүст Герман орон ямар их хохирол учруулж, мөн улс орон энэ алдаагаа засахын тулд хэрхэн хичээж буй талаар өгүүлдэг. “Уншигч” бүтээл ээдрээтэй, нууцлаг харилцаагаар түүхэн үйл явдлыг хүүрнэснээрээ онцлог билээ.

… Би чамайг, чи намайг
Бид хоёр бие биеэ нээж явна.
Би чиний, чи миний
Бид хоёр нэгнийхээ гүнд нэвтэрнэ.
Би чамд, чи надад
Бид хоёр нэг нэгэндээ уусан шингэнэ.
Гагцхүү энэ хэдэн агшинд
Би гэдэг би мөн
Чи гэдэг чи мөн болой …

Анне Франкийн өдрийн тэмдэглэл

Нацист Германы үед амьдарч байсан Еврей охин Анне Франкийн өдрийн тэмдэглэл хэвлэгдэн гарсан даруйдаа дэлхий ертөнцөд гүн цочроо өгсөн бүтээл билээ. Түүнийг гэр бүлээс аав нь л амьд үлдсэн бөгөөд дайны дараа охиныхоо тэмдэглэлийг хэвлүүлж байжээ. Өсвөр насны охин Анне Франк Еврей болж төрснийхөө төлөө нуугдаж амьдарсан зүрх шимшрэм үйл явдлаа өдөр бүр тэмдэглэж байжээ.

Үнэхээр өдрийн тэмдэглэл чам шиг хамаг бүхнээ итгэн ярих тийм итгэлтэй найз охин надад алгаа. Над шиг арван гуравтай жирийн нэгэн охины ийм ганцаардмал байдлыг хэн ч ойлгохгүй болохоор л өөрийгөө чадлынхаа хэрээр тайлбарлах гэсэн юм. Энэ ч бас л гайхмаар байгаа биз.

Иван Денисовичийн нэг өдөр

Зохиолч А. И. Солженицын Сталины үйл хэргийг шүүмжилсэн захидал бичсэнийхээ төлөө амьдралынхаа найман жилийг хорих лагерьт өнгөрүүлжээ. Зөвлөлтийн системийн шүтэн бишрэгч байсан түүний эл бүтээл хэвлэгдэн гарахад улс орон даяар шуугиан тарьсан аж. Солженицын энэхүү номондоо шоронд хоригдож байгаа Иваны нэг өдрийн амьдралыг дүрслэх бөгөөд нэг хүнийг тахин шүтэх үзэл хичнээн аюултай болох талаар эл бүтээл далдуураа хэлэх аж.


“Хоригдол хүний бодол санаа нь хүртэл хорион дотроо эргэлддэг бөгөөд элдвийг эргэж хурган ижил төстэй бодол дотроо л холхино.
-Гудсан дотроо нуусан талхыг маань олоод авчихгүй байгаа.”


Виктор Франкл- Хүмүүний утга учрын эрэлд

Сэтгэл судлаач Виктор Франклын бичсэн” Хүмүүний утга учрын эрэлд” ном дэлхий даяар олон сая хувь борлогдсон бүтээл билээ. Тэрээр амьдралынхаа турш үзэж мэдсэн бүхнээ бичсэн бөгөөд дайны үед гэр бүлээ алдаж, шоронд хоригдож байсан үеэ эргэцүүлэн амьдралын утга учрын эрэлд гарсан түүхээ уншигчдад дэлгэсэн нь энэ билээ.

Шатрын нүүдэлд ч, хүний амьдралд ч шалгарсан сайн нүүдэл гэж байхгүй билээ.

Эли Визель- Шөнө

Зохиолч Эли Визель Рум улсад төрж өссөн төдийгүй амьдралынхаа туршид хэд хэдэн хорих лагерьт хоригдсон ч амьд үлдэж чаджээ. Хорих лагерьт өнгөрүүлсэн өдрүүдийнхээ талаар хүүрнэх агаад сэтгэл санаа, бие махбод, сэтгэл хөдлөлөө ч эрүүл авч гарахын төлөөх тэмцлээ уран яруу бичжээ. Эл бүтээлийнх нь төлөө Эль Визельд Нобелийн энх тайвны шагналыг гардуулж байсан түүхтэй.

Энд би ээжийгээ эцсийн удаа харсан юм. Ээж эгч дүү гурав маань баруун тийшээ алхлан, тэр даруй хугацаанд олны дунд уусан алга боллоо. Тэднээс минь үлдсэн сүүлийн дүр зураг.

Судалт хувцастай хүү

Дайны үеийг хүүхдийн нүдээр харуулснаар хүчтэй бүтээл билээ. Бруногийн аав нь цэргийн командлагч болж, хорих ангитай ойрхон ирснээр Герман, Еврей хоёр хүүгийн нөхөрлөл эхэлнэ. Тэдний нүдээр дэлхий ертөнцийг тольдож, хүмүүний хэрцгий үйлдлийг хүчтэй илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/