Бид өдөр бүр олон төрлийн өнгө хардаг ч харсан өнгө болгоныхоо талаар тэр бүр бодоод байдаггүй. Хувцас сонгохдоо, хэн нэгэнд бэлэг барихдаа эсвэл байгалийн үзэсгэлэнг бишрэхдээ гэх мэт ховор тохиолдолд өнгөний талаар боддог. Тэгвэл өнгөний талаар хүн бүрийн мэдээд байдаггүй сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Бидний нүд 400-700 нанометр хүртэлх гэрлийн долгионыг харж чадна.

Өнгө нь цахилгаан соронзон энергийн өвөрмөц төрөл болох гэрлийн долгионоор үүсдэг. Тэгвэл бид нүдээрээ ердөө 400-700 нанометр хүртэлх гэрлийн долгионыг харж чаддаг байна.

Амьгүй болсон матери өнгийн туяа цацруулдаггүй.

Хүн үхэхдээ хувхай цайрдаг. Амь насны гэрэл унтарсан учир нүүр царай, бие өнгөө алдана. Амьгүй, сүнсгүй болсон махбодын матери өнгийн туяа цацруулахгүй.

Долоон төрлийн өнгөний эрс тэрс ялгарал бий

Хэрэв бид өнгөний нөлөөллийн шинж чанарыг судлан үзвэл долоон төрлийн өнгөний эрс тэрс ялгарал байдгийг олж мэднэ. Тэд зүй тогтлоороо хоорондоо эрс ялгаатай тул нэг бүрчлэн судалж үзэх ёстой. Шинж чанар, уран сайхны илэрхийлэл, харааны, экспрессив, конструктив нөлөөллөөрөө дор бүрдээ өвөрмөц, дахин давтагдашгүй учир өнгөний илэрхийллийн гол гол боломжуудтай танилцах боломжийг бидэнд олгоно.

  • Өнгөний жишихүйн
  • Гэрэлтэй- гэрэлгүйн
  • Хүйтэн- дулаан өнгөний
  • Эсрэг өнгөний
  • Зэрэгцээ өнгөний
  • Ханасан өнгөний
  • Өнгө тархцын эрс тэрс ялгарлууд юм.

Колумбын өмнө эрин үеийн Мексикт  зурагт улаан хувцастай хүн зурсан байвал бурхан Шипе Тотекыг дүрсэлсэн байдаг.

Колумбын өмнөх эрин үеийн Мексикт хэн нэгэн зураач улаан хувцастай хүн зурсан байвал энэ бол газар дэлхийн бурхан Шипе Тотек бөгөөд тийм ч учраас зүүн зүгт хамаарч, мандах нар, шинэ эхлэл, залуу нас, хавар цагийн бэлгэдэл гэдгийг мексикчүүд шуудхан мэддэг байв.

Импрессионист уран бүтээлчид хүйтэн дулаан өнгөний шилжилтийг гаргаж чадсанд уран бүтээл нь амьтай болсон.

Импрессионистууд агаар мандал буюу тэнгэрийн хүйтэн хөх өнгө ямагт нарны гэрлийн дулаан тонтой ялгарал үүсгэн, сүүдэр өнгөний үүрэг гүйцэтгэн байдгийг нээсэн юм. Моне, Писсаро ба Ренуарын бүтээлүүдийн ид шид, гайхамшиг чухамдаа хүйтэн дулаан өнгөний шилжилтийг уран чадмаг хийж чадсанд оршдог.

Өнгө хүлээж авах чадвар буюу мэдрэмж нь хувь хүний субъектив таашаалтай уялдан ерөнхийдөө өрөөсгөл, нэг талыг барьсан шинжтэй байдаг.

Хөх өнгийг онцгойлон таашаадаг хүн байлаа гэхэд хөн өнгөний олон нарийн тоныг мэдрэх бол улаан өнгөний тоныг тун тааруухан ялгаж магад. Чухам тийм ч учраас өнгөний нийтлэг шинж чанарыг уйгагүй судалж, ажиллаж үзэх ёстой юм. Ингэснээр өөрт “харь” өнгөнүүдтэй танилцаж, бүх өнгийг үнэн зөв дүгнэх чадвар эзэмшинэ.

Нил ягаан өнгө цэвэр өнгөнүүд дотроос хамгийн гэрэлгүй өнгө

Нил ягаан өнгө цэвэр өнгөнүүд дотроо хамгийн гэрэлгүй нь бөгөөд түүнийг гэрэлтүүлсэн хоёр шатлал хоорондоо хол байх бол гэрлийг багасгасан хоёр шатлал нь хоорондоо дөхүү байдаг.

Романтик болон готикийн түрүү үеийн уран бүтээлчид хана туурга, хавтан дээрх уран зурагтаа өнгийг бэлгэдлийн, экспрессив талаас нь илүүтэй хэрэглэж байв.

Тиймээс тэд булингартаагүй, тов тодорхой тоныг олж гаргахыг эрмэлздэг байлаа. Ингэхдээ өнгөний тоны олон янзын хувирал, шатлал юм уу, янз бүрийн араншныг бус, харин энгийн, тодорхой, бэлгэдлийн нөлөөллийг эрэлхийлж байжээ.

Зохиолч Гёте уран зохиолын бүтээлээс гадна өнгөний тухай судалгааны томоохон бүтээл гаргаж байсан нь зураачдад  нөлөөлж байжээ.

1810 онд Гёте өнгөний тухай томоохон бүтээл гаргав. 1816 онд Шопергауэр “Хараа ба өнгө” нэртэй бүтээлээ нийтлүүлэв. 1839 онд Парисын туурган хивсний үйлдвэрийн захирал, химич М.Е. Шеврёль “Зэрэгцээ өнгөний эрс тэс ялгарал ба будах зүйлсийн сонголт” хэмээн бүтээлээ хэвлүүлэв. Энэ нь Импрессионист болон неоимпрессионист уран зургийн эрдэм шинжилгээний суурь бүтээл болсон юм. Байгалийн юмс үзэгдлийг эрчимтэй судалсны үр дүнд импрессионист зураачид өнгөөр дүрслэн харуулах шинэ арга барилыг олж авав. Тэд байгалийн орчин дахь гэрэл хийгээд эд юмсын үндсэн өнгийг хувирган өөрчлөгч нарны гэрлийг судалсны дүнд дүрслэлийн арга хэлбэрт дорвитой шинэчлэлт оруулж чадсан юм.

Өнгө бол амьдрал

Учир нь өнгөгүй ертөнц амьгүй мэт санагдана. Өнгө бол өнгөгүй анхдагч гэрэл хийгээд түүний эсрэг тал болох өнгөгүй харанхуй хоёрын үр сад, анхдагч санаанууд мөн. Гал гэрэл гаргадгийн адил гэрэл өнгийг бүтээнэ. Тэгэхээр өнгөнүүд бол гэрлийн үр хүүхэд, гэрэл бол өнгөний эх юм. Энэ ертөнцийн анхдагч үзэгдлийн нэг гэрэл бидэнд олон арван өнгөөр дамжуулан дэлхийн нэг амин сүнс, оюун ухааныг харуулдаг.

Будгийн химийн үйлдвэрлэл, хувцас загвар, өнгөт гэрэл зураг хөгжсөнөөс үүдээд өнгө гэдэг зүйлийг нийтээрээ сонирхох болжээ

Мөн өнгөний талаарх хүмүүсийн ойлголт, мэдлэг, мэдрэмж, улам нарийсжээ. Гэхдээ өнөө үед өнгийг ийн сонирхохдоо дан ганц харагдах- материаллаг талаас нь харахаас биш сэтгэл зүй ба оюун санаанд мэдрэгдэх талыг орхигдуулсаар байна.

Та өнгөний талаар “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Өнгөний урлаг” хэмээх сурах бичгээс илүүг мэдэх боломжтой.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/