Жил бүр зохион байгуулагддаг “Үндэсний номын баяр” энэ сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Та энэ номын баяраар авах номынхоо жагсаалтыг гаргасан уу. Энэ номын баяраар “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан онцлох 13 номыг танилцуулж байна. Эдгээр номыг та өмнө нь сонсож байгаагүй ч танд хэрэг болох ном байж мэднэ шүү.
1. Амьдралын мөчлөг
Ургамал хөрснөөс ус болон шим тэжээлээ, харин нарнаас энерги авдаг. Амьтад өсөж том болохын тулд ургамал болон бусад амьтдаар хооллоно. Ихэнх ургамал шавжаар дамжуулан цэцгийн тоос хүртэх замаар нөхөн үржинэ. Харин ургамал, амьтан үхэхэд үзэгдэл нь хөрсөнд шингэн ялзмагтаж, дараагийн шинэ ургамал ургахад бордоо болно. Амьдралын мөчлөг ийнхүү эцэс төгсгөлгүй хувьсан өөрчлөгдөж буйг бид ойр тойрноосоо харж болно. Төрөх, өсөх үйл явц нь үхэх, илжрэх үйл явцаар нөхөгдөн тэнцвэрт шинжээ хадгалж байдаг. Амьдралын мөчлөг ийнхүү мөнхөд хувьсан өөрчлөгдөж байх хуультай. Тэгвэл энэхүү номоос бидний эргэн тойронд үргэлж байдаг ч бидэнд харагддаггүй тэр л байгалийн хүчин зүйлсийн талаар мэдэх боломжтой. Мөн дүү нартайгаа, сониуч хүүхдүүдтэйгээ хамт сууж судлахад тохиромжтой.
2. Мэргэжил
Энэ жил төгсөх ангид орж буй өсвөр насныханд ирээдүйн мэргэжлээ сонгоход нь тус болох ном билээ. Хэрэв таны дүү, хүүхэд тань хараахан мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа бол энэ номыг зөвлөөрэй.
3. Ардын хувьсгал үзэл санааны түүх
Эртний Грекээс эхлэн Монголын ардчиллын үзэл санаа хүртэл дэлхийн түүхийг та энэ номоос мэдэж авах боломжтой. Улс үндэстэн бүрийн түүхэнд он цагийн урсгалаар ялгаран тодорч үлдсэн үйл явдлууд бий. Тэр үйл явдал нь юмс урьдынхаасаа өөрчлөгдөн хувьсах эргэлтийн цэгийг тэмдэглэж, дараа дараагийн үеийнхний үнэт зүйлд үр нөлөөгөө үлдээдэг билээ. Монголчууд бид жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр 1921 онд өвөг дээдэс маань харийн урт удаан дарлал, түрэмгийллийн эсрэг тэмцэж олсон тусгаар тогтнолын баярыг тэмдэглэдэг. Энэхүү номоос таны мэдэхгүй дэлхийн түүхийн олон баримт, түүхийг мэдэх боломжтой.
4. Безономикс
Алдарт Амазон компани дэлхийд шинэ соёлыг бий болгож, дэлхийн соёлыг өөрчилсөн билээ. Эл компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос хамгийн баян хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог. Тэгвэл түүний түүх болон Амазон компани дэлхийг хэрхэн өөрчилсөн түүхийг энэ номоос уншаарай.
5. Ургамлын нэвтэрхий толь
Та хөдөө талд, эсвэл ой модонд сэтгэлийг тань татсан ургамалтай таарсан ч нэрийг нь мэдэлгүй өнгөрч байсан байх. Тэгвэл Монголд анх удаа ургамлын нэвтэрхий толь шинээр хэвлэгдсэн билээ. Энэ ном ургамлын зураг, мэргэжлийн нэршил, тайлбартай учир ургамалд хайртай хэн бүхэнд хэрэгтэй ном билээ.
6. Амьтны ферм
Алдарт зохиолч Жорж Оруэллийн “Амьтны ферм” бүтээл өдгөө ч нөлөө бүхий зохиолын тоонд ордог билээ. Энэ бүтээлээс бидний өнөөгийн нийгмийг тольдож болох бөгөөд улс төрийг уран зохиолын аргаар чадамгай илэрхийлсэн.
7. Агуу жазз
Жазз үргэлж л цөөнхийн хөгжим байлаа. 1930-аад онд Свинг ид хүч авч байхад ч чадварлаг хар арьст хөгжимчдийг хүмүүс бараг мэдэхгүй, сайн л бол хоёр гурван дууг нь мэддэг байв. Гэхдээ жазз хөгжмийг сурна гэдэг бүх нийтэд тустай үйл хэрэг юм. Учир нь өнөө цагийн поп хөгжим тэр чигтээ жазз хөгжим дээр суурилдаг.Тэгвэл энэ номоос жаззын түүх, онцлог гээд бүхий л зүйлийг мэдэж авах боломжтой.
8. Нийгмийн ухаан цуврал
Нийгмийн ухаан” цуврал нь сэргэн мандалтын үе, соён гэгээрлийн хөдөлгөөн болон XX зууны улс төрийн философийн хамгийн агуу үзэл санаануудыг энгийн, ойлгомжтой байдлаар уншигч түмэнд хүргэх гэсэн зорилготой билээ. Үүнээс гадна тухайн бүтээлийн утга, чансааг алдагдуулахгүйгээр монгол хэлнээ хөрвүүлэх нь хамгаас чухал.
Ингэхийн тулд тухайн номд дурдагдсан нэр томьёо, дүрүүд, эртний төрт улсууд, түүхэн үйл явдлууд, аугаа сэтгэгчдийн товч намтар болгоныг мэргэжлийн түвшинд эрэн сурвалжилж тайлбар толь, тайлбар зүүлт болгон хавсарган бүтээсэн билээ.
9. “Монгол үлгэр”-зурагт ном
Хүүхдийн “Жангар” редакцаас эрхлэн гаргасан “Монгол үлгэр зурагт ном”-ыг хүүхэд багачууддаа санал болгож байна. Монголын эртний үлгэрүүдийг орчин үеийн хүүхдийн сэтгэхүйн онцлог, хэл найруулгад нь тохируулан баяжуулснаараа онцлог билээ. Монголын үлгэрийн орчин үеийн болгож “Үлэмж биетний үлгэр”, “Долоон өндөгтэй долоон шаазгай” зэрэг эртний үлгэрийг энэхүү цувралаас унших боломжтой.
10. Эртний уран зохиол
Эртний сонгодог уран зохиол болох “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Мянга нэгэн шөнийн үлгэр” зэрэг алдарт бүтээлүүдийг хүүхдийн сэтгэхүйд зориулж, бүтээснээрээ онцлогтой. Дөнгөж уншиж сурч буй, болон унших дадалд суралцаж буй хүүхэд “Монголын нууц товчоо”-г эх хувилбараар нь уншихад түвэгтэй, мэдэхгүй үг олон таарахад шантарч мэднэ. Хүүхдээ эдгээр цувралтай танилцуулж, түүхийн болон Монголын уран зохиолын мэдлэгтэй, номонд дуртай нэгэн болоход нь туслаарай.
11. “Суурь мэдлэг”цуврал
Шинжлэх ухааны суурь мэдлэгийг олгох энэхүү цувралыг онцолж байна. Эдгээр номыг 6-р ангиасаа төгсөх анги хүртэл болон ЕЭШ-д бэлдэхдээ ч хэрэглэж болох хөтөч билээ. Энэ бүтээлүүдийг гаргахдаа орчин үеийн шинжлэх ухааны шинэ санааг тусгасан бөгөөд хүүхдийг тань уйдаахгүй хялбар байдлаар суралцахад тустай.
12. “Утга зохиол” цуврал
Та номонд дурлагч нэгэн бол эдгээр өнгийн цувралыг хаа нэгтээ харж байсан байх. Дэлхийн сонгодог болон орчин үеийн уран зохиолын уншигчдадаа танилцуулах зорилготой бөгөөд зохиол бүрийн хэл найруулга, онцлогийг монгол хэлнээ хөрвүүлэхдээ хичээнгүйлэн анхаардаг билээ.
13. “Монгол утга соёл” цуврал
Монголын домог үлгэр, оньсого, зүйр цэцэн үг, тууль, ерөөл магтаал, Ертөнцийн гурав зэрэг аман зохиолын өвийг цуврал ном болгон гаргасан билээ. Судлаач, оюутан, монголын аман зохиолыг уншиж судлах хүсэлтэй хэн бүхэнд хэрэгтэй ном билээ.
СЭТГЭГДЭЛ