“Монсудар”хэвлэлийн газар, Гёте Институттай хамтран “Агуу жазз” ном шинээр хэвлэгдэн гараад буй. Энэ ном жазз хөгжим үүссэн цагаас өдгөөг хүртэлх түүхийн “гарын авлага” болохоор бүтээл билээ. Тэгвэл тус номоос онцлох 10 жазз дууг, номын эшлэлтэй хүргэж байна.

1. Луи Армстронг

“Луи Армстронг Нью-Орлеансын хамгийн чухалд тооцогдох хамтлаг болох тромбон хөгжимчин Кид Оригийн найрал хөгжмийн бүрэлдэхүүнд анх тоглож олны танил болсон юм. Корнет хөгжмөө барьсан богино өмдтэй бяцхан Луи нэгэн гудамжны парад дээр Кидийг тоглож байх үед нь санамсаргүй тааралджээ. Тэгэхэд нь нэгэн хүн түүнээс хэнд хөгжмийн зэмсэг авчирч өгч буйг асуухад Луи “Хэнд ч биш ээ. Энэ миний зэмсэг” хэмээхэд хүмүүс итгээгүй аж. Тэгээд Луи шууд л хөгжмөө тоглож эхэлсэн бөгөөд тэр даруй түүнийг ажилд авсан байдаг...”


2. Бикс Байдербеке

“Бикс Байдербеке Чикаго хэв маягийн цор ганц төгс илэрхийлэл гэж хэлж болно. Бикс Байдербекег тойрсон үлгэр домог мэт олон яриа бий бөгөөд тэр дундаас түүний жинхэнэ дүрийг олоход бэрх. Тэрээр бүрэг зантай нэгэн бөгөөд хэзээ ч өөртөө сэтгэл хангалуун байдаггүй, үргэлжид өөртөө хүрч дийлшгүй зорилго тавиад түүнийхээ төлөө тэмцэж явдаг хөгжимчин байлаа...”

3. Билли Холидэй

“Билли Холидэйг амаа ангайхад жинхэнэ “үнэн мөн” мэдрэгдэж эхэлдэг. Сэтгэлийн шарх, эмзэглэл нь түүний хоолойг бараг мазохист чанартай болгон сонсогдуулна. Дур таашаал, хүсэл тачаал, баяр баясгалан, өөдрөг үзэл, цөхрөл, уйтгар гуниг, өвчин зовлон бүгд гагц тэнд л мэдрэгддэг. Билли Холидэйн хоолой аниагүй “шарх” мэт... Тэр дуугаараа сэтгэл зүрхээ бүрэн уудалдаг. Түүнийг ганцаардлын гэрч болон эргэлт буцалтгүй татагддаг байна....”

4. Чарли Паркер

“Чарли Паркер болон Диззи Жиллеспи хоёр бол бибопын “Диоскур” юм. Чарли Паркер яагаад хөгжимчин болсон тухай нь нууцлаг хэвээр үлдсэн. Түүний хамгийн сайн найзуудын нэг болох альт саксфончин Жижи Грайс “ Паркер бол гоц авьяастан. Хэрэв тэр гагнуурчин болсон бол мөн л онцгой үүрэг гүйцэтгэх байсан байх гэж би боддог” хэмээжээ...”

5. Коулмен Хокинс ба Лестер Янг

“Тенор саксфончид бусад хөгжмийн зэмсэг эзэмшигчдээс илүү чухал үүрэг гүйцэтгэж байлаа. Майлс Девисийн “Capitol Band”-ийн авиаг Лестер Янгийн тенор саксфон авианы “найрал хөгжим” хэмээн нэрлэснээр энэхүү хамтлаг орчин үеийн жазз аялгууг үүсгэгч болсон юм...”

6. Бесси Смит

“1920-оод оны үед ид цэцэглэж байсан блюзийн сонгодог үеийн эмэгтэй дуучдаас хамгийн алдартай нь Бесси билээ. Тэрээр 160 пянз гаргаж, богино хэмжээний кино бүтээснээс гадна 1920-оод оны эхэн үеэс дунд үе хүртэл уран бүтээлийнхээ оргил цэгт хүрч, пянз борлуулалтаараа Колумбиа компанийг дампуурлаас аварч байжээ. Нийт 30 сая гаруй пянз борлуулж блюзийн хатан хаан гэгдэж байжээ...”

7. Майлс Девис

“Английн жазз шүүмжлэгч Майкл Жеймс “Жаззын түүхэнд Майлс Девис шиг ганцаардал хэмээх үзэгдлийг тийм тодорхой илэрхийлсэн хүн байхгүй гэхэд хэтрүүлэг болохгүй” хэмээжээ.

Майлс Девисийн хөг аялгуу дэлхийгээс тасарсан уянгын халил, мөн түрэмгий зан чанар болон уйтгар гуниг хосолсон сэтгэл хөдлөм холимгийг бий болгодог...”

8. Дюк Эллингтон

“Дюк Эллингтон афроамерик хүн болж төрснөөрөө маш их бахархдагаа үргэлж батлан харуулдаг. Тэрээр хар арьстнуудын түүх соёл, африкийн урлагтай холбоотой олон ном уншдаг байв. Түүний алдартай бүтээлүүд ихэвчлэн афроамерикчуудын түүхийн сэдэвтэй холбоотой байдаг. “Black, Brown and Beige” хэмээх аялгуун зураг нь Америкт суурьшсан хар арьст хүний тухай бөгөөд анх төрөхдөө “хар” байсан боловч боолчлогдон зовж “бор” болоод харин өнөөдөр “шаравтар” болсон гэж өгүүлдэг нь зөвхөн тэдний арьсны өнгийг бус төрөлх чанарыг нь итгэсэн байдаг...”

9. Жон Колтрейн ба Орнетт Коулман

“1960-аад оноос хойших жазз хөгжмийг Жон Колтрейн, Орнетт Коулман хэмээх хоёр гайхалтай хүн байлдан дагуулж байжээ. Тэдний аль алиных нь хүсэл хувьсгал хийх байгаагүй боловч хүмүүст тийм л сэтгэгдэл төрүүлсэн байдаг. Орнутт Коулмены тоглолт илүүтэй орон нутгийн ардын блюз уламжлалтай байдаг бол Жон Колтрейных илүүтэй хотын ритм ба блюз уламжлалтай ажээ...”

10. Винтон Марсалис

“1980-1990-ээд оны жаззын сэргэн мандалтын хүчийг бадраагч нь Винтон Марсалис юм. Тэрээр уламжлалт тоглох аргыг дахин сэргээх тал дээр хамгийн олон хуулбарлагдсан хөгжимчин төдийгүй түүнээс өөр нэг ч хүн жазз хөгжмийн ертөнцийн хүрээг түүн шиг тэлж чадаагүй...”

 

Энэ ташрамд хөгжимд дурлагч уншигчдадаа дуулгахад Улаанбаатар хот маань энэ намаржингаа Жазз хөгжмөөр амьсгалж байгаа. JazzLab хѳгжмийн агентлаг, Fat Cat жазз клуб хамтран зохион байгуулж буй Jazz City Revival олон улсын жазз хѳгжмийн наадам нь энэ 10-р сарын 12 хүртэл үргэлжилж байна. Орон орны 40 гаруй уран бүтээлчид Улаанбаатар хотноо ирж оролцон, 10 гаруй байршилд нийт 30 гаруй тоглолт үзэгчдийн хүртээл болгох бөгөөд энэ долоо хоногт амжиж Чарьлз Мингусийн трибют тоглолт, Өмнөд Африкийн уран бүтээлчдийн нэн ховор тоглолт болон олон улсад Монголын нэрийг гаргаж яваа уран бүтээлч, дуучин Enji-гийн "Урсгал" цомгийн тоглолтуудыг сонсож, жазз сүнсээ хөглөх боломжтой юм шүү. 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/