УРАН ЗОХИОЛ ном уран зохиолын мэдлэгээ тэлж, бататгахыг хүссэн хүн бүрд зориулагдсан бөгөөд дэлхийн болон Монголын уран зохиолын түүхэн тойм, төрөл ангилал, урсгал чиглэл, зохиолын бүтэц задлал, зохиолчдын төлөөлөл, бүтээлийн агуулга зэрэг бүхий л мэдээллийг багтаасан уран зохиолын шинжлэх ухааны суурь мэдлэгийн лавлах бичиг юм.
Энэхүү ном нь нийт 8 бүлгээс бүрдэх бөгөөд Уран зохиолын ерөнхий ойлголтыг эхний бүлгээс олж авна. Үүнд, Уран зохиол гэж юу болох, түүнийг уншиж судлахын ач холбогдол хийгээд уран зохиолын судлагдахуун, уран зохиолыг хэрхэн унших талаар өгүүлнэ. Хоёрдугаар бүлэгт Дэлхийн болон Монголын уран зохиолын түүхэн тойм буюу ардын аман зохиол, эртний уран зохиол төдийгүй Өрнө, Дорнын уран зохиолын цаг хугацааны үечлэлээр аялах боломжтой. Гуравдугаар бүлэгт бид уран зохиолын төрлийг нарийвчлан бичсэн бөгөөд зураг схемээр баяжуулж, энгийн сонирхолтой байдлаар оруулсан. Дөрөв, тавдугаар бүлэгт шүүмж судлал болон уран зохиолын урсгал чиглэлийг тодорхой тайлбарлаж, гол төлөөлөгчдийг мөн дурдсан билээ. Удаах бүлгүүдэд зохиолын бүтэц, задлан шинжлэл, ангилал зэргийг хамруулан үзэхдээ тус бүрд жишээ, зураг, схем хийж тайлбарласан болно.
“Уран зохиол” ном нь элсэлтийн ерөнхий шалгалт, улсын шалгалтад бэлдэж буй сурагчдын нэн тэргүүнд ашиглах чухал хэрэглэгдэхүүн тул зөвхөн Монгол улсын суурь боловсролын мэдлэг чадвар олгох агуулгаар хязгаарлаагүй, олон улсын хөтөлбөр сургалтад нийцүүлэн хийсэн нь тус лавлах бичгийн давуу тал юм. Иймд энэхүү ном нь монгол хэл, уран зохиолын багш, судлаач, зохиолч, шүүмжлэгч, уншигч, номд шимтэн сонирхогч оюутан залуус, монгол хэлээр элсэлтийн шалгалт өгөх гэж буй сурагч гээд хэн бүхэнд зориулсан суурь мэдлэгийн цогц бүтээл болсоноороо онцлог.

Уг бүтээлийг Монсудар хэвлэлийн газрын Хэл соёлын редакц болон Сурах-сургах хэрэглэгдэхүүний ДиДо редакц хамтран Суурь мэдлэг цувралын үргэлжлэл болгон гаргалаа. Зохиогчоор хэл шинжлэлийн докторант Ж.Хишигжаргал, мэргэжлийн редактораар ХОИС-ийн багш, хэл бичгийн ухааны доктор В.Янжиндулам болон СУИС-ийн багш, утга зохиол судлалын магистр Я. Баяраа, зөвлөхөөр А.Шнорбуш, хариуцлагатай редактораар Б.Одончимэг, хэл шинжлэлийн докторант М.Билгүүнчимэг болон Б. Чанагнянгар, хэвлэлийн дизайнераар Б.Баясгалан нар ажиллажээ. ДиДо редакцийн эрхлэн гаргадаг Суурь мэдлэг цувралын хүрээнд Уран зохиол номоос гадна Монгол хэл, Англи хэл, Түүх, Математик, Хими, Физик, Биологи зэрэг номууд хэвлэгдсэн гараад байна.
СЭТГЭГДЭЛ