Монсудар хэвлэлийн газраас хэвлэгдэн гардаг "Утга зохиол" цуврал бүтээлүүдийг төслийг санаачлагч, зөвлөх Александр Шнорбуштай ярилцсан сонирхолтой яриаг хүлээн авна уу.
“Утга зохиол цуврал” хэрхэн бий болсон тухай та ярьж болох уу? Энэ төслийг яагаад хэрэгжүүлэхээр шийдсэн бэ?
Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбат бид хоёр 2015 оны сүүлчээс энэ төслийн тухай бодож эхэлсэн. Дэлхийн уран зохиолын сор бүтээлүүдийг монгол уншигчдад хүргэхийн тулд уран зохиолын цуврал ном гаргая гэсэн санаагаар энэ ажлыг эхлүүлсэн юм. Ном тус бүрийг маш сайн орчуулгатай, маш няхуур хянаж засварлахын (зохиол бүрт тусгайлан өмнөх үг бичиж, тайлбар зүүлт оруулан, шаардлагатай тохиолдолд нэмэлт материал орчуулах г.м) сацуу оюутан, сурагч, залуу уншигчдад хүртээлтэй, боломжтой байх тал дээр бид гойд анхаарсан. Тиймдээ ч аль болох богино, хэт зузаан биш зохиолуудад төвлөрч тэдгээрийг хамгийн энгийн, минимал хавтастай хэвлэхээр болсон юм. Түүнчлэн есөн өөр улсын есөн өөр зохиолчийн номыг нэг багц гэж үзэж байгаа. Энэ дүрэм нь зохиолын сонголтыг илүү өргөн хүрээтэй болгоход тусладаг л даа.
Монгол уншигчид гадаадын уран зохиол, тэр тусмаа орчин үеийн бүтээлүүдтэй төдийлөн их танилцаагүй байх. Утга зохиол цувралын ном Монгол уншигчдад энэ тал дээр ихээхэн тусалсан болов уу гэж бодож байна. Уншигчдын хандлага анх ямар байсан бэ?
Тус цувралд сонгодог болоод орчин үеийн уран зохиол аль аль нь бий. Хамгийн эрт үед хамаарагдах нь 1759 онд хэвлэгдсэн Вольтерийн “Кандид буюу өөдрөг үзэл” гэсэн ном бол Хан Ганы “Хөвгүүн ирлээ” зохиол 2014 онд буюу хамгийн сүүлийн үеийнх гэж тооцож болно. Түүнчлэн Ф.М.Достоевскийн “Газар доороос бичсэн тэмдэглэл” болон Виржиниа Вүүлфийн “Өрөө гэсэн өрөө” зэрэг зохиолууд уншигчдын тэвчээрийг их шаардсан бүтээлүүд. Харин “Арьсан хүрэмтэй Мадонна”, “Жамиль”, “Халуун шоколад шиг сэтгэл” гэх номууд их хөнгөн тул анхлан уншигчдад тохиромжтой. Гэхдээ уншигч болгон ном болгон шиг өөр хоорондоо адилгүй болохоор яг энэ тэр гэх заавар зөвлөмж гаргах боломжгүй. Тиймээс өөрт таалагдсан, сонирхолтой гэж үзсэнээ л “барьж” авахыг санал болгож байна. Заавал дэс дугаарын дагуу байх албагүй шүү дээ.

- Сүүлийн таван жилийн хугацаанд нийтдээ 36 ном хэвлэлтээс гарчээ. Зохиол сонгох үйл явцын тухай жаахан дэлгэрүүлж ярьвал?
Зохиолоо сонгохдоо бид тодорхой хэдэн шалгуур бий болгосон. Эхний шалгуур бол дээр дурдсанчлан есөн өөр улсын есөн өөр зохиолчийн номыг нэг багц гэж үзэх. Ийн бэлтгэхдээ бид зохиолын чанар чансаа, орчин үеийн уран зохиолын ертөнц дэх нэр нөлөө болон өнөөдрийн Монгол улстай сэдвийн хүрээнд хэрхэн холбогдож болохыг бодолцог. Дараагийн шалгуур бол тус зохиол өмнө нь орчуулагдаж байсан эсэхийг нягталдаг. Учир нь аль болох шинэ зохиолыг анх удаа монгол хэл дээр орчуулахыг зорьдог болохоор. Үлгэрлэвэл, Франц Кафкагийн “Шүүх ажиллагаа” өмнө нь хэдэнтээ монгол хэлээр орчуулагдсан ч гэлээ бид Кафкагийн өөрийнх нь гар бичмэлд суурилан, шууд эх хэлнээс нь орчуулсан онцлогтой.
- Тэгвэл ингэж ном сонгосноос уншигчдын гарт хүрэх хүртэлх үйл явцын тухайд?
Зохиолоо сонгосны дараагаар бид орчуулгын эрхийг хөөцөлддөг. Тэгээд орчуулагч нараа сонгон гэрээгээ байгуулна. Орчуулгын ажил дууссан хойно редакторлах буюу хянан тохиолдуулах олон үе шатаар дамжина. Агуулга утгын алдааг магадлахаар орчуулгын редактор ажилласны дараа монгол хэл найруулга зүйн редактор, эцэс сүүлд нь үг, үсэг, цэг таслалыг магадлахаар техник редактор ажиллана. Зарим тохиолдолд эцсийн хувилбарыг орчуулагч руу явуулж шалгуулдаг. Тэгсэн хойно дизайнарууд эх бэлтгэн, хэвлэх үйлдвэр лүү өгнө дөө.

- Номын сэдвийн тухайд, энэ жижигхэн хэмжээнд баймгүй асар өргөн цар хүрээг хамарсан, уншилтын хувьд ч тун боломжийн санагддаг. Загвараасаа болоод тэр үү их хөнгөн, зугаатай мэдрэмж өгдөг. Олон янзын содон өнгөтэй болохоор хүмүүс их сайн мэддэг. Уншихад хялбар болгосон тухай болон өнгөний сонголтын цаад учир юу вэ?
Төслөө эхлүүлэхийн өмнө бид дэлхий дахины алдартай цуврал бүтээлүүд болоод загварын талаар судалгаа хийсэн. Ингэх явцад бидний анхаарлыг гойд татсан нь ХБНГУ-ын “Зүүркамп” хэвлэлийн газрын өнгөлөг хэрнээ минимал загвар байсан юм. Манай цуврал эл загварт тулгуурласан. Маш энгийн атлаа аль ч номын дэлгүүрт бусдаасаа ялгарч чаддаг. Анх хараад л шууд танигдахуйц.
- Энэхүү цуврал 24 орны зохиолыг 9 хэлнээс орчуулсан гэсэн. Орчуулагч нарыг дурьдах нь зүй ёсны хэрэг буй заа.
Эдгээр зохиолыг Япон, Хятад, Солонгос, Турк, Орос, Франц, Герман, Испани болон Англи хэлнээс орчуулсан буй. Орчуулагч нар болон редакторууд энэ төслийн хамгийн чухал хэсэг. Учир тэд энэ хавтсан доторхыг бүтээлцэж байгаа шүү дээ. Орчуулга гэдэг угаас бэрх ажил бөгөөд үүнээс гадна хүн бүхэнд таалагдахуйц орчуулга хийнэ гэдэг бүр ч хэцүү. Нэг үг, нэг өгүүлбэрт өчнөөн олон хувилбар байх агаад орчуулагч хүн аль оновчтойг нь сонгох гэсэн байнгын хүнд даалгавартай байдаг улс. Азаар Монгол уншигчид үүнийг маш сайн мэдэх бөгөөд тэдний ажлыг маш их үнэлдэг. Тиймдээ ч ном хэвлэгдсэний дараахан олон нийтийн цахим хуудаснаа “Орчуулагч нь хэн бэ?” гэсэн асуултыг хамгийн түрүүнд тавьдаг байх.
- Үнэнч уншигч нартаа зориулан бэлдэж буй дараагийн ажлууд тань юу вэ?
Дараагийн есөн номд маань Хятадын Жу Вэн зохиолчийн өгүүллэгийн түүвэр болон Австрийн зохиолч, Нобелийн шагналт Петер Хандкегийн эцэг хүний өнцгөөс бичсэн тууж бий. Түүнчлэн орчин үеийн уран зохиолын шилмэлүүд бий. Бүх нэрийг нь хэлэх боломжгүй тул уншигч олон хүлээх л болждээ.
Монсудар - Утга зохиол цувралын тухай сонирхолтой баримтуудтай эндээс танилцаарай.
СЭТГЭГДЭЛ