Та хүүхэд байхдаа хайртай байсан баатраа санадаг уу? Бага байхдаа унших дуртай байсан номоо олж харахад бага насандаа оччихсон мэт санагддаг уу?

Хүүхэд өөрийн гэсэн унших дуртай ном, хайртай баатартай байх нь гагц хүүхдийн  хүмүүжил төлөвшилд сайнаар нөлөөлөөд зогсдоггүй. Тэдгээр баатрууд аав ээжүүдийн туслах ч болж чаддаг бөгөөд өөр олон ач холбогдолтой.

1.       Хүүхдийн төсөөллийг дэмжинэ

Та хүүхэд байхдаа уншсан номынхоо үргэлжлэлийг ургуулан бодож, эсвэл гол дүртэй нь уулзаж байна хэмээн мөрөөдөж байсан байх. Ном төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг ба үүний ачаар хүүхэд мөрөөдлөө олж, өөрийгөө бусдаас онцгой нэгэн гэдгийг мэдэрдэг. Жишээлбэл, “Нохой хүн” комик зохиолд хүүхэд өөрийн төсөөллөөр зохиол бичиж байгаа тухай гардаг. Иймэрхүү комик хүүхдийг чөлөөтэй сэтгэхэд туслахаас гадна “Би ч бас чадна” гэсэн итгэлийг өгдөг. Алдартай зохиолчид, уран бүтээлчид ч бага байхдаа уншсан номоосоо мөрөөдлөө олж, амжилтад хүрснээ дурсдаг.

2.       Сайн, муугийн тухай ойлголттой болгоно

Хүүхдийн ном үг хэллэг, илэрхийлэмжийн хувьд энгийн боловч цаанаа гүн гүнзгий утга агуулгыг тээж байдаг. Номд гарч буй баатрууд хүүхдэд үлгэр дуурайл болохоос гадна үйл явдал нь сайн муугийн талаарх ойлголтыг өгч, ялгаж салгахад сургаж байдаг.

Жишээ нь “Тавтай нойрсоорой Пэппа” номд Пэппа торой орой бүр унтахын өмнө шүдээ угаадаг тухай гардаг. Хүүхэд дуртай баатрынхаа хийдэг зүйлсийг дуурайх дуртай учраас аав ээж нь “шүдээ угаа” гэж хэлсэнээс Пэппагийн тухай уншиж өгөх нь хавьгүй илүү үр дүнтэй юм.

Мөн “Муу залуус” хэмээх комик цувралд өөрсдөө хүсээгүй ч, үргэлж муу дүрийн жишээ болдог амьтад тэр муу нэрнээсээ салахын тулд сайн үйл бүтээж буй талаар гардаг. Энэ нь сайн ба муугийн талаарх хэвшмэл ойлголтыг эвдэж, аливааг шударгаар эргэцүүлэн үзэх сэдлийг өгч чаддаг.

3.       Асуудал тулгарахад хэрхэн шийдвэрлэх аргыг заана

Хүүхдийн номын мэргэжилтнүүд хэрхэн сонирхолтой, хөгжилтэй байдлаар хүүхдийг хүмүүжүүлж, асуудал тулгарахад яаж шийдэхийг мэддэг. Жишээ нь “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” комикт сургуулийн насны хүү Грег шинэ найзуудтай болж, бодит байдалтай нүүр тулгарч, даван туулж буй тухай олон адал явдал гардаг. Тэр бүрт гол дүр хэрхэн шийдвэр гаргаж байгаа нь уншигч хүүхдэд сургамж болон үлддэг.

4.       Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлнэ

Хүүхэд хэн нэгэн дүр, баатрыг хайрлаж биширснээр тэднийхээ дүрийг зурж, бүтээхээс гадна ном нь дууссан ч өөрөө үргэлжлүүлэн төсөөлөх, ургуулан бодсоноо бичиж буулгах хүсэл төрдөг. Энэ нь бүтээлч сэтгэлгээ хөгжих нөхцөл болдог. Түүнчлэн ном уншдаг хүүхэд аливаа шинэ зүйлийг турших, шинэ хүсэл тэмүүлэлтэй болох нь амархан байдаг тул урам зориг, тэмүүлээр үргэлж дүүрэн байдаг.

5.       Ажигч болгоно

Бага насандаа номонд шимтсэнээр сониуч, шинийг эрэлхийлэгч, ажигч гярхай болохоос гадна аливааг хурдан ойлгох чадварт суралцдаг. Жишээ нь “Супер Пэппа” номд Пэппа торой ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаагаа мэддэггүй. Хүүхэд үүнийг уншаад өөрийгөө Пэппагийн оронд тавьж үзэх бөгөөд том болоод ямар хүн болохыг хүсэж буйгаа бодож үзэн, ямар мэргэжилтэй хүмүүс юу хийдгийг ч ажиглаж эхэлдэг.

6.       Үнэнч найз нь болно

Үлгэрийн баатрууд хүүхдүүдийн хамгийн сайн найз байдаг. Хайртай баатартай бол хүүхэд ганцаардлыг мэдрэх нь ховор. Тэр тусмаа өсвөр насны хүүхдэд ээж аавдаа хэлж, хандаж чадахгүй асуудлууд гарах үед өнөөх л баатрууд дотных нь зөвлөгч, найз нь байж чаддаг.

7.       Хүүхэд насны гайхалтай дурсамж бүтээнэ

Өмнө дурдсанчлан бид том болсон хойноо ч дуртай дүрээ хараад хүүхэд насандаа очсон мэт баярладаг. Хэрэв та хүүхдэдээ цаг гарган номыг нь уншиж өгдөг, хамт сууж хүүхэлдэйг нь үздэг бол түүнд дурсамж бүтээж өгч байна гэсэн үг юм. Тиймээс хүүхдийн тань дуртай баатар, номоос авсан сургамж насан туршид нь үлдэхээс гадна хүүхэд насны гайхалтай дурсамжтай болно.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/