Ариун хот дахь нүгэлтнүүд
Унгарын гүн, цөлийн судлаач Алмаши Херодотын “Түүх” номын тусламжтайгаар нэгэн бүсгүйд дурлажээ. Тэр уг нь цөлд орших Зезура хэмээх баянбүрдийг эрж хайж яваа нэгэн юм.
“Кандавл хаан эхнэртээ ухаангүй дурласныхаа улмаас энэ хорвоод түүнээс үзэсгэлэнтэй бүсгүй байхгүй хэмээн боддог байжээ. Нэгэн удаа итгэлт дайчин Гигест хандаж эхнэрийнхээ гоо үзэсгэлэнг бишрүүлэхийн тулд нүцгэн байхыг нь харахыг зөвшөөрчээ. Үүнийг мэдсэн эхнэр нь Гигесийг дуудаж “ Харах ёсгүй зүйлээ харсан болохоор нэг бол чи үх, эсвэл Кандавлыг хөнөөж намайг хатнаа болгон Лидиагийн хаант улсыг захир хэмээн” тулгажээ. Хаан алагдаж, Гигес хорин найман жил Лидиагийн хаант улсыг захирчээ. Хачирхалтай хайрын түүх. Алмашид тохиолдсон хайрын түүх ч мөн түүнээс дутахгүй хачирхалтай. Цөлийн судалгааны багийнхан дээр дөнгөж хуримласан залуу хос Англиас хувийн онгоцоор нисэн иржээ.Нөхөр Жеффри Клифтон нэр нөлөө бүхий баян чинээлэг айлын хүү, эхнэр Кэтрин нэг ангийн оюутан байсан нүд гялбам үзэсгэлэнт бүсгүй. Өөлөх юмгүй, тэнгэр бурхан таацуулсан мэт хосууд. Гэтэл бүсгүй Херодотын түүх номоос Кандавл хааны тухай эмгэнэлт түүхийг уншсанаар бас нэг ээдрээт хайрын түүх эхлэх нь тэр. “Харин би гэдэг хүн энэ түүхийн тусламжтайгаар тэр бүсгүйд дурласан юм даа.”гэж зохиолын гол баатар Алмаши өгүүлэнэ. Эртний түүх соёл, шашин мөргөлийн ариун хот Кайрт нууц амрагууд хүсэл тачаалдаа умбан айх эмээх, ичиж цээрлэхийг умартжээ. Чухамхүү энэ нууцхан хайр, хүсэл тачаалын төлөөс нь юу байх бол?
Сан Жироламо харшийн хачирхалтай зочид
-Та хэн юм бэ?
-Би мэдэхгүй.Чи байнга л надаас энэ тухай асуух юм.
-Та өөрийгөө Англи хүн гэсэн шүү дээ..
Энэ бол хэдэн зуун удаа давтагдсан асуулт хариулт байх. Танигдахын аргагүй болтлоо галд түлэгдэж шархдсан өвчтөнийг сайн дураараа асарч сувилахаар бөмбөгдөлтөнд өртөж сүйдсэн харшид үлдсэн сувилагч бүсгүй Хана өөрийнхөө хэн болохыг хэлж мэдэхгүй, англиар ярьдаг, ой санамжаа алдсан түлэнхий хүнийг “англи өвчтөн” гэж нэрлэжээ. Дайны хөлд бүгд эвдэрч сүйрсэн ч хүний мөс, хүн чанар, хүнлэг сэтгэл хэвээр байгааг сувилагч бүсгүйн дүр тод томруун харуулана. Удалгүй харшид урилаггүй зочид ирсэн нь тэсрэх бөмбөг аюулгүй болгох үүрэгтэй сапёр Кип хэмээх энэтхэг залуу, нөгөө нь мэргэжлийн хулгайч Караважо гэх Хана бүсгүйн эртний танил канад эр. Зохиолын дүрүүд цөөн боловч хамрах хүрээ, үйл явдал нэн далайцтай. Эдгээр хүмүүсийн амьдралыг үзэх үзэл, санаа зорилго өөр өөр боловч ямар нэгэн далд зөн совин, эрэл хайгуул тэднийг нэгтгэж байна. “Англи өвчтөн” морфины хүчээр аажим аажмаар ой санамж нь сэргэн өөрт тохиолдсон үйл явдлыг хэсэг бусгаар урд хойно нь оруулан хүүрнэх нь уншигдаас чамгүй анхаарал, анзаарга шаардана. Алмаши хэмээх судлаачийн эрж хайж явсан Зезура гэх эртний баянбүрд бол түүний сэтгэл зүрхийг эзэмдсэн, арван таван насаар дүү үзэсгэлэн гоо Кэтрин бүсгүй байж болохыг үгүйсгэх аргагүй. “...Тэр шөнө би түүний дуу хоолойд дурласан юм” гэж Алмаши өгүүлдэг.Энэ зохиол бол “цөлийн гүн дэх хайр сэтгэл” -ийн яруу бөгөөд эмгэнэлт дуулал юм. Сүнстэй гэх харшид хэдий дөрөвхөн хүн байгаа ч хайр сэтгэл, хар сэр, өш хонзон, хүнлэг сайхан сэтгэл гээд хүнээс гарч болох ааш авир, араншин бүгд илэрч, дайны хүнд хүчрийг туулан золиос болсон хэдий ч амьдралд итгэх итгэл, хүсэл тэмүүлэл нь нугараагүй байгааг уншаад хэнд ч болов өөдрөг үзэл төрөх нь эргэлзээгүй. “Англи өвчтөн” онгоцтойгоо шатсан ч , золоор амьд үлдсэн нь энэ бүх түүхийг хүүрнэх эхлэл болжээ. Хамгийн хачирхалтай нь бүх хувцас хунар нь юу ч үгүй шатсан ч түүний биедээ байнга авч явдаг Херодотын “Түүх” ном бүрэн бүтэн үлдсэн байдаг. Тэрхүү номын завсар байгаа “Англи өвчтөн”-ий судалгааны ажил, зураглал,тэмдэглэлүүд үл мэдэгдэх хүний хэн болохыг тодорхойлоход тус дэм болж байгаа юм.
“...Үхэл гэдэг бол чи гуравдугаар бие болсон гэсэн үг.”
Англи өвчтөний хүүрнэлүүд энд тэндээ орж эмх замбараагүй байх боловч утасны үзүүрийг хөвөрдсөөр эцсийн эцэст яг хэн бэ? гэдэг нь тодорхой болоход хэдий мэргэжлийн хулгайч ч гэсэн дайны үед энэ чадвараа хэрэгтэй зүйлд ашиглаж чадсан Караважогийн таамаг үнэн болох нь батлагдана. Өч төчнөөн соёл иргэншлүүд цагийн уртад элсэн цөлд дарагдах мэт ор сураггүй алга болдог ч түүх бол хэзээ ч “шатдаггүй” юм аа гэдгийг галаас бүтэн үлдсэн Херодотын “Түүх” ном гэрчлэнэ. “...Нүүдэлчдийн ертөнц өөрөө магадгүй, үнэхээр эргэлзээтэй, учир битүүлэг түүх байж болох юм даа.” гэсэн үг бүх юм устаж алга болдог бус хаа нэгтээ хүний нүднээс далд оршин буйг илтгэх мэт.
“...Шувууд нүцгэн мөчиртэй модыг илүүд үздэг юм” Караважо энэ үгийг хэлэхдээ сонор сэрэмж гэдгээс илүү амьдралын бодит үнэнтэй улаан нүүрээрээ тулах хэрэгтэй гэж хэлэхийг хүссэн байх. Хана бүсгүйн бүтэлгүй хайр дурлал, эцгээ, үрээ алдсан гашуун зовлон, дайн хар сүүдэр түүнийг хэн ч биш болгосонгүй харин ч өөртөө итгэх итгэл хүч чадлыг олж авчээ. Үхлүүт өвчтэй хүнийг асарч сувилах зуураа түүнтэй холбогдох цор ганц зүйл нь ном болохыг ойлгож байна. Сүйдсэн харшид бүрэн бүтэн үлдсэн зүйл нь номын сан. “ ...Энэхүү номын ертөнц түүний бөглүү алслагдсан байдлыг мартагнуулж, гаднах ертөнцтэй холбох цор ганц гүүр болж өгдөг” Дайснаа асарч сувилж ч байж мэдэх Хана бүсгүй энэ тухай бодохыг үл хүснэ. Тэр үүргээ сайн дураараа гүйцэтгэж буй сувилагч бүсгүй. Энэтхэг үндэстэн сапёр Кип дайн дууссан хэдий ч цэрэг хүний хувьд өөрийнхөө үүргийг гүйцэтгэж яваа нэгэн. Дайны хүнд хүчирт нухлуулсан бүсгүй залуу сайхан эрийг хараад өөрийн эрхгүй сэтгэл татагдана. Харин Кипийн хувьд тэр ёс заншлаа даган айлын дунд хүү учир эмч болж үндэстнийхээ эмэгтэйтэй гэрлэх ёстой. Хайр сэтгэлийг зааглаж буй соёлын зөрчлийг тод томруун харуулсан байдаг.
Алтан Мэн Бүүкэр шагнал ба 9 оскар
Дэлхий дахинд танигдаагүй Шри Ланка гаралтай Канад зохиолч 1992 онд “Англи өвчтөн” романаараа утга зохиолын хамгийн нэр хүндтэй Бүүкэрийн шагнал хүртсэн төдийгүй 2018 онд уг шагналыг олгож эхэлсэний тавин жилийн ойгоор тус шагналыг хүртэж байсан бүх зохиолоос гран-при буюу шилдэгийн шилдэг бүтээлд олгох Алтан Мэн Бүүкэр шагналыг хүртсэн нь зохиолч, уран бүтээлч хүмүүст тэр бүр тохиохгүй өндөр их хүндэтгэл нэр хүнд юм. Тиймээс орчин цагийн сонгодогийн нэг яахын мөн болохын баталгаа юм. Уг роман хэвлэгдсэнээс хойш дөрвөн жилийн дараа Холливуд “Англи өвчтөн” нэртэй кино хийсэн нь дэлхий дахиныг шуугиулж 9 оскар хүртсэн нь кино урлагийн түүхэнд нэгэн ховор содон амжилт болон үлджээ. Хамгийн сайн кино хийх арга бол “Зохиол зохиол бас дахин зохиол” зарчмыг баримтладаг Холливуд “Англи өвчтөн” романаас сэдэвлэн үнэхээр мундаг кино хийсэн ч зохиолынхоо хэмжээнд яав ч хүрэхгүй юм. Түүхэн бодит хүний намтар сэлтээс сэдэвлэн бичсэн уг зохиолд цөлийн тухай, нүүдэлчдийн нууцлагдмал соёл иргэншлийн тухай, урлаг утга зохиолын тухай олон мэдээлэл, бичвэрүүд оруулга байдгийг бид номоос нь л олж үзэх боломжтой билээ. Далд бэлгэдэл, дам утга, уран сайхны сүлэлдээн бүхий уг зохиолыг уншсанаар жинхэнэ амт шимтийг нь мэдрэх биз ээ. Дэлхий алдартай бүтээлийг эх хэлээрээ унших боломж олгосон Монсудар хэвлэлийн газарт талархал илэрхийлье. Орчуулга, хэл найруулга нэлээд чамбай сайхан болжээ гэж дүгнэн хэлэх байна.
Тэмдэглэлийг бичсэн Д.Төмөр-Очир
СЭТГЭГДЭЛ