Ном уншаад өөрийн төсөөллийг тархиндаа буй болгохоос гадна бусад хүний төсөөлөл ямар байгаа бол хэмээн сонирхдог уу? Аливаа зохиолыг дэлгэцийн уран бүтээл болгох нь маш түгээмэл үзэгдэл. Зохиолчийн санааг биежүүлэн, дүрсжүүлэн чанартай кино хийх аваас бусад хүмүүст хүргэх боломж нь хэд дахин нэмэгддэг. Тэгвэл энэ удаа Монсудар хэвлэлийн газраас шинэчилсэн найруулгаар дахин гараад буй Жорж Оруэллийн “Амьтны ферм” (1945) зохиолыг 1954 онд гарсан хүүхэлдэйн кинотой харьцуулан, дүрүүдийг хэрхэн гаргаж ирсэн, аль үзэгдлийг илүү бодитой дүрсэлсэн, зохиолоосоо ямар ялгаатай байгааг шинжицгээе.
- Зохиолд Жонс эхнэртэй, фермдээ олон тооны туслахтай гэж байдаг бол кинонд гэрлэсэн ч биш, бэлэвсэрсэн ч биш ердөө л ферм дэх цор ганц хүнээр төсөөлөгддөг аж.
- Зохиолд Өвгөн хошууч бусдадаа “Английн мал амьтад” хэмээх дууг үгтэй нь зааж өгдөг бол кинонд дууны үг байхгүй, дан амьтдын дуу авиа л сонсогдох аж.
- Зохиолд Бенжаминийг адайр ааштай, хөгшин илжиг хэмээдэг бол кинонд дүрслэхдээ элдэв маяггүй, маш залуу илжиг болгон зуржээ.
- Зохиолд гурван морь (Боксер, Кловер, Молли) гардаг. Харин кинонд ганцхан Боксерийн дүр байдаг бөгөөд хаа нэг харагдах цагаан гүүг Кловер гэж таамагладаг.
- Кинонд Өвгөн хошууч “Английн мал амьтад” дуугаа дуулж байхдаа насан эцэслэдэг бол зохиолд түүнийг эл явдлаас хэдэн өдрийн дараа хорвоог орхисон хэмээдэг. Түүний гавлын ясыг гаргаж тавин ёсолдог байж байгаад хожим дахин булсан юм.
- Кинонд Цасанбөмбөг хөөгдсөн хойно, Наполеон бүх шийдвэрийг гаргана хэмээн зарлигддаг бол номд өгүүлснээр гахайнуудын зөвлөл түүнийг томилдог аж.
- Цасанбөмбөг Наполеоны нохдод хөөгддөг хэсгийг кинонд дүрслэхдээ гүйцэж очоод хөнөөсөн гэдэг бол зохиолд түүнийг зүгээр л хөөсөн байдаг.
- Кинонд бусад фермерүүд фермийг эзлэн түрэмгийлэх гэж тэмцэлдэж байх зуур Жонс салхин тээрмийг дэлбэлэхээр ганцаараа явж харагддаг. Харин зохиолд салхин тээрэм хоёронтоо сүйдсэн байдаг. Нэг нь шуурганд нурсан бол удаах нь фермерүүдийн хийсэн бослогын үеэр гэдэг.
- Салхин тээрмийг дэлбэлсэн Жонес кинонд дахин үзэгддэггүй бөгөөд зохиолд тэрбээр архидан согтуурч байгаад гэртээ нас барсан гэж өгүүлдэг.
- Зохиолын төгсгөлд гахайнууд бусад фермерүүдийг үдэшлэгт урьдаг бол кинонд нөгөө фермийн гахайнуудыг урьсан буйгаар дүрсэлдэг.
- Зохиолд фермийн бүх амьтад хөзөр тоглон, согтуурхан маргах гахайнуудыг хүн шиг болсныг анзаардаг бол кинонд ганцхан Бенжамин л хардаг аж. Бүр ноён Жонс шиг ярин бусдад заан зөвлөж байна гэж хэсэг зуур хий хардаг.
- Кинонд Бенжамин бусад амьтдыг цуглуулан байшин руу дайрч ороод Наполеоныг хөнөөж, бусдыг нь хөөн гаргадаг бол зохиолд ийм өгүүлэмж огт байхгүй, амьтад гайхан харсаар дуусдаг.
СЭТГЭГДЭЛ