1. Номд дуртай болгоно

Та хүүхдээ номд дурлуулж чадсан бол сайн хэрэг. Харин түүнийг ном унших дургүй юм байна гэж боддог бол андуурч байна. Ердөө л та хүүхдэдээ буруу ном сонгожээ гэсэн үг. Хүүхдийн уншиж байгаа ном өөрт нь таалагдаж байх нь номд дурлах эхлэлийг тавьдаг. “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” олон сая хүүхдийн номд дурлах шалтгаан, ном унших эхлэл болсоор ирсэн юм.

2. Өөрийнхөө тухай уншиж байгаа мэт

“Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” нь зөвхөн гол дүр Грегийн амьдралын тухай биш харин “хүүхэд насны” тухай түүх учраас агуулгын хувьд ямар ч хүүхдэд ойр. Тэд яг л өөрийнхөө тухай уншиж байгаа мэт санагддаг.

3. Өөртөө итгэх итгэл бэлэглэнэ

Аав ээжүүд, багш нарынхаа хэлдэг үгсээс улбаалан хүүхэд өөрийгөө “сахилагүй, бүтэлгүй, муу хүүхэд” гэж итгэдэг болсон байх нь цөөнгүй. Харин Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэлийн гол дүр Грег бол энэ хорвоогийн хамгийн дүрсгүй, бүтэлгүй жаал юм. Тиймээс бусад номын “мундаг” гол дүрүүд шиг супер үлгэр жишээгээрээ уншигч хүүхдийг өөрийгөө жишиж, голоход хүргэдэггүй бөгөөд харин ч “чи ганцаараа биш, бүтэлгүй зүйлс тохиолдох үе хүүхэд бүхэнд бий” гэдгийг ойлгуулж, өөртөө итгэх итгэл бэлэглэдэг.

4. Хөгжилтэй

Аливаа зүйлсийн хөгжилтэй чанар бол сургуулийн насны хүүхдэд чухал хүчин зүйлүүдийн нэг билээ. Жефф Кинигийн Дүрсгүй жаалын цувралаа бичсэн арга хэлбэр ба зураг дүрслэл нь маш хөгжилтэй. Түүний хошин мэдрэмж нь туйлын өндөр бөгөөд өвөрмөц.

5. Хялбар

Энэ цуврал бол угтаа нэгэн хүүхдийн өдрийн тэмдэглэл юм. Хүүхдийн бичсэн зүйлийг ойлгохын тулд хүүхдээс унших өндөр чадвар шаарддаггүй. Тиймээс хүүхэд өөрийгөө ном уншиж байгаа биш харин хөгжилдөж байна гэж сэтгэдэг. Дөнгөж уншиж сураад байгаа хүүхэд ч ямар ч төвөггүй ойлгодог. Харин нэг л мэдэхэд уншиж дууссаныхаа дараа “Хөөх, бүтэн номыг ийм хурдан дуусгачихлаа гэж үү?!” хэмээн өөрөө ч өөрийгөө гайхах болно.

6. Хүүхдийнхээ нүдээр хорвоог харахад тусална

Дүрсгүй жаалын цувралыг та өөрөө ч уншиж болно. Учир нь энэ ном аав ээжүүдэд хүүхдийнхээ нүдээр ертөнцийг харах боломж олгодог. Таны “хэрэгтэй” гэж итгээд хийдэг үйлдлүүд, хүүхдэдээ тавьдаг шаардлагууд, эсвэл санаандгүй хэлж хийдэг зүйлс хүүхдэд хэрхэн тусдгийг ойлгуулна.

7. Сургамжтай, гэхдээ дарамтгүй

Грег хүүгийн амьдралд хөгжилтэй, бүтэлгүй, бүр сэжиг хүрэм зүйлс олон тохиолддог ч эдгээрээр дамжуулан амьдралд хэрэгтэй олон зөвлөгөө, сургамжуудыг өгүүлж байдаг. Тэдгээр нь уншигч хүүхдүүдэд юуг хийж болох, юуг хийж болохгүйг ялгаж сурахад туслана.

8. Олон цувралтай

Комик номын нэг сул тал нь хэтэрхий хурдан дуусдаг. Харин Дүрсгүй жаалын түүх олон цуврал байдаг тул таны номд дурлуулах “дасгалжуулалт” удаан хугацаанд үргэлжлэх боломжтой. Мөн цуврал тус бүр өөр түүх өгүүлдэг учир заавал дарааллаар нь унших шаардлагагүй. Нэг л мэдэхэд таны хүүхэд уншсан номуудаа овоолж тавиад, дараагийн цуврал хэзээ гарахыг, бүр эсвэл өөр "уншчихмаар" ямар ном байгааг асууж, нэхэж эхлэх болно.

9. Англи болон монгол хэл дээрх хувилбар бий

Дүрсгүй жаалын эхний 4 дэвтэр Англи ба Монгол хэл дээрх хослосон хувилбараар гарсан байдаг. Хэрэв таны хүүхэд англи хэл сурахаар мэрийж байгаа бол маш хөгжилтэй бөгөөд үр дүнтэй сургалтын материал болж чадна. Учир нь нэг ижил агуулгыг хоёр өөр хэл дээр харьцуулан унших боломж олгодог. Нэр хүндтэй сургуулиуд болон англи хэлний сургалтын төвүүд ч үүнийг ашигладаг.

10. Кино

Зарим хүүхдэд дуртай киноныхоо номыг унших нь илүү таалагддаг. Таны хүүхэд ч бас адил бол “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” бүр ч догь сонголт байх болно. Одоогоор Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл хэмээх 4 цуврал кино гараад байгаа бөгөөд 5 дахь нь 2021 онд олны хүрээл болохоор бүтээгдэж байна.


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/