Зохиолч Бернхарт Шлинк “Уншигч” номын гол дүр болох Ханна болон Михаэлийн харилцаагаар дамжуулж, Герман үндэстний түүх хийгээд дайны үйл явдалтай хэрхэн эвлэрч, хүлээн зөвшөөрөх арга замуудыг хайжээ. Үүнийг герман хэлнээ “Vergangenheitsbewältigung” буюу утгачлан буулгаваас “Өнгөрсөнд болсон таагүй үйл хэрэгтэй эвлэрэх” гэсэн утгыг гаргасан аж. Түүнчлэн дайны гэрчүүд тэнгэрт одож буйн хэрээр ой санамж, гэмшил зэрэг мэдрэмжүүд ч мөн адил алга болж буйг залуучуудаар жишээ аван тайлбарлахыг оролдсон гэж тайлбарлаж болмоор.
Энэ зохиолын тухай хэвлэл мэдээллээр шуугиад зогсохгүй, академик түвшинд ч мөн хэлэлцсээр байна. Судлаачид голдуу хорих лагерийн харгалзагч байсан Ханна бүсгүйн дүрээр олон нийтийг төөрөгдүүлж, тэдгээр хүмүүсийг өрөвдөх сэдэл төрүүлж байна хэмээн шүүмжилдэг.
Шлинк өмнөх үеийхний хийсэн үйлдэлд залуу үе нь хохирч байгааг Михаэлийн дүрээр харуулахыг зорьсон бололтой. Гэвч энэ зохиол аль ч үед хамааралтай мөн ойр санагдах вий. Герман улсын түүхэнд тохиосон дайны эмгэнэлт явдалд Михаэлийн үеийн хүмүүс ямар ч оролцоогүй, буруугүй атлаа үр дагавар, нөлөөнд нь зовсоор буй.

Бернхард Шлинк “Уншигч” зохиолдоо Ханна, Михаэль хоёрын харилцаагаар дайны үеийн болоод дайны дараах үеийн хүмүүсийг нүүрэлдүүлэн, уулзуулжээ. Ханна хорих лагерийн харгалзагч байснаа болон бичиг, үсэг мэддэггүй гэдгээ Михаэлээс нууна.


Гэвч зохиолч Ханна бүсгүйн бичиг үсэг тайлагдаагүй гэдэг л шалтгаанаар хийсэн үйлдлийг нь зөвтгөх гэж оролджээ. Хэрэв бүсгүй уншиж чаддаг, ном судартай ойр байсан бол илүү өрөвч, илүү ухамсартай, Гитлерийн үндсэрхэг үзэлтэй хүн-машин болохгүй л байх байж хэмээн Михаэль боддог.

Ханна асуулт асуулгүйгээр гүйцэтгэж сурсан хүн гэдэг нь шүүх хүрлын үеэр илт харагддаг. “Та яагаад гэмт хэрэг үйлдсэн юм бэ?” гэхэд тэрээр хариулж чадаагүй. Бүсгүй гүйцэтгэх тушаал л авсан болохоос түүнд бодох эрх, боломж, ухамсар ч байгаагүй аж. Нөгөөтэйгүүр, хуулийн сургуулийн оюутнууд багштайгаа мэдлэг нийгмийн ухамсрыг хэрхэн дээшлүүлдэг тухай ярилцан, сайн муугийн талаар эргэцүүлэн дотоод ярилцлага хийх нь бүсгүйн өмнөөс хариулт өгнө. Арай гэж уншиж, бичиж сурчхаад амиа хорлох нь тийм ч санамсаргүй явдал биш байх. Магад Ханна ямар муу үйлдэл хийснээ сая нэг ухаарсан байж мэднэ.

Ханна шоронгоос суллагдахын өмнө амиа хорлож, хураасан бүх мөнгөө амьд гарсан хохирогч нартаа хандивлах зэргээр хожим хойно ухаарч, ойлгосон гэдгээ харуулж байна. Угтаа уншиж, бичиж чадна гэдэг аливаа юмсыг холбон ойлгож, амьдарч буй хорвоо ертөнцөө ухамсарлах боломж олгодог аж.
Тус зохиолд Михаэль Холокостод оролцсон гэмт хэрэгтэн бүсгүйг хайрлаж байсандаа ямар нэг гэм буруутай юм шиг мэдрэмж авдаг. Романы туршид гарах энэхүү мэдрэмжээрээ мөн боломжгүй хайр, харилцааг дүрсэлсэн ч байж магад. Хуулийн сургуулийн оюутан (шудрага ёсны төлөө зүтгэх хүн) байснаараа Михаэлийн ухамсарлахуй илүү хурцлагдсан ч гэж хэлж болох мэт. Тиймдээ ч Холокостод оролцсон эдгээр хүмүүсийг ойлгох, тодорхой шалтгаан байсан гэж итгэхийн тулд Ханнагийн шүүх хуралд ажиглагчаар суусан буй за. Амиа егүүтгэсэн хойно ч Михаэлд тавгүй мэдрэмж төрсөн хэвээр байх агаад, бүсгүйн үеийхний хийсэн бурууг үүрсээр л байх аж.
Сэдвийн хувьд улс төр, цэргийн мөргөлдөөн дээр үндэслэсэн нийгэм, эдийн засаг, соёлын нөлөөтэй ихэд ярвигтай асуудлууд хөндөгдөнө. Харин утга зохиол буюу бичиг, үсэгтэй ийн холбосон нь дээрх нарийн түвэгтэй асуудлыг ойлгуулах хамгийн нөлөө бүхий хүчин зүйл нь байлаа.
Михаэлийн дотоод монологоор дамжуулан зохиогчийн тавьсан ерөнхий асуултууд хариулагдаагүй хэвээр дууссан. Гэсэн ч тэдгээр асуулт бүтэн үеийн хүмүүсийг төлөөлж, тусгаж эргэлзээ тээнэгэлзээ төрүүлэхийг зорьсон мэт санагдана.
Түүнчлэн хариулт гэдэг асуудлыг харах, дүгнэх өнцгөөс хамаардаг зүйл. Нэг талаас Германчууд болсон явдлыг мартаад, цааш үргэлжлүүлэн хөгжин дэвшиж амьдрахыг хүсч байгаа бол нөгөөтэйгүүр хамгийн их гарз, хохирол амссан Еврейчүүд эл асуудлыг хөндөн, үргэлжлүүлэхийг эрмэлзэж байна.
Бодрол эргэлзээ ихэд төрүүлэх энэ номноос гагц дараах зүйлийг л ихэд ойлгоно: Боловсрол болон соёлоор нийгмийн ухамсрыг дээшлэх аж.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/