Нэг зохиолыг хоёр бүү хэл хэд хэдэн хүн давхар орчуулсан тохиолдол бишгүй л байх юмаа. Орчуулагч нар маань авьяас билэгээ сорьдогч юм уу, аль эсвэл номын байгууллагуудын захиалгаар давхар орчуулга хийдэг байх гэж бодогдоно. 

Дээхнэ үед М.Булгаковын "Мастер Маргарита хоёр" романыг хоёр хүн зэрэг шахам орчуулж гаргасан тэр үзэгдэл өнгөрсөн жил давтагдсан нь харин их сонин тохиолдол шиг санагдлаа. Ц.Гомбосүрэн гуай П.Батаа гуай нарын орчуулсан "Мастер Маргарита хоёр"-г их хол зайтай уншиж байсан тул нарийн ширийн ялгааг нь төдийлөн сайн санахгүй байсан ч Ц.Гомбосүрэн гуайнх их гоё болсон санагдаж билээ.

Харин энэ удаад Достоевскийн зохиолыг хоёр өөр нэрээр орчуулан гаргасан тул сонирхол шохоорхолын үүднээс зарим бүлгүүдийг нь тулган уншиж үзлээ. Яалт ч үгүй Ч.Баатарын орчуулга илүү илт давуу байсан нь гайхалтай байлаа.

"Карамазовын хөвүүд","Гэм зэм"-ийг уран чадварлаг орчуулсан, зохиолынх нь дэвшүүлсэн үзэл санаа, гүн ухааныг гайхалтай гоё илэрхийлж чадсан Ц.Гомбосүрэн гуай л Достоевскийн зохиолыг тултал нь орчуулна даа гэж олон хүний амнаас сонссон билээ.

Гэхдээ л үгийн сонголт, найруулга, утга зүйн талаасаа ч тэр уншихад төвөг багатай наалдацтай байдлаараа ч тэр Ч.Баатарын орчуулга илүү сайхан санагдлаа.

Ер нь Достоевскийн зохиолуудыг уншихад хүнд хэцүү, нуршаантай залхуутай байдаг ч цаана нэг ер бусын далд увдис оршсон мэт хүчтэй сэтгэгдэл төрүүлж нэгэн нууцлаг зүйлд хөтлүүлсээр сэтгэлзүйн гүн гүнзгий ховсонд орж нэг л мэдэхэд дотор нь орчихсон зохиолын үйл явдалтай уусан нэгдэж салж хагацамааргүй сайхны нь гайхан биширсээр гүнээ санаа алдан номын хуудсаа хаадаг билээ.

Утга зохиолоор дамжуулан гүн ухааны асуудлыг дэвшүүлэн тавих, адал явдлын хэлхээн дунд хүний сэтгэл зүйн далд нууцыг нээн гаргах талаараа гарамгай зохиолч шүү. Нэг зохиолын хоёр орчуулгыг харьцуулан унших гэдэг бас их сонирхолтой байдаг юм байнаа. Гэхдээ Ц.Гомбосүрэн гуайн орчуулгаас зохиолчийн зан араншин, авир төрх илтэд мэдрэгдэх шиг болдог шүү!

Бичсэн: Хөх Толбот Д.Төмөр-Очир

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/