"Хүн төрөлхтний утга зохиолоор илрэх оюуны амьдралд түүхэн эргэлт хийсэн аугаа гурван өндөрлөгийн эзнийг ХОМЕР, ШЕКСПИР, ДОСТОЕВСКИЙ гэж боддог юм. Энэ гурав бол эргэлтийн цэг, цоо шинэ ертөнц бүтээгчид. XX зууны утга зохиолын уг ёзоор пундааментийг нь Достоевский тавьжээ. Түүнгүйгээр Фройд, Кафка, Мишима, Жойс, Прүст, Гарсиа Маркез гарч ирэх байсан гэж үү?(Нийтлэлч Баабар.)

Утга зохиолд гүн ухааны сэтгэлгээ оруулж ирсэн аугаа сод туурвигчийн "Газар дороос бичсэн тэмдэглэл" номыг хамгийн сүүлд уншлаа. Суут зохиолч сод бүтээлүүдээ туурвихын эхлэл, оршил болгож энэхүү туужийг бичжээ гэж бодогдлоо. Ерөөсөө зохиолчийн гүн ухааны сэтгэлгээ эндээс эхэлж байгаа бөгөөд цаашдын зохиолууд түүний задаргаа маягаар улам гүнзгий өрнөжээ гэсэн сэтгэгдэл төрж байна.

Газар дор суугч "гаж сэтгэгч"-ийн бичвэрүүд нь хувь хүний нүглээ наманчилсан эссе маягийн өгүүлэмжээр хөвөрч байгаа боловч дотоод сэрэл мэдрэмж, далд ухамсрын шаналал нь дарагдсан хүслийн хашгираан маягаар илрэн гарч байгаа орь дуу юм. 

Хувь хүн гэдэг бүрэн утгаараа оршин тогтнох хэцүү, бараг боломжгүй тийм нөхцөлд шахан оруулсан нийгмээ шүүмжлэх эрс шулуун дуу хоолой сонсогдож байна. Хувь хүнийхээ үүрэг хариуцлагаас ухарч, хамтын сэтгэхүйд дасан зохицохыг илүүд үзсэн хүмүүс яваандаа хүн дүрстнүүд болон хувирч байгааг эгдүүцэн буруушаах гаж сэтгэгчийн үг бол зохиолчийн гол үзэл санаа мөн. 

Хүнийг зан харилцаа, ааш араншин зэрэг харагдаж, мэдрэгдэх байдлаас тодорхойлох нь аварга мөсөн уулын уснаас цухуйсан оройг харах төдий юм. Жинхэнэ язгуур мөн чанар нь оршихуйн дотоод ертөнцдөө л байдаг гэдгийг мөн ч яруухан харуулж байна даа. 

Далд ухамсарт орших хүний шаналалыг зүрх зүсэм үнэнээр нь илчлэн гаргаж ирнээ гэдэг ёстой л гайхаж шүтэхээс аргагүй л юм даа. 

Психоанализийн эцэг гэгддэг их сэтгэгч Фройд бол Достоевскийн шинжлэх ухааны задаргаа, шинжилгээ, тайлбар нь юм гэж тун оновчтой тодорхойлсон байдаг. "Хүний дотоод сэтгэлгээг нээх талаар өрнийн аль ч зохиолчоос, аль ч сэтгэгчээс түрүүлчихсэн юм" гэж Баабар хэлсэн санагдана. Үнэхээр л тийм байна даа. 

Орчин цагийн модернист хөдөлгөөний үндэс суурь, оршихуйн философийн үр хөврөл эхлэлийг тавьсан аугаа сэтгэгч, суут зохиолч гэдгээрээ оюунлаг хүмүүсийн хайр талархалыг хүлээсэн эгэлгүй хүн билээ. Зохиолын эхний бүлэг нь "Газар дор" нэртэй бөгөөд хүүрнэгч өөрийн амьдралыг танилцуулж, үзэл бодол итгэл үнэмшлээ дэлгэн танилцуулж байна. 

Хүний дотоод сэтгэлд ямар гуниг зовлон, өш хорсол, атаа тэмцэл оршиж, хор шар нь хэрхэн буцалж байдгийг харин ч нэг яруухан хүүрнэсэн байгаа юмаа. Одоо ч бидний дунд ийм хүмүүс оршсоор байгаа боловч бид таньж мэдэж огтхон ч чадахгүй. Хүчирхэг хувь хүн гэдэг нийтийн сэтгэхүйд ямагт гадуурхагдаж байдаг учраас тэд үзэл бодлоо гаргаж ирэхгүй чимээгүй оршихыг илүүд үзнэ. Зохиолын баатар бол тийм хүмүүсийн нэг учраас өөрийн үзэл бодлыг тэмдэглэл маягаар бичин үлдээж байна. Газар дороос гэдэг нь дотоод сэтгэл, далд ухамсарт хадгалагдаж явдаг шаналалаа илчилж байнаа л гэсэн үг. За ер нь өөрийгөө л олж харна даа. Учир нь дотно найздаа бүү хэл өөрөөсөө ч нууж явдаг, дурсахаа ч эмээдэг таагүй сэтгэгдлүүд хүнд байдаг. Түүнийг чинь л хөндөнө дөө. Хэчнээн эмзэглэж шаналах болоо. Хүн өөрийгөө бүрэн дүүрэн тодорхойлж чадахгүй байгаа юм чинь өрөөлийг бол бүүр саналтгүй л дээ. Та зүгээр л уншаад үзээрэй. Дотроос чинь нэг юм огших вий. 

Хоёрдугаар бүлэг нь "Нойтон цасны тухайд" нэртэй. Хүүрнэгч маань өөрийн амьдралд тохиолдсон нэг үйл явдлыг өгүүлнэ. Амьдралын эрхээр янхан болох замыг сонгож буй Лиза хэмээх бүсгүйтэй санамсаргүй учирч түүнд гэр бүл, хайр сэтгэл, үр хүүхэд амьдралын үнэт зүйлс гэдгийг ойлуулахын тулд уран яруу яриа хөөрөө өрнүүлж байна. 

Хүн дандаа л өөрт тохиолдсон зовлон бэрхшээлээ тоочоод байхаас аз жаргалаа тоохгүй харахгүй өнгөрөөд байдаг. Амьдралын юм бүхэнд аз жаргалын хувь бий. 

Анхны шөнийн дурлалын гал буурлаа ч цаашлах тусмаа хайрын хүч нэмэгддэг. Хүүхэд гэдэг тэнгэрийн хишиг, аз жаргалын түлхүүр юм!!! Насан туршдаа харамсал гуниг дагуулах харанхуй ангал руу унах гэж байгаа хөөрхий гэнэн хонгор бүсгүйг сэнхрүүлэх гэж мань хүн ч ёстой нэг утга төгөлдөр санаанууд хэлдэг дээ. Уг нь өөрийгөө "Би хорлонтой муухай хүн" гэж танилцуулсан нөгөө газар дороос бичиж байгаа "гаж сэтгэгч" маань шүү дээ. 

Эцэст нь "Хямдхан аз жаргал, эрхэмсэг нандин зовлон хоёрын аль нь дээр вэ? гэж хүүрнэгч буюу зохиолч гүн ухааны асуулт тавьж байна. Та юу гэж хариулахаа мэдэхгүй байгаа бол энэ номыг уншиж үзээрэй гэж зөвлөе! Орчуулгын хувьд уран яруу, утга төгөлдөр гэж үүнийг л хэлэх байх. Шүтэж явдаг хайртай зохиолчийнхоо нэгэн гайхалтай бүтээлтэй танилцсандаа туйлын их баяртай байна. 

Нийгмийн буруугаас болж шудрага хүмүүс ядуу амьдардаг ч сэтгэл нь хэзээ ч ядуу байдаггүй юмаа л гэж анхнаасаа л бичиж байсан байна. Жаахан хүүхэд, сайхан сэтгэлтэй ч зовлон туулж яваа шудрага ядуусыг өмөөрөх үзэл санаа нэвт шингэсэн их зохиолч маань суут сэтгэгч, аугаа зохиолчоос гадна энэрэнгүйн үзэлт гайхамшигт хүмүүн байжээ. Түүний хосгүй суу авьяас билэг, ур чадвар , нинжин сэтгэлд бурхад хүртэл атаарахах байсан биз ээ. 

Уншиж дуусаад нээх сайхан тайвширчихлаа. Их гунигийг мэдэрсэний дараа сэтгэл ямар их хөнгөн болдог гээч. Яг л түүн шиг. 

Ф.Достоевскийн эл бүтээлийг Дантегийн "Там" зохиолтой адилтгаж, Микланжелогийн "Аймшигт залхаалт" зурагтай зүйрлэн жишсэн алдартай зохиолчдын үнэлгээ байдаг юм байна. Алдарт философич Ницше. "СЭТГЭЛ ЗҮЙН СОД БҮТЭЭЛ" гэж дүгнэсэн бол би "ДОТООД СЭТГЭЛИЙН ОРЬ ДУУ" хэлмээр санагдлаа.
2017-09-17.

Хөх толбот

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/