Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж хар багаас минь л бидэнд заан сургадаг. Гэхдээ миний бодлоор аялал бол ертөнцийг тольдох томоос том хаалга. Тэр хаалга бидэнд өөрийгөө олоход, илүү өргөн өнцгөөр хорвоог олж нээхэд, өөрөөсөө өөр нэгнийг шалтгаангүйгээр хайрлахад, байгаагаар нь хүлээж авахад тусладаг.
Элиас Канетти хэмээх Нобелийн шагналт зохиолчийн “Марракешийн дуу хоолой” бүтээл нь түүний Марокко улсаар аялсан тэмдэглэл дурсамж бөгөөд тэрээр 1960-аад оны үед хагас сарын хугацаатай энэхүү улсаар аялахдаа сэтгэлд нь тод буун үлдсэн өвөрмөц содон зураглалуудыг үгийн хэлээр амилуулан, аялалаасаа даруй 3 жилийн дараа энэхүү бүтээлээ туурвижээ.
Өөр хоорондоо харилцан адилгүй 14 бүлгээс бүрдэх энэхүү зохиол анхлан унших үед нэгэн аялагчийн өдөр тутам өөрт тохиолдсон адал явдлаа тэрлэсэн жирийн нэг аян замын тэмдэглэл мэт санагдах болно.
Гэвч бүлгээс бүлгийн хооронд шилжих тусам аялалын явцдаа хальт мултхан сийрүүлсэн бүтээл төдийхөн биш харин ч үзсэн харсан зүйлээ урт удаан хугацааны туршид өөрийн амьдралыг харах философитойгоо сүлсэн, аян замын тэмдэглэл мэтхэн харагдахаар тун ч айхтар өнгөн талаа далдалсан чамгүй мундаг сэтгэл зүйн бүтээл ч юм шиг надад санагдсан билээ.
Төрж өссөн газар нутгаасаа огт өөр шашин шүтлэгтэй, итгэл үнэмшилтэй ард түмний өдөр тутмын урсан өнгөрөх жирийн л нэгэн өдөр хоногууд зохиолчийн хувьд гайхширмаар, эгдүүцмээр, жигшмээр, бишрэн хүндэлмээр олон олон мэдрэмжийг төрүүлэх болно.
Энэ номын гол онцлог бол хэний ч нүдэнд гоц гойд онцлон харагдахааргүй амьдралын хамгийн эгэл хэсгүүдийг түүн аван, тэдгээр хэсгүүдээр дамжуулан хүн зоны аж амьдрал, амьдралын хэв маяг, тухайн газар нутагт амьдран суух хүмүүсийн нийтлэг дотоод мөн чанарыг тун ч чадварлагаар илэрхийлэн гаргасан явдал байсан юм.
Мэдээж хорвоог таних нүдээ илүү өргөн болгоосой гэсэндээ л өвгөд маань тэмдэглэлийн эхэнд бичсэн сургааль үгийг бидэнд тоть мэт чээжлүүлсэн байх л даа. Гэхдээ жинхэнэ ёсоор хорвоог танин мэдэхийн тулд зайлшгүй бид аялах шаардлагатай гэдгийг энэхүү бүтээлээс би бүүр ч илүү ойлгож авсан юм. Яг л сайхан амттай цайны талаар өч төчнөөн олон ном уншсан хэдий ч гэсэн тэр цайг уух хүртлээ бид жинхэнэ амтыг олж мэдэж чадахгүйтээ л ижил юм.
Аялал гэдэг бол хэтийдсэн их мөнгөө үрэх гэсэн байдаг л тансаглалуудын нэгэн хэлбэр огтоосоо биш, харин ч ухаант хүмүүн амьдарч байгаа гаригаа, энэ гариг дээр өөртэй чинь ижил биеийн хэмжээтэй ижил хромосомын тоотой хэрнээ чамаас огт өөр өнгөөр хорвоог тольдон амьдрдаг мянга мянган хүмүүсийг ажиглаж, танилцаж, нөхөрлөж, тэднийг чин сэтгэлээсээ хайрлаж сурахад туслах амьдралын хамгийн том, хамгийн чухал, заавал хийж байх зүйлсийн нэг хэмээх бодлыг маань ч энэхүү бүтээл улам батжуулж өглөө.
Тегеранд очиж Перс хивсний гайхамшигтай танилцахыг, Кейптауны ширээн уулан дээр байрлах ресторанд оройн зоог барихыг, Буэнос-Айрес дах Фрида Кало, Антонио Берни нарын бүтээлүүдийг үзэхийг, жинхэнэ танго үдэшлэгэнд уригдан очиж шөнөжингөө бүжихийг, Мехикод очоод 62 хуудас цайны менютэй кафед өдөржин цай ууж гиюүрч суухыг, Чикаго-ийн “Улисс” цамхагийн хамгийн дээд давхарт нь гаран тэнгэрийг дээрээс нь чангахан гэгч нь тэврэхийг, Мерседес-ийн дуу алдам Каталон гоо үзэсгэлэнг Барселона-ийн гудамжнаас олж харахыг , Сиднейн дуурийн театрын өмнөх Сайнт Жоржийн задгай кино театрт “Борооноор бүжиглэгчид” киног үзэнгээ номхон далайн давалгааг сонсохыг хүсдэг тэр л олон мөрөөдлүүд маань номоо унших явцад минь миний өмнө биеллээ олон биежээд ирэх шиг тийм ер бусын мэдрэмжийг энэ бүтээл надад мэдрүүлж чадсан билээ.
Яг л солонго шиг үзэсгэлэнтэй, үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан хэдий ч хэзээ хүрэх нь, хэзээ биелэх нь тодорхойгүй , сэтгэлийнхээ нэг мухарт хав дарчихаад байсан мөрөөдөлүүдтэйгээ нүүр тулахад тусалсан , тэднийгээ хурдхан гэгч нь биелүүлэх юмсан гэсэн урам зоригийг бадрааж өгсөн Элиас Канети-д баярлалаа.
Тэмдэглэлийг: Уншигч
СЭТГЭГДЭЛ