Тухайн нийгэмд ямар үнэт зүйл ноёрхож байна, тэр хандлагаар л түүх бичигддэг билээ. Өнөөдөр та номын дэлгүүрүүдээр зарагдаж буй түүхийн номуудаас эртний Грек, Ромын соёл иргэншил, Монголын эзэнт гүрний үе, Францын хувьсгал, Соён гэгээрлийн үе, Октябрын хувьсгал гэх мэт дэлхийн түүх, нийгмийг өөрчилсөн зүйлсийн мөн чанарын талаар төдийлөн олж мэдэж чадахгүй л болов уу. Харин хий хоосон бахархал, цээжээ дэлдсэн хийрхлээр дүүрэн, жалга довны үзлийг хөөрөгдсөн, эсвэл тэмдэглэлт ойн баярын хурлын эмхэтгэлүүдийг л олон арваар нь олж харах байх. Ер нь манай улсын зарим мэргэжлийн байгууллагууд, хэсэг эрдэмтэн гэгдэх нөхөд нийтийн соён гэгээрэл, танин мэдэхүйн төлөө ажиллахын оронд харин ердөө л хэн нэг албан тушаалтан, эрх мэдэлтний үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг болоод уджээ. Үүний нэг илрэл бол аливаа түүхэн зүтгэлтэн, ард түмний тэмдэглэлт баярыг улс төрийн намууд өмчилж авсан явдал билээ.
Саяхан хүртэл Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж Чингисийн талбай болгох харин дараа нь буцаагаад нэрийг нь өөрчилсөн явдлыг та санаж буй байх. Энэ мэтээр улс төрийн намууд, тэдгээрийн гар хөл болсон түүхчид олон нийтийг түүхийн зөв, цэгцтэй нэгдсэн нэг ойлголттой болох явдалд дайсагнасан байдлаар хандаж байна. Олон нийтийн түүхийн боловсролд чиглэсэн хэдхэн тооны бүтээлийг эс тооцвол бараг л энэ чиглэлийн ном бүтээл гэж үгүй. Иймд өнөөдөр олон нийтийн түүхийн боловсрол, ном хэвлэлийн талаар санаагаа чилээж явдаг салбарын зарим мэргэжилтнүүдтэй уулзаж байр суурийг нь сонслоо.
Философийн ухааны доктор Б.Батчулуун
Би түүхч хүн биш л дээ. Гэхдээ түүх, түүх бичлэгийн талаар өөрийн гэсэн бодол байдаг. Монголын түүхчдийн бичсэн янз бүрийн ном уншиж байлаа. Сэтгэл дундуурхан үлддэг. Судалгаа болон хийж буй дүгнэлт нь нэг л биш. Манайхан түүхээ янз бүрээр л бичих юм. Нэлээд тохиолдолд худал, үнэнийг хольсон, мушгиж гуйвуулсан, үзэл сурталжсан, магтан дуулсан, харааж харлуулсан, зориудаар “мартагнаж орхигдуулсан”, ихэнхдээ олон түмний санаа сэтгэлд тохируулах гэж оролдсон, баримт материалд хэт субъектив дүгнэлт хийсэн байдаг бол цөөн тохиолдолд, бодитой, цэх шулуун, эрүүл саруул ухаан дээр тулгуурласан байх аж.
1950-90 онд Монголын сэхээтнүүд 1921 оноос хойших Монгол улсын түүхтэй МАХН-ын түүх гэж нэг предметээр дамжуулан танилцдаг байлаа (“Монгол улсын түүх” гэж тусдаа предмет байсан л даа. Гэхдээ МАХН-ын түүхийнхээ хуулбар болсон зүйл байдаг байв). Ер нь социализмын үеийн албан ёсны түүх бичлэг бол авах юмгүй шүү дээ. Хэтэрхий муухай гуйвуулсан, хэлмэгдэж зовсон гэм зэмгүй хүмүүсийг гүтгэж гүжирдсэн, энхрий хайрт намаа худал магтсан, хэрэггүй эд. 1990 оноос өмнө худал хуурмагаар дүүрсэн ийм номуудаас өөр түүхийн ном уншиж, судлахыг хориглодог байв. МАХН-ын түүхчид бол хаадын түүх бичээч гэдэг шиг эздийнхээ хүссэн зүйлийг эрээчигчид. Тэд ямар ч амбицтай хаадаас илүү түүхийг мушгин гуйвуулсан хүмүүс. Ер нь, дэлхий дээр улс орныхоо түүхийг эдэн шиг мушгин гуйвуулсан хүмүүс байхгүй биз ээ. Чухам ичиж зовох, эрээлэх сэтгэлийн өчүүхэн ч хэлтэрхийгүй “туусан” байдаг. Ташрамд хэлэхэд, одоо ардчилсан хөдөлгөөний түүхийг бичнэ гэж хачин юм болох нь. 30-аадхан жилийн өмнө болсон, оролцож явсан бараг бүх хүн нь амьд байхад энэ түүх муухай гуйвж, гажиж эхэлсэн шүү дээ.
Эцсийн эцэст түүхийн судалгааны зорилго бол түүхэн үйл явдлыг үнэнээр босгох болохоос одоо амьдарч буй хүмүүст таалагдах, тэдний дуртай зүйлийг хэлэх явдал биш шүү дээ. Түүхэн баримт, түүнээс гарах дүгнэлт хүмүүст таалагдах уу, үгүй юү гэдэг бол судалгаа шинжилгээнд огтоос хамаагүй. Үүнд хэтэрхий санаа тавихаар хуурамч түүх босоод ирж байгаа юм.
Түүхийн ухааны доктор, Монгол улсын их сургуулийн Түрэг судлалын хүрээлэнгийн захирал Д.Анхбаяр
Ер нь манайд зарим мэргэжлийн байгууллагууд ойн ангууч болчхоод байгаа шүү дээ. Хаа хамаагүй нэг их хурлын гишүүн, сайд дарга нарт гүйж очиж наалдаад орон нутгийн жалга довын үзлийг хөөрөгдсөн хувьдаа байгаа нэг ноён, түүхэн хүний фото зураг материалыг катологи, ном болгоод хэвлүүлчихдэг. Түүн дээрээ том том мэргэжлийн байгууллагын лого, тэмдэг, нэрийг аваачаад наачихдаг, энэнд нь наад захын эрдэм шинжилгээний боловсруулалт байхгүй хэцүүхэн юм гаргачихдаг болсон. Үүнийг би тун буруу гэж үзэж байгаа учраас тодорхой хэмжээний эсэргүүцэл өрнүүлээд явж байгаа.
Монсудар хэвлэлийн газрын ерөнхий захирал Р.Энхбат
Монголчуудын ихэнх нь хийж бүтээснээсээ бус худалдаа наймаанаас олсон мөнгөөр ахуй амьдралаа залгуулж явдаг болов уу. Би энд материаллаг үйлдвэрлэлийн тухай бодоод хэлж байгаа юм. Харин агуулга бүтээж амьдрах нөхцөл манайд тун хомс. Тиймээс нийгмийн ухааны салбарын эрдэмтэд, үүнд түүхчид ч бас багтана. Яаж амьдрах вэ гэвэл хаа нэгэн газар багшийн ажил олж хийхээс биш тухайн мэргэжлийн судалгаандаа бүх анхаарлаа хандуулан нийгэмд үнэлэгдэх хэрэгцээтэй зүйлээр дагнан ажиллаж чаддаггүй. Ийм хүн тун цөөхөн, бараг л байхгүйтэй адил.
Учир юунд байна вэ?
Энд өгөх хамгийн энгийн хариулт манайд оюуны хөдөлмөрийг үнэлэмж маш доор, ерөнхийдөө эд материалын сэтгэлгээ амьдралыг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл эрдэмтэн хүн оюунаа зарж борлуулаад олигтой амьдарч чадахгүй байгаа учраас мөнгөтэй хүмүүсийг бараадан өгсөн мөнгөнд нь хүссэн зүйлийг нь бичиж өгөх болсон. Хүний оюун мэдлэг нэгээс нөгөөд лангууны бараа таваар шиг шууд үнэлэгдэж борлогдоод явчихдаггүй, гол нь төрд эрэлт хэрэгцээ нь илүү, төр сайн эрдэмтдээ ашиглахын тулд дэмжих учиртай. Манай өнөөгийн Шинжлэх ухааны академи хэмээх байгууллага бол шинжлэх ухааны нэрийн дор аар саархан юм хийцгээн төрөөр тэжээлгэж байгаа газар. Хийж байгаа ажил нь ахиухан мөнгөтэй төсөл олох, бас нэг нэгийгээ шагнаж урамшуулах. Тэдний улс оронд эрэлт хэрэгцээтэй гэх, хийж бүтээсэн зүйлүүд нь манайд л болж байгаа болохоос хүн ичмээр. Хэрэв манайд үнэхээр эрдэмтэд байдаг бол лав ийм байгууллага тэдэнд тус биш ус болно. Жишээ нь манайх тоо томшгүй олон хэлний эрдэмтэн профессоруудтай. Тэд маш чадваргүй, ихэнх нь хоцрогдсон, профессорын нэр хүндийг гутаасан хүмүүс болсон. Тэдний хоцрогдлыг хийж бүтээсэн зүйлээр нь амархан баталж болно. Манайд ийм төрлийн эрдэмтдийг өөрсдийн сонгуулийн шоу, үзэл суртлын зэвсэг болгон ашиглах явдал элбэг. Ийм хүмүүсийг хамгийн сайн ашигладаг хүн бол Цахиагийн Элбэгдорж байлаа. Тэрээр ерөнхийлөгч байхдаа тамгын газрын дарга Пунцагийн Цагаантай нийлж хийх ажилгүй юм шиг хэл, түүхийн олон тооны зузаан ботиудыг зураг хөргөө тавиулж байгаад санхүүжүүлсэн. Шинжлэх ухааны академийнхан сүүлдээ Элбэгдоржийн улс төрийн шоуны материалуудыг бэлтгэж өгдөг газар болсон. Тэрээр мөн юу ч хийдэггүй, ямар ч ач холбогдолгүй “Төрийн хэлний зөвлөл” гэгчийг байгуулсан нь одоо хир нь хэвээр байна. Энэ мэт цааш монгол хэл, түүх, соёлын талаар хэрэгтэй хэрэггүй юм ярьж, хийсээр ирлээ. Өнөөдөр бидэнд эх хэл, түүх, соёлын талаар олон нийтэд хандсан соён гэгээрлийн эрчимтэй, ажил хэрэгч бодлого хэрэгтэй, хийх ажил уул овоо шиг хуримтлагдсан байна.
СЭТГЭГДЭЛ