Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “мэндлээд” 110 жилийн нүүр үзжээ. Хүний эрхийн төлөөх тэмцлийн өдөр (учир нь эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх). Тэгш эрхийн төлөөх тэмцлийн өдөр. Дэлхийн өнцөг булан бүрт аж төрж буй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцлийн өдөр байх нигууртай боловч сүүлийн жилүүдэд баярын өнгө аястай болсныг нуух юун. Цэнхэр гараг дээр адилхан хүмүүс болж амьдарсных эрэгтэй, эмэгтэй гэж хуваагдалгүй хамтдаа амьдрал, гэр бүл, нийгмээ авч явах тийм л асуудал. Үүний тулд л олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр оршин тогтнож байгаа гэж ойлгомоор.
Хүйсээр ялгаварлан гадуурхах байдлыг нээлттэй хэлэлцэх, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй асуудал дээр төрийн оролцоотойгоор шийдэлд хүрэх тийм нэгэн өдөр л байх нигууртай. Эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй “бид адилхан хүмүүс шүү дээ” гэх үзлээр эвтэй найртай аж төрж, амьдран суух тэр утопи нийгэм ирэх болов уу? Хүйсээр ялгаварлан гадуурхах байдлыг 100 % таслан зогсооно гэхэд мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ цаг хугацааны асуудал гээд зүгээр сууна гэдэг утгагүй. Хүмүүс дор бүрнээ хичээж, бодож, ухаарч, бас хандлагаа өөрчилж байж л шийдэх асуудал. Үүнд төрийн оролцоо болон хувь хүний морал хамгаас чухал. Өнөөдөр дэлхий нийтээр хүйсийн тэнцвэртэй, тэгш байдалд үндэслэсэн ардчилсан засаглалыг хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх тэгш боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна.
Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо ба дэлхий нийтийн чиг хандлага
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжинэ гэдгийг заавал парламент дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлнэ гэж ойлгох хэрэггүй. Харин чанарын өөрчлөлт гаргаж, улс орны хөгжлийн үр шим тэгш хуваарилагдахад хувь нэмэр оруулах явдал билээ. Мөн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд гэж хуваагдахгүйгээр хамтын шийдвэрээр иргэд, улс үндэстнийхээ эрх ашиг, ардчилал, хүмүүнлэг, шударга ёсны зарчим бүхий тэгш эрхт нийгмийн төлөө хамтдаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл "би эрэгтэй, чи эмэгтэй” гэхгүйгээр хамтдаа улс эх орныхоо хөгжлийн төлөө нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцах тухай л асуудал.
Өргөн утгаараа бол улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах нь яах аргагүй хүний эрхийн асуудал билээ. Уг нь хүний эрхийг дээдэлсэн төрт улсад эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй бүгд л төрийн шийдвэрт гар бие оролцох эрхтэй нь ойлгомжтой асуудал.
Иргэний сонгох, сонгогдох эрхийн талаар УИХ-ын болон Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд (6.1) “сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Уг асуудлыг олон улсын конвенцуудад ч зааж өгсөн байдаг. Гэвч уг эрх Монголын хөрсөн дээр хэр буусан эсэх нь өөр нэгэн асуудал. Юун түрүүнд дэлхийн нийтийн чиг хандлагыг тольдоцгооё.
“Эмэгтэй хүн цаазын тавцан руу өгсөх эрхтэй байдаг шиг Парламентын тавцан руу өгсөх эрхтэй байх ёстой”

Францын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Олиимп де Гуж (1748-1793)
Улс төрч эмэгтэйчүүдийн түүхийг сөхөн үзвэл бид нэгэн Орос бүсгүйг дурдах хэрэгтэй. Нэр алдарыг нь Александра Коллонтай хэмээнэ. Тэрээр 1917 онд Большевик засгийн газрын гишүүнээр томилогдсон бөгөөд үүгээрээ түүхэн дэх хамгийн анхны улс төрч эмэгтэй болж чадсан юм. Харин түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр Вигдис Финнбогадоттир сонгогдсон байдаг. Тэрээр 1980 онд Исландын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бөгөөд түүний ялалт Европын бусад улс орнуудад томоохон нөлөө үзүүлсэн гэдэг. 1988 онд Беназир Бутто нь Пакистаны ерөнхий сайдын албан тушаалд хүрч үүгээрээ түүхэн дэх хамгийн анхны Лалын шашинт улсын удирдагч болж чаджээ.
Өнөө цагт улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо Скандинавын орнуудад нэлээн дээгүүр байдаг. Африк болон Латин Америкийн орнуудад ч мөн адил. Гэхдээ хүн болгоны мэддэггүй нэгэн улсын жишээг хуваалцмаар санагдлаа. Энэ бол Европын өндөр хөгжилтэй улс биш, АНУ, Канад ч биш. Ямар улс вэ гэхээр Африк тивийн Руанда улс. Хүн ам багатай, далайд гарцгүй, бас ядуу гэж жигтэйхэн. Монголтой өрсөлдөхүйц. Манай гарагийн улс орнууд дундаас хамгийн ядуу гэх ангилалд 18 дугаар байр эзэлж яваа гэдэг. Дэлхийн банкны судалгаагаар 2016 оны байдлаар Руанда улсын нийт хүн амын 38.2 % нь нэн ядуу гэж тодорхойлжээ. Газар тариаланд суурилсан эдийн засгаа сүүлийн жилүүдэд огцом өсгөж яваа улс.
Гэхдээ улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, жендэрийн эрх тэгш байдал тал дээр дэлхийд үлгэр жишээ болохуйц орон юм. Засгийн газрын гишүүдийн 40%, парламентын гишүүдийн 61 % нь эмэгтэйчүүд ажээ. Уг үзүүлэлтээр Руанда улс нь дэлхийд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, жендэрийн эрх тэгш байдлаараа дэлхийд нэг номерт бичигдэж байна. Онц дүн авч улаан диплом гардан авахуйц гэсэн үг. 2003 онд жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг Үндсэн хуульдаа зааж өгсөн бөгөөд энэ нь бодит хөрсөн дээр тун ч сайн бууж байгаа харагдана.
Улс төрч эмэгтэйчүүд VS Авилга
Нью-Йоркийн Ле Мойн коллежийн судлаач, дэд профессор Чандан Жхам, Виржиниа Тек-ийн профессор, эдийн засагч Судипта Саранги нар нэгэн сонирхолтой судалгаа хийж нийтэлжээ. Гол сэдэв нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо ба авилгын индекс аж. Тэдний судалгааны ажлыг сөхөн үзвэл эмэгтэйчүүд улс төрийн өндөр албан тушаал хаших тусам тухайн улсын боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт их байдаг гэжээ. Үүний хажуугаар авилгын индексээр ч урагшилдаг аж. Үүнийг Руанда улсын жишээтэй холбож үзэх аваас үр дүн нэлээн сонирхолтой. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас 2018 онд гаргасан “Авлигын төсөөллийн индекс”-д Руанда улс нь нийт 180 улсаас 48 дугаар байранд оржээ. Харин Монгол улс 2018 онд 180 улсаас 93-т бичигдсэн байдаг…
“Мартын 8” яриандаа буцаад оръё. Энэ өдөр баярын мэндчилгээ, цэцэг навч, дарс бэлэглэх нь аятайхан. Авах нь бүр ч аятайхан. Бэлэг өгч авалцах өдөр гэх талаас нь биш харин эр нөхөр нь гэртээ эрт ирээд сайхан хоол хийгээд, хүүхдээ цэцэрлэг сургуулиас нь аваад, гэрээ цэвэрлээд, эхнэрээ хүлээж байх өдөр ч байж болох юм. Гэхдээ жилийн ганц өдөр ийм үйлдэл хийгээд бусад үед нь эс хийх үү? Үгүй. Жилийн 365 өдөр эмэгтэй хүн хаа байгаа газраа дарамт, доромжлол, үл хүндэтгэсэн байдлыг мэдрэхгүй, өртөхгүй байх нь л туйлын эрхэм байх нигууртай.
СЭТГЭГДЭЛ