Францын их сэтгэгч Жан Жак Руссогийн алдарт “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” бүтээлийг Монгол Улсын Гадаад хэргийн яам, “Эрх зүйт ёс” сангаас хамтран гаргажээ. Монгол улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Ч.Өнөрбаяр нар уг номын өмнөх үгийг бичсэн ажээ.

Өнөөгийн нийгмийн тулгуур сурвалжуудын нэг болсон энэ бүтээлтэй эх хэл дээрээ танилцах боломж олдсонд ихэд олзуурхсан би даруй уншиж эхэлсэн нь мэдээжийн хэрэг. Гэтэл дөнгөж эхний хуудсуудаас авахуулаад баахан ойлгомжгүй болоод явчихав.

Ойлгомжгүй, найрлага зүйн хувьд алдаатай, логик алдагдсан өгүүлбэр олон байлаа. Үсгийн дүрмийн алдаа бүр тоймоо алджээ. 

Тэгээд арга буюу уг бүтээлийн эх зохиолыг, мөн англи, орос зэрэг хэл дээрх орчуулгуудыг харьцуулан харлаа. 

Энэхүү орчуулгад буй алдаа мадгуудаас заримыг нь энд дурдая.

Уг номын 16 дугаар нүүрт “Хүчинд автаж аргагүйн эрхэнд хэн нэгэнд захирагдаж буй бол тэрхүү ард түмнийг уучлахаас яалтай. Харин хавчлага, дарамт үгүй болоход тэрхүү хүчийг таягдан хаяж чадвал тун сайн хэрэг болой” гэх мэтээр бичжээ. Ард түмнийг ямар гээчийн бурхан тэнгэр нь уучлах юм бол, хавчлага, дарамт үгүй болоход тэр хүчнийг таягдан хаяна гэж нэгэнт үгүй болсон юмыг яаж таягдан хаях хэрэг вэ гэж бодоод эхийг нь хартал “Ард түмэнд хүлцэхээс өөр арга байхгүй, тэд буруугүй. Харин боломж л гарвал ард түмэн дөнгөө таягдаж хаяна” гэсэн санаа байх юм.

18-р нүүрт “Улиссын нөхөд тэнэглэлээ хэрхэн хайрладаг байсны нэгэн адил боолчууд дарлуулж байгаадаа сэтгэл хангалуун байдаг” гэснийг уншаад нэг л ойлгосонгүй. “Тэнэглэлээ хайрлах” гэж юу гэсэн үг вэ? Уг бүтээлийн зарим тайлбарт бичсэнээр Улисс буюу Одиссейн дагалдагсдыг Цирцей хэмээх шидтэн гахай болгон хувиргасан тухай энд өгүүлсэн аж. Гэтэл гахай болж хувирсан нь тэдний өөрсдийн тэнэглэл болж таарч байна уу? Гахай болж тэнэглэсэн хүмүүс гээд байгаа бололтой.

19-р нүүрт “Өнгөн дээрээ хууль ёсыг тогтоосон мэт боловч, үнэн хэрэгтээ суурь зарчмуудыг сулхан тогтоосныг нь хүчтэний эрх гэнэ” гэж байна. Гэтэл энд “Хамгийн “Хүчтэйгийн эрх” гэж хэлэх нь ёгтолсон мэт сонсогдовч үнэн хэрэг дээрээ суурь зарчим болон тогтжээ” гэсэн санаа байна.

25-р нүүрт “Дайн байлдаан хийх нь төр улсаас илүүтэй эгэл жирийн ард иргэдэд сануулга болдог” гэснийг эхээс нь харвал “Дайн зарлах нь бусад гүрэнд төдийгүй тэдний албат иргэдэд өгч байгаа сануулга байдаг” гэж байна. Дайн байлдаан хийх, дайн зарлах хоёр өөр шүү дээ.

76-р нүүрт “Энэ юу гэсэн үг вэ хэмээвээс хүчирхэг чинээлэг улс орон нь эд баялаг, нэр хүнддээ хамжаарга даруулгатай байх, харин ядуу буурай улс орон нь сувдаг шуналгүй бусдын эд баялагт санаархахгүй байхыг шаардаж буй хэрэг” гэснийг харвал “язгууртан, баячууд эд хөрөнгө, нөлөөгөө хязгаарлаж, энгийн хүмүүс хахир харамч, сувдаг шуналаа барьж байх” тухай өгүүлсэн байна. Иргэдийн харилцааны талаар өгүүлснийг улс орнуудын харилцаа болгожээ.

113-р нүүрт “Шардэн абугай “Азийнхантай харьцуулбал бид европчууд чонон хоолтон, махсаг зэрлэг улс” гэснийг уншаад бас л гайхав. Махан хоолтон гэвэл махаар хооллодог хүн, амьтныг хэлдэг билээ. Махсаг зэрлэг хүмүүс тул чоныг хүртэл иддэг гэж хэлээд байгаа юм болов уу? Мөн энэ өгүүлбэр нэг л бүрхэг, утга санаа нь гүйцэд бус байсан тул эхийг нь харвал “Шарден хэлэхдээ: "Бид азийн хүмүүстэй харьцуулахад чоно буюу махчид юм... гээд цааш урт, нийлмэл өгүүлбэр үргэлжилсэн байна. Өгүүлбэрийн ихэнх хэсгийг эзэн биегүй болгож, санаа нь ойлгомжгүй болжээ.

178-р нүүрт “Тэнгэр бурхан бүр өөрсдийнхнөөсөө ялалт байгуулахыг шаардаж, ялалтад нь шүтээн босгож байв” гэснийг хараад гайхаж, эхийг нь харвал “Хүн бүр бурханаасаа ялалт гуйж, бурхандаа зориулж шинэ шүтээнүүд босгодог байв” гэсэн байх юм. Тэнгэр бурхад газарт бууж ирээд ялалт байгуулахыг хүмүүсээс шаардаж, бас хүмүүсийн ялалтад зориулж шүтээн босгож байсан гэж ойлгогдохоор болжээ.

Нийгмийн ухааны чухал сурвалжуудын нэг, улс төрийн гүн ухаан, дэлхийн соёлын өвийн ийм томоохон бүтээлийг орчуулан гаргасан нь талархалтай ч эрхлэн гаргасан хүмүүс нь тийн хөнгөн хуумгай хандсан нь харамсалтай байна. Цаашдын хэвлэлүүдэд алдаа мадгаа ариутган шүүж гаргах буй за.

Б.Шижирбаатар

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/