Энэ удаагийн ярилцлагын буландаа Швед улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл тэр дундаа Facebook хэрэглэгчид маань ном уншдаг шууд нэвтрүүлэг хийдгээр нь сайн мэдэх болсон Э.Дөлгөөнийг урьлаа. Тэрээр өөрийгөө олон нийтийн ажилд идэвхитэй, жаахан ч гэсэн бусдад чиглэсэн зүйлд татагддаг, залуухан ээж мөн эршүүд нэгэн хэмээн тодорхойлсон юм. Ингээд та бүхэндээ түүний ярилцлагыг хүргэж байна.
“Надтай хамт ном уншаарай” live (шууд нэвтрүүлэг)-г их олон хүн үздэг, бас сонсдог болсон байна. Тэгэхээр энэ live-н талаар яриагаа эхэлье. Яагаад заавал ном уншдаг live гэж энэ талаар дэлгэрэнгүй ярьвал?.
Үнэнийг хэлэхэд би багаасаа хорин хэдэн нас хүртэл уншсан номоо тоолвол гарын 5 хуруунд ч хүрэхгүй. Хүмүүс ном унших дуртай гэж ярихад нь би надад хэзээ ч сонирхолтой санагдахгүй байх гэж боддог байлаа. Товчхондоо надад ном унших сэтгэхүй, сэдэл огт байгаагүй гэсэн үг.
Хүмүүст хэлэхэд санаа зовмоор боловч би гурав дөрөвхөн жилийн өмнөөс л санаандгүй ном уншиж эхэлсэн юм. Үнэхээр өөрийгөө юу ч мэддэггүй болохоо мэдэрч одоо ч гэсэн унших бүртээ өөрөөсөө ичиж өөрийгөө шүүмжилсээр байна.
Facebook live-ийн хувьд монгол хүн бусадтай хамт ном уншдаг live өмнө нь үзэж байгаагүй учраас хүмүүст хүрэх нь илүү байх гэсэн бодол төрсөн. Өөрийгөө цэнэглэж амжаагүй байж бусдад үлгэрлэх нь юу л бол гэх хүн байх, гэхдээ бусдад зориулах ном уншилт өөрт минь маш өгөөжтэй санагдсан. Хэн хийж байгаа нь хамаагүй өөр хүн ийм live хийсэн ч би өөрөө дуртай үзэх хүн нь.
Ингээд эхний хэдхэн Live хийгээд байж байтал нэг Facebook-н найз маань надад, Авьяаслаг Монголчуудад орсон харааны бэрхшээлтэй охины бичлэгийг илгээгээд, эдгээр хүмүүст ном уншиж өгөх нь үнэхээр чухал, цаашдаа уншвал ямар вэ?, чи энийг заавал үзээрэй гэсэн байв. Тэр бичлэгийг үзээд би хүнд хэрэгтэй зүйл хийж байгаа юм байна даа гэж их урамшсан. Үнэхээр харааны бэрхшээлтэй, унших боломжгүй хүмүүст ийм төрлийн уншлагахэрэгтэйг ойлгосон. Удалгүй хүмүүсээс маш олон мессеж ирдэг болсон нь надад маш их урам өгсөн. Мэдээж тэр олон мессеж дунд сөрөг нь ч байсан.
Тэгээд чин сэтгэлээсээ цаг гарган надад уртаас урт захиа илгээсэн хүмүүст хэрэгтэй зүйл уншиж өгөхсөн гэж бодох болсон. Ингээд л нөхөртэйгөө ярилцаад, тодорхой ажил болгоод 7 хоногт 2 удаа дунджаар 30, 30 минутаар нийтдээ 1 цагийг бусдад зориулж, надад бодрол урам хайрласан номынхоо хэсгүүдээс Facebook-ээр дамжуулан уншиж өгч байхаар шийдсэн.
Зарим үед хүмүүсийн хандалт бага заримдаа их гээд янз бүр байгааг ажиглаад монголчууд маань ном унших хүсэлтэй ч амждаггүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Одоо бол өөрөө ч ийм зүйл хийдэг болсондоо талархах болсон. Бас хамгийн их талархууштай нь ном уншдаг бичлэгийг маань миний хүү, ээжүүд маань, ах эгч нар маань, хамаатнууд, дүү нар маань, найзууд маань үзээд сэтгэгдэл бичиж эхэлсэн.
Live үзэж байгаа мөн бичлэгийг нь үзэж байгаа хүмүүсээс ирдэг сэтгэгдэл, шүүмж, магтаал зэргийг хэрхэн хүлээж авдаг вэ?.
Би бодохдоо, монголчууд гэлтгүй хаана ч юмыг дандаа нэг талаас хардаг хүн гэж байхгүй, хүн гэдэг чинь нэг хэвэнд цутгачихсан юм шиг биш гэж боддог. Харин ч өөрийн гэсэн ертөнц, үзэл бодолтой туйлшрахгүй байгаа нь сайхан санагддаг. Тиймээс ч сөрөг, эерэг бүх захиа, сэтгэгдлүүд бичсэн хүмүүс тоож үзсэнд нь баярлаж байна.
Гэхдээ хүмүүс өмссөн хувцас, нүүрний өө сэвийг их анзаардаг. Уул нь би ном уншаад байгаа юм. Тэгээд би бодохдоо за бас аятайхан харагдвал төвлөрч үзэх магадлалтай юм гэж бодох болсон.
Үүнээс харахад зарим хүмүүс гадаад үзэмжийг хэтэрхий чухалд тооцдог юм байна гэж бодоход хүргэсэн. Үнэндээ бол юу уншиж байгаа нь чухал юм шүү дээ.
Хэд хэдэн удаа хүмүүс хараал бичиж, доромжилж байсан. Гэхдээ би бодохдоо тэр хүмүүсийн амьдрал нь үнэхээр бухимдмаар хэцүү байгаа байх гэж боддог. Хүмүүс надаас зөвлөгөө авмаар байна гэж их бичдэг. Тун удахгүй өөртөө зөвлөх тэр номоо яг над шиг олно байх гэж боддог. Яг үнэндээ би уншиж л өгч байгаагаас өөр хийсэн шид алга...
Амьдарч байгаа улсынхаа талаар, ялангуяа Швед улсын номын дэлгүүр, номын сан, уншигчдын талаар монгол уншигчдадаа хуваалцаач. Мэдээж танд анзаарагдсан ялгаа их байгаа байх. Юу нь монголчуудад илүү хэрэгтэй, суралцаасай гэж хүсдэг вэ?.
Энд ном унших бол энгийн үзэгдэл. Ёстой бараг л хүн бүр л ном уншдаг байх. Шведэд ойролцоогоор 290 орчим номын сан мөн Үндэсний төв номын сан, эмнэлэгүүдийн дэргэдэх номын сан, сургуулиудын номын сан гээд нэмэгдээд маш олон байдаг гэж уншиж байсан. Нийтдээ Шведэд 190 сая ном, цахим ном, сонин сэтгүүл байдаг гэсэн.
Тиймдээ ч метроны буудал бүр нь бараг номын сантай.
Доторх нь төрөл ангилал нь маш олон. Жишээ нь кино хөгжим, гар урлал, спорт, уран зохиолын, хүүхдийн гээд тэр нь дотроо бас олон дэд ангилалд хуваагддаг. Бүр олон улсын номын санд нь монгол номын хэсэг хүртэл байдаг. Ажилчид нь монгол хүн гэхээр зориулж номнуудаа гаргаж үзүүлдэг найрсаг үйлчилгээтэй хүмүүс байдаг. Номын сан дотор нь амрах, компьютер ашиглах, тоглох уулзалт хийх гэх мэт маш олон танхимтай. Үнэхээр гайхалтай хөгжсөн гэж хэлж болно. Хамгийн сонин нь зүгээр л гадаад пасспортоор хэн ч хамаагүй гишүүний карт авч болдог. Түүгээрээ хүссэн номоо авдаг. Нэг орчихвол байгаад л баймаар тийм тухтай.
Энэ бүхнээс харахад суралцах мэдэж авах зүйлс бидэнд маш их байгаа нь харагддаг. Үргэлж Монголтойгоо харьцуулж ярьсаар одоо бүүр залхсан. Бид л өөрчилж хөгжүүлэхгүй өөр хэн хийх вэ?. Гадагшаа гарсан энэ олон монголчууд эв нэгдэлтэйгээр, бага багаар салбар салбарт эх орондоо сурч мэдсэн бүхнээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Учир нь бидний ахан дүүс удам угсаа минь бидний гарт байгаа. Амин хувиа бодоод харж суух, хөдөлснөө мяалах үе хоцрогдсон санагддаг.
Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? мөн таны зүгээс залуучуудад хандаж ямар ном уншаарай гэж зөвлөх вэ?.
Би хамгийн сүүлд "Азийн хүлэг улс" гэдэг ном уншсан.
Дотроо их мэдүүштэй хэсгүүдтэй, Харвардыг төгссөн УИХ-н гишүүн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний ном байсан. Өмнө нь мэддэггүй байсан хүний ном уншаад олон зүйлийг бодсон. Би ч одоо өөрийгөө их голдог. Бусдад заавал уншаарай гэж өөрийнхөө бодлыг тулгах эвгүй байна.
Өөрийн чинь сонирхол юу вэ?. Яг л түүндээ тулгуурлан номоо хайж судалж олж уншаарай гэж зөвлөе.
Ном: техник технологи өндөр хөгжсөн гадны орнуудад ч гэсэн эрчимтэй хөгжсөөр байна. Тиймээс монгол хүмүүс бид хурдан ойлгох чадвартай юм чинь уншиж судлаад, сураад дараа нь цээжээ биш оюунаа дэлдэцгээе.
Миний хувьд энгийн хэлбэрээр бичигдсэн Швед хэлээрх номнууд уншдаг. Амьхандаа хэлээ сайжруулах гээд. Гэхдээ бас өөрийнхөө өв соёл, уламжлал, түүх, ёс заншлаа ч бүрэн мэдэхгүй байж хүмүүс заагаад байх эвгүй гэж бодогдоод монгол хүний хүч хөдөлмөрөөр бичигдсэн, тэр сэтгэл зүй, онцлог, өнцгийг уншиж судлах нь илүү өөрт минь хэрэгтэй санагддаг болоод байгаа.
“Надтай хамт ном уншаарай” live цаашид хэрхэн үргэлжлэх вэ? Podcast болгох ч юм уу форматыг нь өөрчлөх эсвэл ингэж өөрчилнө гэсэн төлөвлөгөө байгаа юу?.
Би энэ Live-аа хийсээр байх болно. Тухайн цаг үеийн технологид тулгуурлаад л. Саяхан ТВ үзэж байтал 20 жил нэг нэвтрүүлгийг олон талаас нь тасралтгүй тууштай хийсэн хүн ярилцлага өгөхдөө: Би энэ нэвтрүүлгээ 20 жил хийхдээ үзэгчдээ уйдаахгүйн тулд шинийг эрэлхийлж, үргэлж идэвхитэй байнга өөрийгөө хөгжүүлж ирсэн. Нэг хүн ч хамаагүй нэвтрүүлгээс минь үр дүн хүртсэн бол болоо. 2 дахь нь би өөрөө! хангалттай гэсэн.
Нээх сайхан санагдаад би ч бас өөрийгөө ч тэр бусдыг ч тэр мэдэхгүй танихгүй номтой нь уулзуулж, хөгжүүлж байх болно гэж мөрөөдсөн.
Олон хүмүүс ном хэт арилжааны шинж чанартай болж жинхэнэ сайн ном тун цөөхөн болсон гэж ярьдаг энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?.
Гадны оронд арван зургаатай хүүхэд хүртэл өөрийн амьдралаас сэдэвлэн ном бичсэн байдаг. Бараг хүн бүр ном бичсэн байх гэмээр. Тийм их хэрэгцээтэй. Тийм их эрэлттэй. Гэхдээ анзаараад байхад гэмт хэрэг, аллага хядлагатай номнууд гүйлгээ ихтэй мэт ил өрөгдсөн байдаг. Олноор өрөөстэй байгаа нь арилжааны шинжтэй санагддаг.
Монголд яг одоо ямар байгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ сайн муу гэлтгүй олон ном бичигдэж гарч байж тэр хэрээрээ харьцуулалт хийгдэж чанарждаг гэж бодож байна.
Таны бас нэг онлайн төсөл бол Positive Mongolians. Энэ төслийнхөө тухай товч танилцуулвал...
Миний хань найруулагч, жүжигчин Д.Түвшинбаяр гэдэг хүн бий. Хань маань Монголд байхдаа ТВ-н найруулагч хийж байсан. Манай гэр бүл Positive Mongolians гэдэг онлайн төсөл хэрэгжүүлэн ажиллаад 1 жил болох гэж байна. Мэдээж үндсэн ажлуудынхаа хажуугаар. Швед улсаас дэлхийд тархсан бүх монголчууддаа зориулан онлайнаар эерэг хэрэгтэй мэдээлэл өгөхийг зорьдог төсөл байгаа юм.
Алтны хажуу дахь гууль шарлана гэгчээр би СУИС-н жүжигчний ангид 2 жил явсан болохоор нөхрийнхөө ажил нэвтрүүлэг гэх мэтэд үнэхээр сонирхолтой. Тиймээс ажил амьдралынхаа заваар шууд нэвтрүүлгүүд болон бусад янз бүрийн ажлуудад нь туслалцаад явдаг. Бид 2 маш сайн хамтрагчид.
Одоогоор "Positive mongolians" гэсэн цуврал шууд нэвтрүүлэг хийгдэж байгаа. Энэ нь гадаад улсуудад ажиллаж амьдран,салбар салбартаа бусаддаа үлгэр жишээ болж буй монголчуудаа үзэгчиддээ танилцуулж, уулзуулах зорилготой
Мөн "Амьдрал лаг гоё" гэсэн цуврал шууд нэвтрүүлэг хийж байна. Энэ нь интернэтээр дүүрсэн болж бүтэхгүй сөрөг мэдээллээр хооллож, амьдралдаа тийм сэтгэл ханамжтай биш яваа монголчууддаа амьдрал гоё хэвээрээ байгааг батлан харуулах зорилготой үзэгчтэйгээ утсаар шууд холбогддог нэвтрүүлэг байгаа.
Эдгээр дээр нэмээд "Надтай хамт ном уншаарай" цуврал Live болон зорилтот уран сайхны нэвтрүүлгүүд хийдэг юм. Цаашид төлөвлөсөн ажлууд бий. Ажлынхаа завсраар учраас бас бага багаар л явж байна.
Таныхаар монголчууд ямар ямар хэвшил, зан араншингаасаа салж байж илүү бүтээлч болж чадах вэ?
Монголчууд минь бүгд энэ сэдвийг өөр хоорондоо ярьдаг. Миний хувьд дорвитой нэг л зүйлийг хэлмээр байна. Өр тавин байж бие биедээ баярхаж, өмсөж зүүснээрээ уралдахаа больвол илүү хялбар болох байх. Нэмж тайлбарлавал, өөртөө асуудал чирж авчирж наачихаад түүндээ шаналж стрессддэг нь их гэсэн үг.
Хэзээ Монголдоо очих, очоод юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?
Одоохондоо тэдийд эдийд очно гэсэн төлөвлөгөө гаргаагүй байгаа. Бид өөрсдийгөө хүний нутагт хүн байхад сургах хэрэгтэй.
Монголд байхдаа хэн нэгэнд ч юмуу найдаад тайван байсан. Хүний нутагт бие хүн болж төлөвших, өөрийгөө хөгжүүлэхэд илүү дээр гэдгийг мэдэрсэн. Ядаж л зовоход тосоод авах ах дүүс, найз нөхөд цөөн, зөвхөн өөртөө л найдахаа өөр замгүй.
Гэсэн ч буух газар буцах хаяг минь Монгол. Очоод Монголдоо мэдээж мөрөөдсөн бодсон бүхнээ хийнэ. Харин хийгээгүй байж зарлах утгагүй байх. Хүн хэлсэн үгэндээ эзэн болох гэж хичээдэг гэнэлээ. Бид 2 Positive Mongolians-аа маш олон салбартай болгож монголчууддаа тус дэм болно доо. Хүн хүний төлөө явахаар л жаргал амсдаг гэдэг. Би энэ үгэнд итгэдэг.
Танаас асуугаагүй, нэмж хэлэх зүйл байвал...
Өнөөдрийг хүртэл надад мөрөөдөж, төлөвлөх эрч хүчийг өгдөг хайртай ханьдаа талархаж явдагаа хэлмээр байна. Хүний хань гэдэг хамгийн чухал хүн. Тэр хүн ямар байхаас л хүний бодол, сэтгэл ургана.
Бид 2 гэртээ мөрөөдлийн том самбартай. Самбартаа бичсэн бүхнээ харахаар яагаад ч юм бусдын төлөө зүйлс их байдаг. Хол том мөрөөдлүүд мэт ч гэлээ бидэнд маш их зорилго, урам өгдөг.
Уншигч та ч бас өөрийгөө гололгүй том мөрөөдөөрэй. Бусдын хов жив, атаа жөтөөнд алтан цагаа битгий үрээрэй. Амьдралд хэрэгтэй, мөрөөдөлд тань чиг болох, өөрийн тань сонирхолд нийцсэнномнуудаа уншиж үр хүүхэд дүү нартаа үлгэр дууриалал болоорой. Та ч бас өөрөө маш олон боть ном шүү.
Нэг уншаад мартах нимгэн үнэ цэнэгүй ном байх уу, нэлээд олон уншсан ч сонирхол татах мэдлэг олгох нандин ном байх уу?. Өөрийнхөө амьдралыг удирдаж, бий болгож явах хүн нь бид өөрсдөөгэж хэлмээр байна.
Мөн ярилцлага өгөх санал тавьсан танай хамт олонд маш их баярлалаа. Номын хур буулгаж, бусдад түгээн дэлгэрүүлдэгт тань маш их баярладаг шүү.
“Надтай хамт ном уншаарай” нэвтрүүлгийн өмнөх дугааруудыг доорх хаягаар орж үзэх боломжтой.
СЭТГЭГДЭЛ