Монсудар хэвлэлийн газраас шинэхэн хэвлэгдсэн онцлох таван бүтээлийг танилцуулж байна. Эртний утга зохиолын дээж болох “Илиада” их хөлгөн туулиас эхлэн Японы алдарт зохиолч Юкио Мишимагийн “Багт хүний наманчлал”, дистопи үзлийн тухай шидээвэр бүтээл “1984”, мөн орчин үеийн уран зохиолын шилмэл бүтээл “Англи өвчтөн”, “Бидний доторх чөтгөр” зэрэг номыг бид эх хэлнээ шимтэн унших боломж бүрджээ. Хэрэв та эл таван бүтээлтэй танилцаж амжаагүй бол доорх эшлэлүүд танд тусалж мэднэ.
1. Майкл Ондатже “Англи өвчтөн”
“Man booker prize” олон улсын шагналын хоёр удаагийн эзэн “Англи өвчтөн” ном монгол хэлнээ хөрвүүлэгдээд буй. Эл бүтээл нь 1992 онд хэвлэгдсэн даруйдаа тус шагналыг хүртсэн билээ. Тус бүтээл Унгарын гүн, африк судлаач Ладислав Алмаши болон нөхөрт гарсан бүсгүй Кэтрин Клифтон нарын хайр сэтгэлийн талаар хүүрнэнэ. Тус бүтээлээс онцлох эшлэлийг хүргэж байна.
“Кип бүх л сэтгэгдлүүдийг өөрчлөгдөн буй аливаа зохирлын нэг хэсэн хэмээн хүлээн авдаг байлаа. Тэр Ханаг өөр өөр цагт, өөр өөр газарт дуу хоолой, зан ааш, бүр гоо үзэсгэлэн нь хүртэл өөрчлөгддөгөөр харна. Яг л тэнгис завинуудыг зөөлөн бүүвэйлж, эсвэл хувь заяаг нь омог бардмаар шийддэгтэй адил.”
***
“Цуурай гэдэг бол угаасаа хоосон орон зайд сэрэгч дуун сүнс билээ.”
***
“Нэг улс энэ муу ёрын салхинд асар их хилэгнэж, үүний эсрэг дайн зарлан бүх л цэргээ жагсаан орсон боловч арми нь бүхэлдээ нүд ирмэхийн зуурт булагдсанаас өөр үр дүн үзээгүй гэдэг.”
2. Юкио Мишима “Багт хүний наманчлал”
Японы алдарт зохиолч Юкио Мишимад нэр алдар авчирсан “Багт хүний наманчлал” бүтээл монгол хэлнээ олны хүртээл болоод буй. Эл намтарчилсан бүтээлийн задгай бичлэгийн хэв маяг нь тухайн үедээ тэрслүү гэмээр боловч өдгөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй бүтээлийн нэг билээ. Тэгвэл тус бүтээлийн онцлох эшлэлийг хүргэж байна.
“Бүгд л амьдрал бол жүжгийн тайз гэдэг. Гэхдээ олонх нь үүнд анхаарал төвлөрүүлдэггүй, ямартай ч над шиг хүүхэд байхаасаа ухаарсан нь нэн цөөн. Хэдий баттай бодол ч гэлээ хэтэрхий энгийн, туршлагагүй байсан болохоор над шиг амьдралаа ингэж эхлүүлдэг хүн байдаг болов уу хэмээн дотроо бодсон хэр нь сэтгэлийнхээ далан хувьд бүгд л адил байж таараа гэж бат итгэж байлаа.”
***
“Хайр сэтгэл гэдэг харилцан үйлчлэл дээр тогтдог, цаад хүнээсээ шаардах зүйл эргээд өөрт ирдэг болохоор мэдлэггүй нэгнийг хүсэх сэтгэл минь нэг хэсэг “оюун ухаан”-аасаа урвахыг шаарддаг байлаа.”
***
“Энэ хайр гэж үү? Хожим хэдэн ч удаа давтагдсан энэ мэт цэвэр ариун хайранд өөрийн гэсэн уналт, доройтол байсан бөгөөд уналт нь хорвоо дээрх бүтэлгүй хайрын хамгийн бүтэлгүй нь, доройтсон цэвэр ариун байдал нь ч хорвоогийн бүхий л ялзрал доройтол дундаас хамгийн адгийнх нь байлаа.”
3. Сабахаттин Али “Бидний доторх чөтгөр”
Туркийн орчин үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч Сабахаттин Алигийн “Арьсан хүрэмт Мадонна” бүтээл монгол түмэнд хүрч байсан нь саяхан. Амьдралынхаа турш гурван роман бичсэн Сабахаттин Алигийн хоёр дахь бүтээлийг эх хэлээрээ шимтэн унших боломж бүрдээд байна. “Бидний доторх чөтгөр” зохиолын онцлон эшлэлийг хүргэж байна.
“Энэ хорвоо гэдэг чинь нүүр рүү нулимахад ч шүлс гарздам газар гэдгийг, энэ ертөнцөд нүүр лүү нь шүлсээ гарзадчих үнэ цэнтэй ганц ч хүн байхгүйг чи надад яруу тодоор баталлаа.”
***
“Тэр хайрлаж дурлана, чин сэтгэлээсээ, ухаан мэдрэлээ алдан дурлана гэхээс айж эмээдэг нэгэн. Болдог сон бол энэ аюулаас зугтахын тулд охинд арай өөрөөр хандан, түүнийг өөрөөсөө холдуулах байв. Гэвч зориглон зүрхэлж чадахгүй, хүмүүсийн нүднээс далдуур гэж бодсон үедээ Мажидэг туйлын их хайр халамж, бахдал бишрэл дүүрэн харцаар ширтэнэ."
***
“Хүссэн, эс хүссэн эсэхээ нарийн сайн мэдэхгүй, гэвч үр дүн нь өөрт нь таагүй гарах юм бол, би хүсээгүй хэрэг гэж бодсон тэр л үг, үйлдлийнхээ үүрд мөнхийн хариуцагчийг ч олчихсон байлаа. Үүнийг би “дотор минь хургасан чөтгөр” хэмээн нэрлэж, өөртөө хамаатуулж хүлээн зөвшөөрөхөөс айсан бүхий л үйлдлээ түүнд нялзаан, өөрийн нүүр лүүгээ нулимахын оронд, гэмгүй атал, санамсаргүйгээр хохирсон хохирогч шиг л өрөвдүүлэх, чухалд тооцогдох эрхтэй гэж үзэж байв. Гэтэл үнэндээ юуных нь чөтгөр байх вэ дээ, анд минь, юуных нь чөтгөр? Бидний энэ бардам сэтгэл, бидний энэ мулгуу зан л тийм юм зохиож бодож байгаа хэрэг шүү дээ... Дотор бугласан чөтгөр гэдэг бол зугтах, бултах гэсэн төдийлөн зальжин бус арга мэх... Бидний дотор чөтгөр байхгүй... Бидний дотор бүтэлгүйтэл, доройтол л байгаа... Залхуурал бий.... Өөрийгөө захирч чадахгүй, ухаан мэдлэггүй, түүнчлэн энэ бүгдаээс хамгийн аймшигтай нь, гашуун үнэнийг олж мэдэхээс бултаж нүүр бүрүүлах зуршил бий...”

4. Жорж Оруэлл “1984”
Жорж Оруэллийн 1949 онд 1984 оныг зөгнөн бичсэн “1984” хэмээх дистопи бүтээлийг Монсудар хэвлэлийн газар ахин хэвлээд буй. Тэрээр эл бүтээлээ “Европын сүүлчийн хүн” гэж нэрлэх гэж байсан гэдэг. Хэдий үл гүйцэтгэх, зөгнөл зохиол боловч эдүгээ ч нөлөө бүхий зохиолын нэг болох тус номын онцлох эшлэлийг хүргэж байна.
“Том ах чамайг харж байна”
“Дайн бол энх тайван
Эрх чөлөө бол боолчлол
Үл мэдэх нь хүч”
Найдвар байдаг бол тэр нь пролуудад л бий.
Хагас жилийн өмнө ч юм уу, жилийн дараа... таван жилийн дараа гэж бодъё л доо. Би үхэхээс айдаг. Чи залуу болохоор хойшлуулахыг хичээнэ. Тэгэхдээ ямар ч ялгаа байхгүй. Хүн хүнээрээ байгаа цагт амьд явах, үхэх хоёр бол адилхан юм.
5. Хомэр “Илиада”
Барууны утга зохиолын тэргүүн гэгддэг “Илиада”, “Одиссэй” бүтээл бүрэн эхээрээ монгол хэлнээ яруу тансаг хөрвүүлэгдээд буй. Эдүгээ бидэнд Хомэр хэмээх зохиолчийн намтар тодорхойгүй үлдсэн ч түүний туурвисан “Илиада”, “Одиссей” хэмээн туульс нь бүтнээрээ үлдсэн нь зол билээ. Мөн тус бүтээлийг яг л монгол хэл дээр бичигдсэн мэт гайхамшигт орчуулгаар хүртэх аз бидэнд тохиогоод байна. Уг бүтээлийн онцлох эшлэлийг хүргэж байна.
“Олноороо давамгайлж дайсныг дарна гэхээсээ илүү
Олуулаа нийлж трой түмний эх, үрсийг, эхнэр хүүхдээ
Харийн дайснаас хамгаалах эв эеийг эрхэмлэсэн юм шүү!”
***
“Эдлэх насны эцэс төгсгөл дөхөөд ирэхээр эцэг хүн
Элгэн үр хүүхдээ л гэх цаг ирдэг юм байна
Энэ насанд надад тавин хүү заяасан юм
Энд тнай ахейчүүдийг иртэл цөм эсэн мэнд байлаа
Эхнэр, авааль ханиас минь арван ес нь төрсөн юм
Эгэл татвар хатдаас бусад нь гарсан юм.
Эрсдэж бараг цөмөөрөө энэ дайнд үхэж үрэгдлээ.”
***
“Энэ дэлхийд хүмүүн бид үхлээс зайцах замгүй.
Эгэлгүй хүчит, эрхмийн дээд Геракл баатар ч гэсэн
Үхлээс зайлаагүй.”
СЭТГЭГДЭЛ