Унших явцад өр зүрх өвтгөж, өөрийн эрхгүй нулимс цийлэгнүүлж, инээлгэж, бас ухааруулдаг ном туйлын ховор. Эдгээр ховор номуудын нэг бол яах аргагүй “Тулааны талбарын тэлэлт” гэмээр байна.

Эцэг эхийн салалтаас үүдсэн сэтгэлийн гүн шарх, бага насны хар бараан дурсамж, уйтгар гуниг, атаа жөтөө, нийгмийн хамгийн балиар заваан үзэгдлүүдийг элсний ширхэг мэт нарийвчлан харж, гунигтай атлаа ёжлолтой, алиа марзан жишээнүүдтэй, ухаалаг үгстэй бичсэн нь зохиолч Мишель Уэльбекийн гол онцлог билээ.

Эцгийн хайраар дутагдсан хүний хүүрнэл, залуу хүний ганцаардал, сэтгэл гутрал, бүтэлгүй хайр, ялгаварлан гадуурхалт, хөрөнгө мөнгө, гаднах үзэмж дээр тогтсон хандлага, амьд бус харилцаа гээд өнөөгийн нийгмийн эрээн барааныг тэр чигээр нь дүрслэн харуулсан уг зүрх шимшрүүлэм номоос онцлох эшлэлүүдийг хүргэж байна.


🖊 Эцэг эх нь салснаас хойш хөвгүүн аавгүй болжээ. Хэдий гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дутагдаж байгаа ч хөвгүүн амьдрах хүслээр хэчнээн дүүрэн байна гээч!


🖊 Чи хэзээ ч мэдрээгүй тэр өсвөр насны хайраараа хэзээд дутагдана. Чамд гүнзгий шарх үлдсэн; улам бүр идээлэх тийм л шарх. Зогсолтгүй шаналгах харгис уй гашуу чиний зүрхийг битүү орооно. Чамд ямар ч аврал, ангижрал үгүй.

🖊 Ганцаардаж, сэтгэл зүрх хоосон оргиж, амьдрал тань зугтах аргагүй зүдэргээтэй төгсгөл рүү гээ улам бүр ойртож буйг ёрлоод ирэхээр тэсэхүйеэ бэрх шаналанд нэрвэгдэх тэр мөчүүд дахин дахин тохиохыг ер юу ч болиулж чадахгүй.

🖊 Хайрлагдах хүсэл хүнд тун ч гүн суужээ, үндэс салаа бүр нь сэтгэлийн гүн рүү, зүрхний уг руу нэвчин шургалчхаж. Өдрөөс өдөрт доромжлол, гутралд идэгдэн амьдардаг ч итгэл найдвар тасралгүй хүлээсээр.

🖊 Зарим зохиолчид хүний сэтгэл хөдлөл, дүрийн илэрхийлэл зэргийг уран яруу дүрслэхэд хамаг авьяасаа зориулдаг. Би тэдний нэг биш.

🖊 Хүн ер нь үргэлж хууль дүрмэнд захирагдаж амьдралаа гээд бүгд сайн сайхан болчихгүй. Татвараа цаг тухайд нь тушааж, байр, цахилгаан, усны төлбөрөө тухай бүрд нь барагдуулж, гадагш гарах болгондоо иргэний үнэмлэхээ авч явна. Гэхдээ л та ямар ч найзгүй хэвээр.

🖊 Тэр авах юмгүй царай муутай. Дэндүү царай муутай учир ямар ч эм хүйстэн түүнийг хараад зэвүүцдэг, тэр ч эмэгтэй хүнтэй огт унтаж үзээгүй. Мань хүн өөрөө бол хичээдэг, аль байдгаараа, гэхдээ ямар ч үр дүнд хүрдэггүй. Эмэгтэйчүүд түүнийг огт хүсдэггүй.

🖊 Хайр их амжилт олсны цаад шалтгаан нь хүний дотоод хүсэл эрмэлзэлтэй уялдана. Гэвч энэхүү хүсэл эрмэлзлийг ойлгоход туйлын бэрх.

🖊 Хэчнээн олон бүтэлгүйтсэн ч эцсээ хүртэл хайрыг хайсан.

🖊 Энэ хүмүүс огтхон ч галзуу солиотой биш . Тэд ердөө л хайраар дутагдсан…

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/