Хүүхдийн зохиолч гэхээр бид тусдаа авьяастай, онгодтой хүн байдаг гэж боддог. Тэгвэл дэлхийд алдартай хүүхдийн зохиолч нар онгод авьяас гэхээс илүү хүүхдээ ойлгодог, мэдэрдэг жирийн л нэгэн аав, ээж байжээ. Тухайлбал, Шведийн нэрт зохиолч Астрид Линдгрен Дээвэр дээр суудаг Карлсон, Далайн дээрэмчин Ронни, Урт оймст Пиппи зэрэг олон гайхалтай бүтээл туурвисан зохиолч юм. Түүний зохиолууд ихэвчлэн охиных нь уран сэтгэмжээс улбаатай бөгөөд Линдгрен баяжуулан бичдэг байжээ.

Линдгрений охин 7 настайдаа өвджээ. Энэ үед Урт оймст Пиппигийн талаарх түүхийг ээж, охин хоёр харилцан ярилцсаар өнөөгийн хүчирхэг, бие даасан Пиппи охин бүтсэн түүхтэй. Тиймээс Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас зарласан уралдаанд ээж, аавууд олноор оролцсонд маш их баяртай байна. Ингээд тэрхүү ээж, аавуудын төлөөлөл болж уралдаанд шалгарсан зохиолчдынхоо өрнүүн яриаг хүргэе.

“БҮЖИГЧИН НОХОЙ БАНХАР” НОМЫН ЗОХИОЛЧ, ӨМГӨӨЛӨГЧ Э.АМАРХҮҮ

Хүүгээ номтой ойр байлгая, номд дуртай хүн болгоё гэж боддог. Даанч ихэнх нь л орчуулгынх учраас хүүхдийн маань насанд тохирсон, монгол хүүхдийн сонирхлыг татсан ном бараг байгаагүй. Түүнээс гадна намайг бага байхад аав маань маш их үлгэр ярьж өгдөг байсан. Тэр нь надад их гоё санагддаг. Юу гэхээр аавтайгаа хамт байх, тэр тусмаа үлгэр домгийн ертөнцөөр аялах гайхалтай цаг хугацаа байсан юм билээ. Тийм учраас би ч бас хүүхдэдээ үлгэр, түүх ярьж өгье гэж бодсон. Номоос уншиж өгөхөд зарим үг хэллэг үнэхээр ойлгоход хэцүү эсвэл харгис хэрцгий үйл явдал ихтэй байсан. Тэгээд өөрөө зохиож ярьж өгөхөөр шийдсэн.


 Юу ярихаа бодож байтал гэнэт бага байхад минь хань болдог байсан банхар нохой маань санаад орсон юм. Банхардаа маш их хайртай байсан болохоор хүүдээ тэр талаар ярина гэдэг үнэхээр сайхан санагдсан. Эхлээд зүгээр л банхартай холбоотой өөрийнхөө дурсамжаас ярьдаг байсан бол сүүлдээ “хүн бүртэй сайхан харьцах, бусдыг хайрлаж хүндлэх хэрэгтэй” гэсэн санааг тусгаж өгье гэж бодсон.  Яваандаа дуу бүр  бүжигтэй боллоо. Одоо 4 настай хүү маань дууг нь дуулж, бүжиглэх үнэхээр дуртай. Эцэст нь миний банхар найз хүүгийн минь ч гэсэн найз болсон. Одоо бсад бяцхан уншигчдын найз болж байгаад баяртай байна.

 ГҮЗЭЭЛЗГЭНИЙН ҮНЭРТЭЙ ЖААЛ НОМЫН ЗОХИОЛЧ, ОРЧУУЛАГЧ, ХЭЛ ШИНЖЭЭЧ У.ХУЛАН

Би 14 хүртлээ айлын эрх ганц охин байсан. Нэг л өдөр дүүтэй болсон чинь тэс өөр ертөнцөд оччихсон юм шиг санагдсан. “Чи одоо том болчихсон юм чинь дүүдээ өгчих” гэдэг ч юм уу том хүүхэд гэдэг утгаар нь хойш нь тавьдаг. Энэ нь томчуудын хувьд зүгээр юм шиг боловч хүүхдийн хувьд хүндээр тусдаг. Тэр л мэдрэмж маань надад хадгалагдсаар өдийг хүрчээ. Тэгээд би хүүхэдтэй болсон хойноо бодсон л доо. “Хүүхэд маань, бас бусад хүүхдүүд ч гэсэн дүүтэй болбол надтай адил зүйлийг мэдрэх байх даа” гэж. Тиймээс дүүтэй болох тэр мэдрэмжийг зохиол болгохоор шийдсэн.  Тэгэхдээ томчуудын гаргадаг алдааг бас оруулах хэрэгтэй санагдсан. 

Жишээлбэл, номд маань “Дүүтэй болмоор байна уу? гэж нэг ч удаа асуугаагүй байж” гэж гардаг. Энэ нь томчууд тэнд жаахан ч гэсэн хүн байна гэдгийг мартсаныг хэлээд байгаа юм л даа. Ер нь эцэг эхчүүд хүүхдээ хүн гэж хардаг байгаасай, хүүхдээ сонсдог, ойлгодог байгаасай гэсэн үүднээс энэхүү зохиолоо бодон бодон бичсэн. Тиймээс энэ номыг эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтдаа уншаад, ярилцаасай гэж хүсье.


9 өөр хэв маяг, 9 өөр өнгө төрх бүхий бүтээлүүдийн тухай дэлгэрэнгүйг эндээс

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/