“Хүн ер нь хатгаж, чимхэх мэт сэтгэгдэл төрүүлэх ном л унших ёстой гэж би боддог. Тархин дундуур маань татаад авах шиг цочроон сэрээхгүй л юм бол бид ном унших ямар хэрэгтэй юм бэ? Аз жаргалтай болохын тулд уу? Бурхан минь гэж, номтой номгүй бид аз жаргалтай байх л байсан, тэгээд ч жаргалтай болгох номыг бид өөрсдөө ч биччихэж чадна шүү дээ.” Франц Кафка
“Амлалт” романы тухай сэтгэгдлээ бичихээр суутал Франц Кафкагийн хэлсэн энэ үг юун түрүүнд санаанд оров. Ийн бодогдоход хүргэсэн хоёр учир шалтгаан бий.
Нэгд гэвэл энэ ном детектив зохиолын тухай үнэлэмж, төсөөллийг минь эвдэж, тэс өөрөөр харахад хүргэв. Монсударын “Утга зохиол” цувралд гэмт хэргийн зохиол орсныг хараад жаахан гайхаж, басхүү чамлах янзтай байснаа нуухгүй. Гэвч уншиж үзээд “детектив зохиол ийм байж бас болдог юм уу!” гэж гайхан дуу алдсан билээ.
Зохиолчийн тухай сонирхож үзэх нь ээ Фридрих Дюрренматт дэлхийн хэмжээний зохиолч ажээ. Нобелийн утга зохиолын шагналд 5 жил дараалан нэр дэвшиж байсан нь үүний нэг баталгаа биз. Утга зохиолын ертөнцөд мөрөө тод үлдээж, зохиол бүтээлүүд нь 40 гаруй хэлээр орчуулагдсан алдарт зохиолчтой монголчууд бид харин тун хожуу танилцаж буй юм санж. Дюрренматт роман, туужаас гадна кино, жүжгийн зохиол бичдэгийг мэдээд “Амлалт” романы үйл явдал, дүрслэл бүр яагаад шууд нүдний өмнө харагдах мэт тод төсөөлөгдөж, сэтгэлд шууд хүрч байсны учир олдсон юм.
"Зохиолч та нар дэндүү гоё, даанч ичгүүргүй зална гээч. Үйл явдлууд нь ямагт учир холбоо, логиктой өрнөнө. Яг л шатар тоглож байгаа аятай, энд нэг гэмт хэрэгтэн, тэнд нэг хохирогч бас нэг нууц хадгалагч, тэгээд нэг дундаас нь завшигч этгээд. Тоглоомын дүрмээ мэддэг мөрдөгчид өргийг тоглоод л хэрэгтнийг илрүүлж, шударга ёсыг ялалтын тавцанд зална. Наад уран зөгнөл чинь л уурыг минь барж гүйцдэг юм. Логиктой өрнөдөг хэрэг бодит амьдралд даанч ховор."
1958 онд хэвлэгдсэн “Амлалт” хэмээх энэ бүтээл түүний хамгийн өвөрмөц, хар бараан, маргаан дагуулсан гэмт хэргийн романд тооцогддог.
Уран зохиолд амьдралыг гоёчилж, уншигчдын хүсэлт хүлээлтэд таацуулж, аз жаргалтай төгсгөх нь олон. Тэр тусмаа детектив зохиолуудад эцэстээ үнэн мөн ялж, гэмт этгээд шийтгэлээ хүртэж, түүх аз жаргалтай төгсдөг нь ёс гэлтэй. Уншигчдад таатай, хэн хүнд сургамжтай. Амьдрал дээр ч бас түүх бүхэн ингэж төгсдөг бол хэчнээн сайхан. Гэвч бодит амьдрал заримдаа ямар хатуу харгис, хоржоонтой хорлонтой билээ.
Тэгэхээр нэг асуулт: Та уран зохиолоос төгс төгөлдөр зохиомол ертөнцийг хармаар байна уу, аль эсвэл төгс бус ч гэлээ бодит ертөнцийг хармаар байна уу?
Уншигч бодит үнэнтэй нүүр тулах ёстой! Дюренматт ийм байр суурьтай зохиолч байжээ. “Амлалт” романыг бичих болсон түүх чухам үүнээс үүдэлтэй гэнэ. Тэр бээр 1958 онд “Гэгээн цагаан өдөр тохиолдсон гэмт хэрэг” нэртэй кино зохиол хамтран бичжээ. Мэдээж кинонд бүх зүйл сайн сайхан төгсөж, хүн бүр сэтгэл амарч гэнэ. Гагцхүү Дюрренматтын сэтгэл амарч өгсөнгүй. Ингээд уг түүх үнэхээр тохиолдож гэмээ нь хэрхэх тухай бодит амьдралд ойр хувилбарыг бичиж байж сая нэг санаа амарсан нь “Амлалт” роман ажээ. Кафкагийн хэлсэн үгийг санагдуулсан хоёр дахь шалтгаан бол энэ.
Энэ романд гэмт хэргийн тухай өгүүлэх ч гол асуудал гэмт хэрэг, алуурчныг олох тухай бус, өөр асуудал болж хувирах шиг санагдсан.
Үнэн хэзээд ялна гэдэг. Үнэн мөнийг дагасан хүн нээрэн ялдаг уу? Зарчмын хувьд бол тийм. Гэвч амьдрал дээр эсрэгээрээ тохиолдол цөөнгүй. Үнэнийг хэлснээр бид өөртөө бөөн яршиг төвөг үүсгэж, асуудалд орооцолдоно. Тэгснээс худалд итгэх, худалтай эвлэрэх амархан бөгөөд таатай санагдах үе гардаг шүү дээ. Яршиг төвгөөс нь халгалгүй ямагт үнэнч байх гэдэг өнөө цагт маш зоригтой хүний л үйлдэл болж хувирчээ. “Амлалт” романы гол баатар чухамдаа ийм зоригтой хүн. Тиймдээ ч үнэн гэж үзсэн зүйлийнхээ төлөө юуг ч эс хайхран зогсож, хүн бүрийн нүдийг орой дээр нь гаргана. Өөртөө, өрөөлд нэг удаа ч болов хуурамч ханддаггүй түүн шиг шударга хүн энэ амьдралд багтах, орших байх боломжтой юу? Гол баатар маань эцэстээ худалтай эвлэрч амар жимэр амьдарсан болов уу, аль эсвэл үнэнээс ухралгүй зүтгэсэн болов уу?
"Үнэн гэдэг зүйлийг зохиолч та нар хэзээнээсээ л утга уянга, уран сайхны зарчмынхаа хөл доор чулуудсаар ирсэн шүү дээ. Тэр зарчим журмыг чинь чөтгөр аваасай."
Ямартаа ч зохиол аз жаргалтай төгсөхгүй гэдэг нь ойлгомжтой болсон биз. Гэхдээ гунигтай ч гэж би лав хэлэхгүй. Инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Детектив зохиолын гол асуулт буюу гэмтнийг олох асуудал номын төгсгөлд шийдэгдсэн гэх хэцүү, үгүй гэх ч хэцүү. Номын өмнөх үгд бичсэнчлэн: Нэг талаас алуурчин хэрхэн илчлэгдэж буй, нөгөөтээгүүр шударга ёс тогтож (эсвэл үгүй ч юм болов уу) буй байдал нь үнэндээ гэмт хэргийн сэдэвт зохиолын бүхий л болзол нөхцөлөөс тэс зөрнө.
Уншиж дуусаад ямар мэдрэмж төрснийг тодорхойлж хэлэхэд хэцүү юм. Үүнийг хүн бүр өөрийнхөөрөө мэдэрч унших биз. Гэхдээ ямар ч хувилбараар, яаж ч ургуулж төсөөлсөн бай таны төсөөллөөс энэ зохиолын төгсгөл тэс зөрнө гэдгийг л “амлаж” чадах байна.
СЭТГЭГДЭЛ