Хүн бүрийн алганы хээ өөр өөр байдаг. Алганы хээ нь яг ижилхэн хүмүүс байдаггүйтэй адил яг ижилхэн амьдралтай хүмүүс энэ ертөнцөд үгүй. Зохиолч Б.Эрхэмбаярын“Алганы хээ” роман ийнхүү эхэлдэг. Саяхан уг зохиолын нэг болон хоёрдугаар дэвтрийг унших завшаан олдсон юм.

Нэгдүгээр дэвтрийн хувьд зохиолын гол дүр болох Тамираа охин их сургуульд элсэж байгаагаар эхэлж, түүний ангийнхан, их сургуульд танилцаж улмаар гэр бүл болсон Энхбат нарын тухай өгүүлдэг.

Унших явцад нэг л үг байн байн бодогдсоор байлаа. Энэ үгийг би 90-д онд сурагч бас оюутан байсан хэд хэдэн хүнээс сонссон боловч эд нар л өөрсдийгөө ингэж бодоод байгаа болохоос бас ч арай тийм биш байхаа гэсэн бодол орж ирдэг байсан бол энэ номыг уншсаны дараа нээрээ л тийм байж дээ гэж бодогдох болсон юм. Тэр үг “бид бол золиослогдсон үеийнхэн” хэмээх үг байсан юм.

1990 оны ардчилсан хөдөлгөөн социалист нийгмийг ардчилсан нийгмээр сольж байна, энэ бол том өөрчлөлт хэмээн итгэж өөрчлөлт хийхдээ өмнөх нийгмийн бүхий л үнэлэмжийг тэр чигээр нь үгүй хийсэн аж. Уг нь бол ямар ч улс орон өмнөх нийгмийнхээ сайн сайхныг дараагийн үедээ өвлөн авч улмаар сайжруулж байж хөгжил хэмээн нэрлэдэг бол манайд бүгдийг нь нурааж орхиж.

Энэ өөрчлөлтийг хувь хүн хийгээд нэг гэр бүлийн түвшинд буулгаж үзвэл хар амиа бодсон, ашиг хонжоо хөөсөн, төрийн хөрөнгө мөнгийг хувьдаа завших сонирхол бүхий этгээдүүдээр нийгэм дүүрч тэр нь хэн нэгний амьдралыг золиослоход хүрдэг ажээ.

Нэг үгээр бол сэргэлэнтэж чадсан нэг хэсэг хүмүүс, бор зүрхээрээ зүтгэсэн нэг хэсэг хүмүүс л амьдарч чадахуйц үлдэж үлдсэн хэсэг нь зах зээлийн шуурганд өвдөг сөхөрсөн аж.

Зохиолын дүр бүхэн нь өөр өөрийн онцлогтой, нэг ангийнхнаар тухайн үеийн залуус, өнөөгийн бидний амьдарч буй үеийг илэрхийлсэн төдийгүй харь оронд аж төрж буй монголчуудын нийтлэг амьдралыг ч өгүүлжээ.

Зоригт, Туяа, Ариунтунгалаг, Очгэрэл, Гэрэлгуа гээд нийгмийн өөрчлөлтийг сөрсөн, зарим нь дасан зохицсон, зарим нь бууж өгсөн эдгээр хүмүүс бидний эргэн тойронд ч амьдарсаар.

Нэгдүгээр дэвтэрийн хувьд шүүмжлэлтэй хандмаар нэг зүйл байсан нь тухайн үеийг харуулах гээд хэт олон үйл явдлын нэг дор цуглуулчихсан юм шиг санагдсан.

Харин хоёрдугаар буюу дэд дэвтрийн хувьд огт өөр байлаа. Энхбат, Тамираа гэсэн хоёр гол дүр дээрээ төвлөрсөнөөс гадна дүрүүдийнхээ сэтгэлийн илэрхийлэл, зөрчлүүдийг илүүтэй гаргасан нь уншихад олон үйл явдалд сатаарахгүй, хамаагүй чамбай, илт сайн болсон нь анзаарагдаж байлаа.

Дэд дэвтрээс надад тод үлдсэн хоёр зүйлийн талаар товч өгүүлсэн нь илүү ач холбогдолтой байх. Эхнийх нь номын өмнөх үгэнд өгүүлсэн аз жаргалын тухай асуулт. Нээрээ миний хувьд аз жаргал гэж юу билээ? “Жижүүрийн” гэмээр хариулт буюу сайхан гэр бүл юм болов уу? Эсвэл?...

Хоёр дахь нь Очгэрэл хэмээх дүрийн тухай. Дээр дурдсанчлан зохиолч энэ дэвтэрт дүрүүдийнхээ сэтгэл буюу дотоод мөн чанарт илүүтэй анхаарсаны тод илрэл бол Очгэрэл юм. Хэнтэй ч өөрийнхөө чин сэтгэлийг хуваалцдаггүй. Гэр бүл, дотны хүмүүсээс нь бусад хүмүүст аз жаргалтай, эелдэг зөөлөн, баяр баясгалантай мэт харагдаж, өөрийгөө ч би хамгийн аз жаргалтай хүн гэж дүгнэнэ. Гэвч яг энэ багийг нь хуулаад харвал аз жаргалгүй, өдөр хоногийг нэгийг нөгөөгөөр нь сольж өнгөрөөсөн тийм л дүр зураг тодорно. Ийм хүмүүс бага насанд нь үүссэн сэтгэлийн шархыг анзаарахгүй, ийм л байх ёстой мэт бодож явсаар насанд хүрсэн хойноо дотоод сэтгэлийн сул дорой байдлаа мэдэгдүүлэхгүйн тулд хахир хатуу, дүр эсгэсэн нэгэн болж хувирдаг.

Эцэст нь өгүүлэхэд Хүний амьдралд заримдаа итгэж үнэмшиж байсан тэр бүх зүйл нүднийх нь өмнө нуран унах удаа байдаг. Тэр үед хүн тэдгээр гэнэтийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэхдээ юу хийхээ мэдэхгүй сандарч тэвдэх, амьдралд итгэх итгэлээ алдах, гуньж гутрах, эсвэл бүхнийг хэн нэгэнд ярих гээд янз бүрээр л тайвшралыг олох гэж хичээдэг.” гэсэн өгүүлбэр уг романыг товч ч болов төлөөлөх мэт.

Зургийг зохиолчийн блогоос авав.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/