Профессор Тимофий Пнинтэй би хамгийн анх Г.Аюурзана зохиолчийн “Шүтэн бишрэгч” өгүүллэгээр танилцаж байсан юм. Уг өгүүллэгт хүүдээ зориулж авсан цоо шинэхэн бөмбөгийг нь хөл бөмбөгт огтхон ч сонирхолгүй хүү нь цонхоор шидчихдэг тухай буюу өөрөөр хэлбэл энэхүү номын тухай ганцхан өгүүлбэр байдаг ч яагаад ч юм Пнин гэдэг өвөрмөц нэр оюун ухааны минь хаа нэгтээ хадгалагдаад үлдчихсэн байж.
Тун санамсаргүй байдлаар энэ номыг анх харахдаа “аан нөгөө Пнин гэгч чинь энэ юм биздээ” гэдэг бодол толгойд зурсгээд л орж ирэн, хайртай зохиолчийнхоо дуртай бүх л зохиолыг унших гэж адгадаг уншигч хүний сониуч зангаар энэ зохиолыг эхлүүлэхээр шийдсэн юм.
Өөрийн гэсэн үр хүүхэд байтугай толгой хоргодох сууц ч байхгүй, авааль эхнэртээ хаягдсан, хаягдсан эхнэрийнхээ хүүд сар бүр ээжийнх нь өмнөөс тэтгэмж илгээдэг, ажил мэргэжилдээ ч хэр тааруухан тийм л нэг өрөвдөлтэй хөгшин проффесорын түүхээс хүнд ер нь хэрэг болохоор зүйл байх уу? Та юу гэж бодож байна?
Зохиол профессор Пнин хэмээх оросын цагаач, их сургуулийн багш өвгөний өнгөрсөн амьдарлын дурсамж, одоо үед тохиож байгаа үйл явдлын дунд өрнөх болно. Гадаадаас цагаачлан ирсэн, их сургуулийн багш,эхнэртээ хаягдсан гээд олон шинжээрээ “Лолита”-ийн гол баатар Хумберттэй төстэй хэдий ч мөн чанарынхаа хувьд Пнин бол Хумбертийн тэс өөр эсрэг дүр юм. Пнин бол халуун дулаан сэтгэлтэй, хэзээд өөрийнхөө эрх ашгаас илүүтэй бусдын эрх ашгийг боддог алт шиг зүрхтэй нэгэн.
Англи хэлний инээдтэй дуудлага, болхи хөдөлгөөн, урагшгүй байдал, үргэлжийн бүтэлгүйтэлээр нь уншигчид түүнийг дооглон тохуурхах хэдий ч сэтгэл зүрхэндээ энэрэн хайрлах тийм л гайхамшигтай дүрийг Набоков энэхүү зохиолдоо бүтээжээ.
Зохиол нийт 7 бүлгээс бүрдэх бөгөөд бүлэг бүр өөрийн биеэ даасан онцлогийг агуулсан эхлэл өрнөл төгсгөлтэй бөгөөд дангаар нь эдгээр бүлэгүүдийг уншсан ч нэг цогц санааг илэрхийлэхүйц, эсрэгээрээ 7 бүлэг нийлээд ч мөн нэг цогц санааг илэрхийлж чадах тийм гайхалтай бичлэгийн хэв маягаар бичигдсэнийг та уншиж байх явцдаа ажиглах нь гарцаагүй.
Бүлэг бүхэн нь зохиол нэг мөсөн дуусаж байгаа мэт мэдрэмжийг уншигчид төрүүлэх хэдий ч бүрэн уншиж гүйцэсний эцэст бүлэг бүр нэг нь нөгөөгүйгээр яасан ч өрнөж чадахааргүйгээр бие биентэйгээ гүнзгий холбоо хамааралтай болох нь мэдэгдэнэ.
Төгсгөлийн бүлгийн хамгийн сүүлийн өгүүлбэр эхний бүлгийн үйл явдлыг илэрхийлэх нь уншигчийг эхний цэгт буцаан хүргэж, уг номонд бүрэн төгсгөл байхгүй болохыг ойлгуулах гэсэн хэрэг юм болов уу гэж би таамагласан юм. Уламжлалт хэв маягаар бичигдсэн зохиол уншаад дассан хүний хувьд надад тэр чигтээ Набаковын өвөрмөц мөртлөө тун чадварлаг бичилтийн хэв маяг үнэхээр их таалагдсан билээ.
Зохиолын турш хэтэрхий гэмээр олон нарийн дүрслэлүүд, үйл явдалд оролцоогүй хэрнээ маш олон дүрүүд гарах авч тэдгээр дүрслэл болгон хоорондоо маш нарийн уялдаатай, бүүр цаашлаад гүнзгийрүүлэн бодоод байвал психологи, философийн олон олон нарийн төвөгтэй асуудлуудыг ч хөндсөн болох нь ойлгогдох болно. Жишээ нь гэхэд салсан эхнэрийнх нь оюуны гоц чадвартай хүүгийн талаар өгүүлэх үедээ Набоков З.Фройдын онолыг зарим талаараа егөөдөн шүүмжилсэн байх жишээний.
Бидний өрөвдөж, аль эсвэл шоолж, үл тоомсорлож байдаг хүмүүс дотроо юуг бодож, юунд дурлаж, юунд гомдон харуусаж байдаг юм бол?
Бид амжилттай, утга учиртай амьдралын хэмжүүр гээч нэг зүйлийг өөрсдөө л санаанаасаа зохиочихоод тэр хэмжүүрээс гадуур байгаа хэн бүхнийгээ дооглон тохуурхаж, тэр хирээрээ өөрсдийнхөө хэмжүүрэнд улам илүү итгэж явдаг мунхаг амьтад юм болов уу?
Ахуйтайгаа зууралдсаар өөрсдийн сэтгэл санаа, бодол зүрхээ бид ер нь танин мэдэж амждаг юм уу? гэх мэтийн олон олон асуултыг номоо уншиж дуусмагцаа өөрөөсөө би асууж эхлэсэн юм. Энэхүү гайхалтай зохиолын талаар тэмдэглэл бичих нь миний хэр чадлаас нэгэнт давсан явдал байсан ч гэсэн чадан ядан өөрт төрсөн мэдрэмжээ та бүхэнтэй хуваалцлаа.
СЭТГЭГДЭЛ