“Хувь хүн” (individual) гэдэг үгний шууд утга нь ямар нэг хуваагдах боломжгүй (in-divide) зүйлийг илэрхийлдэг. Хэн нэгнийг “хувь хүн” гэж тодорхойлох нь тухайн хүн тус тусдаа хэсгүүдээс бүрдэх нэг нийлбэр бус, харин цогц мөн чанар бүхий бүхэл зүйл гэсэн далд утгыг агуулна. Энэхүү хуваагдашгүй бүхэл нь нэг хормоос нөгөө хоромд өөрөөсөө гадагш ямар нэг зүйл алдалгүй, мөн гаднаас өөртөө ямар нэг зүйл шингээлгүйгээр шилждэг гэж үзнэ. Мэдрэлийн эс дохио илгээн, даавар урсаж, булчин агшиж тэлэх зуур бидний бие махбод, тархи байнга өөрчлөгдөнө. Хувь хүний зан чанар, хүсэл бодол, харилцаа хэзээ ч нэгэн хэвээр хадгалагдахгүй бөгөөд он жилийн явцад бүрмөсөн өөрчлөгдөж ч болно. Гэхдээ энэ бүхний цаана тухайн хүн төрөхөөс үхэх хүртлээ, бүр магадгүй үхлээс ч цааш нэг л адил хүн хэвээр байх ажээ. Харамсалтай нь, хувьслын онол жинхэнэ “би” гэдэг хувь хүн бол хуваагдашгүй, хувиршгүй, мөнхийн чанартай гэх үзэл санааг няцаадаг. Хувьслын онолоор, заанаас эхлээд царс мод, ДНХ-ийн молекул хүртэл бүхий л биологийн амьт биет энгийн жижиг хэсгүүдээс бүрдэж, тэдгээр нь зогсолтгүй нэгдэж салж байдаг. Жижиг хэсгүүд ийнхүү тасралтгүй нэгдэж салах зуур заан ч, эсүүд ч хувьсан өөрчлөгдөнө. Хуваагддаггүй, өөрчлөгддөггүй зүйл байгалийн шалгарлаар оршин тогтнох боломжгүй. Тухайлбал, хүний нүд нь болор, торлог бүрхэвч, хальсан бүрхэвч зэрэг олон тооны жижиг хэсгүүд бүхий маш нарийн цогц бүтэцтэй. Энэ бүх бүрдэл хэсэг гэнэтхэн нэгдэж нийлээд нүд бий болчхоогүй. Харин олон зуун сая жилийн турш аажим алгуур хувьслын үр дүнд үүсжээ. Бидний нүд нэг сая жилийн өмнө амьдарч асан Homo Erectus-ын нүдтэй ерөнхийдөө адилхан. Харин 5 сая жилийн өмнө амьдарч байсан Австралопитекийн (өмнөдийн хүн төрөлтөн) нүднээс арай өөр. 150 сая жилийн өмнө амьдарч асан Дриолестийн нүднээс маш өөр. Улмаар олон зуун сая жилийн өмнө манай гараг дээр амьдарч байсан нэг эст амьд организмын нүдтэй ямар ч төсгүй ажээ. Нэг эст амьд организмд ч гэрлийг харанхуйгаас ялгаж, аль нэг зүг рүү хөтлөх бичил эрхтэн бий. Иймэрхүү эртний мэдрэгчээс хүний нүд болтлоо хөгжиж бүрэлдсэн зам нь хэдийгээр урт, бартаатай боловч олон сая жилийн хугацаанд алхам алхмаар тэрхүү урт замыг туулах боломжтой байв. Нүд өөр хоорондоо ялгаатай олон хэсгээс бүрддэг учир ийнхүү урт удаан хугацаанд хувьсан өөрчлөгдөх боломжтой. Хөгжлийн хэдэн үе тутамд жижиг мутацийн өөрчлөлт гарсан, тухайлбал нүдний салслаг бүрхэвч бага зэрэг мурийсан гэж үзье. Тэгвэл олон сая жил өнгөрсний дараа энэ бүх өөрчлөлт нийлж нэгдсэний үр дүнд хүний нүдийг бүрэлдүүлж болно. Хэрэв олон хэсгээс бүрэлдээгүй цогц нэг цул биет бол байгалийн шалгарлаар огтхон ч хувьсаж өөрчлөгдөх боломжгүй. Тийм учраас л хувьслын онол хүн сүнстэй гэх санааг хүлээн зөвшөөрдөггүй; үгүйдээ л бид “сүнс” гэж ямар нэг хуваагдашгүй, өөрчлөгдөшгүй, үүрд мөнхийн зүйлийг хэлж буй бол хүн яагаад ч сүнстэй байж таарахгүй ажээ. Ийм зүйл (сүнс) алхам алхмаар хувьсан бий болсон байх боломжгүй.
Нүд олон хэсгээс бүрддэг учир байгалийн шалгарлын ачаар хүний нүд үүсэх боломжтой байж. Гэтэл сүнс олон хэсгээс бүрддэггүй. Хэрэв сапиенсын сүнс эректусын сүнснээс алхам алхмаар хувьсаж үүссэн гэвэл яг ямар алхмаар хувьсаж хөгжсөн хэрэг вэ? Сүнсний зарим хэсэг эректусын үеийнхээс сапиенсын үед илүү хөгжсөн гэж үү? Гэвч сүнсэнд бүрэлдэхүүн хэсэг гэж байхгүй шүү дээ. Хүний сүнс хувьсаж хөгжөөгүй, нэг нартай өдөр гэнэтхэн гэрэл цацруулаад гарч ирсэн гэж та маргалдаж болох юм. Тэгвэл тэр нартай өдөр нь яг хэзээ тохиосон юм бэ? Бид хүн төрөлхтний хувьслын түүхийг нарийн ажиглавал хэдийд ийм өдөр байсныг олж чадахгүй ичгэвтэр байдалд орох болов уу. Урьд өмнө оршиж байсан хүн бүр эр бэлгийн эс эм бэлгийн өндгөн эстэй нийлс- ний үр дүнд үүсжээ. Хамгийн анхны нярай сүнстэй байсан гэж бодъё. Тэрхүү нярай аав ээжтэйгээ маш төстэй ч эцэг эхээсээ ялгаатайгаар сүнстэй байсан гэж үзье. Хүүхдийн нүдний салст бүрхэвч эцэг эхийнхээсээ бага зэрэг илүү дугуйрсан хэлбэртэй төрсөн бол бид биологийн мэдлэгийнхээ ачаар үүний уч- рыг тайлбарлаж чадна. Аль нэг гений мутацийн багахан өөрчлөлт ийм нөлөө үзүүлж болно. Харин нярай хүүхэд эцэг эхэд нь огт байгаагүй сүнсийг агуулан төрсний учрыг тайлбарлахад бидний биологийн мэдлэг огт хүрэлцэхгүй. Аливаа амьтанд бүх хувьсал өөрчлөлт, тэр байтугай үхлийг ч эсэргүүцэх мөн чанарыг өгөхөд нэг мутаци, за бүр хэд хэдэн мутаци хангалттай гэж үү? Эндээс үзвэл, сүнс оршин байдаг гэх үзэл санаа хувьслын онолтой зөрчилдөж байгаа юм. Хувьсал гэдэг бол өөрчлөлт бөгөөд хувьслын ачаар мөнхийн биет зүйл үүсэх боломжгүй. Хувьслын онолын үүднээс үзвэл хүний мөн ча- нарт хамгийн дөхөх зүйл бол бидний ДНХ юм. Гэхдээ ДНХ-ийн молекул нь мөнхийн зүйл гэхээс илүүтэй мутацийн хөшүүрэг билээ. Сүнснээс татгалзахаас илүүтэй хувьслын онолыг няцаахыг чухалчилдаг маш олон хүн энэ л дүгнэлтээс жигтэй их айдаг ажээ...
Юваль Ной Харари "Homo Deus: Маргаашийн товч түүх" номын хэсгээс
СЭТГЭГДЭЛ