Нью-Йорк Таймс сонины бестселлэр “Зааны тухай бүү бод!” номыг энэ оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монсудар хэвлэлийн газар ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн дэмжлэгтэйгээр уншигчдын хүртээл болгосон билээ.

Улс төрийн маргаан мэтгэлцээн гэдэг үг яриагаараа сонгогчдын оюун санаа, зүрх сэтгэлийг өөртөө байлдан дагуулж эхлэх үед л жинхэнэ утгаараа хэрэгждэг аж. Санаа бодлоо зөв ойлгуулж, амжилттай харилцах нь улс төрийн үйл хэргийн амин сүнс. Үүний тулд өөрсдийгөө тэдний байр суурин дээр тавьж ямар үнэт зүйлстэй, ертөнцийг ямар өнцгөөс харж байна вэ гэдгийг мэдэх шаардлагатай юм. Энэ үйл явцыг “Зааны тухай бүү бод!” номын зохиогч, хэл шинжээч, философич Жорж Лейкофф “харах хүрээ” хэмээн тайлбарлажээ.

Тиймээс сонгогчдын харах хүрээг мэдэж аван, түүнд нь тохирсон мессежийг өгч чадсан хүн л улс төрийн харилцаан дээр амжилттай явах боломжтойг уг ном өгүүлнэ. Үүнээс гадна АНУ-ын улс төрийн амьдрал, нийгмийн чухал асуудлууыг дэлгэрэнгүй тайлбарлаж, тэр болгон дээр дүн шинжилгээ хийсэн нь уг номыг улам сонирхолтой болгож чадсан юм.  

Хэвлэгдэн гарсан даруйдаа АНУ-д олны анхаарлыг ихэд татаж, унших ёстой номын жагсаалтад зүй ёсоор орсон “Зааны тухай бүү бод!” номоос онцлох эшлэлүүдийг хүргэж байна.



🕮 Харах хүрээ гэдэг бол бидний хорвоо ертөнцийг харах байдлыг хэлбэржүүлж буй оюун ухааны бүтэц юм.


🕮 Би танд “Зааны тухай бүү бод!” гэж хэлбэл та зааны тухай бодох болно.


🕮 Харах хүрээг үгүйсгэх нь тухайн харах хүрээг идэвхжүүлээд зогсохгүй харах хүрээ хэдий чинээ их идэвхэжнэ төдий чинээ бэхэждэг. Улс төрийн илтгэл ярианд үүнээс авах сургамж нь тодорхой: Та хэн нэгнийг эсэргүүцэн тэдний хэл, тэдний харах хүрээг ашиглан маргалдвал, таны яриаг сонсож буй хүмүүст эсэргүүцэж буй талынхаа харах хүрээг бэхжүүлж, өөрийн үзэл бодлоо хорлосон хэрэг болно.


🕮 Энэхүү зарчмыг Ричард Никсон Уотергейтийн хэргийн үеэр зурагтаар ард олонд хандаж үг хэлэх үедээ тун таагүйхэн байдлаар олж мэдсэн бөгөөд энэ туршлага нь түүнд хатуухан сургамж болжээ. Никсон зурагтаар ард иргэддээ хандаж ярихдаа, “Би гэмт хэрэгтэн биш” хэмээсэн нь хүн бүрд “тэр яах аргагүй гэмт хэрэгтэн юм байна” гэсэн бодол төрүүлсэн түүхтэй.


🕮 Энэ сургамжит явдлаас бид “ярианыхаа харах хүрээг тодорхойлох” гэх ухагдахууны үндсэн зарчмыг ойлгож авлаа. Хэн нэгэнтэй маргах үедээ тухайн сөргөлдөгч талын үг хэллэгийг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.


🕮 Миний дараагийн зөвлөгөө энэ:

  • Бие биеэ давах гэж хашхиралдаж бархиралдахаас зайлсхий. Радикал барууны үзэлтнүүд соёлын дайн хүсдэг бөгөөд хашхиралдаж бархиралдах нь яг тэр соёлын дайны ярианы хэл юм. Эелдэг намдуу яриа бол халамжлагч моралын ярианы хэл. Яриа аядуу зөөлөн болсон нөхцөлд та ялна. Харин хашхиралдаад бархиралдаад эхэлбэл тэд ялна.
  • Та моралын хувьд байж тэсэмгүй болтлоо уурлавал яах вэ? Та угаасаа тэгж уурлах учиртай. Гэхдээ үүнийгээ хяналттайгаар харуул. Хяналтаа алдвал тэд ялна. 
  • Тайван бай. Тайван байх нь юуны тухай ярьж байгаагаа мэдэж байгааг тань илтгэнэ.
  • Хөгжилтэй, хошин бай. Зөв хошигнол нь таны уурлаж цухалдаагүй, тухтай байгааг харуулна.
  • Үзэл бодлоо хамгаал. Хэзээд дайрч довтол. Хамгаалалтын байрлал руу бүү шилж. Дуугаа нэгэн хэмээр байлга. Улиглаж, гомдоллох хэрэггүй. Биеийн хөдөлгөөн, дууны өнгө тань өөдрөг үзлийг харуулах учиртай. Хохирогч шиг загнаж хэзээ ч болохгүй. Хяналтаа огт алдалгүйгээр эрч хүчтэй итгэлтэйгээр санаагаа хэл. Мэдэгдэл хэлэхдээ дуугаа өндөрсгөх гэх мэт сул доройг илтгэх хэл яриа хэрэглэхээс зайлсхий. 
  • Шударга, чин сэтгэлээсээ ханд. Өөрийн чин сэтгэлээсээ итгэдэг, үнэлж дээдэлдэг үнэт зүйлст тань тулгуурласан харах хүрээг ашигла.
  • Биеэ авч явахдаа хүчтэй гэдгээ, тайван гэдгээ, хяналтаа алдаагүй гэдгээ харуул. Түүнчлэн ухамсарлах чадвартайгаа, бодит байдлыг сайн ойлгож мэддэгээ, эх орондоо хайртайгаа, энгийн баримтуудыг мэдэхээ, илүү давуу биш харин эрх тэгш байдлаар хандаж байгаагаа харуул. Үгүйдээ л үзэгчид тань танд хүндэтгэлтэй хандах учиртай; санал нийлэхгүй хэдий ч хүндэтгэж хандах учиртай хүн гэж таныг үзэх ёстой.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/