Бяцхан Антуанаас “Бяцхан хунтайж”

Зохиолч Антуан де Сент-Экзюпери 1900 онд Францын Лион хотноо төрж, 4 насандаа аавыгаа алджээ. Ээжийнхээ хайр энэрэлд аз жаргалтай хүүхэд насыг өнгөрөөв. Сурлагадаа тааруу бяцхан Антуан багаасаа л онгоцоор нисэх сонирхолтой байсан гэдэг. Усан онгоцны офицер болох шалгалтад хоёр удаа унасан тул 21 насандаа цэргийн алба хаав. Тэндээ нисэх онгоцны механикч мэргэжилд сурж сая л нэг мөрөөдөлдөө хүрэх нь тэр. Ингээд онгоцны нисгэгч болж олон газар үзэж, адал явдалт амьдрал амсаж явахдаа түүнийхээ тухай романууд бичиж эхэлжээ. 1935 онд Парисаас Сайгон хот руу нисэж явах замдаа Сахарын цөлд онгоц нь осолдов. Ингээд идэх хоолгүй, уух усгүй элсэн цөлд цөхөрч явлаа. Харин нутгийн иргэд болох тэмээ унасан нүүдэлчид түүний амийг аварч олон сар асарч торджээ. 

Энэ явдал түүний сэтгэлд маш том цохилт, ухаарал өгсөн гэдэг. Хүн мөс чанар, бусдыг хайрлах хайр, үнэнч нөхөрлөл, амьдралын утга учир, нүүдэлчин ардын цайлган сайхан сэтгэлийг яс махандаа шингэтэл ойлгожээ. Ингэж л түүний "Бяцхан хунтайж" (Фр. Le Petit Prince) номоо бичих үндэс суурь тавигдсан юм. Мөн мартагдашгүй гайхалтай хүүхэд насаа дурсан санаж дээрх бүтээлээ гэнэн цайлган хүүхдээр илэрхийлэн бичжээ.

“Бяцхан хунтайж” өгүүлрүүн

Сент-Экзюпери өөрийн дүрээ зохиолдоо оруулсан бөгөөд тэрээр нислэг хийж яваад Сахарын цөлд осолдож байгаагаар эхэлдэг. Ингээд эвдэрсэн онгоцоо янзалж байх зуур Бяцхан хунтайж хэмээх шаргал үстэй, сониуч гэмээр нэгэн хүүтэй тааралдана. Бяцхан хунтайж түүнээс хонь зурж өгөхийг гуйх бөгөөд гэнэн цайлган хүүхдийн асуудаг олон асуултууд асууна. Тэрээр онгоцоо засах гээд эхэндээ түүнийг тоохгүй байлаа. Харин хэсэг хугацааны дараа тэд дотносож, хүү түүнд өөрийн жижиг гарагаасаа дэлхий дээр хэрхэн мөн яах гэж ирсэн тухайгаа хүүрнэн өгүүлнэ.

Романы гол баатар Бяцхан хунтайж нь нэгэн жижиг гараг дээр амьдардаг бөгөөд тэнд нь сарнай цэцгээс өөр амьд биет үгүй аж. Ингээд төрөлх "нутгаа" орхин олон гараг эрхсээр аялж, амьдралын утга учир, хүн чанар, ухаарал, хайр, төлөвшил зэргийг олох гэж ирснээр дүрслэгджээ. Тэрээр дэлхий дээр ирэхээс өмнө, олон гарагаар аялж олон хүмүүстэй учирна, ярилцана, асууна бас дахин асууна. Эцэс сүүлд нь дэлхий дээр ирж тэнд л зорилгоо биелүүлнэ. Аяллынхаа явцад тэрээр үнэгтэй тааралдах бөгөөд үнэг түүнд ухаарлын болон амьдралын сургаал хайрлах аж.

Харин Бяцхан хунтайжийн үнэгтэй тааралдаж буй хэсэг маш чухал хэсэг юм. Учир нь үнэг түүнд хүн чанар, хүнийг хайрлах, үнэнч нөхөрлөлийн талаар сургаал айлдана. Нийгмийн ихэнх хувийг эзлэх том хүмүүс хүн чанараа алдсан, эдийн шуналд автсан, ашиг хонжоо хөөсөн гэдгийг харуулж харин хээр талд, элсэн цөлд, эрх дураараа амьдарч, эдийн шуналт автаагүй, байгаль дэлхийгээ хайрладаг нүүдэлчин хүмүүсээсээc хүн чанар, сайхан сэтгэл цацарч байдгийг элсний ширхэг мэт нарийн тусгажээ. Сент-Экзюпериг Сахарын цөлөөс амийг нь аварч, асарч тордсон нүүдэлчин иргэдийг үнэгээр илэрхийлсэн гэмээр. Бяцхан хунтайжийн аяллын явцад тааралдсан хүн болгон том хүмүүсийн өөр өөр зан араншинг харуулдаг гэмээр. Тэрээр том хүмүүсийн боогдмол, нэг л төрлийн болoхыг гайхдаг. Бас томчуудаар зураг зуруулж, түүнийгээ тайлбарлуулж, асуулт тавихад цаадуул нь шинэ соргог зүйл сэтгэж чадахаа больчихсон, шуналт хүсэлдээ захирагдан хойрго уйтгартай гэдгээ харуулдаг. Бяцхан хунтайж том хүмүүс яагаад зөвхөн өөр өөртэйгөө зууралдаж, хэрэггүй зүйлийн төлөө цаг үрж, хорвоогийн чухал зүйлсийг харахгүй байна вэ гэдэгт гайхдаг гэмээр.

Номын агуулга руу буцаж оръё. Бяцхан хунтайж аяллынхаа явцад ухаан сууна, төлөвшинө, зөв бурууг ялгаж сурна, өөрчлөгдөнө, орхиж явсан сарнай цэцгээ хамгийн нандин эрдэнэ байсныг мөн хайртай хүнтэй байх, үнэнч анд нөхөртэй байх нь энэ амьдралын хамгийн чухал зүйл гэдгийг ухаардаг нь гайхалтай. Эцэст нь уншигчдын санаанд оромгүй эргүүлэг гарч ирдэг нь бүр гайхалтай..

Сент-Экзюпериг Бяцхан хунтайжийнх нь хамтаар төрөлх Лион хотын төв цэгт ийнхүү мөнхөлжээ.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/