“Иван Ильичийн амьдралын өнгөрсөн түүх намтар хамгийн эгэл жирийн, бас хамгийн аймшигтай байсан билээ”.


Өдгөөгөөс гуравхан жилийн өмнө Англи, Америкийн амьд сэрүүн буй алдартай 125 зохиолчийн дунд XIX, XX зууны шилдэг 10 зохиол, бүх цаг үеийн шилдэг 10 зохиолч шалгаруулах санал асуулга болж өнгөрсөн. Энд ХХ зууны шилдэг бүтээлээр Набаковын Лолита тодорсон бол XIX зууны шилдэг бүтээлээр Лев Толстойн Анна Каренина тодорч, мөн түүний Дайн ба Энх нь 3-рт шалгарсан төдийгүй түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиолч мөн хэмээн санал өгсөн байдаг.

Мэдээж “Бүх цаг үеийн шилдэг” гэсэн тодотголтой ном зохиол шалгаруулах олон арга хэмжээ зохиогддог ч эдгээр жагсаалт дунд Анна Каренина, Дайн ба Энх романууд орохгүй өнгөрсөн удаа үгүй. Тийм ч учраас реалист уран зохиолын ноён оргил гэж тооцогддог Лев Толстойг бид чухам энэ хоёр бүтээлээр нь сайн таних билээ. Гэвч түүний уран бүтээлийн асар их баялаг сангаас бид ердөө хоёрхон бүтээлтэй танилцсан нь чамлалтай хэрэг.

Ерөөс манай уншигчид аливаа зохиол бүтээлд өөрийн гэсэн үзэл дүгнэлт, шүүлт шалгуургүйгээр нийт массыг дагадаг. Ямар зохиол шилдэг сайн гэгдэж байна түүнийг л автоматаар хүлээн зөвшөөрч уншдаг энэхүү өрөөсгөл хандлага нь манай уншигчдын мэлмийг нэг ёсондоо халхалж байгаа юм. Энэ ч үүднээсээ уншигчид дэлхийн том том зохиолчдын зөвхөн нэрд гарсан бүтээлүүдийг л уншдаг. Дэлхийн хэмжээнд зөвхөн том том роман эсвэл жүжгийн зохиолуудыг ярьдаг. Харин түүний цаана уран зохиолын нэлээд даацтай бүтээл болж чадахуйц богино хэмжээний бүтээлүүд орхигдож байдаг. Тэгвэл энэхүү оюуны шархыг нөхөхөд хувь нэмрээ оруулах үүднээс “Монсудар” хэвлэлийн газар Лев Толстойн “Иван Ильичийн үхэл” хэмээх суут бүтээлтэй танилцах боломжийг уншигч түмэнд олгож байгаа юм.

“Иван Ильичийн үхэл” хэмээх энэхүү туужид шүүхийн танхимын тэргүүлэгч гишүүн Иван Ильич онош нь тодорхойгүй өвчинд нэрвэгдэн, зовж тарчлан хэвтэхдээ өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодож буй тухай өгүүлнэ.

Өнгөцхөн харахад түүний амьдралд харамсах зүйл үгүй мэт. Тэр шүүхийн байгууллагад цалин сайтай, өндөр албан тушаал хашиж, алдар нэртэй хүмүүсээр хүрээлүүлж, бусдын л адил гэр бүлийн амьдрал зохион тансаг сайхан байшинд амьдарч, хэний ч хувь заяаг шийдэж чадах эрх мэдэл өөрт нь байгааг бодон баясаж, амьдралдаа сэтгэл хангалуун явдаг байлаа. Гэтэл үхэл гэгч хаалгыг нь тогшиход тэрээр амьдралынхаа “үнэн”-тэй нүүр тулна.

Тэрбээр үхэлтэй тэмцэх гурван сарын хугацаандаа эхлээд түүнээс айн зугтаж, дараа нь нүүр тулан уулзаж, эцэст нь хүлээн зөвшөөрөхдөө өөрийг нь бүчин хүрээлсэн худал хуурмаг бүхнийг анх удаагаа нэвт шувт харж, туулж өнгөрүүлсэн амьдралдаа харамсавч нэгэнт оройтжээ.

Иван Ильичийг нас нөгчсөн тухай сонсоод түүнийг жинхэнэ андын ёсоор хайрладаг байсан гэх ажлын найз нөхөд нь уй гашуу болохоосоо урьтаж түүний албан тушаалд хэн томилогдох бол хэмээн бодож, насаараа ханилсан эхнэр нь түүний эд хөрөнгөнөөс өөрт нь юу оногдож болох тухай санааширч байгаагаас “үхэл” гэгч хүний мөн чанарыг тодоос тод харуулдгийн нэгэн илрэл буюу.

Энэ бол үхлийн тухай бас үнэний тухай, утга учир, агуулгатай амьдрах тухай зохиол юм. Бусдын үхэл бусдынхаараа л дуусдаг орчлонд хүний үхлийг хүнд мэдрүүлсэн зохиол бол Иван Ильичийн үхэл мөн.

Алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский өөрийн өдрийн тэмдэглэлдээ уг туужийг уншсан тухайгаа 1886 оны долоодугаар сарын 12-нд ингэж бичжээ.

“Би <<Иван Ильичийн үхэл>> туужийг уншлаа. Хэзээ нэг цагт, хаа нэг газарт байсан уран бүтээлч зохиолчдоос хамгийн агуу нь Л.Н.Толстой мөнөөс мөн гэдэгт би одоо хэзээ хэзээнээс итгэл төгс боллоо. Хүн төрөлхтөнд Европын өгсөн агуу болгоныг гаргаж тавих тэр цагт орос хүн толгой гудайлган ичихгүй байхад ганц энэ зохиолч л хангалттай”.

Иван Ильичийн үхэл ганцхан түүний үхэл биш ажээ. Энэ бол уншигч бүрийнх нь үхэл. Уншигч бүрийн зовлон, уншигч бүрийн үхэл мэт бодит мэдрэмж мөн. Энэ утгаар нь уг туужийг “Үгийн хамгийн агуу урлаачаас ч олоход бэрх гүн гүнзгий реализм, нэмэр хачиргүй үнэний үлгэр жишээ” гэж В.П.Буренин тодорхойлсон байна. Лев Толстой энэ туужаараа үхэл, үнэн хоёрыг уншигчидтай улаан нүүрээр нь ямар ч нэмэр хачир, чимэг зүүлтгүй энгүүнээр халз мөргөлдүүлж чадаж. Мөн хүмүүний мөн чанарыг тунгалаг Хүмүүс хэчнээн хуурамч, хэчнээн өчүүхэн болохыг мөн амьдрал хэчнээн энгүүн хэрнээ энэрэлгүй болохыг та эндээс харах болно.

Үнэндээ хүн үхлийн өмнө үхлээс бус “үнэн”-ээс л айх аж. Өнгөрүүлсэн амьдрал нь утга учиргүй байх вий, шударга бус байх вий, амьдралд хууртагдсан байх вий, эцэс төгсгөлгүй худал дунд “худал” амьдарсан байх вий. Тэгээд эцэст нь үхэл гэгч гарцаагүй ирчихсэн нь үнэн байх вий гэх амьдралынхаа эцсийн шүүлтийн өмнөх “үнэн”-үүдээс л айх...

Айдас,тулгамдал, шаналан, эргэлзээ...Итгэл найдвар, горьдлого, хоргодол...Эцэст нь тайтгарал амсхийлт, үнэн...Энэ бол үхэл, Иван Ильичийн үхэл. Шаналангаас зүүгдсэн итгэл найдвар, түүнд эргэцэх горьдлого, амьдралд хоргодсон амь. Бүдэгхэн ч гэлээ горьдлого найдвар сүүдэгнэх тусам “үнэн гэж үү...” гэх айдас нөмөрнө. Эцсээ хүртэл зүүгдэнэ. Эцсээ хүртэл зовно. Тэгээд унана, сэтгэл шулуудна. Дахиад хоргодно, горьдоно, эргэлзэнэ. Аймшигтай ажээ. Гэвч үхэл өөрөө аймшигтай биш үхэж буй хүн хэн байсан бэ, гэдгээс ямар байх нь шалтгаалах шиг .

Эндээс л ерөөс үхэл гэгч аймшигтай биш, үхэж буй хүн хэн байсан бэ, хэрхэн яаж амьдарсан бэ гэдэг л амьдралын эцэст аймшигтай байдаг гэдгийг харах болно. Туужийн гол баатар Иван Ильич өөрийн амьдралаа бусдын аяст тааруулж, өөртөө биш хүмүүст зориулж амьдарчээ. Түүнийг хүмүүс бас амьдрал, бүр өөрөө өөрийгөө хуурсан хуурамч амьдрал дунд нэг насаа өнгөрүүлсэн аймшигт үнэнтэй үхлийн өмнө нүүр тулна. Түүнийг өвчин нь биш гагцхүү энэ үнэн л тарчлаан зовоох аж. Хүний амьдралын ийм л нүцгэн үнэнийг Лев Толстой энэхүү туужаараа өгүүлсэн байна. Нэг л олдох амьдрал юм чинь дээ...

Иван Ильичүүд цөөхөн байг ээ! орчлонд.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/