Л.Н.Толстойн томоохон бүтээлийн товчоон

  • “Бага нас”1852, Гол дүр Николенкагийн бага насыг энэхүү гурвал романы эхний хэсэгт дүрслэн харуулсан.

  • “Өсвөр нас”1854, Романы хоёр дахь хэсэг нь Николенкагийн өсвөр нас, амьдралын утга учрыг хайсан ээдрээтэй олон асуултуудын тухай өгүүлнэ.

  • “Залуу үе” 1857, Романы гурав дахь хэсэгт язгууртан Николенкагийн нийгэмд байр эзлэх гэж эрмэлзэж өөрийн гэсэн зорилт тавьж байгаа талаар гарна.

  • “Дайн ба Энх” 1868, Энэ романд XIXзууны оросын язгууртнууд, Наполеоны дайны үеийн гурван гэр бүлийн амьдралыг харуулдаг.

  • “Анна Каренина” 1875-77, Эр нөхрөөсөө хайр сэтгэлийн аз жаргалыг амсаагүй Анна Каренина гүн Вронскийд дурлаж, гэр бүлээ сарниулдаг төдийгүй эргэн тойрныхон нь өөрийг нь үзэн ядаж буйг тэвчиж чадалгүй амиа хорлодог эмгэнэлт хувь заяаг гаргажээ.

  • “Миний наминчлал” 1884, Амьдралын утга учрыг олох гэсэн зохиолчийн эрмэлзэл, тухайн үеийн улс төр, шашны эсрэг ёс суртахууны үзэл бодлууд нь “христийн улс төрийн хүч болон нийгмийн дарамтгүй амьдрал”-ыг үүсгэх үзэлд хүргэсэн тухай өгүүлнэ.

  • “Иван Ильичийн үхэл”1886, Энэхүү туужид утга учиргүй амьдралаасаа залхаж үхэхээр зэхэж буй, эргэн тойрныхоо хүмүүсийг бузар муугаар хуурч мэхэлж байгаа хуучимсаг үзэлтэй хүнийг харуулжээ. Зохиолд үхлийг уран сайхны аргаар харуулдаг.

  • “Загалмайт сонат” 1891, Туужид Василий Постнишевийн эхнэрээ хөнөөсөн хэрэгт холбогдсон түүхийг өгүүлжээ. Тэрээр өөрөө эл түүхээ галт тэргэнд хамт сууж явсан зорчигчид итгэн ярьж, хайр сэтгэлийн сүүдэртэй талыг өгүүлдгээрээ өөрийгөө өмөөрөх гэж оролдоно.

  • “Сэхээрэлт”1899, Энэ роман хүний амины хэргээр Сибирьт цөллөгдсөн янхан эмэгтэй Масловагийн хувь тавилан, түүнтэй харилцаатай байсныхаа улмаас өөрийгөө бас буруутайд тооцож буй Нехлюдовын түхай юм. Масловаг аврах гэж яваад өдий хүртэл эзэлж ирсэн амьдралын байр сууриа орхиж, ёс суртхууны хувьд “дахин төрдөг”.

АННА КАРЕНИНА

1873-77 онд туурвисан “Анна Каренина” роман зохиолчийн алдрыг дэлхийд өргөсөн “Дайн ба Энх”-ийн дараа орох хоёр дахь том бүтээл юм.

Анна Каренинагийн дүрээр нийгмийн анги давхарга, боловсрол, эмэгтэйчүүдийн эрх зэрэг 19-р зууны сүүлийн хагаст Орос оронд нүүрлэсэн олон асуудлыг зохиолч өөрийн улс төрийн итгэл үнэмшилд тулгуурлан хөндөж уншигчдын хэлэлцүүлэгт өргөсөн байдаг. Номын дүрүүд, тэдгээрийн сэтгэл зүйн торгон мэдрэмж, хоорондын зөрөлдөөнийг нь нарийвчлан харуулах замаар тухайн үеийн Орос оронд баримталж байсан үзэл бодол, нөхцөл байдлын хүлээсүүдийг хүний нийгмийн сайн, муу аль аль талаас нь хөндсөн учир гялалзсан амжилт авчирчээ.

3охиолд гурван гэр бүлийн ээдрээтэй түүхийг харуулна. Анна Каренинагийн хайр сэтгэлийн эмгэнэлт хувь заяа гол хэсгийг бүрдүүлнэ. Аннагийн ах Степан Облонский эхнэр Дарья /Долли/ болон олон хүүхэдтэйгээ амьдардаг хэрнээ өөр эмэгтэйтэй хайр сэтгэлийн учир ургуулсан байв. Облонскийн найз Константин Левиний амьдрал бас гарах бөгөөд Доллигийн дүү Катерина /Китти/-д хайртай бөгөөд Москвад очихдоо түүнд хайртай өөр нэг өрсөлдөгч гарч ирснийг олж мэднэ. Тэр нь Петрбургийн залуу офицер гүн Вронский байв. Гаднаа гоёмсог харагдах Вронский бол дотоод сэтгэлээ хүнд нээдэггүй нууцлаг дүр юм. Киттигийн ээж Левиний амьдрал байдлыг хараад эсрэг байр суурь баримтлан охиндоо нөлөөлнө. Китти хэдийгээр Левинд хайртай байсан ч Вронскийд дурлахад энэ нь нөлөөлдөг.

Анна Москвад ахындаа Вронскийтой тааралдаад хараад л дурладаг. Вронский ч үзэсгэлэнт хүүхэн Аннад татагдана. Анна яаравчлан Петрбург буцаж нөхөр Алексейтэйгээ хамт үлдэхээр шийднэ. Аннагийн нөхөр Каренин ноён хүйтэн хөндий нэгэн бөгөөд хайр сэтгэл амсаагүй тэрээр аз жаргалгүй шаналж явдгийг Вронский олж мэднэ. Удалгүй тэр хоёр уулзах болсноор тэдний хайр сэтгэлийн түүх эхэлж, Анна ч үүнийгээ гадна хүрээллээс нуулгүй ил явалдана. Нөхөр Алексей нь энэ тухай мэдсэнээр байдал хурцадна.

Алексей Каренин бол нэр төрөө дээдэлж, ёс заншил, шашин уламжлалаа ягштал баримталдаг чанга хүн тул эхнэртээ гэр бүлээ цуцлах зөвшөөрөл өгдөггүй. Вронский ч Аннагийн нөхөр салахгүй байсан учир бууж өгөхөөр шийднэ. Нэр төр, эд хөрөнгө төдийгүй хайртай ганц хүүгээрээ дэнчин тавин байж, аз жаргалын араас хүсэн тэмүүлсэн Аннад Вронскийн шийдвэрээсээ буцаж байгаа нь өөрийг нь хаяж буй мэт сэтгэгдэл төрүүлснээс гадна хүмүүсийн үзэн ядалттай тулж зовж ганцаардсан тэрээр амиа хорлоно.

Энэ хоёрын хайр сэтгэлийн дэргэд Левиний амьдрал бол өөр түүх юм. Китти эхлээд Вронскийтэй хувь заяагаа холбохоор шийдсэний дараа Левин хөдөө гарч, газрын эзний амьдралаар амьдардаг. Вронский Китти нар хоёр тийшээ болсныг мэдсэн хэдий ч бардам зангаасаа болоод хайртай хүүхнээ буцааж авахаар тэмүүлдэггүй. Удаан хугацааны дараа тэр хоёр дахин уулзалдаад Китти өөрт нь хайртай хэвээр байгааг мэдсэнээр хоёул нийлдэг. Даръя Степан, Анна Вронский нараас ялгаатай нь Левин Китти хоёрын хайр сэтгэл буцаж нийлж байна.

Толстой “Дайн ба Энх” романд Пьер Безуховын дүрээр өөрийгөө харуулсны адил энд бас Левиний дүрээр дамжуулан өөрийнхөө үзэл бодлыг гаргажээ. Левин Безуховын нэгэн адил амьдралын утга учрыг олох гэсэн асуултынхаа хариултыг энгийн амьдрал дундаас олж авдаг.

Г.Флоберийн “Бовари хатагтай” /1856/, Теодор Фонтейний Эффи Бриест /1895/ зэрэг дүртэй харьцуулбал Анна Каренина дэлхийн уран зохиолд гардаг хамгийн алдартай гэр бүлээ сүйрүүлэгчийн дүрээр дурсагдан үлдсэн юм.

Достоевский 1877 онд энэ романы талаар “Зохиолчийн өдрийн тэмдэглэл”-дээ “Европын уран зохиолтой харьцуулшгүй бүтээл” гэж дүгнэсэн байдаг.

Мэдээ бэлтгэсэн Э.Мөнхзагар

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/