Альбер Камю. 1946 он.

ХХ зууны Францын утга зохиолын гол төлөөлөгчдийн нэг, "хамгийн сэтгэл татам философич" гэгддэг Альбер Камюг манай уншигчид "Этгээд хүн" бүтээлээр нь сайн мэдэх билээ. 1942 онд буюу дөнгөж хорин есөн настайдаа "Сизифийн домог" (Le mythe de Sisyphe) хэмээх философийн эсээгээ бичсэн нь олны анхаарлыг ихэд татаж, мөн ондоо анхны роман "Этгээд хүн" (L'Etranger) зохиолоо хэвлүүлсэн нь утга зохиолын ертөнцөд алдаршихад хүргэж, Жан Поль Сартр нэгэнтээ "Экзистенциализмын оргил бүтээл" хэмээн тодорхойлсон байдаг. 

1957 онд 44 насандаа Нобелийн утга зохиолын шагнал гардан авахдаа "Урлаг, утга зохиолын агуулга хэлбэр нь орон зай, цаг хугацаанд үл баригдан, хүн төрөлхтний нийтлэг асуудлыг тусгаж, улмаар нийгмийн амьдралын ямар ч тогтворгүй байдлыг даван туулах чадвартай байх ёстой" хэмээн хэлж олны бишрэлийг төрүүлсэн Камюгийн утга зохиолч, философичийн замналтай танилцуулахаар Монсудар хэвлэлийн газраас шинэчилсэн найруулгатайгаар уншигчдад хүргэж буй “Этгээд хүн” романаас дараах 10 эшлэлийг онцлон хүргэж байна.


1. Бурханд ч, үхлийн дараах амьдралд ч итгэдэггүй хүн энэ хорвоо дээрх оршихуйгаа хэрхэн утга учиртай болгох вэ?


2. Энхийн цагт ч нийгмийн шаардлагад дасан зохицож, дүр эсгэж яваа хүн олон бий.


3. Нартад ганцхан өдөр амьдарсан хүн л шоронд зуун жил ажиггүй сууж чадах юм байна гэдгийг ойлгосон. Тийм хүн эс уйтгарлахын тоо тоймгүй дурсамжтай байх биз.


4. “Өдөр” өвөрмөц шинж, нэрээ гээжээ. Харин “өчигдөр” юм уу, “маргааш” хэмээх үг л миний тухайд утга учраа алдаагүй байна.


5. Танхимд суусан хүмүүс тэр аяараа цочирдохыг мэдрээд, “За, би ч буруутан юм байна даа” гэдгээ анх удаа ойлголоо.



6. “Яг үнэнийг өчихөд, түүнд ямар ч зүрх сэтгэл, ямар ч хүнлэг гэх зүйл алга, улс амьтны зүрх сэтгэлийг гэм согогоос хаацайлдаг ёс суртахууны аль ч зарчим түүнд харш бөлгөө.”


7. Нухацтай цэгнэн бодож, юмыг айвуу тайван авч үзвэл, итгэл найдварын өчүүхэн төдий ч үнэр байдаггүй юм байна гэж мэдлээ.


8. Зүрхээ сонслоо. Насан туршид минь дагалдсан энэ цохилт гэв гэнэт зогсчих юм гэж санаанд ер буухгүй байсан.


9. Гэнэт харанхуй тэнгэрийн хаяа хярхагт уурын тэрэгний яндан орилон дуудах сонсодлоо. Энэ дуун надад нэгэнт хамаагүй болсон ертөнцөд хагацлын дохио мэдүүлж байгаа юм. 


10. Эл ертөнц надтай гойд адилхан, яг л ахан дүүс мэт санагдахуйд би аз жаргалтай явж, одоо ч аз жаргалтай байна хэмээн бодлоо.



СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/