2-3 настай хүүхдийн хэл ярианы хөгжил болон тэдэнд тохирох номын талаар
Ямар ч насны, ямар ч сонирхолтой хүүхдэд тохирсон ном бий. Хамгийн чухал нь эцэг эхчүүд хүүхдэдээ ямар ном тохирох вэ? Ямар ном хүүхдийг хөгжүүлдэг вэ гэдгийг мэдэж сонгох явдал юм. Үүний тулд бид тухайн насныхаа хүүхдийн сэтгэхүй, хэл ярианы хөгжлийг мэддэг байх хэрэгтэй. Доор гаргасан хэл ярианы хөгжил нь ерөнхийлсөн зүйл учир та үүнийг хүүхдэдээ шаардлага болгон тавьж “Манай хүүхэд хоцрогдолтой юм байна” зэрэг урьдчилсан дүгнэлт битгий хийгээрэй.Харин хүүхэд бүрийн хөгжил өөр өөр байдаг гэдгийг санаарай. :)
Хэл ярианы хөгжил
Хоёр настай хүүхдийн хэл яриа ч биш, аливаа зүйлийг сурах үйл явц нь хөдөлгөөнийхөө тусламжтайгаар төлөвшин хөгжиж байдаг. Энэ үед хүүхдийн шинэ үг сурдаг онцгой үе юм. Хоёр гурван үгтэй өгүүлбэр хэлдэг болно. Үгийн сан нь 200-300 үгтэй болж, “зөөлөн хатуу, сайхан ааштай” зэрэг шинж тэмдэг заасан үгс мэддэг болж, захиран хүсэх төлөвийн үгсийг хэлдэг болно. Тэд үйл үгийг ихэнхдээ хувиргахгүйгээр хэрэглэнэ. Өгүүлбэрийн тогтолцоо, хэлний дүрмийн мэдрэмж нь хөгжиж эхэлдэг. Хэлэхэд хэцүү үгсийг дуурайж дуудах гэж хичээнэ. Мөн амьтны дуу авиаг ч дуурайна. Үгийг арай хялбар, сайн дууддаг болсон ч хараахан бүрэн гүйцэт зөв дуудаж сураагүй байдаг. Түүнчлэн адилтгал болон учир шалтгааны холбоосыг ойлгож, түүнийг өөрөө “эмээ ууртай” зэргээр илэрхийлдэг. Зарим хэсэг нь үнэн зарим хэсэг нь зохиомол жижиг түүх ярьдаг болно. Харин та хүүхдийнхээ тэрхүү үлгэр түүхийг өөрөө ярьж байхад нь сайн сонсож байгаарай. Хүүхдүүд ингэж ярихдаа хүсэл мөрөөдөл, үзэж харснаа хэлдэг. Түүнчлэн хэт ургуулан сэтгэх, худал ярих нь ч бий.
Нэмж хэлэхэд хүүхэд 4нас хүртлээ ямар ч төвөггүй 2 хэл сурч чаддаг, Хүний тархинд хийсэн судалгаанаас үзэхэд хэл яриа нь тархинд өөрийн гэсэн хэсгийг үүсгэдэг байна. Энэ хэсэг хэдий чинээ их зайг хамарна төдий чинээ гадаад хэл сурахад хялбар болдог ажээ.
2-3 настай хүүхдэд ямар ном сонгох вэ, хэлбэр хэмжээ болон материал ямар байх хэрэгтэй вэ?
Материал: Амархан урагдаж салахааргүй эдэлгээ сайтай, зузаан картонон хуудастай, цаасан ном бол цаас нь зузаан, хатуу хавтастай, бат бөх оёо наалттай байна.
Хэлбэр хэмжээ: Барьж эргүүлж үзэхэд нь эвтэйхэн жижгэвтэр байх нь тохиромжтой. Түүнчлэн янз бүрийн хэлбэртэй, татаж дарах, хүрч мэдрэх зэргээр үзэж болдог, сонирхол татахуйц байх хэрэгтэй.
Бичвэр: Дараалсан богино өгүүлбэрүүдтэй, бяцхан түүхтэй байвал тохиромжтой. Тэдгээр нь хүүхдэд зугаатай байдгаас гадна үг амархан сурахад нөлөөлнө.
Зураг: Хуудаснуудын зураг хоорондоо уялдаа холбоотой болж, цогц үйл явдал дүрсэлж болно. Гэвч эд зүйлийг хооронд нь уусгаж, зах ялгаа нь харагдахгүй эсвэл давхардуулж зурах нь тохиромжгүй.
Сэдэв: Хоёр настайгаасаа мэдэрч, хамт уншиж, өөрөө оролцож болохуйц жижиг өгүүлэмж, түүхүүд сонирхож эхэлдэг. Үйл явдалтай зурагт номд эд зүйлс, хувцас, тоглоом , хүн амьтан зэргийг амархан ойлгогдохоор нөхцөл байдлаар дүрсэлнэ. Юмс үзэгдэл, амьдралыг тайлбарласан, асуудал шийдэж сургах номууд, болон хүрч мэдэрдэг номууд нь хүүхдийн хөгжил хүмүүжилд нь тустай.
Эх сурвалж:Хамтдаа уншъя
СЭТГЭГДЭЛ