Япон өгүүллэг, тууж (2017)


Уг номд Монголд урьд өмнө нь орчуулагдан хэвлэгдэж байгаагүй, орчуулагдаж байсан боловч одоо худалдаанд байхгүй Япон уран зохиолын сор бүтээлд тооцогддог арван өгүүллэг, туужийг толилуулсан ажээ. Эдгээр зохиолууд нь бичлэг, утга санаагаараа тус бүрийн ялгарах онцлогтойг уншигч авхай түвэггүйхэн мэдэх хэдий биз ээ. олон талт агуулгыг багтааж болдгийн үлгэр жишээг харуулжээ. Тийм дээ ч Кавабата энэхүү зохиолыг “Богино хэлбэрийн зохиолын оргил” хэмээн үнэлсэн нь бий.

Түүнчлэн уран зохиолд тухайн орны сэтгэлгээ, аж амьдралын онцлог зайлшгүй тусдаг. Иймд уг зохиолуудад япон уламжлал, ёс заншил, домгийн сэтгэлгээ, ахуй амьдралын онцлог ихээхэн шингэжээ. Энэ нь монгол уншигчдад зарим талаар уншиж ойлгоход бэрхшээлтэй байх болов уу гэсэн үүднээс аль болох монгол ахуй, сэтгэлгээнд нийцүүлэхийг хичээж, зарим тохиолдолд нийтээр хэрэглэж хэвшсэн үг хэллэг, нэр томьёог ашигласан. Энэхүү бүтээл нь уншигч авгай та бүхэнд япон уран зохиолтой танилцах, лавшруулан шимтэн судлахад бага ч атугай тус дөхөм болно гэдэгт найдаж байна.

Нацүмэ Соосэки (1867 - 1916)


Боччан (1906)


Японы орчин үеийн уран зохиолын үндэс суурийг тавилцсан тэрээр багаасаа хичээл номдоо сайн байсан төдийгүй ялангуяа хятадын сонгодог уран зохиол, англи хэлийг төгс эзэмшжээ. Одоогийн Токиогийн их сургуулийн англи хэл, уран зохиолын сургуулийг төгссөний дараагаар Эхимэ, Кумамото мужуудад ахлах сургуулийн багшаар ажилласан байна. Энэ үеийн туршлага нь Боччан зохиолыг бичихэд их нөлөөлжээ. Хэсэг багшилж байгаад Засгийн газрын тэтгэлгээр Англи руу суралцахаар явжээ. Эх орондоо буцаж ирсний дараагаар тэрээр Токиогийн их сургуульд Английн уран зохиол заах хугацаандаа “Уран зохиолын онол” номоос гадна “Муур миний өчил” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн байна.

1906 онд бичигдсэн Боччан хошин роман, өнөөдөр ч гэсэн Японы сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт багтдаг ажээ. Энэ романд, том хотод багшийн мэргэжлээр суралцсаныхаа дараа хөдөө тосгонд хуваарилагдсан залуу багшийн тухай өгүүлнэ. Тэрээр багшийн ажилдаа төвлөрөхийг хүссэн ч тосгоны сургуулийн багш нарын эрх мэдлийн өрсөлдөөн, эргэн тойрны жигшил зэвүүцлийг няцаан тэмцэхэд хамаг эрч хүчээ зарцуулахаас өөр аргагүйд хүрнэ. Боловсрол гэдэг ердөө мэдлэг түгээхээр хязгаарлагддаггүйг, багш хүн өөрөө ёсзүйн хэм хэмжээнд захирагдахгүй бол түүний заасан мэдлэг ямар ч үнэ цэнгүй болохыг энэ романд харуулжээ.

Энэхүү зохиолд эцэг эх үр хүүхдийн, нийгэм дэх хүчтэй хийгээд хүчгүй хүмүүсийн, хүн болоод хувь тавилангийн, хотынхон болоод хөдөөгийнхний зэрэг олон янзын тэмцлийг зуун хэдхэн хуудсанд гайхалтай сайн өгүүлсэн бөгөөд тэр бүх тэмцэлд байнга оролцож явдаг дүр нь Боччан юм. Түүнчлэн Боччан тууж нь Соосэки дүрс бичлэгийн эрин үеийг зөгнөн харсан юм шиг нүдэнд харагдтал тод томруун дүрслэлээр бичигдсэн зохиол. Яг л кино үзэж буй мэт. Зохиол нь Боччаны нүдээр харж буй кино дүрс шиг л уншигчдад санагдах бөгөөд Боччан ямагт хүүрнэх болно. Гэвч Боччаны овог нэр нь тодорхойгүй, зохиолд тэрээр “Боччан” буюу агь хүү гэсэн утгатай хоч нэрээр л гарах бөгөөд түүнийг ийн дуудах хүн нь ганцхан Киё. Ингээд харахаар энэхүү туужийн нуугдсан гол дүр нь яах аргагүй Киё болж байна. Киё бол бодлогогүй зөрүүд Боччанд эелдэг ааш, сайхан сэтгэл, уян хатан чанарыг хайрлаж, өөрийгөө эргэцүүлэхэд хүргэдэг цорын ганц орон зай төдийгүй түүний аврал нь юм. Нацүмэ Соосэки энэхүү бүтээлээ зуу гаруй жилийн өмнө туурвисан хэдий ч өнөө хэр үнэ цэнээ алдаагүй, уншигчдад шинэ санаа сэдэл өгсөөр байна.


Оэ Кэнзабүро (1935- ) 


"Тэжээмэл"


Зохиолч Оэ Кензабүрогийн дөнгөж хорин гурван насандаа бичсэн Тэжээмэл зохиол нь Японы утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Акүтагавагийн нэрэмжит шагналыг 1958 онд хүртжээ. Энэхүү зохиолд дайны төгсгөл үеийн Япон орны алс бөглүү тосгоны амьдралыг “би” хүүрнэгч болох арваад настай хүүгийн нүдээр харж, дүрслэн өгүүлсэн юм. Монсудар утга зохиол цувралын XVII дэвтэрт Тэжээмэл зохиолоос гадна Оэ Кензабүрогийн Нобелийн шагнал авахдаа уншсан “Хоёрдмол Япон орон бид хоёр” хэмээх илтгэл багтсан билээ.

Өндөр уулсаар хүрээлэгдсэн тосгоныг жижигхэн “хот” маягийн сууринтай холбодог дүүжин гүүр үерийн улмаас нурж сүйдсэнээр бөглүү тосгон гадаад ертөнцөөс бүр мөсөн холбоо тасарна. Гэтэл нэгэн шөнө Америкийн байлдааны онгоц тосгоны ойд унасан нь, хийх ажилгүй гиюүрч байсан хүүхдүүдийн хувьд ёстой л тэнгэрээс од шүүрсэн мэт аз завшаантай хэрэг болдог. Оэ Кэнзабүрогийн бүтээлүүдэд бие махбодын хувьд түгжигдсэн хүн, дөрвөн хананы дундах үйл явдал, бөглүү уулын тосгон, зоорь гэх мэт “хаалттай” орчин ихээр дүрслэгддэг бөгөөд тэжээмэл зохиолын үйл явдал ч мөн ийм л орчинд өрнөдөг. Энэхүү зохиолд хүүхдийн сэтгэл зүйн өөрчлөлт хувиралт, бие хүн болон төлөвших явцыг энгийн амьдралын үйл явдал дунд тун чадварлагаар нээн харуулсан байдаг.


"Хувийн асуудал"

Уг роман 1964 онд анх хэвлэгдэн гарсан даруйдаа Шинчёоша утга зохиолын шагналыг хүртэн, уншигч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Хагас намтарчилсан энэхүү бүтээл нь зохиолчийн бүхий л зохиол, туурвилаас дэлхий даяар хамгийн их алдаршсан нь бөгөөд дэлхийн олон орны хэлнээ хөрвүүлэгджээ. Тус романд 27 настай, сургуульд байхаас нь эхлээд бүгд л Шувуу хэмээн хочлох багш залуугийн амьдралыг өгүүлдэг.

Зохиолч нь энэхүү бүтээлээрээ хүний сэтгэлийн гүн харанхуй  ёроолыг хайр найргүй нээж харуулсан юм. Мөн хагас намтарчилсан хэмээн нэрлэсний учир нь зохиолч Ое Кензабүрогийн хүү нь сэтгэцийн гажигтай байсан бөгөөд зохиол бүтээлд нь түлхэц өгсөн хэдий ч энэхүү романыг зохиолчийн намтар хэмээн үзэх нь өрөөсгөл юм. 1963 онд мэндэлсэн хүү Хикаритай нь холбоотой дотоод зөрчил нь Оэгийн бүтээлүүдэд гол байр суурь эзэлдэг. Энэ тухай бичсэн анхны “Хувийн асуудал” романаас гадна 1969 онд бичсэн “Галзуурлаас биднийг авар”( われらの狂気を生き延びる道を教えよ) болон 1983 онд зохиосон “Сэрцгээ! Шинэ эрин үеийн залуус аа” (新しい人よ眼ざめよ) бүтээлүүддээ сэтгэл өвтгөсөн энэхүү зөрчлийхөө талаар үргэлжлүүлэн бичжээ. 


Казүо Ишигүро (1954 - )


"Намайг бүү явуулаач" (2005)


Казүо Ишигүро 1954 оны 11 дүгээр сарын 8-нд Японы өмнөд хэсгийн томоохон боомт хот Нагасакид төржээ. Түүнийг зургаан настай байхад эцэг нь Британийн Засгийн газрын урилгаар Далай судлалын үндэсний хүрээлэнд ажиллахаар болж, гэр бүлээрээ Лондон руу шилжин суурьшихдаа хүүхдүүдээ авч явжээ. Анхандаа нэг юм уу дээд тал нь хоёр жил ажиллаад буцахаар төлөвлөж очсон тэдний гэр бүл Их Британид суурьшиж, он удаан жил амьдарсан аж. Түүний анхны роман Бүдгэрэн харагдах толгод /A Рale View of Hills -ийг 1982 онд британийн алдартай Faber & Faber хэвлэлийн газар хэвлэн гаргасан бөгөөд үйл явдал нь төрөлх Нагасаки хотод өрнөдөг. Хожмоо дахиад зургаан ч роман бичиж, улмаар 2017 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэнээр оргилдоо хүрэх зохиолчийн агуу замнал ийнхүү эхэлсэн юм.

Зохиолын ертөнц рүү нэвтрэн орох цор ганц үүд хаалга бол Кэтигийн дотоод ертөнц, дурсамж, бодол эргэцүүлэл юм. Энэхүү роман нь Ишигүрогийн бусад бүтээлүүдийн нэгэн адил хүний оршихуйн асуудлыг мөн хөнджээ. Романы баатрууд нь жинхэнэ хүн гэж эс тооцогдох клон байх тусмаа энэ асуудлыг улам ч гүн хөндөж байна. Намайг бүү явуулаач өнөө цагт хүн төрөлхтний өмнө нээгдээд буй биотехнологийн өргөн боломж, нээлтүүдэд бодлогогүй хөнгөн хандаж хэрхэвч болохгүйг Ишигүро ил шулуухан, ой тойнд буутал сануулсан юм.


"Хөвөлзөх ертөнцийн зураач" (1986)


1986 онд бичсэн "Хөвөлзөх ертөнцийн зураач" хэмээх энэхүү ном Ишигүрогийн хоёр дахь роман бөгөөд үйл явдал нь түүний анхны романы нэгэн адил Японд өрнөдөг. Уг бүтээл цаг хугацааны хувьд ч дайны дараах үе буюу 1948 оны аравдугаар сард эхэлж, 1950 оны зургаадугаар сар хүртэлх үеийг харуулах бөгөөд зохиолын гол хүүрнэл одоо цагт шууд өрнөхөөс илүүтэйгээр романы “би” баатар Масүжи Оногийн дурсамжаас бүрддэг. Хөвөлзөх ертөнцийн зураач бол олон талаар Ишигүрог Ишигүро болгосон бүтээл юм. Хүүрнэлийн арга хэлбэрээ эндээс л олж, 1986 онд энэ бүтээл нь Бүүкэрийн шагналын сүүлийн шатад шалгарснаар олонд анх танигджээ.

Масүжи Оно бол Японд нэлээд нэр хүнд олсон, уран бүтээлчийн хүсэл тэмүүлэлтэй зураач хүн юм. Тэрээр залуу насандаа олноо танигдаж, шилдэг мастеруудаар заалган сурч боловсорсныхоо дараа 1930-аад оны үеэс эхлэн уран бүтээлээрээ Японы эзлэн түрэмгийлэх бодлогод үйлчлэх болж, асар богино хугацааны дотор нийгэмдээ ихээхэн нэр нөлөөтэй болно. Эцэстээ “Эх оронч бус үйлдэлтэй тэмцэх” газарт мэдээлэгчээр ажиллаж, Төрийн цагдаагийн газарт нөлөөтэй болсноор ганц үг хэлэхэд л сэжиг бүхий улс төрийн үзэл баримтлалтай уран бүтээлчдийг торны цаана суулгаж чадахуйц хэмжээнд хүрдэг. Гэвч цаг цагаараа байсангүй. Япон улс дайнд ялагдаж, Эзэн хаант империалист дэглэмд үнэнч байх нь нэгэн цагт Оногийн байр суурийг өргөж байсан бол, одоо харин нийгмийн шившиг, гай хөө болж хувирна. Дайны үед Оногийн эхнэр Мичико дэлбэрэлтэд өртөн нас барж, цэрэгт явсан хүү Кэнжи нь тулааны талбарт амиа алдана. Харин хоёр охин нь эсэн мэнд гарах хэдий ч эцгийнх нь улс төрийн намтрын улмаас бага охин Норико нөхөрт гарахад хүндрэлтэй болж хувирдаг. Нориког гэрлүүлэхээр сайтар бодож төлөвлөсөн анхны оролдлого бүтэлгүйтсэн цаад шалтгаан нь эцэг Масүжи Оногийн хаант засгийн уран бүтээлч явсантай холбоотой нь илэрхий харагдана. Эцэст нь Оно туулж ирсэн замаа шүүмжлэлтэйгээр харж, алдаж эндэж явсан гэдгээ хүлээн зөвшөөрч чадах болов уу?

 

"Өдрөөс үлдсэн зүйл" (1989)


Казүо Ишигүрогийн хамгийн алдартай, "Бүүкэрийн шагнал"-т Өдрөөс үлдсэн зүйл роман 1989 онд анх Их Британи улсад хэвлэгдэн гарчээ. Хожим 1993 онд энэхүү зохиолоор дэлгэцийн уран бүтээл хийж, гол дүрийг Энтони Хопкинс бүтээсэн нь Оскарын наадамд 8 төрлөөр нэр дэвшин, кино урлагийн сонгодгуудын нэгд тооцогдох болсон аж. Нобелийн шагналт Их Британий зохиолч Ишигүрогийн романууд өдгөө дэлхий дахинаа 40 гаруй хэлээр орчуулагдсан байдаг. Зохиолд анхандаа нөлөө бүхий язгууртан лорд Дарлингтоны эзэмшилд байгаад, сүүлд нь дэлхийн хоёрдугаар дайны дараа чинээлэг америк бизнесмен Фаррадейгийн мэдэлд очсон Дарлингтон Шилтгээн эдлэнгийн албандаа туйлын үнэнч шаргуу зүтгэдэг даамал Стивенс болон түүний аж амьдрал, ажил төрлийн тухай голлон өгүүлнэ.

“Өдрөөс үлдсэн зүйл” романы хувьд энэхүү зугуухан хүч нэмэх хүүрнэлүүд, хүүрнэл хоорондын шилжилтүүд хамгаас чухал. Гэм зэмгүй мэт харагдах шилтгээний амьдралд үхэл, өөрчлөлт, шаналал ар араасаа хөвөрсөөр... Эзэн, үйлчлэгч хоёрын цагийг элээсэн харилцаа хуучных шигээ гуйвшгүй үнэн байхаа болиод, угтаа өөрийгөө хуурч сүйрүүлэхийн уг үндэс байсан мэт санагдана. Аян замд таарах хөдөөгийн аз жаргалтай ард иргэд ч ардчилал, хувь хүний эрх, нийтийн эрхийг өмгөөлөх болж, энэ зуур Стивенс цаг үеэ өнгөрөөж хэдийнээ хоцрогджээ. “Боол хүнд ямар ч нэр төр гэж үгүй” хэмээн Девоны тосгоны нэгэн эр даамалд хэлэх ч, даамлын маань хувьд нэр төр гэдэг бүхий л бие сэтгэлээ өөрийн ажилдаа зориулах байсан шүү дээ. Ингэхэд эрх мэдэлтэй үүсгэсэн бидний харилцааны мөн чанар яг юу юм бэ? Бид эрх мэдлийн боол нь юм уу, эзэн нь юм уу?


 Харүки Мүраками (1949- )



"1Q84" (2009)


Японы үргэлжилсэн үгийн зохиолын нэрт төлөөлөгч Харүки Мураками уран зохиолын бүтээлүүдээс гадна баримтат бүтээл, хэд хэдэн эсээ бичжээ. Тэрээр Японы уран зохиолын нэр хүндтэй шагналуудын зэрэгцээ 2006 онд “Франц Кафкагийн нэрэмжит шагнал”, 2009 онд “Иерүсалимын шагнал”, 2011 онд “Катарын олон улсын шагнал” зэрэг дэлхийн хэмжээний олон шагналыг хүртсэн юм. Дэлхийн сая сая уншигчдыг байлдан дагуулсан тэрээр орчин үеийн уран зохиолын чухал төлөөлөгчдийн нэг яах аргагүй мөн билээ.

Зохиолч 1Q84 романаа 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэн бичжээ. Түүгээр үл барам зүрх сэтгэлдээ хоногшсон өөрийн дуртай кино, хөгжим, утга зохиолоос эш татаж, бүтээлдээ шигтгэж өгсөн нь уншихад энгийн, ойлгомжтой хэрнээ аялгуу хэмнэл сайтай, нарийн мэдрэмж төрүүлэхүйц гайхалтай бүтээлийнх нь онцлог байж болох юм.

1Q84-н эхний хоёр дэвтэрт бүхэлдээ оньсого мэт тайлагдашгүй нууцаар уншигчдын аазгайг хөдөлгөдөг бол 3-р дэвтрийг бүхэлд нь трилогийн дүгнэлт гэж хэлж болно. Хуудас эргэх бүрт улам ихээр сонирхол төрүүлэх энэхүү гайхалтай бүтээлд зохиолчийн нөр их хөдөлмөр шингэсэн нь мэдрэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.


"Эрэг дээрх Кафка" (2002)


Эрэг дээрх Кафка бол Харүки Мүракамигийн ес дэх роман бөгөөд Японд 2002 онд анх худалдаанд гарчээ. Тус ном 2005 онд Нью Йорк Таймс сонины шилдэг арван номын жагсаалтад багтсан төдийгүй фантастик зохиолд олгодог дээд шагналыг хүртсэн билээ. Энэхүү романы үйл явдал зохиолын гурван гол баатар болох Саэки-сан, Тамүра Кафка, Наката нарын амьдралыг даган гурван зэрэгцсэн шугамаар орон зайн хувьд харилцан адилгүй, өөр өөр орчин нөхцөлд өрнөдөг. Гэвч хувь заяаны эрхээр эсвэл тэдний эртнээс хүсэж байсан хүслээр, дур гутам зөгнөлийн биеллээс зугтаахаар сураг тасарсан ээж эгч хоёроо хайхаар замд гарах өсвөр насны хүү Кафка Тамүра, бодит ертөнцтэй зэрэгцээ орших өөр нэг ертөнц рүү нэвтрэх хаалгыг хааж, энэ ертөнцийн хүмүүст тохиолдож буй сонин хачин явдлуудыг зогсоож, бүхнийг хуучин хэвд нь оруулахаар зөнгөөрөө зүтгэх муурын хэл ойлгодог, учир битүүлэг хөгшин Наката, өөрийнх нь ер бусын амьдралд цэг тавих хэн нэгнийг хүлээн өдөр хоногийг аргацаан өнгөрүүлэх, нууцлаг эмэгтэй Саэки нарын зам хүссэн хүсээгүй нэг цэгт огтлолцдог. Сэтгэл эмзэглүүлэм Эдипийн домог биеллээ олох бүхий л нөхцөл бүрджээ. Гэхдээ нэг талаар хүн хувь заяаныхаа боол нь байж болох ч, нөгөө талаар хувь заяагаа бүтээгч нь болж яагаад болохгүй гэж?


 "Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд" (2013)


Зохиолч Мүракамигийн 13 дахь зохиол болох "Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд" ном нь 2013 онд Японд хэвлэгдэн гарсан даруйдаа ганцхан сарын дотор сая сая хувь борлогдон бэстселлер болсон энэхүү бүтээл нь уран зохиолын шидэт реализмын урсгалд хамаардгаараа онцлог юм.

1990 оны эхээр Нагояд амьдарч байсан залуухан Цүкүрү галт тэрэгний буудлыг дэндүү ихээр сонирхдог нэгэн. Ахлах сургуулийн сурагч түүнд хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй салшгүй дотно дөрвөн сайн найз байдаг байв. Тохиолдлоор ч тэр үү найзууд нь цөм өнгө орсон нэртэй, Хоёр хүүгийн нэгийг нь Акамацү ("улаан нарс"), нөгөөг нь Оүми ("цэнхэр далай") гэдэг. Хоёр охиныг Ширанэ буюу "цагаан үндэс", Күроно буюу "хар тал" гэнэ. Цүкүрүгийн нэр л ганцаараа ямар ч өнгөгүй ажээ.

Харамсалтай нь 1995 оны нэг өдөр, түүнийг Токиогийн Их сургуулийн хоёрдугаар ангийн оюутан байх үед найзууд нь учир шалтгаанаа ч хэлэлгүй түүнээс холбоогоо нэгэн зэрэг таслав. Тэр явдал Цүкүрүд нөлөөлөн өөрийгөө өнгөгүй хоосон мэтээр төсөөлж үлдсэн амьдралаа ганцаараа зожгирон өнгөрүүлэх үндэс суурь болсон аж.

16 жилийн дараа Токиогийн төмөр замын галт тэрэгний буудалд барилгын инженер мэргэжилтэй Тазаки Цукүрү 36 нас хүрсэн байлаа. Түүний шинэ найз охин Сара хуучин найзуудаа олоод нүүрээ буруулсан шалтгааныг нь заавал олж мэд хэмээн зөвлөнө. Түүнийг өнгөрсөн рүү аялах урт удаан аялал хүлээнэ...
Зүгээр ч нэг түүх биш, бясалгал тайвшрал мэт... Дүрүүдээс хөндүүрлэл, сэтгэлийн шарх мэдрэгдэнэ.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/