1. Эдгээр зарчим нь дайны талбарт ч, бизнесийн ертөнцөд ч, ер нь хэсэг бүлэг хүмүүс ямар нэг даалгавар гүйцэтгэх, зорилгод хүрэхийн тулд хамтран ажиллах шаардлагатай ямар ч нөхцөлд багийн амжилтын түлхүүр болдог. Баг байна уу, бүлэг, байгууллага байна уу хамаагүй, Тулааны хуулийг зөв ойлгож, хэрэгжүүлж чадвал нэг л зүйл ойлгомжтой: Ялалт.
2. Муу баг гэж байдаггүй, муу удирдагч л гэж байдаг гэдгийг ойлгох нь Онц Хариуцлага үүсэх нөхцөл бөгөөд ямар ч байлдааны талбарыг (шууд болон далд утгаараа) илүүрхэн эзэгнэх гүйцэтгэл сайтай баг бүрдүүлэх боломжийг лидерт олгож байдаг билээ.
3. Баг,даалгаврын амжилтаас хувийн ашиг сонирхол, зорилго илүү чухал болоод ирэхээр гүйцэтгэл муудаж, алдаа гардаг. Баг дотор үүсдэг будилаантай асуудлуудын дийлэнх нь эготой шууд холбоотой байдаг юм.
4. Алдааг зөвхөн өөрөө бүрэн дүүрэн хариуцна гэдэг хүлээн зөвшөөрөхөд амар зүйл биш. Байдал буруугаар эргэсэн үед буруутан нь би гэж зарлахад асар их зориг, золиос шаардана. Гэхдээ лидер болоход суралцаж өсөж хөгжихийн зэрэгцээ, багийнхаа гүйцэтгэлийг сайжруулахын тулд зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээний нэг нь энэ юм.
5. Багийн гишүүд нэг нэгнээ дэмжиж, улмаар даалгавраа бүгд хамгийн сайн гүйцэтгэхэд л анхаарлаа хандуулдаг байлгахын тулд удирдагч тэднийг дайчлах ёстой.
6. Лидер хүн сэтгэл ханаж болохгүй. Тэд сайжрахын төлөө үргэлж мэрийх хэрэгтэйгээс гадна багтаа ч гэсэн ийм сэтгэлгээг суулгах ёстой. Өөрийгөө болон багийнхаа гүйцэтгэлийг хэрцгий гэмээр үнэнч, бодитой үнэлж, бодит байдалтай нүүр тулдаг байх хэрэгтэй.
7. Бусдад итгэл төрүүлэн, араасаа хошуучлан дагуулж ямар нэгэн даалгавар гүйцэтгэхийн тулд лидер өөрөө тэр даалгавартаа үнэн голоосоо итгэдэг байх ёстой. “Ингэх хэрэг байна уу?” гэж бусад нь эргэлзэж, эрсдэлийг тооцоолж байсан ч цаадах том шалтгаанд нь лидер итгэж байвал зохино.
8. Төлөвлөгөө, тушаалыг энгийн, товч, тодорхой байдлаар томьёолох ёстой. Даалгавартай хамаатай хүн бүр өөрийнх нь чиг үүрэг юу болох, төрөл бүрийн нөхцөл байдал үүсэхэд яах ёстойгоо ойлгож мэдсэн байх хэрэгтэй. Удирдагчийн хувьд тушаал, төлөвлөгөө, тактик, стратегийг сайтар тайлбарлаж өгсөн гэж бодох чинь хангалтгүй. Баг чинь хэрвээ ойлгоогүй бол чи энгийн, хялбар байлгаж чадаагүй байна л гэсэн үг. Тиймээс энэ чиний алдаа. Багийнхаа ойлголтын хамгийн доод түвшинд тааруулан даалгавраа өгөх нь чухал.
9. Багийг удирдаж буй удирдагч бүр юу хийх ёстойгоо мэдэхээс гадна яагаад хийж байгаагаа мэддэг байх учиртай.
10. Үр дүн хэзээ ч тодорхой бус. Амжилт хэнд ч баталгаа өгөхгүй. Гэлээ ч бизнесийн лидерүүд будилаан дунд самгардаж тэвдэлгүй, тодорхой бус байдалд шийдмэг ажиллаж чаддаг байх ёстой.
Үргэлжлэлийг Ж. Уиллинк, Л. Бабин - Онц Хариуцлага номоос ...
СЭТГЭГДЭЛ