Эрдэмтэн судлаачидтай хийж буй цуврал ярилцлагын удаах зочноор Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан оролцлоо. Түүний хувьд Монголын умард нутгийн буган чулуун хөшөөд сэдвээр докторын зэргээ хамгаалсан бөгөөд өнгөрсөн жил түүний ахалж ажилласан судалгааны баг Монголын эзэнт гүрний үеийн язгууртны булшнаас  700-800 жил мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан ваартай өрөм, шар тос,  нар сарны дүрст алтан эдлэлүүд олсон нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болсон юм. Ингээд түүний судалгааны арга барил, мэргэжлийн онцлог болон бэрхшээлийн талаар ярилцсанаа хүргэе.

Та судлаач хүний хувьд өөрийн ажлынхаа арга барилаас хуваалцахгүй юу?

Сүүлийн үед археологийн шинжлэх ухааныг дан ганц нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны үүднээс судлах аргагүй болоод байна. Археологийн шинжлэх ухаан өмнө нь түүхэн дурсгалуудыг олж илрүүлээд, малтан судалж, тодорхойлолт хийх, харьцуулан судлах аргаар он цаг тогтоох гэх мэт судалгааг хийдэг байв. Харин орчин үед байгалийн ухааны ололтууд, технологийн дэвшил ашиглахгүйгээр археологийн судалгаа хийх боломжгүй болж байна. Тухайлбал өнөөдөр хайгуул, малтлагын тандалт болон процессын зураглал, хэмжилтийг бүгд тусгай тоног төхөөрөмж, программ ашиглан хийдэг болсон. Дурсгал болон олдворын он цагийг зөвхөн радиокарбоны аргаас гадна OSL (Optically stimulated luminescence) буюу булагдсан соёлт давхарга, хөрсний хамгийн сүүлд авсан гэрэл, нарны тусгалын алдацаар он цагийг тогтоох зэрэг орчин үеийн аргууд нэвтэрч байна. Нарийн хэмжилт, тодорхойлолтыг технологийн тусламжтайгаар хийх нь хамгийн үр дүнтэй, баталгаатай. 

Ер нь сүүлийн үед олон улсад судалгааны үр дүнгээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд байгалийн шинжлэх ухаанд суурилсан лабораторийн судалгааны үр дүнгээр батлах хэрэгтэй. Тухайлбал өнгөрсөн жил Хориг уулнаас олдсон алтан торгоны дээжийг АНУ-ын Смитсоны хүрээлэнгийн материал судлалын хүрээлэнд шинжлүүлэхэд торгон дээр алтыг ямар төрлийн цавуугаар наасныг илрүүлээд, тухайн цавууг Хятадын тэнгист байдаг загасаар хийсэн байна гэдгийг тогтоогоод гаргаад ирэх жишээтэй. Ийм учир археологийн шинжлэх ухаан өчүүхэн төдий олдвороос ч маш нарийн мэдээлэл гаргаж авах түвшинд хүрчхээд байна. Харамсалтай нь өнөөдөр Монголд иймэрхүү судалгаа шинжилгээ хийх чадалтай нарийн томоохон лаборатори алга байна.

Таны судалгааны онцлог болон бэрхшээлтэй тал юу байдаг вэ?

Археологийн шинжлэх ухааны нэг онцлог бол байгаль, нийгмийн шинжлэх ухааны уулзвар дээр олон хүний хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Жишээ нь сүүлийн үед олон улсын сэтгүүлд 120, 130 гаруй зохиогчтой өгүүлэл хэвлэгдэж байна. Тэгэхээр нэг шинжлэх ухааны өгүүлэл тийм олон салбарын болон олон хүний хүч хөдөлмөрөөр бичигдэж байна гэхээр археологийн шинжлэх ухааны онцлог болон бэрхшээлтэй тал харагдаж буй байх. Ер нь судалгааны ажил бол шинжлэх ухаан дээдэлдэг оронд бол үнэлэмж өндөртэй, эрдэмтэн судлаачдын байр суурь чухал үүрэгтэй байдаг.  Шинжлэх ухааны сайн үр дүнг гаргана гэдэг маш хүнд хөдөлмөр шүү дээ. Харин монголд үнэлэмж нь маш бага.

Нөгөө талаас археологичид сүүлийн үед орон нутгийн иргэдийн тодорхой бэрхшээлтэй тулгарч байна. Яагаад гэвэл орон нутгийн иргэдийн түүх соёлын тухай ойлголт тааруу, монголчуудын уламжлалт сэтгэлгээтэй холбоотой учраас судалгааны ажлын явцад манай нутгийг ухаж төнхөөд сүйдэх нь, алт ухах гэж байна гэх мэтээр эсэргүүцэх явдал гардаг.


Та судалгааны ажлын хажуугаар өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

Миний хувьд барууны орны судлаач, эрдэмтэдтэй хамтарсан малтлага, судалгаа хийдэг тул тэднээс судалгааны арга зүйн болоод судалгааны хөгжил дэвшлийн талаар суралцдаг. Мөн өөрийн судалгааны чиглэлээр олон улсын  сэтгүүлд гарч буй өгүүллүүдийг аль болох цаг зав гарган уншиж, шинэ ном бүтээл олж авах, уншихыг эрмэлздэг

Шинжлэх ухааны хөгжил дэвшлээр бүх зүйлс өөрчлөгдөж байдаг тул нийгмийн шинжлэх ухаанд нэг үзэл онол тогтвортой байх нь ховор. Иймд гарч буй бүхий л өөрчлөлтүүд, шинэчлэлүүдийг аль болох ойлгож мэдэхийг эрмэлздэг. Гэхдээ монголд орчин үеийн судалгааны арга зүй, ололт амжилтыг хэрэгжүүлэхэд учир дутагдалтай. Нэгдүгээрт санхүүгийн асуудал хүнд, хоёрдугаарт лаборатори, багаж тоног төхөөрөмж дутагдалтай байдаг.


Залуу судлаачдад хандан ямар зөвлөгөө өгөх вэ?

Аливаа шинжлэх ухааны салбарт судалгаа хийж буй залуучууд гадаад хэлний мэдлэгээ сайжруулах нь хамгийн чухал. Өөрийн судалгааны салбарын голлох гадаад хэлийг өндөр хэмжээнд сурах шаардлагатай. Манай орны хувьд археологийн шинжлэх ухаан нэлээд эрчимтэй хөгжиж буй салбарт тооцогддог учраас энэ салбарын залуу судлаачид маш хурдацтай хөгжиж байна. Өнгөрсөн жил болсон археологийн тайлангийн хуралд оролцож буй залуу судлаачдыг харахад чадвар, арга зүйн хувьд сайн болсон нь илт харагдаж байна лээ. Гэхдээ шинээр сургууль төгсөөд ирж буй залуу мэргэжилтнүүд тусгай чадвар эзэмшээгүй буюу тодорхой  нэг сэдэв чиглэлээр бэлтгэгдээгүй, ерөнхий мэдлэг мэдээлэлтэй байгаа нь цаашид ажлын байр олдохгүй, хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байдал харагддаг. Тухайлбал: Монголын археологийн хамгийн түгээмэл олдворууд бол хүн малын яс байдаг. Гэтэл энэ чиглэлээр судалгаа хийдэг, лабораторийн түвшинд дэлхийд өрсөлдөхүйц мэргэжилтэн маш цөөн. Тиймээс залуучууд олдворууд дээр нарийн судалгаа шинжилгээ хийдэг арга зүйд суралцах шаардлагатай. Бидэнд сэргээн засварлагчид, Зоо-Археологич, Био-Археологичид, Архео-ботаникч гээд олон төрлийн мэргэжилтнүүд хэрэгтэй байна.  


Та ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Би ерөнхийдөө төлөвлөгөөгөө бүтэн жилээр гаргаад 5-9 сарын хооронд хээрийн малтлага, судалгаа хийдэг. Үлдсэн хугацаанд олдвор хэрэглэгдэхүүнээ судлах, тайлангаа боловсруулах, мөн гадны орнуудад олдворын дээжээ шинжлүүлэх, эрдэм шинжилгээний хуралд оролцох гэх мэт төлөвлөгөөт бус ажлууд их гардаг. Үүний зэрэгцээ Үндэсний  музейд ажилладаг хүний хувьд байнгын болон түр үзэсгэлэн, хурал семинар, цуглуулгын судалгаа, Эрдэм шинжилгээний төвийн ажлыг удирдах, төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах гээд эцэс төгсгөлгүй их ажил дунд л байдаг даа.

Монголд өнөөдөр эрдэм шинжилгээний шүүмж хэр зэрэг хөгжиж байна? Танд хамгийн ихээр нөлөө үзүүлсэн шүүмж?

Миний хувьд шүүмж хэлсэн хүнд дуртай. Яагаад гэвэл шүүмж хүнд өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө алдааг засах боломжийг олгодог гэж ойлгодог. Манай монголчуудын онцлог юм уу, цөөхөн хүмүүсийн зовлон юм уу? Шүүмж хэлэхээр ихэнх нь шууд дайсан шиг хүлээж авдаг. Сүүлийн үед бараг байхгүй болчихлоо шүү дээ. Танай ярилцлагын өмнөх дугаарт орсон Цэрэндорж ахын ярьсантай би бүрэн санал нийлж байгаа. Шинжлэх ухааны шүүмж байхгүй учраас сайн муу бүтээлийн ялгаа байхгүй болчихсон. Жирийн уншигчдын хувьд зөв бурууг ялгах аргагүй болчихсон. Өнөө үед ганц уншсан номоо туйлын үнэн мэтээр хүлээн авдаг хүмүүс олон болчихсон.  

Миний хувьд Цээлийн Аюуш хэмээх алтан үеийн угсаатны зүйчтэй нэг газар ажиллах боломж олдсон юм. Тэгээд ажилд ороод анхны бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийг уншиж үзээд “Чиний энэнд хүнд хэрэгтэй ганц ч юм алга” гэж хэлээд эрдэм шинжилгээний өгүүлэл хэрхэн бичих тухай, маш олон зөвлөмж өгсөн нь миний хувьд мартагдашгүй, одоо хүртэл бодогдож явдаг сургамж болсон доо.


Өнөөдөр булш бунхан тонох, эвдэн сүйтгэх асуудал хэрээс хэтэрч байна гэж байнга хэлдэг гэвч энэ тал дээр авсан арга хэмжээ алга л байна. Энэ тал дээр таны бодол?

Энэ түүхэн дурсгалыг тонож сүйтгэх явдал дэлхийн бүхий л ард түмнийг дайраад гарсан үзэгдэл юм байна лээ. Булш бунхан тонох асуудал хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй гэж би харж байгаа. Нэгдүгээрт эдийн засгийн хямралтай холбоотой. Бидний нэрлэж заншсанаар алтны нинжа гэгдэх хүмүүс алт хайж явах замдаа дурсгалуудыг сүйтгэж тонодог. Тэгээд тоногдсон булшнаас өчнөөн алт, үнэтэй алтан, мөнгөн  зүйл олсон гэх мэт худал цуу яриа тардаг. Үүнийг амьдрал нь тааруухан байгаа нутгийн иргэд шуналын үүднээс нутгийнхаа булш бунхныг зах замбараагүй эвдэж сүйтгэдэг тонодог явдал гараад байна.

Хоёрдугаарт олон нийтийн түүх, соёлын өвийн боловсролтой холбоотой. Нэг сонирхолтой түүх хуваалцахад: Алтайн ятгыг анхлан олж, судлаачдад мэдэгдсэн Ховд аймгийн Манхан сумын сургуулийн захирал Ч. Энхтөр, шавь нь Ц.Мөнхбат гээд хоёр түүхч залуу байдаг. Тэдгээр хүмүүс зүгээр л сумынхаа сургуульд хүүхдүүдэд багаас нь түүх, соёлын тухай хичээлийг маш сонирхолтой арга зүйгээр зааснаар тухайн нутгийн иргэд түүхээ хүндлэх, соёлоороо бахархах үзэл санаатай болчихдог юм байна. Одоо тэндээс маш олон хүүхэд түүхч, археологич болох зорилготой, хөдөө хээр үзсэн харсан хадны зураг, булш бунхнаа багшдаа уралдаж хэлэх бүртгүүлэх, хайрлах хамгаалах хандлага тогтчихсон. Энэ жишээнээс харахад сэтгэлтэй, санаачлагатай ганц хоёр хүн байхад л хүмүүст сайн талаар нөлөө үзүүлж болохоор харагдаад байгаа юм.


Миний бодлоор өнөөдөр соёлын өвийн дурсгалуудыг нураах, түүхэн дурсгалууд дээр юм бичиж сараачих гэх мэт харамсалтай үзэгдэл хаа сайгүй болсон нь олон нийтийн түүхийн боловсрол тун доогуур байгаатай холбоотой гэж харж байгаа юм. Үүн дээр таны үзэл бодол?

Миний хувьд түүх, соёлын боловсролыг багаас нь олгох ёстой гэж үздэг. Өнөөдөр залуучууд түүх, монгол соёл, бахархал гэх зүйлээ мэдэхгүй учраас түүх соёлд хандах хандлагаа бүрэн гээчхээд байна. Сүүлийн үед хүмүүс түүх соёлын дурсгалдаа дайсан шиг хандаж ихээр эвдэж сүйтгэж байна. Ийм учир бага, дунд боловсролын системд соёлын өвийн тухай, түүхийн боловсролын талаар чухалчлан авч үзэх цаг болчихжээ. Мөн дан ганц түүх гэлтгүй соёлын өвийн дурсгалын үнэ цэнэ, түүнийг хэрхэн хайрлан хамгаалах талаар бүх шатны боловсролын хөтөлбөрт оруулж өгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм.


Та дараагийн дугаарт хэнийг оролцоосой гэж хүсэж байна. Археологийн хүрээлэнгийн Л.Ишцэрэн гээд залуу бий. Тэрээр эртний төмөр боловсруулалтын  түүхийн талаар судалгаа хийдэг. Их сонирхолтой яриа өрнөнө гэдэгт итгэлтэй байна.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/