Ид шидийн яам, Хогвартс сургууль, “Гурван шүүр” уушийн газар, Квиддичийн талбай, Хориотой ой, Хагридийн байшин. Энэ бол хоёр арваны турш дэлхийн шилдэг хүүхдийн зохиол хэмээгдсэн шидтэн хүүгийн тухай түүх юм.

Анх Ж.К.Роулингийн “Харри Поттер” зохиолын эхний дэвтрийг олон хэвлэлийн газар хэвлэн гаргахаас татгалзсан гэдэг. Худалдаанд гарсан даруйдаа дэлхий дахиныг шуугиулах  бүтээл болно гэж зохиолч өөрөө ч төсөөлөөгүй нь лавтай. Гэвч энэхүү бүтээл бол өдгөө хамгийн шилдэг хүүхдийн зохиолын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн билээ.

Зохиолч Роулинг дүрүүдээ уншигчидтайгаа нэгэн зэрэг өсөж, төлөвшихөөр төлөвлөсөн нь оновчтой шийдвэр байлаа. Боть нэг бүр хичээлийн нэг жилд өрнөж, нэг ботиос нөгөөд шилжихэд номын хуудасны тоо нэмэгдэхийн зэрэгцээ үйл явдлын хувьд зөрчил нэмэгддэг. Өөрөөр хэлбэл уншигч хүүхдүүд зохиолын дүрүүдтэй зэрэгцэн өсөж төлөвшиж байдаг гэсэн үг.

Энэ номын хуудсыг сөхсөн цагаас хүүхэд ид шидийн ертөнцөд эргэлт буцалтгүйгээр шилжин очдог. Төсөөлөл мөрөөдөл хоёр бол хүүхдэд насыг ид шидийн болгогч гол хүчин зүйлс билээ. Өсвөр насны хүүхдийн дотоод сэтгэлийн зөрчилдөөн, нөхөрлөл, хайр энэрэл, бусдын сэтгэлийг танин мэдэх, сайн хүн байх зэрэг хамгийн чухал сэдвүүдийг уран зөгнөл, хошигнолоор дамжуулан хүүхдийг хэзээ ч уйдаахааргүй байдлаар бичигджээ. Зохиолд гарах ид шид, мангас, шидэт амьтад нь угтаа хүний дотоодод байдаг сэтгэл мэдрэмжүүдийн ёгт илэрхийлэл байдаг. Жишээ нь: Зохиолч сэтгэл зүйн гүн дарамтанд орсон үедээ Дементоруудыг бодож олсон гэдэг. Харин тэрхүү аймшигт мангасуудыг эсэргүүцэх цорийн ганц зүйл нь аз жаргалтай дурсамжаа санаж байж хүч нь илэрдэг шившлэг байдаг. Бид үргэлж жаргалтай байж чадахгүй. Заримдаа ахиж хэзээ ч инээхгүй юм шиг л зовж шаналдаг. Тэр үед бидний хамгийн хүчтэй шившлэг бол аз жаргалтай дурсамжууд минь байх болно. 

Зохиол нь ид шидийн ертөнцийн талаарх зохиомол түүх боловч бидний эргэн тойронд байдаг олон төрлийн улс төр, нийгмийн асуудлуудыг ёгтоор хөндсөн байдаг. “Харри Поттер ба Галт цом” хэмээх дөрөвдүгээр ботид буяны үйл хийх дуртай Хермиони охин гэрийн элфүүдийг боолчлолоос чөлөөлөхөөр шийддэг.  Гэвч элфүүд өөрсдөө эрх чөлөөтэй болохыг хүсдэггүй. Үүнээс алдарт психоаналитикч Эрих Фромын томьёолсон “эрх чөлөөнөөс дайжихуйн” үзэл санаа үнэртэж байна. Мөн сэтгүүлч Рита Скийтерийн дүрээр Британийн шар сонинуудыг шүүмжилжээ. Ид шидийн яам ч мөн Британийн төвлөрсөн засгийн газрыг егөөдсөн гэдгийг ямар ч ухаалаг уншигч ойлгоно. Түүнчлэн цэвэр цустнуудын зүгээс “бохир цустнууд”-ыг газрын хөрснөөс арчихаар дайн өдүүлж байгаагийн цаана арьсны өнгөөр ялгаварлагч фашист үзлийг ёгтолсон гэдгийг хэн ч төвөггүй ойлгохуйц ажээ.

Мөн уг зохиолын гол дүрийн хүү бол үргэлж сургуулийнхаа дүрэм журмыг зөрчдөг, сониуч бас тэмцэгч нэгэн билээ. Энэ нь бид дүрмээс гаждаггүй, даруухан, томчуудын үгнээс гардаггүй хүүхдийг “сайн хүүхэд” гэж үздэг хэвшмэл ойлголтоо эргэн харах ёстойг сануулж байна. Ингэхэд дүрэм журам гэж юу билээ. Хүүхдийн нүдээр энэ бол заавал зөрчих учиртай ойлголт. Хорио цээр нь хүний төрөлх мөн чанар болох сониуч занг хамгийн ихээр өдөөдөг зүйл. Харри Поттер сайн үйл хийхийн тулд заримдаа дүрмийг зөрчих хэрэгтэй болдог. Харригийн хийсэн баатарлаг үйл бүр уншигч хүүхдүүдийг гайхамшигт ертөнцөөр аялуулахаас гадна тэдэнд тохиолддог олон асуудлыг таньж мэдэн шийдэл олоход нь хөтөч болсоор байна.

Эхэн үедээ маш их шүүмжлэлийн бай болж байсан ч цаг үе өнгөрөх тусам дэлхий даяараа ид шидтэй өнчин хүүгийн түүхийг хамгийн шилдэг хүүхдийн зохиол хэмээн хүлээн зөвшөөрчээ. Жинхэнэ урлагийн хамгийн сайн шүүгч нь цаг хугацаа байдаг. Хүний уран зөгнөл, ид шидэд татагдах хүсэл байсан цагт Харри Поттер цуврал хүүхэд залуучуудын шидэт ертөнцөд нэвтрэх түлхүүр хэвээрээ байх нь гарцаагүй юм аа.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/