Та бүхэндээ 2019 онд онцлох хүүхдийн номуудыг хүргэж байна. Эдгээр номууд нь бүгд хүүхдэд тохирсон өөр өөрийн гэсэн өвөрмөц агуулга сэдэвтэй юм.
365 өдөр
Энэхүү ном нь хүүхдүүд өдөр бүр ямар нэгэн шинэ зүйл сурч болохоороо тун онцлог юм. Харин жилийн дараа гэхэд таны хүүхэд ердөө ганцхан номоос 365 шинэ зүйл сурсан байх болно гээд бод доо. Бага насны хүүхдийн сурч болох маш их зүйл багтсан учир тэдний нэвтэрхий толь, гарын авлага гэхэд ч болно. Заримдаа ээж аавуудынх нь тэдэнд хэлж өгөхөө мартсан, амьдралд хэрэгтэй олон зөвлөмж энэхүү номын хуудсаар дүүрэн бий. Хэрэв ханиад хүрвэл яах вэ? Номоо нээгээд л мэдээд авна. Мартын найман, цэргийн баяраар аав ээждээ юу бэлэглэх вэ? 365 өдөр ном дотор л энэ бүгд бий шүү дээ
Энэ бол Улаанбаатар
Энэ ном бол Улаанбаатар хотын тухай хүүхдэд зориулсан хамгийн анхны зурагт ном гэдгээрээ онцгой нэгэн бүтээл болсон билээ. Хот анх хэрхэн үүссэнээс эхлээд өнөөгийн байдлыг харуулсан өнгөлөг зураг дүрслэл, хүүхдэд ойлгомжтой энгийн үгээр бичигдсэн. Хамгийн сонирхолтой нь хотын өдөр тутмын амьдралын бодит байдлыг ний нуугүй харуулжээ. Бидэнд хэдий олон асуудал байгаа ч гэсэн өөр олон сайхан зүйл дүүрэн бий. Гэхдээ хамгийн гол нь тэр асуудлыг хараад зүгээр нэг өнгөрөх биш хотоо хайрлаж хамгаалахын төлөө дор бүрнээ хичээх хэрэгтэй юм байна гэдгийг энэхүү номыг уншсан хүн бүр ойлгосон бас ойлгох байх гэж найдаж байна. Зураг бүрийг маш нарийн дүрслэлтэй зурсан тул хуудас бүрээс шинэ содон зүйл олдох учир маш анхааралтай харах хэрэгтэй юм шүү. Аан тийм, энэ номын нэг хэсэгт зурагтаар нь “Би чамд хайртай” киноны Дэлгэр гүйж яваа харагдсан шүү :))
Сонирхолтой амьтад
Сонирхолтой мэдээлэл, гэрэл зургаар дүүрэн энэхүү номд өчүүхэн жижгээс эхлээд үлэмж том биетэй ан амьтдын тухай өгүүлнэ. Тэдний тухай томчуудын ч мэдэхгүй гайхширмаар баримтыг хүүхдэд ойлгомжтойгоор буюу сайн мэдэх зүйлстэй нь зүйрлэж, маш энгийнээр тайлбарласан тул тэдэнд их сонирхолтой санагдаж, тун амархан ойлгох болно. Тэмээ 10 минутын дотор 100 литр ус ууж чаддаг. Тэмээн хяруулын нэг өндөг гэхэд тахианы 24 өндөгтэй тэнцэхүйц том. Хүн бүрийн хурууны хээ өөр байдаг шиг горилла болгоны хамрын хээ өөр байдаг. Та ч гэсэн мэддэг амьтдынхаа талаар энэ мэт баримтыг сая л мэдлээ шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдэд маань ямар их таалагдахыг хэлээд ч хэрэггүй биз.
Байгалийн хөтөч
Биологийн хичээлээр олгодог мэдлэгээс ч илүүг энэ номоос мэдэж авна. Энэхүү ном нь маш сайн нарийвчлалтай гэрэл зураг, үнэхээр сонирхолтой тайлбар, жишээ, баримтаар дүүрэн. Бараг биологийнхоо багштайгаа мэтгэлцэхээр хэмжээний мэдлэгтэй болно гэвэл хэлстэхгүй биз. Нэг эстээс эхлээд сээр нуруугүйтэн, нуруутан, байгалийн хувьсал өөрчлөлтийг үнэхээр ойлгомжтойгоор тайлбарласан энэхүү номыг ургамал амьтан сонирхдоггүй хүүхдэд хүртэл их таалагдах болно.
Мэдрэмжийн цуврал
*3x3=9 гэдгийг мэдэхээсээ өмнө яагаад гунигладгаа мэдмээр байна*
Ихэнх аав ээжүүд хүүхдээ ухаантай болгох гээд хэтэрхий эрт танин мэдэхүйн хэрэгтэй хэрэггүй мэдлэг олгож, ямар нэг юм цээжлүүлээд түүнийгээ түгдэрч гацахгүй уншиж байвал мундаг гэдэг үгээр шагнах болсон цаг. Гэхдээ түүнээс өмнө хамгийн эхлээд сэтгэл мэдрэмжийнх нь талаар ойлгуулах нь нэн түрүүний зүйл юм. Хүн болгоны уур хүрдэг, харин түүнийг хэрхэн илэрхийлж, яаж даван гарах хэрэгтэй вэ?, ганцаардаж гуниглавал юу хийх хэрэгтэй юм бол оо?, хэнд хандаж, хэнтэй ярилцах вэ?, хайр гэж юу вэ?, жаргалтай байхад ямар мэдрэмж төрдөг вэ? Энэ бүгдийг, үүнээс ч илүүг энэхүү 10 цуврал номоос хүүхдүүд маань ойлгох болно. Ном бүрийн сүүлийн хуудсан дээр ярилцах асуулт хариулттай тул илүү их туслах юм.
Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл-Түгжигдсэн нь
Дүрсгүй сониуч байх нь хамгийн сайн зүйл гэвэл танд жаахан сонин санагдаж байна уу? Тэгвэл тэд тэрхүү үйл хэргээсээ болоод хүүхдүүд илүү их суралцаж, маш их зүйлийг шинээр ойлгож авдаг байх нь. Энэхүү ном дээр гарах гол дүрийн хүү болох Грег ч мөн адил дүсгүйтэж, бүтэлгүйтэн явсаар түүнээсээ ихээхэн зүйл суралцсаар л байдаг. Дотроо зурагтай, дээрээс нь маш хөгжилтэй тул ном нэг их уншаад байдаггүй хүүхэд хүртэл салахгүй уншиж суухыг ч харсан шүү. Магадгүй энэхүү номын хуудас бүр дээр өөрийнх нь талаар бичсэн юм шиг санагдсан тул хүүхдүүд унших их дуртай байдаг байх.
Харри Поттер ба Галт шувууны бүлгэм
1997 онд уншигчдын хүртээл болсон цагаасаа хойш тасралтгүй 20 гаруй жил дэлхийн турш дэлхий даяар сая сая хүмүүсийн хамгийн дуртай номоор нэрлэгддэг "Харри Поттер" цувралын талаар танилцуулах нь илүүц байх. Шинэ оны босгон дээр Монсудар хэвлэлийн газраас уг цувралын тавдугаар дэвтэр "Галт шувууны бүлгэм" албан ёсоор монгол хэлнээ орчуулагдан гарсан нь уншигчдадаа барьж буй сайхан бэлэг байлаа. Хүүхэд залуусыг ид шидийн ертөнцөөр аялуулаад зогсохгүй нөхөрлөлийн мөн чанарыг ойлгуулж, амьдралын хүнд хэцүү үеүдийг даван туулах урам зориг хайрладагт энэхүү бүтээлийн үнэ цэн оршдог биз ээ.
СЭТГЭГДЭЛ