Эрдэмтэн судлаачидтай хийж буй цуврал ярилцлагын эхний зочноор Түүхийн ухааны доктор Ц.Цэрэндоржийг урьж ярилцлаа. Түүний хувьд Дундад зууны Монгол-Солонгосын түүхэн харилцаа сэдвээр Өмнөд Солонгос улсад докторын зэргээ хамгаалсан бөгөөд түүхийн салбарт 20 гаруй жилийн турш амжилттай ажиллаж буй тэргүүлэх зэргийн эрдэмтэн юм. Тэрбээр өнөөдөр Шинжлэх ухааны академи, Түүхийн хүрээлэнгийн дундад зууны секторын эрхлэгч, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багшаар ажиллахаас гадна Монголын түүхтэй холбогдох Хятад, Солонгос сурвалжуудыг эх хэл дээрээ орчуулан гаргахад өөрийн хувь нэмрээ оруулж яваа эрдэмтэн юм. Ингээд түүний судалгааны арга барилтай танилцахаас гадна Монголын олон нийтийн түүхийн боловсролын тухай ярилцсанаа хүргэе.
1. Та судлаач хүний хувьд өөрийн ажлынхаа арга барилаас хуваалцахгүй юу?
Эрдэм шинжилгээний ажил, судалгаа хийж буй хүн бүр өөр өөрийн арга барилтай байдаг. Миний бие түүхч хүний хувьд эх сурвалж, баримт мэдээлэл дээр ажилладаг онцлогтой. Мөн судалгааны чиглэл маань Монголын эзэнт гүрний үеийг хамарч буй учраас олон төрлийн сурвалж дээр ажиллах шаардлага гардаг. Ийм ч учир эхний ээлжид сурвалж, баримт мэдээллүүдээ цуглуулдаг. Дараа нь гадаад дотоодод гарч буй шинэ судалгааны үзэл баримтлал, ном бүтээлтэй танилцахыг хичээдэг. Энэ бүхэн дээр задлан шинжилгээ өөрийн дэвшүүлэх шинэ санаа, үр дүн зэргийг гаргадаг. Энэ бол тэгээд ерөнхий арга барил л даа. Бас оройн цагаар их сууж ажилладаг. Хүн болгонд ажил хийхэд идэвхтэй цаг гэж байдаг. Миний хувьд бол орой илүүтэй анхаарал төвлөрдөг.
2. Таны судалгааны онцлог тал болон бэрхшээлтэй тал юу байдаг вэ?
Монголын эзэнт гүрний үеэр судалгаа хийдэг эрдэмтдэд тулгардаг гол бэрхшээл бол гадаад хэлний мэдлэг байдаг. Учир нь “Монголын нууц товчоо”, харьцангуй цөөн тооны дөрвөлжин, уйгуржин бичгийн дурсгалуудыг эс тооцвол Монголын эзэнт гүрний үеийн гол сурвалжууд 10 гаруй гадаад хэл дээр хадгалагдаж байдаг. Гэвч нэг хүн 10 гаруй хэлийг судлаад түүхийн судалгаа хийнэ гэвэл бүтэшгүй зүйл. Харин өөрийн судалгаанд хэрэгтэй сурвалжийн олон хэлийг зэрэг ашиглах шаардлага тулгардаг. Ийм ч учир манай чиглэлийн гол бэрхшээл бол гадаад хэлний мэдлэг байдаг.
Түүнээс гадна миний судалгааны чиглэл бол ихээхэн даяарчлагдсан чиглэл. Манай Монголын эрдэмтэд энэ чиглэлээр харьцангуй сүүл үеэс идэвхтэй судалгаа хийдэг болсон. Социализмын үед эзэнт гүрний түүхийг зохих түвшинд судалж байсан ч хангалттай хэмжээнд, чөлөөтэй судлах боломж хомс байсан. Тиймээс дэлхий нийтийн судалгаанаас зарим талаар хоцрогдонгуй байсан. Харин 90-ээд оноос хойш судалгаа шинэ шатанд гарч хөгжиж байна. Гаднын улс орнуудад монголын эзэнт гүрний түүхийн судалгаа нэлээд хөгжиж Англи, Герман, Франц, Орос, Япон зэрэг орны эрдэмтэд олон бүтээл туурвисан байдаг. Ний нуугүй хэлэхэд, нэгэнт монгол хэлээрх сурвалж баримт хомсдуу байдаг учир гадаадын зарим судлаач монгол хэл сурах онцын шаардлагагүй гэх буюу Монгол орны байр суурийг дутуу үнэлэх явдал мэр сэр байсан юм. Гэхдээ сүүлийн үед монгол нутгаас археологийн олдворууд шинээр илэрч бичгийн сурвалжийг нөхөх, нөгөөтэйгүүр Монгол орны эзлэх байр суурь, ач холбогдлыг дээшлүүлэх тал дээр ахиц дэвшил гарч байна.
3. Залуу судлаачдад хандан ямар зөвлөгөө өгөх вэ?
Түүхийн салбарт ажиллаж буй залуучууд хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй. Залуу хүн тул сонирхлыг нь татсан салбар бүр рүү үсчих тал анзаарагддаг. Яахав, ХХ зууны эхээр ч юм уу өрнөдийн ахмад эрдэмтэд судалгааны олон чиглэлээр ажиллах боломж байсан. Учир нь тэр үед судалгаа нарийсаагүй, материал бэлэн, шинэ судалгаа хийх боломжтой байсан. Томоохон түүхчид хэл шинжлэл, уран зохиолын талаар дорвитой судалгаа хийдэг байсан. Харин орчин үед энэ байдал өөрчлөгдөж, судалгаа нарийссан учир тийм бололцоо харьцангуй хомс болсон. Тиймээс бүх талын судалгааг өргөн хүрээтэй мэдэхийн зэрэгцээ нэг чиглэлээ тууштай барьж, нарийн мэргэших хэрэгтэй л гэж боддог доо.
Мөн залуучуудын нэг алдаа бол маш хурдан нэр алдарт хүрчих гээд, залуу хүний дэврүүн хүсэл мөрөөдлөөр жаахан сенсацитай, эсвэл “моодонд” орж буй том сэдэв, чиглэл рүү шинээр нээлт хийнэ гэж бодоод давхиад орчихдог. Гэвч эцэст нь туршлага, мэдлэг дутах зэргээр халширч, хаях зэрэг сул тал байдаг. Ийм ч учир эхлэн судалгаа хийж буй залуу хүн жижигхэн сэдвийг авч тал талаас нь мөлжиж жижиг сэдэв дээр сайн судалгаа хийж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, судалгааны арга барилыг эзэмшинэ гэсэн үг. Харин дараа нь дунд болон том сэдэв рүү орох нь амар байдаг. Тиймээс жижигхэн сэдвээс эхэлж цаашлаад том сэдвийг тууштай судлахыг зорих нь чухал.
Мөн түүхийн судалгааны амин сүнс бол эх сурвалж, баримттай зөв ажиллаж сурах явдал чухал. Сурвалжийг аль болох эх хэлээр нь олж үзэх, уншиж сурах нь чухал байдаг. Харин залуучууд эсрэгээрээ дам байдлаар ашиглах, ахмад эрдэмтдийн судалгаа, үзэл санааг давтах зэрэг алдааг гаргах хандлагатай байна.
4. Судлаачид тогтмол шинэ судалгаатай танилцаж тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай тулгардаг. Та судалгааны ажлын хажуугаар өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
Миний хувьд эрдэмтэн судлаач хүний гол баримтлах чанар өөртөө хэзээ ч сэтгэл ханаж болохгүй гэж боддог. Би сураад болчихлоо, бүхнийг мэдчихлээ гэж бодвол тухайн судлаачийн хувьд төгсгөл ирж байна л гэсэн үг. Эрдэм шинжилгээний ажил гэдэг бол эцэс төгсгөлгүй сурах үйл явц байдаг. Тийм ч учир аль болох тэрнээс хоцрохгүйг хичээж явдаг. Мөн манай салбарт дэлхий даяар шинэ судалгаа, ном бүтээл гардаг тул аль болох түргэн шуурхай авч шинэ судалгаатай л танилцахыг эрмэлздэг дээ. Мөн гадаад хэл сурна гэдэг шинээр нэг ертөнцтэй танилцаж буйтай адил байдаг тул шинээр хэл сурахыг эрмэлзэж оролдож сууна даа.
5. Та ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Би өөрөө судалгаа, сурвалжийн орчуулга чиглэлээр ажилладаг тул ажлуудаа жилээр нь ерөнхий төлөвлөгөө гаргадаг. Миний хувьд олон ажлыг нэгэн зэрэг хийхийг эрмэлздэг учраас сурвалжийн орчуулгыг долоо хоног хийгээд дараа нь судалгааны ажлаа хийх, монгол судлалын ажлаа долоо хоног хийгээд дараа нь солонгос судлалын ажлаа хийх зэргээр олон ажлыг зэрэг амжуулахыг хичээдэг. Энэ одоо ганц миний ч арга биш юм аа. Манай ахмад эрдэмтдийн арга л даа. Нэг юм бариад удахаар хүн уйддаг, залхдаг, ядардаг. Тийм учраас сөөлжүүлж олон зэрэг ажлуудыг нэг дор амжуулахыг хичээдэг. Энэ нь нөгөө талаараа оюунаа чилээхгүй, нэг чиглэлээсээ уйдахгүй байх боломжийг олгодог.
6. Монголд өнөөдөр эрдэм шинжилгээний шүүмж хэр зэрэг хөгжиж байна? Таны авч байсан хамгийн том шүүмж?
Судалгааны ажлын хувьд жижиг сажиг шүүмж сонсож байсан ч нэг их том шүүмж сонсож байснаа санахгүй байна. Ер нь 1990-ээд оноос хойш Монголд эрдэм шинжилгээний шүүмж хөгжихөө байчихсан. Сүүлийн үед бүх салбарт магтаал нь хэтрээд “Аугаа бүтээл болжээ”, “Сайн судалгаа байна” гэх мэт ихээхэн буруу хандлагатай болчихжээ. Нөгөө талаас манайд шүүмж сайн хөгжихгүй байх үндэслэл байдаг. Учир нь манайх хүн цөөтэй. Нэг сэдвээр олон хүн судалгаа хийх боломжгүй. Нэг нарийн сэдвээр харьцангуй цөөн судлаач судалгаа хийдэг. Тиймээс бусад нь үнэндээ тухайн сэдвийг нарийн мэдэхгүй гэсэн үг. Нэгэнт сайн мэдэхгүй учраас сайн шүүмжилж алдаа дутагдлыг нь хэлэх боломж бас муу байдаг. Миний бодлоор иймэрхүү байдлыг засаж залруулахад, магистрант, докторантуудын хүчийг ашиглах хэрэгтэй. Магистрант, докторантуудыг маргаантай, судлагдаагүй, чухал гэсэн сэдвүүдэд оруулах хэрэгтэй. Харамсалтай нь, манайд энийг би судалдаг, өөр хүн судлах шаардлагагүй гэх мэт зарим улсууд нэг сэдвийг өмчилчихдөг. Тийм юм байх ёсгүй. Харин ч судалгаа бол аль болох олон хүн судалж, асуудлыг нарийсгаж ухаж, төнхөж байж үр дүн нь гардаг юм.
7. Таны нийгмийн сүлжээнд бичдэг зүйлсээс харвал олон нийтийн түүхийн боловсролд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг нь анзаарагдсан. Таны бодлоор өнөөдөр олон нийтийн түүхийн боловсрол ямар хэмжээнд байна вэ?
Түүхчдийн хувьд эх түүхээ судлахаас гадна, сурталчлах гэж маш том ажил байдаг. Бидний судалгааны үр дүн цөөхөн хүний хүрээнд бус харин эцсийн хэрэглэгчид буюу ард түмэнд хүрч байх ёстой. Тухайлбал Японы түүхч, судлаачид энэ тал дээр маш сайн ажилладаг. Өөрсдийн нарийн судалгааны үр дүнгээ олон нийтэд зориулсан буюу хялбарчилсан байдлаар хүргэж чаддаг. Харин манай эрдэмтэд энэ тал дээр нэлээд дутагдалтай. Учир нь, түүхч, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийг жирийн уншигчид уншихад бүрэн гүйцэд ойлгодоггүй болохоор тэр. Яг үнэндээ Чингис хаанаа хэдий үед амьдарч байсныг ч мэдэхгүй хүн олон байна шүү дээ. Ингээд бодохоор манай олон нийтийн түүхийн ерөнхий мэдлэг их тааруу.
Түүхийн суурь мэдлэгээ ерөнхий боловсролын сургуульд олж авах ёстой байтал энэ тал дээр манайхан маш хангалтгүй ажиллаж байна. Гэхдээ сүүлийн үед монголын түүхийн судалгааг энгийн түвшинд олон нийтэд таниулахад чиглэсэн, сонирхолтой гэрэл зураг, баримтыг агуулсан ном бүтээлүүд, сонсдог ном гэх мэт бүтээлүүд гарч байгаа нь сайшаалтай.
8. Өнөөдөр ерөнхий боловсролын түүхийн сурах бичиг, сургалтын хөтөлбөр ихээр шүүмжлэгдэх боллоо. Энэ тал дээр таны бодол. Ер нь таны бодлоор хэн түүхийн сурах бичиг, сургалтын хөтөлбөрийг бичих ёстой юм бэ?
Энэ миний бодож явдаг сэдэв л дээ. Ний нуугүй хэлэхэд манайд энэ талын чиглэл хөгжөөгүй. Гаднын өндөр хөгжилтэй орнууд Түүхийн боловсрол судлал гэдэг чиглэлд ихээхэн ач холбогдол өгдөг учраас сурах бичгийг зохиох, сургалтын хөтөлбөрийн аргачлал, агуулга зэргийг тусдаа авч үздэг биеэ даасан шинжлэх ухааны салбар болоод хөгжчихсөн. Харин манайд энэ чиглэл хөгжиж чадахгүй байна.
Түүхчид нь өөрсдөө сурах бичгээ зохиодог, сургалтын хөтөлбөрийн агуулгаа гаргадаг хуучин хэвээрээ л байна шүү дээ. Мэргэжлийн судалгааны арга зүй, сурах бичиг, сургалтын хөтөлбөр гэдэг бол ихээхэн ялгаатай зүйлс шүү дээ. Мэдээж түүхчид хөтөлбөрт оролцох ёстой, гэхдээ олон талын мэргэжлийн хүмүүсээр бүрдсэн баг л хийх ёстой.
Тэр ч байтугай, нэлээд хэдэн жилийн өмнө нэг сурах бичиг гэхэд хэд хэдэн хувилбартай, өөр зохиогчтой гарч байсан юм байна лээ. Тэднийг харьцуулаад үзэхээр зарим хэсэгт тэнгэр газар шиг агуулгын зөрүүтэй, судлаачид хүлээн зөвшөөрөхийн аргагүй сурах бичгүүд ч байсан. Нөгөө талаас түүхийн шинэ санал, судалгаа түүхийн тогтсон ойлголт, хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тодорхой хэмжээний хугацааг туулдаг. Гэвч хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа ойлголтыг шууд өлгөж аваад сурах бичигт тусгачихдаг. Гэтэл нөгөөх нь хэдэн жилийн дараа няцаагддаг. Иймэрхүү нягталж, бодмоор асуудлууд их байна.
9. Түүхийн шинжлэх ухаанд нэр томьёоны ялгаатай байдлууд их байна. Нэг нэрийг олон янзаар бичих гэх мэт Жишээ нь: Хүлэгү, Хулагу, Хүлэг хаан гэх мэтээр олон янзаар тайлбарлаж байна. Энэ тал дээр таны бодол?
Харин тийм. Түүхийн нэр томьёог зөв оноох их чухал байдаг. Эрдэмтэн судлаачид энэ тал дээр их ярьдаг. Тухайн үгийн хэлний утга гэхээс илүүтэй, цаанаа юуг тусгаад байгаа гэдэг дээр их анхаарууштай. Тухайлбал, Identity гэдэг үг байна. За тэрийг ижилсэл, адилсал гэх мэт маш олон янзаар орчуулсан. Би нэг их оносон орчуулга гэж боддоггүй. Иймэрхүү байдлаар үгийн цаад ухагдахуун, ойлголтыг судлахгүйгээр шууд англи хэлэнд иймэрхүү утгатай, монголоор ингээд орчуулчихъя гэх мэт хандлага нь ихээхэн өрөөсгөл мэт санагддаг. Зарим нэр томьёог нэг хэсэгтээ орчуулахгүй явсан ч болмоор юм шиг санагддаг. Тэгэж байтал нэг арга эв нь олдох байх гэж боддог.
Зарим нэр томьёог жирийн хүмүүс байтугай салбарын эрдэмтэд нь ойлгохоо байлаа шүү дээ. Жишээ нь, Inner Asia хэмээх ойлголт байна. Энэ бол Дотоод Ази буюу эх газрын гүнд байгаа Ази гэсэн утгатай үг. Энийг л гэхэд манайхан маш олон янзаар, Өвөр Ази гэх мэтээр буруу зөрүү орчуулсан. Жирийн монгол хүнээс Өвөр Ази гэж асуувал Өмнөд Ази, Зүүн өмнөд Азийг заах байх. Гэтэл энэ чинь Ази тивийн төв, умард хэсгийг заадаг нэр томьёо. Монгол, Шинжаан, Түвэд, бас Манжуурын зарим хэсэг зэрэг Азийн эх газрын гүнд байдаг улсуудыг зааж байгаа юм. Inner гэдэг нэр томьёо бол “дотоод” гэсэн үг. “Дотоод Монгол” гэсэн нэр томьёо дээр хэрэглэдэг. “Дотоод Монгол” гэдгийг монголчууд Өвөр Монгол гэдэг. Дотоод Монгол гэдэг бол харийнхны бидэнд өгсөн нэр томьёо. Гэтэл манайхан Өвөр Монголыг Inner Mongolia гэдэг юм чинь Inner Asia хэмээх үгийг “Өвөр Ази” гэсэн үг гээд орчуулснаас болоод газарзүйн болоод улс төрийн ойлголтын томоохон төөрөгдөлд орж байгаа юм л даа. Иймэрхүү жишээг өчнөөн дурдаж болно.
Таны хэлсэн түүхэн нэр, оноосон нэр зэргийг жигдлэх, түүнийг латин үсгээр хэрхэн буулгах вэ гэдэг тал дээр манай түүх, хэлшинжлэлийн эрдэмтэд зарим нэг ажлыг эхлүүлээд явж байна. Ядаж л Чингис хааныхаа нэрийг латин үсгээр нэг янзаар бичиж хэвших, түүнийгээ гадаад улсуудад мөрдүүлэх шаардлагатай байна.
10. Түүхийг хүн бүр дураараа тайлбарладаг болсон учраас олон нийт түүхийн талаар нэгдсэн ойлголтгүй байна. Үүнийг цэгцлэх боломжтой юу?
Түүхийн нэгдсэн ойлголттой болно гэдэг бол зөв. Гэхдээ үнэхээр сурвалжийн мэдээ, судалгааны байдал, ойлголтод хоёр саналд хуваагдаж буй тул хүчээр нэг талд шийднэ гэдэг хэцүү. Түүхийн судалгаа гэдэг бол тухайн үеийн судалгааны түвшнийг л харуулдаг. Өнөөдрийн бидний зөв гэж бодож буй ойлголтыг хэдэн жилийн буруу болж өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ зарим нэг томоохон ойлголтууд, үйл явдлууд дээр Монгол улс даяараа нэгдсэн ойлголттой болох шаардлагатай. Иймд үүнийг хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа.
СЭТГЭГДЭЛ