Өвлийн амралтаар уншвал тохиромжтой 10 номыг хүргэж байна. Эдгээр өдрүүдийг хий дэмий нөгчөөх биш харин ч илүү их суралцаж, илүү их унших хэрэгтэй юм шүү.
1.Урт оймст Пиппи
Энэхүү номд Шведийн жижигхэн тосгонд гэрийн тэжээмэл сармагчин, морь хоёрынхоо хамт амьдардаг есөн настай бяцхан охины талаар өгүүлнэ. Пиппигийн гол эд хөрөнгө нь алтан зоосоор дүүрэн цүнх, төрөл бүрийн жижиг эрдэнэстэй олон шургуулга бүхий шүүгээ хоёр юм. Түүний аав нь далайчин бөгөөд ихэвчлэн эзгүй байдаг тул, охин хоолоо хийж, гэрээ цэвэрлэн, байшингаа засаж, тэжээмэл амьтдаа ч арчлан бүхнийг өөрөө бие даан хийж амьдардаг юм. Пиппи хэтэрхий эрх дураараа, хүмүүжилгүй гэмээр зантай. Тэгсэн ч тэрээр олон адал явдалтай учирч түүнээсээ суралцсаар байх болно.
2. Пиноккио
Диснейленд компани энэхүү зохиолыг хүүхэлдэйн кино болгож дэлгэцнээ гаргаснаар олноо илүү алдаршсан билээ. Харин номын хувьд киноноосоо нэлээдгүй өөр ажээ. Тэрээр маш их сахилгагүй, хэрэг төвөг тарьж, олон эрсдэлтэй үйл явдлуудтай учирна. Үнэхээр сайн хүүхэд болох гэж хичээсэн ч нэг л болж өгөхгүй байлаа. Бүгд л өөрөөс нь хулгайлж, хумслан, хуурч мэхлэн, барьцаалж, эсвэл илжиг болгон хувиргахаар шийдсэн дэлхий ертөнцөд тэрээр амьдарна. Тааралдсан хүн бүр ийм жигшмээр зан гаргаж байхад, хүүхэлдэйн жаал сайн хүү болох боломжгүй байгаад гайхаад байх зүйл үгүй.
3. Хилэн хар
Энэхүү зохиол нь хилэн харын аз жаргалтай бага насаар эхэлж, адармаатай идэр нас, мөн эх нутагтаа эргэн ирж буй баярт мөчийг харуулдаг.Хүмүүсийн харилцааны чухал хэсгүүдийг морьд болоод эздийн харилцаагаар төлөөлүүлэн уран яруу илэрхийлсэн тус зохиолоос таны хүүхэд нинжин сэтгэл, хайр, энэрэл, хүндлэлийн үнэ цэн хийгээд тэвчээрийн хүчийг ойлгох болно.
4. Эмил ба мөрдөгчид
Энэ номд эмээ дээрээ зочлохоор галт тэргээр явах үедээ ээжийнхээ эмээдээ өгөөрэй гэсэн мөнгийг хулгайд алдсан Эмил хүүгийн хэрхэн хулгайчийг барьсан тухай адал явдалт сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлэх билээ. Үйл явдал нь гоёчилж зассан уран зөгнөлийн орчинд бус, тухайн үеийн Берлин хотын орчинд, амьдралд байх бодит дүрүүдийн талаар өгүүлдэг нь энэ романыг тухайн цаг үед бичигдсэн бусад хүүхдийн зохиолуудаас онцгойруулдаг. Түүнчлэн энэ романд ёс суртахууны сургаалыг ил тод тулгалгүйгээр, дүрүүдийн үйл хэргээр дамжуулан харуулсан нь гайхалтай.
5. Цөөхүүл ч гэсэн бидний индианчууд
Зохиолд Лалли хэмээх индиан охинд тохиолдсон хөгтэй, хөгжилтэй, уйтай олон адал явдлууд хөвөрдөг. Тэрээр нэг ном дээр бичсэн Морзын кодыг өдөр шөнөгүй цээжилтэл хожим худал зохиомол зүйл болохыг олж мэднэ. Ингэснээр Лалли томчуудад эргэлзэх бөгөөд ямагт өөрөө бүгдийг туршиж үнэн, худлыг мэдэхийг хичээх явцдаа аав ээж, багш нартайгаа үл ойлголцоход хүрдэг. Гэсэн хэдий ч түүнээсээ их зүйлийг сурч байгаа талаар энэхүү номд өгүүлэх болно.
6. Дууч хөвгүүд
Энэхүү номд дуу хөгжмөөр холбогдсон хоёр хүүгийн тухай өгүүлнэ. Начо хэмээх Испани хүү дэлхийн хоёрдугаар дайны үед аялан тоглолт хийж яваад гэртээ харих аргагүй болж Австрали тивд бүрмөсөн үлдсэн Венийн найрал дууч хөвгүүдийн тухай тэр дундаа Густав хэмээх хүүгийн сэтгэл догдлом түүхийг олж сонсоно. Зохиолд өөр цаг хугацаа, өөр өөр газарт энэ хоёр хүүгийн амьдрал зэрэгцэн өрнөж Начо Густавын түүхээс айдас, ганцаардлаа даван туулах урам зориг авч өөрчлөгддөг тухай өгүүлэх болно.
7. Хайрын тухай надад яриач
Тус зохиолоос уншигчид маань загвар өмсөгчийн замнал дуусгавар болж, гоо үзэсгэлэн нүүрээ буруулахад нэгэн үе од болон гялалзаж явсан загвар өмсөгч нарт ямар сэтгэгдэл төрдөг бол?, Загварын ертөнцөд ямар ямар сүүдэртэй талууд байдаг вэ?, Загвар өмсөгч нарыг бусад хүмүүс хэрхэн хардаг бол?, Хайр дурлалын үнэ цэн нь юунд оршино вэ?, Ер нь хайр дурлал гэж байдаг юм уу? гэх мэт олон асуултын хариуг олох болно.
8. Аранзал дарвуул
Загасчдын жижигхэн тосгонд Ассол охин аавынхаа хамт амьдран сууна. Нэг л өдөр хаа нэгтээгээс аранзал дарвуулт хөлөгтэй ханхүү ирж өөрийг нь авч явна гэж охин үнэн голоосоо итгэдэг байлаа. Язгууртан гаралтай хүү Артур Грей хэрцгий эцгээсээ зугтан, тэнгис далайгаар аялж яваад худалдаачны хөлгийн ахмад болдог ба загасчдын тосгонд ирэх үедээ охинд сэтгэл алдардаг. Тэр нутгийнхнаас охины хүсэл мөрөөдлийг сонсоод түүнийг бодит болгохыг хүсдэг билээ.
9. Гангста эмээ
Бен хэмээх хүү баасан гараг бүрд эмээгийндээ үлддэг. Тэрээр үргэлжид байцайтай хоол иддэг, нүдний шил, буурал үс гээд эмээ нарын сонгодог жишээ болсон эмээгээ нэгэн хэвийн уйтгартай гэж боддог байлаа. Тиймээс түүнтэй байх тун дургүй. Гэвч нэг л өдөр Бен түүнийг өөр шиг нь хүүхэд байсан, тэр бүү хэл маш олон нууцлаг хэргийн эзэн гэдгийг мэднэ. Эндээс л тэр эмээгээ өөрөөр харж, илүү дотно байхыг чухалчилдаг. Зохиолч тун хошин өнгө аясаар хүний сэтгэлийн нарийн нандин мэдрэмжүүдийг илэрхийлсэн тул уншигчдыг ер уйдаахгүй.
10. Үхлийн хөдөлгүүр
Аюул заналаар дүүрэн ирээдүйн, асар том хөдөлгүүрт хотууд амьд үлдэхийн тулд нэг нэг рүүгээ дайран тэмцэлдэнэ. Лондон хот нэгэн жижиг хотын араас нэхэж байх үед Том хэмээх залуухан дагалдан эзгүй талд орхигдон үлдэнэ. Тэнд хиймэл эд эрхтэнтэй айдас хүргэм нэгэн түүнийг ангуучилж эхлэх ажээ. Энэхүү зохиолоос байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалахын чухлыг болон бусадтай тэмцэлдэхгүй энх тайван, эв найрамдалтай амьдрах хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Мөн нөхөрлөл, гэнэн цагаан хайр дурлалын үнэ цэнийг өгүүлэх юм.
СЭТГЭГДЭЛ