Макартан Хамфриз, Жеффри Д.Сакс, Жозеф И.Стиглиц зэрэг дэлхийд алдартай эдийн засагчдын хамтран бичсэн "Байгалийн баялгийн хараалаас зайлсхийх нь" номоос онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Байгалийн баялаг багатай улс орон хөгжихөд хүндрэлтэй гэж зарим хүмүүс үздэг. Гэтэл бодит байдал ихээхэн өөр бололтой. Сүүлийн тавин жилийн түүхийг сөхвөл байгалийн баялаг ихтэй орнуудын эдийн засгийн өсөлт харьцангуй байсан нь харагдана. Жишээлбэл Швейцар, Англи, Япон, Сингапур гээд дэлхийн хамгийн баян орнуудын жагсаалтад байгалийн баялаг ихтэй орон байдаггүй. Байгалийн баялаг өгөөмрөөр заяагдсан улс орнууд ихэнхдээ урууддаг үзэгдлийг "байгалийн баялгийн хараал" гэж нэрлэжээ. Уг номыг байгалийн ямар нэг баялгийг олборлож буй орнуудад нийтлэг тохиолддог бэрхшээл, тэдгээрийн учир шалтгаан, түүнээс хэрхэн зайлсхийх арга замыг олон орны бодит жишээн дээр батлан бичжээ. Үүнээс гадна оюутан сурагчдад илүү ойлгомжтой байдлаар бичигдсэн нь уг номыг улам сонирхолтой болгож өгсөн юм.


Монгол улс яагаад ядуу хэвээр байна вэ? Ядууралтай хэрхэн тэмцэх вэ? Баян орнууд бялгаа хэрхэн бүтээсэн бэ? Ядуу орнууд яагаад ядуу хэвээр үлддэг вэ? Байгалийн баялгийн хараалаас хэрхэн зайлсхийх вэ?

Монгол хүн бүр өөрөөсөө заавал асуух ёстой эдгээр асуултын хариуг "Байгалийн баялгийн хараалаас зайлсхийх нь" ном энгийн, ойлгомжтойгоор тайлбарлах болно.


🕮 Баялгийн хараал гэдэг нэр томъёог байгалийн нөөц ихтэй улс орнууд баялгийнхаа үр өгөөжийг хүртэхдээ алдаж бүтэлгүйтэхийг тодорхойлоход хэрэглэдэг юм. Байгалийн баялаг ихтэй олон орон өнөөдөр баялаггүй орнуудаасаа дорой ядуу бөгөөд илүү золгүй, өрөвдмөөр байдалд орсон нь гажууд гэмээр үзэгдэл болжээ.


🕮 Энэ номын зорилго бол тэр байгалийн баялгийн хараалын учир шалтгааныг ойлгоход туслах явдал юм. Байгалийн баялгаа экспортлогч орнуудын өргөн хүрээтэй туршлагыг харьцуулан, тэдний ололт амжилтын болон бүтэлгүйтлийн сургамжийг судалснаар баялгийн хараалын хор нөлөөнөөс сэргийлэх олон арга зарчмаар энэ ном хангах болно.


🕮 Баялгийн хараал хар бараан түүхийг дагуулдаг. Олон улсын уул уурхай, газрын тосны компаниуд өөрсдийн засгийн газрын дэмжлэг авсан байх нь олонтаа. Тэд тухайн улсын удирдагчдад байнга мөнгө төлж, мөнгө төлсөн тухайгаа нуун далдлахаар үгсэн хуйвалдаж байдаг. Мөн тэд өөрийн талын хүмүүсийг засагт багтаахыг хичээж, боломж гарсан үед олборлох эрх олж авахын төлөө зэвсэгт бослого дэгдээхийг ч дэмждэг байна.


🕮 1951 онд Мохаммед Моссадек Англи-Ираны газрын тосны компанийг улсын болгов. Түүнийг ТТГ-ын /Тагнуулын төв газар/ зохион байгуулсан төрийн эргэлтээр авч хаясан ч 20 жилийн дараа газрын тос үйлдвэрлэгч гол орнуудад улсын өмч болгон нийгэмчлэх хөдөлгөөн өрнөж, газрын тосны анхны хямралд хүргэсэн билээ.


🕮 Байгалийн арвин баялагтай улс орнуудад улс төрийн хамгийн том эрсдэл нь өндөр албан тушаалтны авлига байдаг. Богино хугацаанд үлэмж хэмжээний хөрөнгө орж ирэх нь улс төрийн удирдагч нар энэ хөрөнгөнөөс хулгайлах боломжийг ихэсгэдэг ажээ.


🕮 Байгалийн баялагтай холбоотой авлига олон хэлбэрээр илэрнэ. Олон улсын уул уурхай, газрын тосны компаниуд ашгаа өсгөхийн тулд байгалийн баялгийг хэрхэн илүү үр ашигтайгаар олборлох вэ гэж бодохоосоо илүү засгийн газрын авлигач түшмэдийг хахуульдаж, хэрхэн байгалийн баялгийг хямд үнээр эзэмшиж болох, хэрхэн хялбар аргаар зах зээлийн үнээс доогуур авч болох вэ гэдгийг байнга эрэлхийлж байдаг.


🕮 Сул дорой төр, өндөр албан тушаалтны авлигатай холбоотой улс төрийн сөрөг үр нөлөө эцэстээ улс төрийн тогтолцоонд нөлөөлдөг. Байгалийн баялаг ялангуяа газрын тос, байгалийн хийн нөөц ихтэй улс орнууд ардчилсан улс төрийн тогтолцоотой байх нь цөөн. Ялангуяа ардчилсан бус тогтолцоотой, газрын тос олборлогч орнууд газрын тосгүй улс орнуудаас илүү ардчилсан бус байдаг. 


🕮 Байгалийн баялгийн олборлолт нь улс орны хэмжээнд болон ялангуяа олборлолтын бүс нутагт улс төрийн хямралыг авчрах магадлалтай. Олборлох үйл ажиллагаа нь хүн амыг хүчээр нүүлгэн шилжүүлэх, шинээр хүн амыг шилжүүлэн авчрах хөдөлгөөнийг үүсгэнэ. Энэ нь хүн амын ачаалал, байгаль орчны бохирдол , доройтлыг үүсгэдэг.


🕮 Ашигт малтмал олборлох эрхийг компаниудад шилжүүлэх үед луйвардах магадлал маш өндөр бөгөөд ажил хэргийн аль ч шатанд энэ бэрхшээл гарч ирж болно. Ямар ч гэрээнд гарын үзэг зурсан бай. компаниуд төлөх ёстойгоосоо багыг төлж, луйвардахыг оролддог бөгөөд энэ нь ийм аргаар асар их мөнгө олдогтой холбоотой ажээ.


🕮 "Баялгийн хараал" гэдэг нь эдийн засгийн гаж үзэгдэл бус харин улс төр, институционал түвшний үзэгдэл бөгөөд харин үүнийг бодлого боловсруулагчид зохицуулахдаа хойрго ханддаг (бүр зохицуулах хүсэлгүй байдаг).


СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/