Хүүхдүүд яг л томчуудтай адил сэтгэл хөдлөлтэй. Харин тэрхүү сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлж сурахад нь аав ээжийн тусламж хэрэгтэй байдаг шүү дээ. Таны хүүхэд уурлахаараа буруу авир гаргаж байна уу, ямар нэг зүйлээс айж эмээгээд, ганцаардан гуниглаж байна уу? Энэ бол тийм ч том асуудал биш байх нь. Тэгэхээр энэ үед нь хэрхэн туслах хэрэгтэй болоод тэрхүү мэдрэмжийг яаж зөвөөр ойлгуулах хэрэгтэйг энэхүү нийтлэлээс уншаарай.
Уурлаж, айж, ганцаардахад нь хүүхдэдээ яаж туслах вэ?
Бага насны хүүхэд дандаа л инээж баясаад байдаггүй, тэдэнд уурлаж уцаарлан, айх, гуних, гомдох үе цөөнгүй. Энэ нь амьдралд байдаг л үзэгдэл. Баяр баясгалантай байхын эсрэг сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулж сурахад бид хүүхдэдээ хэрхэн туслах вэ?
Уураа илэрхийлж сурахад
Хүүхэд ер уурлахгүй, бусдын аяыг дагаад байдаг бол сул дорой, харин хэтэрхий их уурлаад байх юм бол түрэмгий нэгэн болно. Тэгэхээр энэ хоёрын туйлын дунджыг барьж сурахын тулд ойролцоогоор хоёр наснаас нь эхлэн хүүхдэд нөлөөлөх хэрэгтэй.
Уураа үгээр илэрхийлж сургах
Уураа цохих, маажих зэрэг үйлээр биш үгээр илэрхийлж байна гэдгийг хүүхэдтэйгээ тохирч, түүн дээр ээж аав нар баттай зогсоно. Хүүхэд уураа чанга дуугаар, ойлгогдохоор хэлнэ. Хэрэв хүүхэд тань уураа зүй зохисгүй илэрхийлж байвал орилж хашхирч, зандарч болохгүй. Ингэвэл хүүхэд улам л хэдэр болох болно. Харин аль болох эвээр ярилцах хэрэгтэй шүү.
Уурласан учир шалтгааныг тайлбарлуулах
Уурласан учир шалтгааныг нь тайлбарлан, ярьж сурахад нь тусална. Ингэхдээ асуулт асууж шалтгааныг нь хэлүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, “Доржоо чиний машиныг булааж авсан болохоор уурласан уу?” “Ээж чинь чамайг дэлгүүр дагуулж явахгүй орхисон болохоор уурласан уу?” “Гар чинь шалбарч гэмтээгүй юм чинь уурлах хэрэг байна уу?” Ингэж эвээр асуувал хүүхэд төд удалгүй яагаад уурласнаа тайлбарлаж хэлэх болно.
Хүслийг нь хэлүүлэх
Хүүхэд ямар нэг юм сэтгэлд нь нийцэхгүй болохоор энд тэнд гонгинон явдаг. Энэ үеэр нааштай зүйл санал болгох хэрэгтэй. Жишээ нь, “Билгүүн ээ одоо миний хүүхэлдэйг өгөөрэй, би хүүхэлдэйтэйгээ тогломоор байна” гэж очоод хэлчих гэх мэт.
Санал тавих
Ээж аав хүүхдээ уурласан үед уураа гаргахад нь туслах саналууд тавьж болно. Чанга хашхирах, хуучин сонин жижиглэх, хөл дээрээ дахин дахин үсрэх, гүйж уралдах гэх мэт. Эхний ээлжинд уураа ингэж гаргахад туслаад цаашид эерэгээр илэрхийлэхэд нь туслаарай. Учир нь уураа зохистой илэрхийлж сурахад хүүхдэд багагүй хугацаа шаардагдана.
Айдсаа давж гарахад
Хүүхэд тодорхой хэмжээгээр айх мэдрэмжтэй байх нь зохистой үйлдэл. Энэ нь болзошгүй осол гэмтлээс болгоомжлох ач тустай. Харин хэт хүчтэй бол тэдний үйл ажиллагаа , цаашилбал хөгжлийг хязгаарлах муу талтай. Тиймээс айдсаа давж гарахад нь дараах аргаар хүүхдэдээ туслаарай.
Бодит байдлыг ойлгуулах
Гурав дөрвөн настнуудын толгойд тойрон хүрээлж буй орчин хүмүүсийн талаар элдэв бодол эргэлдэж, заримдаа түүнээсээ айх , санаа зовох нь бий. “Аймхай дөрвөн нас” ч гэсэн үг байдаг. Тэд заримдаа бодит байдал, төсөөлөн бодсоноо ялгаж чадахгүй хольж хутгах нь ч бий. Тэгэхээр хүүхдээсээ юунаас айдгийг нь асууж, цаг зав гарган ярилцаж, бодит байдлыг ойлгуулах хэрэгтэй.
Хүүхэдтэйгээ ойр байх
Нялх бага насны хүүхдийг хувьд асарч хамгаалдаг ойр дотнын хүн нь явах, ойр байхгүй тохиолдолд айдаг. Энэ нь тэдний сэтгэл санааг тавгүйтүүлдэг төдийгүй хожим ямар нэг юмнаас айдаг болох ул мөрийг үлдээх нь бий. Иймд аав ээж нар нялх балчир хүүхдээ ганцааранг нь үлдээхгүй, ойр байх нь чухал.
Хүүхдээ сонсох
Үүнээс айх юм байгүй гэж сургамжлахын оронд тэднээр өөрөөр нь айсан зүйлийг нь яриулаарай. Ярианаас нь тэд юунд баярладаг , юунаас айдаг, юу хүсдэг нь мэдэгдэнэ. Ингээд санаа зовж, айж эмээж байгаа зүйлийг нь хуваалцаж, санаагаа нэмэрлэх хэлнэ. Үүнээс хүүхэд өөрийнх нь асуудалд сэтгэлээсээ хандаж байна гэдгийг мэдэрч, өөрийгөө үнэлэх мэдрэмж авна. Мөн хүүхэд эр зоригтой болоход нь хувь нэмэр оруулах юм.
Харанхуйд хамтдаа байх
Хүүхэд тань харанхуйгаас айдаг бол өрөө/гэрийнхээ гэрлийг унтрааж байгаад хүүхдээ хэсэг хугацаанд өвөр дээрээ суулгаад “Харанхуйгаас айгаад байх юм байхгүй байгаа биз. Бид яагаад харанхуйгаас айдаг вэ гэхээр харанхуйд ямар нэг юм байгаа байх гэсэн бодлоосоо болоод л айдаг юм шүү дээ” гэж тайлбарлах хэрэгтэй. Харин хүүхдийн айдас харсаар байтал нэмэгдэх, айдас нь бодит байдалтай төдийлөн нийцгүй байгаа нь илэрхий мэдэгдэж байвал эмчид хандах хэрэгтэй.
Гунигтай байхад
Хүүхдийн гуниг бие даасан мэдрэмжүүдээс тогтдог. Хамгийн осолтой нь хэдий наанаа инээгээд гүйгээд байгаа ч гуниглал нь цаанаа сэтгэлийн гүнд нь үлдсэн байх талтай. Тийм болохоор тэднийг сайн ажиглаж, гуниг гутралын учир шалтгааныг тогтоож , сайхан санаа бодлоор солихыг хичээх хэрэгтэй юм. Бага насныханд тохиолдох хамгийн уй гунигтай үе бол ойр дотнын хүн нь нас барах. Хүүхдийн хувьд хэчнээн уй гунигт автах нь тухайн хүн хэр ойр дотно байхаас хамаардаг. Энэ үед нь хамтдаа байх, тайтгаруулах ойр дотнын хүн хэрэгтэй. Тэр хүн хүүхдэд “их уйтгарлаж гуниглаад байх хэрэггүй” гэхийг оронд “энэ бол үнэхээр хэцүү, аргагүй ээ, уйлалгүй яах вэ” гэх мэт тайлбар хийх нь уй гунигаас гарахад тустай. Ер нь ийм тохиолдолд том багагүй уйлаад авахад гэмгүй, түүгээр тайвшрал авдаг. Уйлахгүй байхад нь “мундаг”гэдгээ харуулах биш, харин дотроо зангирч бачуурахад хүрдэг.
Эх сурвалж: “Шийдвэрлэх нас” номоос
Та энэ мэтчилэн хүүхэдтэйгээ сэтгэл хөдлөлийнх талаар хамтдаа ярилцаж, тэдэнд аливаа зүйлийг эергээр давж гарахад нь туслаарай. Мөн Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас гаргасан мэдрэмжийн цуврал номоор дамжуулан бяцхан үрстэйгээ ярилцвал илүү үр өгөөжтэй төдийгүй ойлголцоход илүү амар хялбар байх болно.
СЭТГЭГДЭЛ