Манай үеийн хувь хүний хөгжлийн супер од болж буй залуу зохиолч Марк Мэнсон 2007 оноос хойш өөрийн блогоор дамжуулан хүмүүст урам зориг түгээж эхэлжээ. Тэрээр өөрийгөө зохиолч, сэтгэгч, шинийг эрэлхийлэгч хэмээн тодорхойлдог. Түүний "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг бүтээл" нь 2016 онд гарсан даруйдаа дэлхийн 13 орны шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлжсэн бөгөөд уг бүтээлээрээ сайн сайхан амьдралд хүрэх эсрэг замыг уншигчиддаа тунхаглаж байсан бол энэ удаа итгэл найдвар гэгч хэчнээн чухал талаар өгүүлжээ.
“Дэлхий ертөнцөд аливаа бүхэн тасралтгүй хөгжиж сайжирч байх зуур, чухам юуны учир бидэнд улам бүр дордож байгаа юм шиг санагдаад байна вэ?”
Мэнсон бидний итгэл найдвараа алдаж буй байдлыг тайлбарлаж, түүнийг хэрхэн сэргээж, итгэл найдвараа алдахгүй үлдэх талаар найрсаг бөгөөд хоржоонтой зөвлөгөөнүүдээс онцлох 10 эшлэлийг сонгон уншигчиддаа хүргэж байна.
- Хэрэв би Старбакст ажилладаг байсан бол кофены аяганууд дээрээ хүмүүсийн нэр бичихийн оронд дараах зүйлийг бичнэ.Хэзээ нэгэн өдөр та болон таны хайртай хүмүүс үхнэ. Таны хэлж, хийж байгаа зүйлс дэндүү богинохон хугацаанд амьдрах цөөхөн хэдэн хүнээс бусдад нь өчүүхэн ч хамаагүй. Энэ бол амьдралын гашуун үнэн. Таны хийж буй үйлдэл, бодож буй бодол бүхэн энэ үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого. Бид бол сансар огторгуйн жижигхэн хөх толбо дээр мөргөлдөн задарч тархах ямар ч ач холбогдолгүй, хэрэггүй тоосонцрууд юм. Бид өөрсдийгөө их чухал гэж төсөөлдөг; бид өөрсдөдөө нэг л их зорилго тодорхойлдог; гэвч үнэндээ бид юу ч биш.Хараал идсэн кофегоо ууж таашаал авцгаа даа.”
- Бид материаллаг эд зүйлс урьд урьдынхаас хавьгүй илүү хөгжиж сайжирсан сонирхолтой цаг үед амьдарч байна. Гэвч хорвоо ертөнц бидэнд усыг нь одоохон татах гэж байгаа жорлон шиг төсөөлөгдөж, бид бүгд ухаан самуурч галзуурч байх шиг санагдах ажээ.
- Үндсэндээ бид дэлхийн түүхэн дэх хамгийн аюулгүй, хөгжил дэвшилтэт хүмүүс мөртлөө урьд хожид байгаагүй итгэл найдвараа алдсан улс болж таарч байна. Хөгжих тусам бид илүү цөхөрч байх шиг. Энэ бол хөгжил дэвшлийн парадокс (гажуудал) юм.
- Бидний оюун ухааны хөдөлгүүрийн түлш нь итгэл найдвар юм.
- Бид энх тайван, хөгжил цэцэглэлт эсвэл цахилгаан машины шинэ чимэглэл дутагдсан соёл иргэншлийнхэн биш. Бидэнд энэ бүгд бий. Харин хавьгүй илүү аз туршсан зүйл дутагдаж байна. Итгэл найдвар дутагдаж байна.
- Хүмүүс өөр хоорондоо ялгаатай гэхээс илүүтэйгээр өөр хоорондоо ижил төстэй. Бид бүгд амьдралаас ерөнхийдөө адил зүйлс хүсдэг. Харин бидний хоорондын бага зэрэг ялгаа сэтгэл хөдлөлийг бий болгож, тэр нь “чи чухал хүн шүү” гэсэн мэдрэмжийг үүсгэдэг. Тиймээс бид ялгаатай байдлаа ижил төстэйгөөсөө илүү чухал ач холбогдолтой гэж ойлгодог. Энэ бол хүн төрөлхтний жинхэнэ эмгэнэл юм. Бид ялимгүй ялгаанаасаа болж байнгын зөрчилд хүрдэг.
- Аз жаргалыг эрэлхийлэх нь биднийг хүүхдэрхүү болгодог бол хуурамч эрх чөлөө биднийг балчир хүүхэд шиг зан араншиндаа хашигдаж үлдэхэд хүргэнэ.
- Хүн бүр өөрийн алдаа дутагдлыг харахыг хүсэхгүй хэр нь бусдаас алдаа дутагдал хайдаг.
- Хором мөч бүрд хязгааргүй боломж, дарамт шахалт байдагт найд. Эрх чөлөөтэй хамт ирдэг зовлонд найд. Аз жаргалаас үүдэлтэй зовлонд найд. Мунхаглалаас үүдэлтэй мэргэн ухаанд найд. Бууж өгснөөр ирдэг хүч чадалд найд.
- Бид өнөө маргаашийн бэрхшээлүүдтэй нүүр тулгараад байгаа ч гэсэн, найзууд аа, энэ эцсийн мөчид бид өөртөө боломж олгоё. Би найдахаар шийдлээ. Зүрхлээд үзэцгээе.Тэгээд үүнээс үл хамааран аливааг үйлд.
СЭТГЭГДЭЛ