Бүх цаг үеийн улс төр, философийн бүтээлүүдээс хамгийн агуу төдийгүй, хамгийн их маргаан дагуулсан бүтээл бол яах аргагүй “Хунтайж” ном билээ. Италийн философич, түүхч Никколо Макиавелли “Хунтайж” номоороо Сэргэн мандалтын үеийн оюун санаа болон улс төрийн сэтгэлгээнд тэсрэлт хийж чадсан юм. Уг суут бүтээл Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Нийгмийн ухаан” цувралын II дэвтэр болж олны хүртээл болсон билээ. Номын үзэл санаа ямар нэг уянгын халил, яруу сайхан үгсээр илэрхийлэгдээгүй. Харин төрийг хэрхэн гартаа авах вэ? Үүний дараа  хэрхэн жолоодох вэ? Ард түмэнд хайрлагдахын тулд ямар зан авир хэрэгтэй? Улс төрийн заль мэх, авхаалж самбаа, хүнлэг зан, догшин хэрцгий байдал зэрэг чанаруудаар өөрийгөө цэнэглэж, улс орноо удирдах зэрэг асуултыг хөнддөг. 1532 онд хэвлэгдсэн уг номыг олон хаад ноёд, улс төрийн лидерүүд "төр барих гарын авлага" болгон ашиглаж иржээ.  

“Хунтайж” номын үзэл санаа орчин цагийн дэлхийн улс төрийн үйл хэрэгт хэрхэн биеллээ олж буй нь тун сонирхолтой. Энэ тухай Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцаа, нийгэм судлалын ахлах багш, доктор (Ph.D) П.Мягмардорж өөрийн “Дэлхийн улс төрийн бодлого ба Макиавеллийн “Хунтайж”-ийн үзэл санаанд хийсэн дүн шинжилгээ” судалгааны ажилдаа нарийн тусгажээ. Уг судалгааны ажлын гол зорилго бол “Хунтайж” номыг судалж үзэл санааа нь өнөөгийн улс төрийн шийдвэр гаргалт болон дэлхийн улс төрийн бодлогод хэрхэн бодит нөлөө үзүүлж буйг шинжлэхэд оршино. Ингээд та бүхэндээ түүний ярилцлагыг хүргэж байна.


-Гол яриандаа орохоос өмнө хүйтэн дайнаас хойших дэлхийн улс төрийн өнгө төрхийн талаар хөөрөлдөөнөө эхлэх үү?  

-Өнөөдөр олон улсын харилцааны судлаачдын анхаарал татаж буй сэдвийн нэг нь АНУ-ын цэрэг стратеги, эдийн засаг, соёл иргэншлийн давамгайлал хумигдаж 2-р дайны дараа тогтсон дэлхийн дэг журам өөрчлөгдөж буй тухай асуудал болж байна. Хүйтэн дайны төгсгөлд Зөвлөлт Холбоот Улс задран, коммунист тогтолцоо нуран унаснаар АНУ дэлхийн цорын ганц хэт их гүрний статустай үлдэж олон улсын харилцаа 1 туйлт системд шилжин олон улсын энх тайван аюулгүй байдал АНУ-ын үзэмжээр тогтох болсон талаар судлаачид дүгнэн бичих болсон. Олон улсын харилцааны онолын сургуулиудын дундах маргаанд либераль онолын талынхан давамгайлах болж, Германы философич И.Кантын зөгнөн бичиж байсан ёс суртахуун, эрх зүйд тулгуурласан “Үүрдийн амар амгалан” (Perpetual Peace) тогтох боломжтойг тунхаглан зарлах болсон билээ.

-Дэлхийн 2-p дайны дараа шинэ зууны өнгө төрхийг барууны либераль-ардчилал тодорхойлох ёстой хэмээн АНУ-ын улс төрийн шийдвэр гаргагчид үзэж байсан шүү дээ. Үүнийгээ тэд хэрхэн хэрэгжүүлж байсан бэ?

-АНУ-ын улс төрийн шийдвэр гаргагчид үүнийг олон улсын харилцаанд “Америкийн энх тайван” (Pax Americana) нэмээх нэрлэж байсан. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд АНУ өөрсдийн чөлөөт зах зээлийн эдийн засгийн загвар болон улс төрийн засаглалын хэлбэрийг Соросын Сан, Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, Олон Улсын Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн, Үндэсний Ардчилалын Хүрээлэн гэх мэт байгууллагуудаар дамжуулан бусад улсад тулгах болсон. Хүйтэн дайны сөргөлдөөнд коммунист тогтолцоог нурааж, ялалт байгуулсан  цэрэг улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн асар их  хүч чадавх, нөлөө бүхий АНУ нь бусад улсын хувьд ялангуяа  пост коммунист  улсуудын хувьд яахын аргагүй цаашдын хөгжлийн загвар, даган дуурайх үлгэр жишээ болсон билээ. “Ардчилалын 3 дахь давалгаа”-ны үр дүнд ардчилсан үнэт зүйлс дэлхий даяар тархаж АНУ-ын либераль-ардчилал дэлхийн цорын ганц хөгжлийн загвар болсон.

-Энэ тухай Америкийн улс төр судлаач Фрэнсис Фукуяама 1992 онд “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” номоороо өгүүлж байсан шүү дээ. Хүйтэн дайн дуусаж, коммунизм сөнөж, либерал ардчиллаас өөр ямар ч сонголт байхгүй, улс үндэстнүүд идеологийн зөрчилгүй, ямар ч дайн дажингүйгээр бүгд либерал ардчилал гэсэн дээвэр доор энх тунх амар сайхандаа жаргана хэмээн тунхаглаж байсан. Гэвч энэ нь бодит байдалтай нийцэхгүй болох нь өнөөгийн олон улсын харилцаанд өрнөж буй үйл явдлаас харагдаж байна. Энэ талаар?

-Тийм. Үүнийг олон улсын харилцаанд өрнөж буй олон үйл явдлаас харж болно. Ази, Африк, Латин Америкийн олон оронд авторитар болон тотилатар дэглэмүүд хүчээ авч буй төдийгүй Европын зарим  улсад хэт барууны, үндсэрхэг улс төрийн хүчнүүд хууль тогтоох байгууллагад суудал эзлэх болж улс төрийн шийдвэр гаргалтад хүчтэй нөлөө үзүүлэх боллоо. Либераль-ардчилсан засаглалын хэлбэрийг  үнэлэх үнэлэмж унахын зэрэгцээ олон улсын чөлөөт эдийн засгийн тогтолцоонд ч хүндрэл бэрхшээл бий болж байна. Үүнээс гадна цагаач, дүрвэгсэдийн асуудал байна. Ойрхи Дорнодын хямрал мөргөлдөөнөөс үүдэлтэй дүрвэгсэдийн давалгаа нь  Европын Холбооны төдийгүй Хойд Америкийн улсуудын  засаг захиргаа, ард түмний хооронд үл ойлголцолыг үүсгээд байгаа төдийгүй Европын Холбооны гишүүн улсуудын дунд байр суурийн томоохон зөрчилдөөнийг бий болгож байна. Эдгээр болон бусад нийгэм эдийн засгийн олон арван асуудлууд олон нийтийн санаа бодлыг өөрчилж ардчилалын үнэт зүйлийг бэхжүүлэх гэхээс илүүтэй улс төр, эдийн засгийн популизм, үндсэрхэг үзлийг дэвэргэх болжээ. Үр дүн нь Брексит, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, Каталоны Испаниас салан тусгаарлах тэмцэл, Польшийн үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаал, ЕХ-ны талаар баримталж буй өнөөгийн Унгарын засгийн газрын байр суурь зэргээр илэрч байна.

-Олон улсын энх тайван, аюулгүй байдал ч гэсэн бэрхшээлүүд олон байна шүү дээ. Дэлхийн амар амгалан, энх тайвныг сахин хамгаалах зорилгоор байгуулагдсан Нэгдсэн Үндэсний Байгууллага хүртэл үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгааг юу гэж харж байна?  

-Бүс нутгийн халуун цэгүүдэд энх тайван тогтоох зорилгоор “дэлхийн цагдаа”-гийн үүргийг өөртөө авсан АНУ-ын цэргийн ажиллагаа сүүлийн үед дараа дараалан бүтэлгүйтэж  буйг Афганистан, Ирак,  Ливи, Сири дэх нөхцөл байдлаас харж болно. Нэгдсэн Үндэсний Байгууллага ч Ойрхи Дорнодын хямрал, Хойд Солонгос, Иран гэх мэт улсуудын цөмийн зэвсгийн хөтөлбөр, их гүрнүүдийн жижиг улсын бүрэн эрхт байдал болон газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг хийж буй үйлдэл  зэрэг олон асуудлаар үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгааг улс төрчид шүүмжлэхийн зэрэгцээ олон улсын улс төр, аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг судлаачид дүгнэн бичиж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн талаар санал бодлоо илэрхийлэх боллоо. 

-Тэгэхээр өнөөдөр олон улсын харилцааны оролцогчдын гадаад бодлогод реализмын онол хүчтэй нөлөөлж улмаар дэлхийн улс төрийн бодлогод моралын хэм хэмжээ алдагдаж буйг хэн хэнгүй мэдэрч байх шиг...  

-Тийм. Миний “Дэлхийн улс төрийн бодлого ба Макиавеллийн “Хунтайж”-ийн үзэл санаанд хийсэн дүн шинжилгээ” судалгааны ажлын үндсэн зорилго нь улс төрийн шийдвэр гаргалт, ялангуяа улс төрчдийн моралын хэм хэмжээнд  дүн шинжилгээ хийхэд оршиж байгаа юм. Үүний тулд олон улсын харилцааны онолын дэг сургуулиуд, тэр дундаа реализмын онолын дэг сургуулийн философийн түүхэн уламжлалыг судлах шаардлагатай. Ялангуяа улс төрийг моралаас зааглаж авч үзсэн Сэргэн Мандалтын үеийн агуу сэтгэгч Италийн философич Н.Макиавеллийн “Хунтайж” хэмээх бүтээлийг судалж уг бүтээлийн өнөөгийн дэлхийн улс төрийн бодлогод үзүүлж буй бодит нөлөөнд дүн шинжилгээ хийхийг зорьсон болно.  

-Идеализм ба реализмын тухайд?    

-Олон улсын харилцааг судалж түүнд үнэлэлт дүгнэлт хийдэг улс төрийн шинжлэх ухааны гол салбар бол олон улсын харилцааны онол юм. Энэхүү салбар шинжлэх ухааны үүсэл хөгжлийг дэлхийн 1-р дайны дараачаас авч үздэг. Дайн яагаад гардаг, түүнийг хэрхэн урьдчилан сэргийлж болох тухай асуудалд судлаачид, улс төрийн шийдвэр гаргачид анхаарлаа хандуулах болсоноор идеализмын онол олон улсын харилцааны анхдагч онолын сургууль болжээ. Гэвч дэлхийн 1-р дайны дараа тогтсон ОУХ-ны системийг эвдэхээр “Тэнхлэг”-ийн  улсууд эвсэж дэлхийн 2-р дайныг эхлүүлсэнээр идеализмын онолд томоохон цохилт болж үндэстэн улсын хувьд үндэсний ашиг сонирхол, хүч чадавх чухал хэмээн номлодог реализмын талын судлаачид олон улсын харилцааг судлах онолын шинэ дэг сургуулийг  гаргаж ирсэн. Улс төрийн нэгжүүдийн (гол нь  үндэстэн улсууд) хоорондын харилцаа нь ашиг сонирхолын зөрчил  ба үүнээс үүдэн олон улсын харилцаанд сөргөлдөөн, хямрал мөргөлдөөн, дайн дажин буюу “эмх замбараагүй байдал” мөнхийн шинжтэй хэмээн энэхүү онолын талынхан дүгнэдэг.

-Хүйтэн дайны дараа АНУ-ын тэргүүлсэн “Дэлхийн Шинэ Дэг Журам” тогтсоноор  олон улсын харилцааны онолын судалгаанд либераль-идеалист онолын талынхан давамгайлах  болсон. Харин өнөөгийн дэлхийн бодлогод гарч буй хүчний тэнцвэрийн өөрчлөлт, эрх мэдлийн төлөөх тэмцэл нь цэвэр реализмын онол дээр тулгууларгдаж буйг гэрчилж байх шиг. Үүн дээр ямар байр суурьтэй байна вэ?

-Реалистууд олон улсын харилцааны үндсэн оролцогч нь улс гэж үзээд эдгээр улс оролцогчид нь үндэсний ашиг сонирхол болон  аюулгүй байдлаа хангаж эрх мэдэл, хүч чадавхиа нэмэгдүүлэн, олон улсын харилцаан дахь байр суурь, нэр нөлөөгөө өсгөхийг зорьдог болохыг олон талаар нотолдог. Реализм нь өнөөдрийн сонгодог онол болтлоо маш удаан түүхэн хугацааг туулсан ба янз бүрийн үзэл номлолуудаар баяжиж иржээ. Энэ онолын урсгалын үндэслэгч хэмээн тооцогддог эрхмүүдийн дотроос эртний Грекийн түүхч Фукидид,  сэргэн мандалтын үеийн болон  соён гэгээрлийн үеийн сэтгэлгээний агуу төлөөлөгчид болох Никколо Макиавелли, Томас Гоббс, Эмерик де Ватель, Карл фон Клаузевиц нарын нэрс тодоор бичигддэг. Эдгээр сэтгэгчидийн улс хоорондын харилцааг үнэлж дүгнэсэн дүгнэлтийг сонгодог онолын төвшинд хөгжүүлсэн судлаачид бол 20-р зууны эхэн хагаст барууны улс төрийн реалист онолын голлох төлөөлөгчид хэмээгдэж байсан Эдуард Карр, Рейхольд Найбур, Ханс Моргентау нар юм. Тэгвэл сонгодог реализмын онол нь 1970-80-аад оны үеэс Кеннет Уолц, Жон Миршаймер гэх мэт АНУ-ын нэр хүнд бүхий  судлаачид төлөөлдөг неореализмын онолын урсгалд байр сууриа тавьж өгсөн бөгөөд неореализмын түвшинд реализмын онол нь илүү шинжлэх ухаанч байдлаар олон улсын харилцааг задлан шинжилж, үнэлэлт дүгнэлт өгч байна. Өнөөгийн олон улсын харилцаанд үүсээд буй нөхцөл байдал нь реализмын онолын сургуулийн философи сэтгэлгээний уламжлалын төлөөлөгчдийн бүтээлийг анхааран судлах шаардлагыг бий болгож байна. Ялангуяа моралын хэм хэмжээг олон улсын улс төрийн тавцанд хэрэгсэхээ больж “үндэсний ашиг сонирхол” улсуудын хувьд нэн чухалд тооцогдон улмаар эрх мэдлийн төлөөх тэмцэл олон улсын харилцаанд хүчтэй өрнөж буй үед реализмын онолын философи сэтгэлгээний уламжлалын гол бүтээлүүдийн нэг Н.Макиавеллийн “Хунтайж”-ийг задлан шинжлэхэд огтоос буруудахгүй билээ. 

-Никколо Макиавеллийн “Хунтайж” номын тухайд?

-Орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны эцэг хэмээн тооцогддог Сэргэн Мандалтын үеийн Италийн улс төрч, дипломатч, түүхч, философич Никколо Макиавеллийн 1513 онд бичсэн “Хунтайж” хэмээх бүтээл нь улс төрийн реализмын онолын чухал эх сурвалж, мөн томоохон судлагдахуун болсоор ирсэн билээ. Өнөөгийн олон улсын харилцааны голлох оролцогчдын ашиг сонирхол, тэдгээрийн улс төрийн шийдвэр гаргачдын зан төлөвийг судлахад уг бүтээл томоохон хувь нэмрээ оруулах ёстой. Учир нь Макиавеллийн бүтээл нь улс төр ба ёс зүйн  харилцан хамаарлыг судалсан чухал судалгаа төдийгүй  эрх мэдэлд хүрэх арга зам, эрх мэдлээ хадгалж үлдэх талаар улс төрийн шийдвэр гаргачдад өгсөн үнэ цэнэтэй зөвлөгөө юм.

-Энэхүү номыг улс төрийн шийдвэр гаргагчдын заавал унших ёстой ном хэмээн хүлээн зөвшөөрдөг. Жишээлбэл “Нашионал Интерест” сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн өгүүлэлд “Фукидидаас Гоббс, Моргентаугаас Миршаймер хүртэлх бүхий л реалист уламжлалын төлөөлөгчидөөс гагцхүү Макиавелли л уншигчдыг гайхшруулан алмайруулсаар байх болнохэмээн бичсэн байдаг...

-Тийм. Америкийн улс төрийн философич, Харвардын Их Сургуулийн профессор Харви Менсфильд Макиавеллийн “Хунтайж” хэмээх бүтээлийн талаар: “Улс төрийн талаар бичигдсэн бүх цаг үеийн хамгийн алдартай бүтээл” хэмээн үнэлсэн бол Америкийн улс төр судлаач, газарзүйч  Жаред Даймонд 2013 онд “Нью Йорк Таймс” сонинд өгсөн ярилцлагандаа “хэрэв АНУ-ын ерөнхийлөгч цорын ганц ном унших ёстой бол тэр нь Макиавеллийн “Хунтайж” байх болно. Учир нь Макиавелли эрх мэдлийн хил хязгаар болоод түүнийг хэрхэн яаж ашиглахыг тодорхойлж  өгсөн  гайхалтай реалист юм”. “Улс төрийн шийдвэр гаргагчид төдийгүй улс төр судлаачид Макиавеллиг заавал унших ёстой” гэсэн байна. Стэнфордын Их Сургуулийн профессор, Италийн уран зохиол судлаач Роберт Харрисон Макиавеллийн талаар: “Макиавеллийн өмнөх үеийн сэтгэгчид улс төрийг онолын хувьд заавал ёс зүйтэй холбон тайлбарладаг байв. Тухайлбал эртний Грекийн философич Аристотель улс төрийг ёс зүйн нэг салбар хэмээн үзээд ёс зүй нь хувь хүний ёс суртахууны төлөв байдлаар тодорхойлогддог бол улс төр нь зохион байгуулалттай нийгмийн бүлэг,  хүмүүсийн ёс суртахууны хэм хэмжээгээр тодорхойлогддог хэмээн үзсэн. Харин Макиавелли улс төрийг ёс зүйгээс салган авч үзсэн бөгөөд эндээс улс төрийн шинжлэх ухаан бие даасан шинжлэх ухаан болон хөгжсөн”. “Макиавеллийн “Хунтайж” хэмээх бүтээлийн талаар нэмэж хэлэхэд  Хенри Киссинжер болон Ричард Никсон нар унтахын өмнө энэ бүтээлийг заавал уншдаг байсан” хэмээжээ.


-Ном төрсөн түүхийн талаар товчхон дурдвал?

-Никколо Макиавелли нь 1469 онд тухайн үеийн Италийн Флоренцийн хот-улсад төрсөн ба Флоренцийг захирч байсан Медичийн гэр бүлийнхэн 1494 онд эрх мэдлээ  алдаж Флоренцийн Бүгд Найрамдах Улс байгуулагдахад Флоренцийн төрд алба хашиж эхэлсэн ба 4 жилийн дараа тус улсын гадаад харилцаа, дипломат  ажиллагааг удирдан явуулах эрх бүхий албан тушаалд томилогдсон байна. 1512 онд Медичийн гэр бүлийнхэн эрх мэдлээ дахин сэргээж Флоренцийг засаглах болсоны дараа жил нь буюу 1513 оны 2 сарын 18-нд Макиавеллиг баривчлан шоронд хорьсон байна. Улс төрийн амьдралаас холдон хөдөө тосгонд цөлөгдсөн тэрбээр “Гэгээн дээдэс Лорензо де Медичид” хэмээн хаяглан захидал маягаар “Хунтайж” хэмээх бүтээлээ туурвисан ба уг бүтээлдээ эзэн хаад эрх мэдлээ хадгалахын тулд юу хийх ёстой, хэрхэн засаглах ёстойг дэлгэрэнгүй судлан, улс төрийн түүхэн үйл явцад задлан шинжилгээ хийж,  дүгнэн цэгнэж өөрийн цаг үеийн болон ирээдүйн эзэн хаадад зөвлөгөө болгон бичжээ.

Макиавеллийн үеийн болон түүнээс өмнөх үеийн  олон арван сэтгэгчид  ёс суртахуунт хүн бурханы хишгийг хүртэх бөгөөд ёс зүйтэй эзэн хаад энэ насандаа төдийгүй дараагийн амьдралдаа ч амжилттай байж диваажинд хүрэх тухай бичиж байсан. Харин Макиавелли уг үзэл баримтлалтай санал нийлээгүй төдийгүй эзэн хаад худал хэлж хууран мэхлэн, эрх мэдлээ хадгалахын тулд хүч хэрэглэснээр  амжилтанд хүрч байсныг баримтаар нотлохыг оролдсон юм. Тэрээр эртний Грек, Ромын үеэс эхлээд Дундад зууны болон Сэргэн мандалтын үеийн Италийн хот-улсуудын улс төрийн ээдрээтэй амьдралын баялаг түүхийн жишээн дээр тулгуурлан  амжилтанд хүрсэн ба алдаа гарган бүтэлгүйтсэн улс төрийн удирдагчдын талаар дүгнэн бичсэн билээ. Зарим судлаачид Макиавеллиг улс төрийн эрх мэдлээ сэргээх, Флоренцийн шинэ удирдлагад үнэлэгдэх зорилгоор “Хунтайж”-ийг бичих болсон хэмээн үздэг. Үүний жишээг ч түүний бүтээлийн удиртгал буюу “Никколо Макиавеллигээс” гэсэн хэсгээс харж болно. Тэгэхээр түүний энэхүү бүтээлийг бичих болсон үндсэн зорилго нь Флоренцийн хот улсын сулрах болсон учир шалтгааныг илрүүлж асуудлыг шийдвэрлэх арга зам олох, мөн улс төрийн суурь зарчмууд болон бодит байдлыг задлан шинжлэх замаар дотооддоо тогтвортой, гадны халдлагаас өөрийгөө хамгаалах чадвартай Бүгд Найрамдах Засаглалын хэлбэрийн улсыг байгуулахад оршиж байв. Макиавелли авилгад идэгдэн хүч нь суларсан Флоренцийг эрс өөрчлөх замаар Периклийн үеийн Афин эсвэл Ромын Бүгд Найрамдах Улс лугаа адил “нэгдсэн, моралын хувьд шинэчлэгдсэн, жинхэнэ  хүчирхэг улс”-ыг байгуулахыг зорьсон бөгөөд үүний тулд эртний улсуудын удирдагч нарт ихэд үнэлэгдэж байсан хүч чадал, ур чадвар, эр зориг, итгэл найдвар, алдар нэр, нийтийн ашиг  тусын төлөөх иргэдийн итгэл үнэмшил зэрэг чанаруудыг чухалчилсан байна.

-Тэгвэл Макиавеллийн бичсэнээр удирдагч хүн өөртөө ямар зан араншинг цогцлоосон байх ёстой вэ?  

-Макиавеллигийн үзсэнээр ихэнх хүмүүс “аймхай хулчгар, олзонд дуртай, туйлбаргүй, богино ухаантай, хоёр нүүрт хууран мэхлэгч, ов зальтай, аялдан дагагсад ба бусдын буяныг үл санагсад” бөгөөд ийм нөхцөлд ёс суртахууны хэм хэмжээг баримталдаг эзэн хаад мөхөлд амархан хүрдэг. Иймийн учир урт удаан хугацаанд эрх мэдлээ хадгалж үлдэхийг хүсвэл эзэн дээдэс энэрэнгүй зөөлөн сэтгэлт байхаас татгалзах ёстой хэмээн бичсэн.  

Хамгийн чухал, нэн түрүүнд анхаарах зүйл бол Хунтайж өөрийн эрх мэдэлийг хадгалж үлдэх, улс орныхоо аюулгүй байдлыг хангахын төлөө бүхнээ зориулах  ёстой. Бусад хаадыг хүчирхэгжүүлэх, илүү хүчтэй улстай холбоотон болохоос ямагт сэргийлэх  хэрэгтэй.

Хоёрдугаарт, Хунтайж хүний эзэмшвэл зохих цорын ганц урлаг” болох дайны урлагт төгс суралцах шаардлагатай. Хангалттай хэмжээний зэр зэвсэг эзэмшиж цэрэг армиа байнгын дайны бэлэн байдалд  байлгаснаар л гадны түрэмгийлэгчид төдийгүй дотоодын өрсөлдөгчдөөс өөрийн улс орныг авран хамгаалж чадна. Энх тайван бол түр зуурын ойлголт ба ард иргэд, цэрэг арми, улс орны сэтгэл зүйг шинэ дайнд бэлтгэх боломж юм.  “Шударга дайн” хэмээх ойлголт үгүй бөгөөд  хэнд дайн хэрэгтэй байна түүнд дайн шударга зүйл.

Гуравдугаарт, улс орноо удирдах үйл хэрэгтээ ов заль, хууран мэхлэлтийг гол хэрэгсэлээ болгон ашигла. Жинхэнэ зорилгоо нууж хаацайл, зөвхөн өөрт  ашигтай тохиолдолд хэлсэн үгэндээ  хүр. Бусад нь чамд үнэнч гэдэгт бүү итгэ, зусарч бялдууч туслахуудаар өөрийгөө хүрээлүүлэх хэрэггүй, зөвхөн цөөн тооны ухаалаг шадар туслахуудыг л өөртөө ойртуул. Ямагт бусадтай зөвлөлдөх хэрэггүй, шийдвэрийг зөвхөн өөрөө гарга, цөөн тохиолдолд шадар зөвлөхүүдийнхээ саналыг сонс.

Эцэст нь  нөхцөл байдлаас шалтгаалан уужим энэрэнгүй  сэтгэл болон догшин хэрцгий зан төлөвийн алийг нь ч хэрэглэхээс бүү татгалз. Хунтайжуудыг хайрладаг ч, бас айдаг байвал нэн сайн гэж ярилцдаг ч хайр айдас хоёроос сонгоход хүрвэл айдсыг сонгох хэрэгтэй юм. Хунтайж хүн олон цэргээ удирдан яваа үедээ харгис хэрцгий гэсэн нэр зүүхээсээ огтхон ч болгоомжлох хэрэггүй, учир нь хатуу чанд, харгис хэрцгий гэсэн нэр зүүхгүй бол их цэргийн нэгдэл нягтрал, байлдааны чадварыг зохих түвшинд байлгаж үл чадна. Хунтайж хүн бүх араатнуудын дундаас арслан, үнэг хоёрыг сонгон авч тэдний зан чанарыг дууриах хэрэгтэй. Арслан хавхнаас айдаг бол үнэг чононоос айдаг. Хунтайж хавхнаас тойрч гарч чаддаг болохын тулд үнэгтэй адилхан, харин чононуудыг айлгадаг байхын тулд арслантай адил байх ёстой. Дандаа арслан шиг байх юм бол хавхыг анзаарахгүй байх талтай. Гэхдээ Хунтайж ямар ч тохиолдолд ард иргэддээ үзэн ядагдах сэтгэлийг төрүүлэхгүй байх нь чухал юм.

-Дээрх зөвлөгөөнүүдээс харахад Макиавеллиг моралын хэм хэмжээг уландаа гишгэсэн, улс төр дэх худал дүр исгэлт, бохир заваан байдлыг өөгшүүлсэн ёс зүйгүй хүн мэтээр дүгнэдэг хүмүүс бий. Энэ тухайд?

-Олон судлаачид түүнийг “Тирануудын зөвлөгч” хэмээн үздэг бол зарим судлаачид түүнийг эсрэгээр нь дүгнэсэн байдаг. Тухайлбал Стьюарт Патрик “Хунтайж”-ийг бичсэнээр улс төрийн амьдрал дахь бодит нөхцөл байдлыг бусдад ойлгогдохоор  ил тод, тунгалаг болгосон билээ. Ийм маягаар Макиавелли улс төрийн удирдлагын анхаарч байвал зохих суурь ойлголтуудын талаар чухал зөвлөгөөг ирээдүйн улс төрийн шийдвэр гаргачдад өгсөн” хэмээн  дүгнэсэн бол Италийн эрх зүйч Оксфордын Их Сургуулийн профессор Альберико Жентили “Түүний зорилго нь тираныг бэлдэх биш, харин түүний бүхий л нууцыг ил болгоход оршсон” хэмээн Макиавеллиг үнэлжээ. Гэвч өнөөдрийг хүртэл Монголын болон гадаадын олон арван дотоод судлаачид түүнийг улс төрийг моралаас ангид байхыг номлосон хэмээн нотолж байна.

-Улс орноо удирдах, олон улсын харилцаанд эрх мэдлээ хадгалах, хүч чадавхиа нэмэгдүүлэх үйл хэрэгтээ улс төрийн шийдвэр гаргагчид “моралын хэм хэмжээг баримтлах ёсгүй, харин моралтай мэт харагдах ёстой” хэмээх Н.Макиавеллийн зөвлөгөөг сайтар дагаж мөрдөж байх шиг. Тэгэхээр орчин цагийн улс төрийн шийдвэр гаргагчдад цаашид Н.Макиавеллигийнхээс өөр алтернатив гарч ирэх болов уу?

-АНУ-ыг дахин хүчирхэгжүүлэх Д.Трампын гадаад, дотоод бодлого, Хойд Солонгосын Ким Чын Уны цөмийн хөтөлбөрийн үзэл баримтлал, БНХАУ-ын дарга Сы Зин Пиний эдийн засгийн бодлогын ирээдүйн зорилго, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиний геополитик, цэрэг стратегийн бодлого зэрэг орчин цагийн улс төрийн шийдвэр гаргачдын үйл ажиллагаанд “үндэсний ашиг сонирхол” маш чухал хүчин зүйл хэвээр байгаа нь харагдаж байна. Ингэснээр өнөөгийн дэлхийн улс төрийн бодлого, олон улсын харилцаанд өнгөрсөн зууныг хүртэл хадгалагдаж ирсэн эрх мэдлийн төлөө шударга ёсыг үгүйсгэдэг, моралын хэм хэмжээг үл ойшоосон, эрх зүйн  суурь зарчмуудыг  дагаж мөрдөх гэхээс илүүтэй хүч чадавхийг чухалчилсан улс төрийн бодлого ноёрхох боллоо. Үүнээс улбаалаад олон улсын харилцааны судалгаанд сонгодог реализмын онолын сургуулийн байр суурь дахин сэргэх хандлага бий болсоныг өнөөгийн олон улсын харилцааны олон арван судалгааны ажлуудаас харж болно. Иймээс сонгодог реализмын уламжлалт бүтээлүүдийг судлан шинжилж олон улсын харилцааны үйл явдалд дүн шинжилгээ хийх хандлага судлаачдын дунд түгээмэл болж байна.

Н.Макиавеллийн “Хунтайж” хэмээх энэхүү бүтээл нь улс төрийн шийдвэр гаргачдад өгсөн үнэтэй зөвлөгөө төдийгүй улс төрийн үйл явцийн бодит дүр төрхийг ил болгосон чухал бүтээл юм. Энэхүү бүтээлийг судлаачид өөр өөрсдийнхөөрөө дүгнэн цэгнэж байдаг бол улс төрийн шийдвэр гаргагчид энэ бүтээлийг уншсан эсэхээс үл хамааран моралын хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодоггүй жишээг дотоод гадаадын улс төрийн үйл амьдралаас олноор харж болно. Улс төрчид Макиавеллийн бүтээлээс санаа аван  “улс төрд зорилго нь аргаа зөвтгөдөг” хэмээх зүйрлэлийг хэрэглэдэг гэхээс илүүтэй Н.Макиавелли улс төрийн амьдралын мөн чанар тэр дундаа улс төрийг моралгүй болохыг, шударгаар явсан улс төрчид амжилтанд хүрдэггүйг, хууран мэхлэх арга ажиллагаа бол улс төрийн шийдвэр гаргалтын гол хэрэгсэл болж байдгийг  хөндлөнгөөс үнэлж дүгнэсэн байх өндөр магадлалтай. Эцэст нь дүгнэхэд аль ч утгаараа тэр улс төр гэдэг хожоо гаргахын тулд шударга байх боломжгүй тоглоом гэдэг нь Н.Макиавеллийн “Хунтайж” хэмээх бүтээлээс ойлгомжтой болж буй тул олон улсын харилцаа, дэлхийн улс төрийн бодлогод моралд суурилсан  “үүрдийн энх тайван” тогтох боломжгүй харин ч эсрэгээрээ эрх мэдэл, эд баялагийн төлөөх моралгүй улс төрчдийн тэмцэл үргэжилсээр байх болно гэдэгт бат итгэлтэй байна.  

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/