Харри Поттер ба Философийн чулуу – анхны бүхний эхлэл
Дэлхийн хамгийн алдартай зөвхөн хүүхдийн гэлтгүй бүх насныханы хайртай цуврал болох Харри Поттер номын нэгдүгээр боть “Харри Поттер ба Философийн чулуу” ном 1997 онд хүртээл болсон цагаас хойш 20 гаруй жил уншигчдын зүрх сэтгэлийг ид шидийн илчээрээ дулаацуулсаар байна. Энэ бүхний эхлэл болох цувралын эхний ботиор дамжуулан бид Хогвартсын анхны хичээл, анхны найз нөхөд гээд олон зүйлстэй танилцаж, зохиолч Ж.К.Роулингийн бүтээсэн гайхамшигт ид шидийн ертөнцөд хөл тавьсан билээ.
Гриффиндор тэнхимийн анхны нууц үг:
“Харри Поттер ба Философийн чулуу” ботийн хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг Гриффондор тэнхимийн хаалгаар анх явж орсон үе яах аргагүй мөн билээ. “Капут Драконис” буюу Латин хэлний “луугийн толгой” гэдгээр нь манай уншигчид мэднэ. Энэхүү үгийн гарал үүслийн талаар гүнзгий судлах аваас “Капут Драконис” гэх геомантик дүрслэлүүдийн нэг нэршил бөгөөд "сайн сайхан бүхний эхлэл" хэмээх бэлгэдэл аж.Харри Хогвартсын сургуульд орж, Гриффиндор тэнхимд хуваарилагдсан явдалд “шинэ эхлэлд сайн сайхныг хүсэн ерөөе", "энэ бүхэн сайн сайхны эхлэл байх болтугай" гэх далд утгыг агуулах бөгөөд сониуч уншигчдын бодолд үүрлэхээс өөр аргагүй нууц увдист үг байжээ.
Шидэт эд зүйлстэй танилцсан нь:
Бидний өдөр тутмын энгийн амьдрал дунд үз анзаарагдам, санаанд оромгүй эд зүйлс шидтэний ертөнцөд тоо тоомшгүй олон бий. “Харри Поттер ба Философийн чулуу” ботиор хамгийн анх танилцсан эд зүйл бол профессор Дамблдорын делюминатор буюу унтраагуур хэмээн нэрлэгдэх халаасны жижигхэн хэрэгсэл билээ. Улаан төглийн гудамжны гэрлүүдийг унтраасан нь шөнийн харанхуйд цонхоороо харж буй хэн ч бай Харриг Дарслигийн хаалганы үүдэнд үлдээж буй этгээд хувцасласан шидтэнүүдийг үл анзаарагдам болгодог. Дамблдорын энэхүү нандин эд зөвхөн гэрлийг өөртөө шингээхээс гадна өөр нэгэн ид шидтэй бөгөөд бид энэ талаар удахгүй орчуулагдан хэвлэгдэх дараа дараагийн цувралуудаас илүүтэй танилцах биз ээ.
Анхны хичээл:
Уусмалын хичээлийн хүйтэн өрөөнд хоосон харцаар Харриг ширтэх Снейп түүнээс “Хэрэв гаймуугийн нунтагласан үндсийг шарилжийн хандтай холивол юу болох вэ? хэмээн асуудаг. Тэгвэл учир битүүлэг энэхүү асуулт тийм ч далд биш утгатай. Asphodel буюу гаймуу нь лили цэцгийн төрөл бөгөөд гашуудлын бэлгэдэл бол wormwood буюу шарилж нь харамсал, харууслыг бэлгэддэг. Улмаар Снейпийн асуух хачирхалтай асуулт нь үнэндээ Лилигийн үхэлд гүнээ харуусаж буйгаа илэрхийлсэн ажээ.
Хогвартс явах галт тэрэгний буудал дээр Харри, Рон болон Визлигийн гэр бүлтэй анх танилцсанаар зөвхөн тэдний нөхөрлөлийн эхлэл бус Визлигийн халуун дулаан гэр бүл бүхэлдээ Харригийн амьдралд урьд өмнө хэзээ ч байгаагүй ойр дотны хүмүүс болдог. Мөн жаал хөвгүүд Берти Боттсын бүх төрлийн амттанууд болон мэлхий шоколад хувааж идэх зуураа дотносож, Хермионетэй ч танилцахдаа энэ цагаас хойш хамгийн дотны найзууд болох талаар төсөөлөөгүй байсан даа.
Хамгийн анх танилцсан шидтэн
Рон, Хермионе нараас урьтаж дотно танилцсан шидтэн бол уншигчдын хамгийн хайртай дүрүүдийн нэг Рубеус Хагрид билээ. Анх өнчрөн хоцорсон өлгийтэй Харриг Дарслигийн гэрт хүргэж ирж байсан бол, 11 жилийн дараа Хогвартсын сургуульд явах цаг болоход хүргэж өгсөн нь мөнөөх аварга биет Хагрид маннь шүү дээ. Тэрээр уншигчдийг магглуудын ертөнцөөс шидтэний ертөнцтэй холбох гүүр бөгөөд мөн Харри Поттерын амьдрал дахь хамгийн чухал хүмүүсийн нэг юм. Тэрээр уншигчдыг магглуудын ертөнцөөс шидтэний ертөнцтэй холбох гүүр хийгээд Харри Поттерын амьдрал дахь хамгийн чухал хүмүүсийн нэг юм. Үүгээр ч зогсохгүй бид бүхний сэтгэл зүрхэнд ч чухал байр суурь эзлэх дүр билээ.
СЭТГЭГДЭЛ