Италийн агуу түүхч, философич, зохиолч Никколо Макиавеллийн туурвисан “Хунтайж” (Il Principe/De Principatibus) ном Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Нийгмийн ухаан” цувралын II дэвтэр болж олны хүртээл болсон билээ. Уг ном нь анх 1532 онд хэвлэгдсэн бөгөөд бүх цаг үеийн улс төр, философийн бүтээлүүдээс хамгийн алдартай, төдийгүй хамгийн их маргаан дагуулсан бүтээл гэгддэг. Өөрөөр хэлбэл, хамгийн их хайрлагдсан ба үзэн ядагдсан ном юм.
Түүхэн жишээгээр баялаг уг ном Сэргэн мандалтын үеийн оюун санаа болон улс төрийн сэтгэлгээнд тэсрэлт хийж чаджээ.
Тэгвэл “Хунтайж” ном яг юу өгүүлдэг юм бэ ?
Уг номын санаа ямар нэг уянгын халил, яруу сайхан үгсээр илэрхийлэгдээгүй. Харин төрийг хэрхэн гартаа авах вэ? Үүний дараа хэрхэн жолоодох вэ? Ард түмэнд хайрлагдахын тулд ямар зан авир хэрэгтэй вэ? Улс төрийн заль мэх, авхаалж самбаа, хүнлэг зан, догшин хэрцгий байдал зэрэг чанаруудаар өөрийгөө цэнэглэж, улс орноо удирдах зэрэг асуултыг хөнддөг.
Иймээс уг номыг хэвлэгдсэн цагаас хойш олон хаад ноёд, улс төрийн лидерүүд "төр барих гарын авлага" болгон ашиглаж иржээ. Нийт 26 бүлэгтэй уг номын II-XI бүлэгт төрийн эрхийг хэрхэн гартаа авч, түүнийгээ хэрхэн тогтоон барих тухай өгүүлнэ. Төрийн эрх барих хүсэлтэй хүн бусдын тусламжаар бус, харин өөрийн оюун ухаан, заль мэх, уран аргаар л уг хүслээ гүйцэлдүүлэх ёстой аж. Үүний тулд нарийн стратеги шаардлагатай нь мэдээж.
Яг ямар стратеги ?
Макиавеллийн дэвшүүлснээр, төрийг удирдахаар санаархаж буй хүн бага багаар олон нийтэд танигдаж, хүндлүүлж, төрийн эзнийхээ сул талыг олж харж, улмаар энх тайван аргаар эрх мэдлийг булаан авах ёстой аж. Үүнд ард иргэдийн дэмжлэг, хайр хүндэтгэл хамгаас чухал. Чухам үүний тулд л бусдад таалагдах ёстой.
Хэрхэн таалагдах вэ ?
Бусдад хэрхэн таалагдах заль мэхийн тухай XVIII бүлэгт дурдана.
Хунтайж хүн сайн сайхан зан чанар бүхнийг өөртөө шингээсэн байх албагүй, шингээсэн мэт харагдах нь л хамгийн чухал. Тэгэхээр хунтайжийг харж сонсож байгаа хүн болгон түүнийг энэрэнгүй, үнэнч, шударга, хүнлэг чанартай юм байна гэж бодохоор байвал зохино. Хүмүүс ихэвчлэн хүнийг гадаад төрх байдлаар нь шинжинэ, хүн болгон хардаг атал жинхэнэ дүр төрхийг нь ойлгож мэдэрдэг нь тун цөөхөн.
Мэдээж дан ганц заль мэх хангалтгүй. Сэтгэл зүйн бэлтгэл, оюун санааны мэдлэг хэрэгтэй хэмээн XIV бүлэгт дурджээ.
“Хунтайж хүн түүхэн бүтээл туурвилуудыг сонирхон уншдаг байх ёстой бөгөөд ингэхдээ нэрт жанждын үйл ажиллагааг шимтэн судлах хэрэгтэй. Хамгийн гол нь өнгөрсөн үеийн олон агуу хүнийг даган дуурайхдаа эртний хамгийн нэр алдартай, хүндтэй хүмүүсийн аль нэгнийг нь өөртөө үлгэр дуурайл болгож, үйл хэрэг, алдар гавьяаг байнга санаж, бодож явах хэрэгтэй”
XV-XXII бүлэгт нэгэн сонирхолтой бөгөөд адармаатай зүйлийн талаар өгүүлнэ. Тэр бол удирдагч хүнд байх ёстой онцгой зан авирын тухай юм. Энэ бол арслан, үнэг хоёрын номлол. Хунтайж хүн арслан, үнэг хоёрын шинж чанарыг өөртөө хослуулах ёстой аж. Заналт дайсныг айлгахын тулд арслан мэт догшин байх, элдэв урхи занга, хавханд орохгүйн тулд үнэг шиг зальтай байх ёстой. Арслан хавхнаас айдаг бол үнэг чононоос айдаг. Иймд хавхнаас холуур гарчихдаг байхын тулд үнэг шиг, бас дээр нь чоныг айлгадаг байхын тулд арслан шиг байх хэрэгтэй болж байгаа юм.
Үүнээс харахад улс төрч хүн заавал үнэнч, шударга, моралтай байх албагүй. Харин тийм мэт царайлах ёстой болж байгаа юм. Сайн чанаруудтай байх нь сайн боловч энэ нь заавал шаардлагатай зүйл биш аж. Хамгийн гол нь үр өгөөжтэй, заль мэхтэй л байхад болно. Үүнд бусдыг хууран мэхлэх, амийг нь хөнөөх, хор найруулах зэрэг талууд ч багтана. Бусдад сайн сайхан мэт харагдаж, зөөлөн үедээ зөөлөн, догшин үедээ догшин, үнэг шиг зальтай, арслан шиг хүчтэй, сэтгэл зүйн бэлтгэлтэй, хүн танихдаа сайн зэрэг чанарууд л хунтайж хүний мөнхийн зэвсэг болж улс орноо дээш татна хэмээжээ.
Чухам ингэж л Макиавелли "зорилго нь аргаа зөвтгөнө" хэмээх афоризмыг гаргаж ирсэн түүхтэй.
Ямар ч аргаар хамаагүй зорилгодоо хүрж болно хэмээх энэхүү ухагдахуун улс төр, олон улсын харилцааны реализмын үндэс суурь болсон гэдэг.
Агуу бүтээлийн цаана агуу түүх оршдогтой адил “Хунтайж” ном асар том түүх өгүүлнэ.
Макиавелли ба Сэргэн мандалтын үеийн Флоренц
Хүн төрөлхтний урлаг соёлын түүхэнд асар их хувь нэмэр оруулсан Сэргэн мандалтын үе Флоренцоос үүсэлтэй бөгөөд Данте Алигери, Франческо Петрарк, Донателло, Микеланжело, Леонардо да Винчи зэрэг суут эрхмүүдийн өлгий нутаг билээ. Микеланжело “Давид” баримлаа, Леонардо да Винчи “Мона Лиза” хөрөг зургаа, Рафаэль Санти “Афины сургууль” фреско бүтээлээ туурвиж байсан цаг үе.
Гэхдээ Итали орон нэгдсэн төргүй эмх замбараагүй болсон үе байв. Гаднын түрэмгийлэлд өртсөөр улс орон нь таван хэсэгт хуваагдаж Папын эрхшээлт улс, Неаполь, Венец, Милан, Флоренц зэрэг жижиг бүгд найрамдах улсууд, Гүнт улсууд болон бутарсан аж. Энэ цаг үед нэгдсэн Италийг дахин цогцлоох хүчтэй удирдагч хэрэгтэй хэмээн Макиавелли үзсэн байна. 1494 онд VIII Карлаар удирдуулсан францчууд Италийг дайлаар мордож Медичийн гэр бүлийнхэн Флоренцоос зугтав. Ингээд Флоренцод өөр хүний шашны дарангуйлал тогтоож авлига хээл хахуулийг цэцэглүүлж ард иргэд нь элгээрээ хэвтэж байлаа. Гэтэл уур хилэн нь эцэстээ тулсан иргэд бослого гаргаж удирдагчаа түлхэн унагасан байна. Энэ үед Никколо Макиавелли улс төрийн амьдралд хөл тавьж Флоренцын дээд шүүхийн нарийн бичгийн дарга болсон. Удалгүй 1512 онд Медичийнхэн испаничуудтай хүч хавсран Флоренцод эргэн ирээд тэнд II Лорензо де Медичийн удирдлага доор нэг хүний хүчтэй засаглал тогтоож Медичийнхний эсрэг бослого хийсэн иргэдийг нэг бүрчлэн шоронд хорьж Макиавеллийг ч гэсэн хилс хэргээр хөдөө тосгонд цөлжээ.
“Хунтайж” төрсөн нь
Цөллөгт байхдаа Макиавелли Франческо Веттори гэх эрхэмтэй захидлаар харилцдаг байжээ. Маш олон захидал солилцож байсан ч түүний бичсэн ганцхан захидал хамгийн онцгойд тооцогддог. Уг захидалд Макиавелли өөрийн ядуу тарчиг амьдралын хүүрнэл болон нэгэн ном бичиж буйгаа дурдсан байдаг.
“Агуу Данте нэгэн цагт “ойлгосон зүйлээ эргэцүүлэн бодсон хүн л сэтгэж чаддаг” хэмээн хэлсэн билээ. Үүнийг даган дуурайх зорилгоор би “Principatibus” хэмээх жижигхэн бүтээл туурвиж эхэлсэн юм…”
Энэ мэдээж агуу бүтээлээ туурвиж буй мэдээ байлаа. Макиавелли номоо 1513 оны 12 дугаар сарын сүүлээр бичиж дууссан боловч 1515 онд II Лорензо де Медичид зориулахаар шийдэн нэмж өөрчилсөн гэдэг. Уг номоороо Медичитэй харилцаагаа сайжруулж, улс төрийн албандаа эргэн очихыг зорьсон боловч харамсалтай нь түүний сонорт хүрж чадалгүй байсаар 1527 онд таалал төгсжээ.
Таван жилийн дараа буюу 1532 онд Макиавеллийн“De Principatibus” (Латин хэлээр: Гүнт улсуудын тухайд) гэх гарчигтай бүтээлийг хэвлэлийн газрын эзэн Антонио Бладо “Il Principe” (Итали хэлээр: Хунтайж) гарчигтайгаар хэвлэсэн түүхтэй.
Энэхүү сонгодог ном урьд өмнө монгол хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн боловч Монсудар хэвлэлийн газрын “Нийгмийн ухаан” цувралын II дэвтэр болж гарсан шинэ хэвлэл нь орчуулга, найруулгын хувьд хамгийн сайн нь болсон гэдэгт итгэлтэй байна. “Хунтайж” номд түүхэн хүмүүсийн сургамжит үйл хэрэг, Библийн судрын дүрүүд, эртний Грек, Ромын домогт гардаг бурхад, эртний улс төрийн аугаа сэтгэгчид, цэргийн жанжид, яруу найрагчид олон удаа дурдагдана. Мөн Гүнт улс болон Хунтайж хэмээх ойлголтыг “Тайлбар толь” хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан билээ.
Хэвлэгдэн гарсан даруйдаа асар их шуугиан тарьж, шүүмжлэл дагуулж, сүм хийдийн эсэргүүцэлтэй тулгарч, зарим нь чөтгөр шүглэсэн ном гэж ч үзэж байлаа. Ямартай ч Макиавелли жинхэнэ бодит амьдралтай нийцэх улс төрийн ухааныг дэвшүүлсэн юм.
Түүний өвөрмөц үзэл санаа нь шашнаас илүү бодит байдал, мухар сүсгээс илүү хичээл зүтгэл, сайхан үгнээс илүү үйлдэл, онолоос илүү практик зэрэг цэвэр объектив байдал билээ.
Улс төрийн нарийн үйл хэргийг энгийн, ойлгомжтойгоор өгүүлж, Эртний Грекээс Сэргэн мандалтын үе хүртэлх 3000 жилийн түүхэн жишээгээр баяжуулан уншигчдыг уйдаахгүйгээр өгүүлсэнд Хунтайж номын мөн чанар оршино.
“Хунтайж” ном заавал унших ёстой бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогдон, таван зууны өмнө бичигдсэн ч өнөөг хүртэл үзэл санаагаа алдалгүй байгаа нь гайхалтай.
СЭТГЭГДЭЛ