Жангар хүүхдийн номын редакц өсвөр насны монгол хүүхдүүдээ зориулан дэлхий дахинаа танигдсан, шилдэг сор гэсэн номуудыг орчуулан, цувралаар хүргэдэг билээ. Эдгээр "Гайхамшгийн эрэлд" цуврал номууд нь зөвхөн өсвөр насны гэлтгүй насанд хүрсэн ч ид шидийн гэмээр ертөнцөөр аялах дуртай, хүүхэд насаа эргэн дурсахыг хүссэн хэн бүхэнд зориулсан бүтээлүүд юм. 


Бяцхан хунтайж

Францын зохиолч Антуан де Сент-Экзюпери 1943 онд гунигтай боловч, егөөтэй энэхүү зохиолоо анх хэвлүүлж байжээ. Харин анөөдрийг хүртэл 300 гаруй хэлнээ орчуулагдаж, дэлхий дахинд хамгийн олон хувь борлогдсон номын тоонд орсон байна. Уг зохиолд нэгэн одой гарагийн оршин суугч бяцxан хунтайжийн түүхийг өгүүлдэг.  

Бяцхан хунтайжийн амьдардаг Б 216 гараг бургилж буй хоёр галт уул, сөнөсөн нэг галт уултай. Орчлон хорвоод цор ганц байдаг хэмээн итгэж, хайрлан хамгаалдаг цэцгээ орхиод гарсан тэрээр  ван ноён, нэр алдар хөөцөлдөгч, худалдаачин, архичин, дэнлүү асаагч, газар зүйч зэрэг хүмүүсийн олон гарагаар аялдаг. Яван явсаар эцэстээ дэлхийд ирдэг... 

Зохиолын энгийн, ойлгомжтой дүрслэлийн цаана ёгт, гүн гүнзгий утга агуулга нуугдаж буй бөгөөд хар аяндаа өрөвдөх, хайрлан энэрэх сэтгэлийг төрүүлнэ. Тиймээс ч зөвхөн өсвөр үеийнхэн ч гэлтгүй бүх насны хүмүүс унших хэрэгтэй ном юм. Цэцэн мэргэн, ид шидийн гэмээр энэ ном нь зүрх сэтгэлийн гүн дэх нууцыг өгүүлж, оршихуйн утга учир, хайр энэрлийн хүчийг ойлгуулах болно. 

...“-Миний хэлэх гэсэн нууц их жирийн. Юмыг сэтгэл зүрхний гүнээс л олж хардаг юм шүү. Мөн чанар нүдэнд харагддаггүй.

 Бяцхан хунтайж энэ үгийг мартахгүйн тулд: 

-Мөн чанар нүдэнд харагддаггүй гэж амандаа давтан хэлэв”...


Дууч хөвгүүд

Энэхүү зохиолыг Испанийн зохиолч Элена Алонсо Фрайле 2015 онд бичжээ. Тэрээр хэд хэдэн роман, богино өгүүллэг туурвиж олон шагнал хүртсэн бөгөөд ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд нөхрийн хамтаар 2016 оноос Улаанбаатар хотноо амьдарч байна.

Түүний энэхүү ном нь дуу хөгжмөөр холбогдсон өөр цаг хугацаанд амьдарч буй хоёр хүүгийн тухай өгүүлэх хөнгөн гунигтай зохиол юм.

Густав хүү аялал, газрын зураг, дуу хөгжимд дуртай. 1938 онд "Венийн дууч хөвгүүд" найрал дууны чуулгын гишүүн байсан тэрээр арван настайдаа аль хэдийн алдартай болсон байлаа. Дэлхийн тойрсон аялан тоглолтоороо Австралид очсон хөвгүүд эх орондоо буцаж чадалгүй үлдэнэ. Олон жилийн дараа Мадридад амьдардаг, дууч шувуутай, дуу хөгжимд дуртай Начо хэмээх Испани хүү Густавын энэ сонирхолтой түүхийг олж мэдсэнээр өөрт тохиолдох олон бэрхшээлийг зоригтой туулах итгэлтэй болдог.

...“Тэнгэрт солонго татах эсвэл од харвахыг харах тоолонд хүүгээ бодож байх болно, тэд л биднийг ойртуулж өгнө. Солонго, харваж буй оддод улс орон хил хязгаар хамаагүй, тэд бүх газар адилхан гэрэлтэнэ.”...


Маргад эрдэнэ хотын шидтэн

Энэхүү зохиол нь хүүхэд болгоны унших хэрэгтэй дэлхийн шилдэг зохиолын тоонд зүй ёсоор багтдаг билээ. Тиймээс ч тус зохиолыг мэдэхгүй хүн бараг байхгүй байх.
Шар тоосгон замаар явсаар Маргад эрдэнийн хотод очиж байгаа Элли охины тухай уран зөгнөлт энэхүү зохиол нь Александр Волковын хамгийн алдартай бүтээлүүдийнх нь нэг юм. 
Эгэл жирийн нэгэн охинд тохиолдож байгаа ер бусын адал явдлаар зохиолч маань уншигчдаа төсөөллийн ертөнцөөр аялуулж, ер бусын гайхамшигт үйлд явдлын зангилаанд аваачдаг билээ. Энэхүү номоос бид эр зориг, энэрэл хайр хийгээд анд нөхдийн үнэ цэн, эв найрамдлын талаар суралцах болно.

“...Тэдний байшин эргэлддэг тоглоом адил доороо хоёр гурав эргэснээ хуй салхины голд хамагдан орж дээш хөөрөв. Гэтэл айж сандарсан Элли хаваа тэврэн хаалгаар цухуйх нь харагдаа. Одоо яадаг билээ. Доошоо газар руу үсрэх үү? Гэвч нэгэнт оройтжээ. Аль хэдийн тэнгэрт хөөрчихсөн байлаа...”


Хилэн хар

Хилэн хар нь 1877 онд хэвлэгдсэн ба 50 сая хувь борлуулагдсан бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай номуудын нэгт зүй ёсоор багтдаг. Зохиогч Анна Сьюэлл нь 12 настайгаасаа ажилчдын хүүхдүүдэд ном уншиж өгдөж байжээ. Тэрээр энэхүү зохиолоо 7 жилийн турш бичсэн юм. Нэг удаа "Амьтдыг хайрлах, тэдэнд чин сэтгэлээсээ хандах тийм л хандлагыг хүмүүст сэргээж өгөх гэсэндээ би нэг бяцxан түүх зохиолоо" гэж бичиж байжээ. 
Тус зохиол хэвлэгдсэний дараа Англид морьдыг асрах, амраах байр олноор байгуулагдсайн байна. 

Хүмүүсийн харилцааны чухал хэсгүүдийг морьд болоод эздийн харилцаагаар төлөөлүүлэн уран яруу илэрхийлсэн бөгөөд нинжин сэтгэл, хайр энэрэл, хүндлэлийн үнэ цэн хийгээд амьдралын нугачааг зориг тэвчээрийн хүчээр даван туулж буй сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлдэг билээ. Зохиол нь хилэн харын аз жаргалтай бага насаар эхэлж, адармаатай идэр нас, мөн эх нутагтаа эргэн ирж буй баярт мөчийг харуулдаг.  

...“Эзэн маань “Баяртай хархан минь сайн хүлэг болоод эзэндээ үнэнч зүтгээрэй” гэж билээ. Би баяртай гэж хэлж чадахгүй болохоор хошуугаа эзнийхээ алганд наахад эзэн минь эелдгээр зөөлөн илбэлээ.”...



Аранзал дарвуул

Аранзал дарвуулт хөлөг номыг зохиолч Александр Грин 1923 онд бичжээ. Хүний хүсэл мөрөөдөл, итгэл найдварын хэзээ ч дуусашгүй хэлхээг өгүүлэхийн зэрэгцээ, жинхэнэ хайр дурлал ба түүний мөн чанарыг уран яруу илэрхийлсэн адал явдалт, романтик зохиол юм.
Загасчдын жижигхэн тосгонд охин Ассолын хамт аж төрдөг Лонгрен амь зуулгаа залгуулахын тулд модоор сийлсэн тоглоомон онгоц хийж зардаг ажээ. Нэг л өдөр хаа нэг газраас аранзал дарвуулт хөлөгтэй ханхүү ирж өөрийг нь авч явна гэж Ассол охин үнэн голоосоо итгэнэ. Гэтэл удалгүй Артур Грей гэх нэгэн залуу түүнд сэтгэл алдлах ажээ.

 ...“Охин нэг байшингийн дээрээс нөгөө рүү нь санаандгүй харж байтал гудамжны харалдаа харагдах тэнгисийн хэсэгхэн цэнхэр завсарт аранзал улаан дарвуултай цав цагаан онгоц байх нь түүний нүдэнд тусав . Гэнэтхэн зүрх толгой эргэтэл булгилж, хөөрч баярласандаа нулимс нь урсан гарах тэр агшинд огло үсрэн босов. Энэ үед “Секрет” хөлөг зүүн хажуугаараа эрэг даган явсаар багавтар хошууг тойрч байв. Аранзал өнгөт торгон гал дор байх цасан цагаан тавцангаас нь зөөлөн ая эгшиглэн хөх ёроолтой уусан нийлэх гэж...”


Эх сурвалж: "Жангар" хүүхдийн номын редакц




СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/